Базарбямбын НЯМСҮРЭН
Татварын багц хуулийн шинэчлэл УИХ-аар хэлэлцэгдэж буй энэ үед төсвийн бодлого, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, томоохон төслүүдийн хэрэгжилт, тэтгэврийн шинэчлэл зэрэг асуудлаар Сангийн сайд З.Мэндсайхантай ярилцлаа.
Эдийн засгийг төрөлжүүлэхийг бодит ажил болгох шаардлагатай байна
-Манай улсын өнөөдрийн эдийн засгийн чадамж, нөхцөл байдлыг Сангийн сайдын хувиар та хэрхэн дүгнэж байна вэ. Монгол Улс ер нь мөнгөтэй улс юм уу өнөө маргаашаа аргацааж байна уу. Улс төрчдийн ярьж байгаа хэрүүл хулгайгаас харахад бид их баян улс шиг, гэтэл иргэдийн амьдралд наалддаггүй…?
-Манай улсын төсвийн орлого өнөөдөр уул уурхайн салбараас ихээхэн хамааралтай хэвээр байна. Хэдхэн жилийн өмнө бид 20 орчим сая тонн нүүрс экспортолдог байсан бол өнөөдөр 90 сая тоннд хүрэх зорилт тавиад байна. Төсвийн орлогын томоохон хэсэг нүүрс, төмрийн хүдэр зэрэг түүхий эдийн экспортоос бүрдэж байгаа.
Зэс, алтны экспортын хувьд валютын нөөцийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлдэг. Харин нүүрс, төмрийн хүдрийн экспорт нь төсвийн орлогыг бүрдүүлэхэд түлхүү үүрэгтэй.
Гэхдээ өнөөдөр бидний өмнө нэг бодит асуудал тулгарч байна. Монголын эдийн засаг өнөөгийн бүтэцдээ тулчхаад байна. Төмөр замын хүчин чадал, боомтын нэвтрэлт, экспортын урсгал бүгд тодорхой хэмжээндээ хүрсэн. Өөрөөр хэлбэл, одоогийн бүтцээрээ бид цаашид том үсрэлт хийх боломж хумигдаж эхэлж байна.
Сүүлийн жилүүдэд эдийн засгийг төрөлжүүлэх тухай их ярьсан. Харин одоо үүнийг бодит ажил болгох шаардлагатай байна. Бид шинэ эдийн засгийг бий болгож, орлогын эх үүсвэрээ төрөлжүүлэхгүй бол өнөөгийн өсөлтөө хадгалахад хүндрэлтэй болно.
-Яаж төрөлжүүлж, солонгоруулах вэ?
-Юуны өмнө томоохон төслүүдээ хөдөлгөх шаардлагатай. Газрын тос боловсруулах үйлдвэр, зэс хайлуулах үйлдвэр, уул уурхайн бүтээгдэхүүн боловсруулах төслүүдийг бодит ажил болгох хэрэгтэй байна.
Өнөөдөр бид түүхий эд экспортолж байна. Харин боловсруулах үйлдвэрлэл хөгжүүлснээр нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн экспортлох боломж бүрдэнэ. Энэ нь төсвийн орлогыг нэмэгдүүлэхээс гадна шинэ ажлын байр бий болгож, эдийн засгийн бүтцийг өөрчилнө.
Нөгөө талаас хөдөө аж ахуйн салбарын боломжийг бүрэн ашиглах шаардлагатай. Өнгөрсөн онд Евроазийн эдийн засгийн холбоотой байгуулсан хэлэлцээрийг УИХ соёрхон баталсан. Энэ оны наймдугаар сараас хэрэгжиж эхэлнэ.
Ингэснээр Монголын үйлдвэрлэгчид 200 гаруй сая хэрэглэгчтэй зах зээлд бүтээгдэхүүнээ гаргах боломжтой болж байгаа. Хэлэлцээрт хамрагдсан 300 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүний дийлэнх нь хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн байна.
Тиймээс бид хөдөө аж ахуйн салбарыг зөвхөн дотоодын хэрэгцээ хангадаг салбар гэж харахаа больж, экспортын чиг баримжаатай салбар болгон хөгжүүлэх шаардлагатай.
-Төсвийн тодотгол хэзээ хийх вэ. Тодотгол хийхэд баримталж байгаа бодлого юу вэ.
