Т.Энхцэцэг: Спортын хөгжилд шүүгчийн ур чадвар чухал үүрэгтэй

2022-07-18
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

П.АМГАЛАНБАЯР

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн  талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг  уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа Монголын жүдо бөхийн холбоо, Олон улсын жүдо бөхийн холбооны шүүгч Т.Энхцэцэгийг урилаа.

 

Дэвжээн дээр агшинг мэдэрч ажиллах хэрэгтэй

БЛИЦ:

Боловсрол:

♦ 2001-2005 онд “Аварга” дээд сургуулийг жүдо бөхийн багш, дасгалжуулагч

♦ 2005-2008 онд “Аварга” дээд сургуульд магистр

Мэргэжил:

Багш, дасгалжуулагч, Олон улсын шүүгч, олимпийн зэрэглэлтэй

Ажлын туршлага:

♦ 2005-2013 онд “Тэмүүжин” спорт сургалтын төвд багш, дасгалжуулагч

♦ 2014-2018 онд “Алтайн хүчтэн” жүдо бөхийн клубт багш, дасгалжуулагч

♦ 2018 оноос хойш өнөөдрийг хүртэл “Шинэ Бадрах” жүдо бөхийн дэвжээний багш, дасгалжуулагч

♦ 2010 онд Олон улсын Б зэрэглэл буюу Тивийн зэрэглэлийн шүүгч

♦ 2015 онд Олон улсын А зэрэглэлийн шүүгч

♦ 2017 оноос Олон улсын жүдо бөхийн шүүгчээр ажиллаж байна. 

-Дэлхийн хүмүүсийн эв нэгдлийн бэлгэ тэмдэг болсон олимпийн наадмын 1964 оноос хойш зохион байгуулж ирсэн. Олимп бол тамирчин, шүүгч, дасгалжуулагчид  олон жилийн бэлтгэл сургуулилт, хүч хөдөлмөрөө үнэлүүлдэг том тэмцээн. Тиймээс олон улсын шүүгчээр ажиллана гэдэг хариуцлагатай ажил.

Олимпийн наадам шүүх эрхийг авахын тулд олон шалгуурыг хангасан байх ёстой. Шүүгч тамирчидтай адил тэмцээн бүрээс оноо цуглуулдаг. Дэлхийд чадварлаг шүүгч олон бий. Тэднээс 70-ыг сонгож 16-г нь шигшиж олимп шүүх эрх олгодог. Тэгэхээр тэмцээн бүрийг алдаа гаргахгүй шүүх хэрэгтэй. Хэчнээн том, жижиг тэмцээн байсан ч тухайн тамирчин, дасгалжуулагчийн хүч хөдөлмөр, цаг хугацаа хамт явдаг. Тиймээс  дэвжээн дээр оюун ухаан, хараагаа зэрэг ажиллуулахыг шүүгчийн мэргэжил шаарддаг. Олимпийг шүүх эрх авахын тулд нэгдүгээрт, дүрмээр шүүж байгаа эсэхийг харна. Дэвжээн дээр тамирчдын дөрвөн минутын барилдааны агшинг мэдэрч ажиллах хэрэгтэй. Тамирчдын алдааг тэр дор нь харж чадаж байна уу. Торгууль, оноог хэрхэн зөв өгч байгааг шүүгчдээс харна. Барилдааны явцад харааны хурд гүйцэхгүй тохиолдол гардаг. Гэнэт хурдтай мэхнүүд хийдэг. Тиймээс анхаарлаа сайн төвлөрүүлж, шүүгч байраа зөв эзлэх хэрэгтэй.

Хэрэв буруу байрлалд зогсвол тухайн тамирчны хийж буй хурдтай мэхийг харж чадахгүй. Баруун, зүүн аль аль талдаа барилдаантай тамирчид байгаа. Хоёрдугаарт, мэдрэмж чухал. Шүүгч тухайн бөхийн хийх гэж буй мэхийг тэр агшинд түрүүлж харж, төлөвлөж ажилладаг байх хэрэгтэй. Дэлхийн 200 гаруй оронд шууд цацаж байгаа учраас спорт сонирхогч,  тамирчдаа, хүндлэх хэрэгтэй. Мөн эх орны маань нэр хүнд миний алдаа, оноотой хамт дэлхий дахинаа гарч байгаа учраас дэвжээн дээрх агшин бүрийг мэдэрч хариуцлагатай байхыг шаарддаг. Дэвжээний эргэн тойронд хяналтын камерууд байршуулсан байдаг.  Хэрэв ямар нэг алдаатай, эргэлзээтэй шүүлт гарвал камераар хянана. Гэхдээ алдаа гаргавал цуглуулсан онооноосоо хасуулна. Олимпод оролцож байгаа тамирчид, дасгалжуулагчдын дөрвөн жилийн хөдөлмөр бус спортоор хичээллэж, сэтгэл зүрхээ зориулсан бүх цаг хугацааныхаа хүч хөдөлмөрийг дөрвөн минутад харуулж байгаа учраас худлаа шүүх эрхгүй.