-Төсвийн тодотголыг намрын төсөвтэй хамт өргөн барихаар төлөвлөж байна. Хоёр гол тодотголд оруулж байгаа гол зардал бий. Боловсрол болон эрүүл мэндийн салбарын цалинг нэг тогтолцоотой болгож цэгцэлсэн. Үүнтэй холбоотой зохицуулалтыг тодотголоор шийдэх боломжтой.
-Төсвийн зардлыг танах тухай бид ярьдаг ч эмнэлэг барихаасаа өмнө Соёлын төв байгуулах ажил орж ирдэг эрэмбэ дарааны гажуудал бий. Ер нь яаж том төслүүдээ эрэмбэлж хөдөлгөх бодлого барьж байна?
-Юуны өмнө төсөв, улсын сан хөмрөг гэж ярьж байгаагийнх бид Монгол Улсын төсөв ямар бүтэцтэй байдгийг эхлээд ойлгох хэрэгтэй. Нийгмийн даатгал, халамж, тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө зэрэг хуульчлагдсан зардал нийтдээ 9.2 их наяд төгрөг буюу төсвийн 37 хувийг эзэлж байна.
Үүн дээр төрийн албан хаагчдын цалин, нэмэгдэл урамшуулал 8.1 их наяд төгрөг буюу 32.6 хувийг эзэлдэг. Ингээд харахаар зөвхөн энэ хоёр бүлгийн зардал нийлээд улсын төсвийн бараг 70 хувийг бүрдүүлж байна.
Цаашлаад эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт, төрийн байгууллагуудын зайлшгүй үйл ажиллагааны зардал, гадаад зээлийн хүү болон төлбөрүүд бий. Тиймээс хүмүүсийн төсөөлдөг шиг урсгал зардлыг хүссэн хэмжээгээрээ танах боломж бодит байдал дээр хязгаарлагдмал байдаг. Мэдээж төсвийг Их хурлаар хэлэлцэж баталдаг, нэгэн батлагдсан бол төсвийн хүрээнд шийдээд явах л ёстой. Би хувьдаа соёлын төв барих нь буруу, эмнэлэг барих нь зөв гэж туйлшрахыг зөв гэж боддоггүй. Шаардлагатай бол соёлын салбарт ч эрүүл мэндийн салбарт ч аль алинд нь хөрөнгө оруулалт хийж, төсвийг нь батлаад явна. Хөдөө амьдардаг гээд соёлын үйлчилгээ авах эрхгүй гэсэн үг биш шүү дээ. Гэхдээ хаана юу чухал байна гэдгийг эрэмбэлж шийднэ гэдэгтэй санал нийлнэ.
-Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалт хийгдэх боломж хэр байгаа вэ?
-2026 оны төсөвт хөрөнгө оруулалтын зардал ойролцоогоор найман их наяд төгрөгөөр төлөвлөгдсөн. Үүнээс 3.9 их наяд нь орон нутгийн хөрөнгө оруулалт, 3.4 их наяд нь улсын төсвийн хөрөнгө оруулалт байна.
Дээр хэлсэн бүх хөрөнгө оруулалт шинэ төсөл гэсэн үг биш. Улсын төсвийн хөрөнгө оруулалтын дийлэнх нь өмнөх жилүүдээс дамжин хэрэгжиж байгаа төслүүдийн санхүүжилт. Шинээр эхлэх хөрөнгө оруулалтын хэмжээ ердөө 1.4 их наяд төгрөг орчим байгаа. Өөрөөр хэлбэл, олон нийтийн төсөөлдөг шиг шинэ хөрөнгө оруулалтын орон зай тийм их биш. Миний хувьд тодотголд баримталж байгаа гол бодлого бол шинээр томоохон зардал нэмэхээс илүүтэйгээр одоо байгаа зардлуудын үр ашиг, бүтэцдээ анхаарах нь зөв гэж үзэж байна.
Төсвийн реформ хийх зайлшгүй шаардлагатай
-Шинэ засгийн газар бүрдээд 100 хоноогүй байна. Гэхдээ таныг томилогдох үед “морь уядаг хүн Сангийн сайд хийх нь, мэргэжлийн хүн томилсонгүй” гэж шүүмжилсэн. Гэтэл үнэндээ мэргэжлийн хүн байсныг хүмүүс тэр болгон мэдээгүй юм билээ л дээ. Тэгэхээр та мэргэжлийн хүний хувьд яг юунд илүү анхаарч ажиллая гэж бодож байгаа вэ?
-Намайг морь уядаг болохоор олон хүн тэгж ойлгосон, надад ч хэлж байсан. Би тэрэнд эмзэглэдэггүй. Ер нь морь уядаг гэхээр энэ нөхөр тоо мэдэхгүй гэдэг ойлголт хаанаас гарсаныг би мэдэхгүй. Гэхдээ би өөрийн сурсан мэдлэг чадвараараа чадах зүйлээ хийгээд ажлаа хийгээд л явъя гэж боддог. Надад би ийм, тийм гэж тайлбар тавиад байх бодол байдаггүй. Би СЭЗДС-ийг төгссөн, салбартаа ч, яамандаа газрын даргаар ажиллаад өдийг хүрсэн. Тийм болохоор хувь хүнийхээ талаар биш хийж байгаа ажлаа ярих нь надад үнэ цэнтэй, үнэн. Ер нь би байгаагаараа л байхыг хүсдэг зарчимтай хүн.
Өнөөдөр Монгол Улс нийт 76 гадаад зээлийн төсөл хэрэгжүүлж байна. Гэтэл төсвийн хязгаарлалтаас шалтгаалаад эдгээр төслийн санхүүжилтийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа.
Жишээ нь, газрын тос боловсруулах үйлдвэр болон Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гэсэн хоёр том төсөл бий. Энэ хоёр төслийг хугацаанд нь ашиглалтад оруулах нь эдийн засгийн хувьд маш чухал.
Гэтэл эдгээр төслийг хурдасгах шаардлага байгаа ч төсвийн хүрээний хязгаарлалт саад болж байсан. Тиймээс Засгийн газар холбогдох зохицуулалтыг хийж, төслүүдийг хугацаанд нь хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажилласан. Бид 13.8 их наяд төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэртэй мөртлөө түүнийгээ бүрэн ашиглаж чадахгүй байгаа нөхцөл байдал үүссэн. Энэ бол зөвхөн мөнгөний асуудал биш, төсвийн тогтолцооны асуудал юм. Тиймээс төсвийн реформ хийх зайлшгүй шаардлага бий болсон. Өнөөдөр Монгол Улс мөнгөн хөрөнгөд суурилсан төсвийн тогтолцоогоор ажиллаж байна.
Харин олон улсын жишигт акруэл суурьтай буюу цаг хугацааны бүртгэлд тулгуурласан тогтолцоог өргөн ашиглаж байна. Энэ тогтолцоо нь хөрөнгө оруулалт, өр төлбөр, ирээдүйн үүрэг хариуцлагыг илүү бодитоор үнэлэх боломж олгодог.
Дэлхийн олон улс энэ системд шилжсэн. Монгол Улс ч үе шаттайгаар шилжих шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ тогтолцооны гол давуу тал нь хөрөнгө оруулалт, өр төлбөр, ирээдүйн үүрэг хариуцлагаа илүү бодитой үнэлэх боломж олгодогт оршдог. Ингэснээр төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого илүү оновчтой болно.
-Тэгэхээр Сангийн сайдаар ажиллаж байхдаа төсвийн реформыг хийнэ гэж ойлгож болох уу?
-Тийм. Би хувьдаа төсвийн тогтолцооны шинэчлэлийг хийх шаардлагатай гэж үздэг. Энэ чиглэлээр судалгаа, бэлтгэл ажлууд эхэлсэн. Мэдээж хууль батлагдлаа гээд маргааш нь шинэ систем рүү шилжинэ гэсэн үг биш. Мэргэжилтнүүдээ бэлтгэх, бүртгэлийн тогтолцоогоо шинэчлэх, үе шаттай шилжилт хийх шаардлагатай.
Хэрэв бид энэ реформыг хэрэгжүүлж чадвал төсвийн төлөвлөлт, хөрөнгө оруулалтын бодлого, санхүүгийн удирдлагын чанарт том өөрчлөлт гарна гэж бодож байна.
-Ерөнхий сайд МЕГА төсөл гэж том ярихыг түр хойш тавина гэдгээ мэдэгдсэн. Таны ярианаас газрын тос, эрчим хүч, уул уурхайн том төслүүд үндэсний аюулгүй байдалтай холбоотой учир хийнэ гэж ойлголоо, зөв үү?