Олимпийн наадмын үеэр дэвжээн дээр таван шүүгч, ээлжлээд гардаг. Өөрийнхөө шүүлтийг хийж дуусаад дэвжээнээс буусны дараа дараагийн тамирчны барилдааныг үзнэ. Тухайн тамирчин миний шүүлт дээр таарч магадгүй. Тиймээс судалгаа хийж, тамирчдын барилдааны арга техникийг харна гэсэн үг. Барилдааны явцад энэ мэхийг ингэж хийх магадлалтай гээд шүүлтээ төлөвлөж ажиллахад тусалдаг. Мөн олон улсын шүүгчээс биеэ авч яваа байдал, төвлөрөх, сэтгэл зүйгээ удирдах чадвар, тухайн хүний зан ааш, өөртөө итгэлтэй байдал, шударга байхыг шаарддаг. Мөн  хэлний шалгуур бий.

 

Сэтгэл зүйг нь хүчтэй болговол сайн тамирчин болж чадна

 

-Би 2018 оноос “Шинэ Бадрах” дэвжээний багшаар ажиллаж байна. Багшаар ажилладаг учраас тэмцээнийг шүүхэд илүү давуу тал болдог. Сайн тамирчин бэлтгэхийн тулд техник, арга барилыг заахаас гадна сэтгэл зүйтэй нь сайн ажиллах хэрэгтэй. Хэрэв сэтгэл зүй нь сул байвал тухайн мэхээ хэчнээн сайн хийдэг байсан ч амжилт үзүүлж чадахгүй. Манай дэвжээнд 6-20 насны 100 орчим хүүхэд хичээллэж байна. Багаас нь сэтгэл зүйг нь хүчтэй болговол сайн тамирчин болж чадна.

Зөвхөн тамирчны хувьд ч биш амьдралд бэлддэг. Биеэ хэрхэн зөв авч явах, бусадтай харилцах, хараалын үг хэлж болохгүй, хогоо хогийн саванд хийх ёстой зэрэг амьдралын наад захын ухаан сургахыг зорьдог. Манай дэвжээнд  зургаан настай, айлын ганц хүүхэд жүдогоор хичээллэхээр ирсэн юм. Нэг ээлжинд бэлтгэл хийхээр 300-400 хүүхэд ирдэг. Хүүхдүүд бэлтгэлээ хийгээд байдаг нөгөө хүүхэд маань гурван сар буланд буруу харж зогссон. Тэгсэн хэрнээ бэлтгэлээ таслахгүй. Тэгэхээр нь “Сайн байна, миний хүү” гэнэ. Чухамдаа урам өгч байгаа хэрэг. Гурван сарын дараа эргэж хардаг боллоо. Удалгүй гүйж эхэллээ. Тэр бүрт нь “Ямар мундаг юм бэ” гэж магтана. Тэгсээр дэвжээн дээр гардаг болсон. Харж зогссоор байгаад сурчихсан байсан. Сүүлд нь намайг тэмцээнд явсан хойгуур бэлтгэл хийлгэдэг болсон. Тэгэхээр хүнд урам өгнө гэдэг тийм гайхалтай. Энэ мэтчилэн тухайн багш, дасгалжуулагчийн заах арга барил, ур ухаанаас  шалтгаалах зүйл олон.

 

Олон улсын шүүгчийг нэмэхэд анхаарах хэрэгтэй

 

-Монголын жүдогийн холбоонд олон улсын 10-аад шүүгч бий. Жил бүр шүүгчийн шалгалт авдаг. Тэр бүрт жүдогийн холбоо шүүгчдээ бэлтгээд оролцуулдаг. Миний хувьд энэ жилээс шүүгчийн сургалт явуулж, 20 шүүгч хамруулаад байна. Нэг шүүгч маань Ази тивдээ шүүх эрхийн шалгалт өгөхөөр болсон. Олон улсын шүүгчийн насыг 25-55 гэж заасан байдаг. Шүүгчээр ажиллахад туршлага их чухал. Туршлагатай байж сайн шүүлт хийнэ. Би шүүгчээр ажиллаад 20 жил болж байна. 18 жил шүүгчээр ажиллаж олимпийн тэмцээн шүүх эрхээ авсан. Япон, Франц улсад жүдо илүү хөгжсөн байдаг. Мөн тухайн спорт илүү хөгжсөн улсад шүүгч нь олон байдаг.  Манай улсын хувьд жүдогийн хөгжил сайн. Гэвч шүүгчид харьцангуй бага. Төр, засгаас  шүүгчдийг  дэмжих нь ховор байдаг.  Шүүгчдийн хувьд санхүү чухал. Олон цагийн нислэгийн зөрүү хүндрэлтэй, хэцүү. Монголын цагаар шөнө ч байсан ажлаа хийнэ. Зарим хүн шүүгчдийг хоёр гараа хөдөлгөөд барилдаан хараад зогсож байна гэж хардаг. Гэвч тухайн үеийн нөхцөл байдал өөр. Өөртөө итгэлтэй, тууштай байдал маш чухал. Шүүгчдээс шантраад, амьдралаа бодоод явсан нь цөөнгүй. Тиймээс олон улсын шүүгчийг  нэмэх  тал дээр анхаарах хэрэгтэй.

Тамирчин, шүүгч, дасгалжуулагч гурав нэгэн цогц байж тухайн спорт илүү хөгжинө. Манай улсын хувьд жүдог илүү хөгжүүлэхийн тулд нэгдсэн нэг зорилготой ажиллах хэрэгтэй. Гэтэл манайхан тамирчдаа гээд шүүгчдээ анхаардаггүй. Шүүгчийн зүгээс тамирчин, дасгалжуулагчдад зөвлөгөө өгөхгүй бол хөгжихгүй. Тэгэхээр нэгэн цогц байж илүү хөгжинө, амжилт үзүүлнэ гэсэн үг. Тэмцээний үеэр тийм алдаа гаргалаа,  тухайн агшин тэр мэхийг мэдэрч ажиллах ёстой гэж зөвлөдөг. Тамирчид маань шүүмж сайн хүлээж авдаг. Зарим барилдааны бичлэгээ үзүүлээд яах байсан байна  хараад өгөөч гээд зорьж ирж зөвлөгөө авна. Тамирчин барилдаж байгаа учраас хийсэн мэх, барилдааны үйл явцыг анзаарахгүй. Тиймээс тухайн тэмцээний агшин бүрийг харж  байгаа учраас шүүгч, багшийн зүгээс тамирчиддаа зөвлөгөө өгнө. Тэр болгонд би ч гэсэн тамирчдаасаа суралцдаг. Тухайн тамирчны алдаан дээрээс ийм мэх хийсэн тохиолдолд ингэх ёстой юм байна гэж туршлага хуримтлуулдаг. Манай улсад олон улсын шүүгч цөөн ч гэсэн бусад орны шүүгчидтэй харьцуулахад ур чадвар, мэдрэмж өндөр байдаг. Энэ нь монгол хүний гентэй  холбоотой.

 

Шүүгч дэвжээн дээр хэнээс ч хараат бус байх ёстой

 

-Монгол жүдочид бяр, техникээр дэлхийн тамирчдаас дутахгүй. Хамгийн гол нь сэтгэл зүйгээ сайн бэлдэх хэрэгтэй. Шүүгчдийн хувьд ч гэсэн сэтгэл зүй чухал. Сэтгэл зүй хүчтэй байж аливаа зүйлийн цаана гарч чадна. Тиймээс спортын сэтгэлзүйч олон байх нь тамирчид амжилт гаргах нэг хөшүүргэ болох болов уу. Мөн Монголын жүдочид илүү сайн хөгжихөд санхүүгийн асуудал чухал. Төрөөс бодлогоор залуу  тамирчдаа дэмжээд ажиллавал дороос гарч ирэх чадварлаг тамирчин олон байгаа. Санхүүгийн асуудлаас болж ажил, амьдралаа бодоод спортоо орхиж байгаа сайн тамирчин олон бий. Жүдо сонирхогч, үзэгч олон болсон байна. Манай улсад зохион байгуулсан  олон улсын жүдо бөхийн тэмцээний  урьдчилсан хэсгийн  барилдааныг 20 мянган хүн үзсэн байна лээ. Эх орондоо гранд сламыг зохион байгуулах эрхийг авчирсан нь тамирчин, шүүгч, дасгалжуулагчдад урам зориг өгч байгаа хэрэг. Цаашлаад эх орноо бусад улсад таниулах том давуу тал болж байгаа юм. 2016 онд “Чингис Хаан гранд  слам” нэртэйгээр зохион байгуулж байсан. Энэ удаа таван жилийн дараа “Улаанбаатар гранд слам” хэмээн түвшин ахиж, дөрвөн жил зохион байгуулах эрх авсан.