-Засгийн газрын хувьд эдийн засагт шууд үр өгөөж өгөх, бүтцийн өөрчлөлт хийх төслүүдээ нэн тэргүүнд эрэмбэлж байна. Төр бүх салбарт оролцох ёсгүй. Хувийн хэвшил хийх боломжтой ажлыг төр булааж хийх шаардлагагүй. Харин хувийн хэвшил дангаараа хэрэгжүүлэхэд хүндрэлтэй эсвэл үндэсний хэмжээний стратегийн ач холбогдолтой төслүүд дээр төр манлайлж оролцоно.
Тухайлбал, газрын тос боловсруулах үйлдвэр бол Монгол Улсын шатахууны импортын хараат байдлыг бууруулах стратегийн ач холбогдолтой төсөл. Үүнтэй адил Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун бүсийн эрчим хүчний хараат байдал буурна. Өнгөрсөн өвөл эрчим хүчний салбар ямар нөхцөл байдалтай байгааг нийтээрээ харлаа. Энэ салбарт шинэ хөрөнгө оруулалт зайлшгүй шаардлагатай болсон.
-Тавдугаар цахилгаан станцын ажил урагшлах уу?
-Тавдугаар цахилгаан станцын төсөл урагшилна. Миний ойлгож байгаагаар энэ бол нийслэл дээр төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжиж байгаа. Хотын төвд, хуучин II цахилгаан станцын суурин дээр баригдах учраас дэд бүтцийн давуу талтай, эдийн засгийн хувьд үр ашигтай төсөл гэж харж байна.
Өнөөдөр бид эрчим хүчний салбарын талаар их ярьж байна. Үнийн асуудал ч бий. Иргэдийн хувьд эрчим хүч хямд байхыг хүсэх нь мэдээж. Гэхдээ бодит өртгөөс нь хэт доогуур үнээр удаан хугацаанд явбал салбарын хөрөнгө оруулалт тасалдаж, ачааллаа дийлэхээ больдог. Тиймээс зах зээлийн зарчим руу аажмаар ойртуулах шаардлага бий. Энэ нь иргэдэд хүнд сонсогдож магадгүй ч урт хугацаанд эрчим хүчний найдвартай байдлыг хангахын тулд хийх ёстой өөрчлөлт юм.
Тэтгэврийн шинэчлэлийг механик өсөлтөөр шийдэхгүй
-Ахмад настнууд тэтгэврээ нэмэгдүүлэхийг шаардаад багагүй хугацаа өнгөрлөө. Таны хувьд тэтгэвэр нэмэх боломжтой, боломжгүйг шууд хэлж чадах уу?
-Ахмадуудын тэтгэврийн асуудал бол мэдээж анхаарах ёстой чухал асуудал. Гэхдээ үүнийг зөвхөн нэмэгдэл гэж харахаас илүү тогтолцооны шийдэл гэж харах нь зүйтэй юм. Өнөөдөр нийт тэтгэвэр авагчдын 57 хувь нь 769 мянга болон түүнээс бага тэтгэвэртэй байна. Тэгэхээр нэг удаагийн шийдвэрээр харах боломжгүй. Өнгөрсөн жил тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхэд ахмадууд сэтгэл хангалуун үлдээгүй. Яагаад гэвэл тэтгэвэр нь тухайн хүний ажилласан жил, төлсөн шимтгэл, хөдөлмөрийн бүтээмжтэй холбоотой ялгаатай байдаг.
Жишээлбэл, өнөөдөр өндөр тэтгэвэр авч байгаа хүн ч байна, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс бага тэтгэвэр авч байгаа хүн ч байна. Ийм нөхцөлд бүх хүнд ижил хэмжээний нэмэгдэл олгох нь асуудлыг бүрэн шийдэж чаддаггүй. Тиймээс бид зөвхөн механик өсөлтөөс илүүтэй тогтолцооны шинэчлэлийн талаар ярьж байна. Ялангуяа итгэлцүүрийн асуудлыг шийдвэрлэх шаардлага бий.
-Итгэлцүүртэй холбоотойгоор 140 мянга орчим ахмадын тэтгэврийн ялгаатай асуудал байнга яригддаг. Сүүлд салбарын сайдтай уулзахад тэтгэврийн итгэлцүүрийг шийдэхэд 350 тэрбум төгрөг шаардлагатай гэж байсан. Энэ асуудал ойрын үед шийдэгдэх боломжтой юу?
-Итгэлцүүрийн асуудал бол үнэхээр анхаарах ёстой сэдэв. Засгийн газар холбогдох судалгаа, тооцооллыг хийж байна. Тэтгэврийн асуудлыг жил бүр тодорхой хэмжээний мөнгө нэмж шийдэхээс илүү урт хугацааны тогтолцооны шинэчлэл хийх шаардлагатай байна. Тэгэхгүй бол өнөөдөр гаргасан шийдвэр маргааш илүү том хүндрэл үүсгэх эрсдэлтэй.