Эх орондоо зохион байгуулах эрхийг авчирна гэдэг хэцүү. Энэ боломжийг олгосон  холбооныхондоо талархаж байна.  Цаашид ч гэсэн олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах нь жүдогийн хөгжилд үнэтэй хувь нэмэр болох болов уу. Энэ тэмцээн нь тамирчид, шүүгчдэд  Парисын  олимпийн анхны оноо олгох олон улсын тэмцээн болсон. Миний хувьд эх орондоо олон улсын тэмцээн шүүж байгаагүй. Миний аав ээж хоёр намайг дагаад гадаад явж чаддаггүй байсан. Тиймээс Монголдоо анх удаа “Улаанбаатар гранд слам” буюу олимпийн эрх олгох тэмцээнийг шүүхэд хоёр буурай минь охиныгоо дэргэдээс нь үзээд баярласан. Тэмцээний эхний өдөр тамирчдыг торгоход аав минь “Миний охин яасан зоригтой торгож байна” гэхэд ээж хажуугаас нь “Яагаад хүний ажил заагаад байгаа юм. Торгох ёстой бол торгох хэрэгтэй шүү дээ” гэж байсан. Шүүгч дэвжээн дээр хэнээс ч хараат бус байх ёстой. Учир нь хоёр тамирчин олон жилийн хөдөлмөрөө харуулж байгаа. Тиймээс маш богино хугацаанд ямар ч алдаа гарч болно.

 

Дэлхийд эмэгтэй шүүгчдийг дэмжиж ажилладаг болсон

 

-Дэлхий дахинаа эмэгтэй шүүгчийг дэмжин ажиллаж байгаа нь сайшаалтай. Токиогийн олимпийн наадам “Жендерээ тэнцүүлье” гэсэн уриатай зохион байгуулагдсан. 16 шүүгчийн таван нь эмэгтэй байсан. Өмнө нь Бразил, Лондонгийн олимпод нэг л эмэгтэй шүүгч  оролцдог байсан хандлагыг өөрчилсөн. Би олимпийн шүүгч болохоос өмнө зурагтаар шүүгчдийг харж  энэ үед ингэх ёстой юм байна гэж өөртэйгөө ярилцдаг байлаа. Тэгээд 2017 онд анх олимпийн наадам шүүх гээд очиход зурагтаар харж байсан шүүгчидтэйгээ уулзахад зүүд юм шиг санагдаж билээ. Ингээд 2018 оноос олон улсын шүүгчдийн чансааг гурван жил тэргүүлж эхэлсэн. Мөн эмэгтэй хүн ч гэсэн чаддаг юм байна гэсэн хүмүүсийн хандлагыг өөрчилж чадсан. Миний цаашдын зорилго шавь нараасаа олимпийн медальтан төрүүлэхийн төлөө ажиллаж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДОЛДУГААР САРЫН 18. ДАВАА ГАРАГ. № 135 (6867)

 

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

Монголын АН, Олон улсын Ардчилсан холбооноос гаргасан тунхаг бичгийг сайшаав

18 мин
Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

Анхны эмэгтэй УИХ-ын дэд дарга

7 цаг 47 мин
Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

Бан Ги Мүн: Тогтвортой байдлаа хамгаалах зорилтууд томоохон эрсдэлтэй тулж байна

8 цаг 38 мин
“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулган эхэллээ

8 цаг 45 мин
Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

Г.Амартүвшин: Хууль зөрчиж байгаа банкуудад хариуцлага тооцох хэрэгтэй

8 цаг 59 мин
Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

Б.Пүрэвдорж: АМНАТ-ийн хууль батлагдахыг олон компани хүлээж байна

9 цаг 20 мин
Улсдаа нэртэй Нөмрөгийн сургууль, олондоо хүндтэй Ж.Зиймаагий захирал

Зуун жилийн түүхтэй сургуулийн төгсөгчид уулзаж, холбоо байгуулав

13 цаг 44 мин
Шинэ зууны нийтийн тээвэр: “Автомат жолоодлоготой автобус”

Суурьшмал амьдралын хамгийн чухал хэрэглээ бол нийтийн тээвэр.

13 цаг 49 мин
Л.Баттогтох: Талийгаач охины ээжийн сэтгэл санааны хохирлыг Тусгай сангаас нэхэмжилж байна

Дорноговь аймагт гарсан жигшүүрт хэргийн хохирогч, талийгаач охины өмгөөлөгч Л.Баттогтохоос зарим зүйлийг тодрууллаа.

13 цаг 59 мин
С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.  Түүний байр суурийг хүргэе.

14 цаг 4 мин