- Тэтгэврийн нэмэгдлийг тодотголоор шийдэх боломж бий юу?
-Судалгаа, тооцоолол үргэлжилж байгаа учир хэлэхэд эрт байна. Гэхдээ эхлээд эрх зүйн орчноо тодорхой болгож, дараа нь санхүүгийн шийдлүүдээ гаргах нь илүү зөв гэж үзэж байгаа.
Татварын хөнгөлөлтөөр 2.2 их наяд төгрөгийг зах зээлд үлдээнэ
-Олон жил яригдсан Татварын багц хуулийн шинэчлэл Их хурлаар ид яригдаж байна. Энэ шинэчлэлээс иргэд ямар үр дүн хүлээх вэ. Ялангуяа бизнес эрхлэгчдийн зүгээс дундаж давхарга хумигдаж, жижиг, дунд бизнесүүдэд ирэх дарамт нэмэгдэж байна гэсэн шүүмжлэл гаргадаг. Татварын шинэчлэл энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-Жижиг, дунд бизнес эрхлэгчдэд чиглэсэн хэд хэдэн өөрчлөлтийг төсөлд тусгасан. Тухайлбал, НӨАТ төлөгч болох босгыг 50 сая төгрөгөөс 400 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр санал оруулсан. Ингэснээр жижиг бизнес эрхлэгчид НӨАТ-д төлөх байсан хөрөнгөө үйл ажиллагаагаа өргөжүүлэх, хөрөнгө оруулалт хийхэд ашиглах боломжтой болно. Мөн НӨАТ төлөх хугацаанд өөрчлөлт оруулж аж ахуйн нэгжүүд бараа, материал импортлохдоо гаалийн татвартайгаа хамт НӨАТ-аа урьдчилан төлдөг байсныг шинэ зохицуулалтаар НӨАТ-ыг хоёр сарын дараа төлөх боломж бүрдэнэ. Ингэснээр иргэд, аж ахуйн нэгж бараагаа борлуулж, орлогоо төвлөрүүлсний дараа татвараа төлөх боломжтой болох учир томоохон дэмжлэг болно гэж үзэж байгаа. Эдгээр болон бусад өөрчлөлтийн хүрээнд нийтдээ 2.2 их наяд төгрөгийн татварын хөнгөлөлтийг зах зээлд үлдээхээр тооцсон. Гол зорилго нь эдийн засгийн хүндрэлтэй үед бизнесийн үйл ажиллагааг дэмжих юм. Мөн шаталсан татварын хүрээнд аж ахуйн нэгжийн орлогын албан татварт өөрчлөлт орж байна. Одоогийн мөрдөж байгаа тогтолцоогоор татварын өмнөх орлого нь зургаан тэрбум төгрөгөөс доош бол 10 хувь, түүнээс дээш бол 25 хувийн татвар төлдөг.
Бизнес эрхлэгчид энэ заалт хэт огцом шатлалтай байна гэсэн асуудлыг олон удаа тавьсан. Татварын өмнөх орлого зургаан тэрбум төгрөг давсан бол 25 хувийн татварын ангилалд ордог нь бизнесээ тэлэхэд тодорхой хэмжээнд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг учир дундын шатлал бий болгохоор төсөлд тусгасан. Өөрөөр хэлбэл, 6-10 тэрбум төгрөгийн орлоготой аж ахуйн нэгжүүд 15 хувийн татвар төлнө. Харин 10 тэрбумаас дээш орлоготой бол 25 хувийн татварын шатлал хэвээр үйлчилнэ. Мөн нэг хувийн татварын хөнгөлөлтөд хамрагдах борлуулалтын босгыг нэмэгдүүлж байгаа. Өмнө нь 1.5 тэрбум төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд хамрагддаг байсан бол үүнийг 2.5 тэрбум төгрөг болгож өсгөхөөр тусгасан. Үндсэндээ 180 мянга орчим аж ахуйн нэгж энэ зохицуулалтын үр өгөөжийг хүртэх боломжтой гэсэн урьдчилсан судалгаа гарсан.
Ер нь Засгийн газрын баримталж байгаа үндсэн чиглэл бол төр бизнес эрхлэгчдийн өмнө саад болдог биш, дэмждэг байх ёстой.
Тиймээс Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийг баталсан. Бизнес эрхлэх гэж байгаа иргэн төрийн байгууллагын үүд сахиж, зөвшөөрөл хөөцөлдөж цаг алдах биш, төр нь үйлчилгээ үзүүлж, ажлыг нь хөнгөвчилдөг тогтолцоо руу шилжих ёстой.
Нэг хувийн татвар төсөвт 5.4 их наяд төгрөгийн дарамт авчирна
-Хувь хүний орлогын албан татварыг нэг хувь болгох санал улс төр, нийгмийн хүрээнд идэвхтэй яригдаж байна. Сангийн яам яагаад боломжгүй гэж үзэж байгаа вэ?
-Засгийн газрын өргөн барьсан төсөлд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх 792 мянган төгрөг хүртэлх орлогыг татвараас бүрэн чөлөөлөхөөр тусгасан. Харин УИХ-ын зарим гишүүн бүх төрлийн орлогод нэг хувийн татвар ногдуулах санал гаргасан.
Энэ асуудлыг УИХ-ын ажлын хэсэг хэлэлцэж байгаа ч Сангийн яамны хувьд болгоомжтой хандах шаардлагатай гэж үзэж байна. Учир нь Хувь хүний орлогын албан татвар орон нутгийн төсвийн гол эх үүсвэрүүдийн нэг. Зарим аймагт нийт орлогын 20-80 хувийг энэ татвар бүрдүүлдэг. Тухайлбал, Баян-Өлгий аймагт нийт орлогын 79 хувь нь Хувь хүний орлогын албан татвараас бүрдэж байна.
Хэрэв бүх төрлийн орлогыг нэг хувийн татварт шилжүүлбэл улсын хэмжээнд 2.7 их наяд төгрөгийн орлого буурах тооцоо гарсан. Үүнийг улсын төсвөөс нөхөх шаардлага үүсэх тул нийтдээ 5.4 их наяд төгрөгийн ачаалал бий болно. Мөн орон нутгийн төсвийн бие даасан байдал суларч, улсын төсвөөс хараат болох эрсдэлтэй.
Татвар бууруулах санал иргэдэд таатай сонсогдож болох ч төсвийн тогтвортой байдал, орон нутгийн санхүүжилтэд үзүүлэх нөлөөг хамтад нь тооцох шаардлагатай. Засгийн газрын хувьд өргөн барьсан төслийнхөө үндсэн зарчмыг хамгаалж байгаа.
Мэдээж татвар бууруулах санал иргэдэд таатай сонсогдож болно. Гэхдээ шуудхан хэлэхэд энэ бол попрол. Ингэж төсвийн тогтвортой байдал, орон нутгийн санхүүжилтэд томоохон дарамт үүсгэж болохгүй. Тиймээс Засгийн газрын хувьд өргөн барьсан төслийнхөө үндсэн зарчмыг хамгаалж байгаа. Харин УИХ-ын хэлэлцүүлгийн явцад ямар шийдэлд хүрэхийг мэдэхгүй. Үүнийг ажлын хэсгийн түвшинд хэлэлцэнэ.
-Төрийн данхар бүтэц, өндөр зардлын нэг хэсэг төрийн өмчит компаниудын үр ашиггүй байдалтай холбоотой гэж олон нийт шүүмжилдэг. Та өмнө нь ТӨХ-ны дарга байсан хүн, одоо Сангийн сайдаар ажиллаж байна. Энэ асуудлыг хэрхэн хардаг вэ?
-Төрийн өмчит компаниудын асуудлыг нэг өнцгөөс харах боломжгүй. Эдгээр байгууллага анхнаасаа хувийн хэвшил орох боломжгүй, эсвэл стратегийн ач холбогдолтой салбаруудад байгуулагдсан.
Гэхдээ өнөөдөр хамгийн их шүүмжлэл дагуулж байгаа асуудал нь төрийн өмчдөө биш, харин засаглалын гажуудалтай холбоотойгоор иргэдийн итгэл буурч байгаа гэж би харж байна.
Тиймээс цаашид төрийн өмчит компаниудын үр ашиг, ил тод байдал, хариуцлагын тогтолцоог сайжруулах шаардлагатай байна. Төрийн өмчийг бүхэлд нь муу гэж үзэх нь буруу. Харин тухайн байгууллага анх байгуулагдсан зорилгоо биелүүлж байна уу, үр ашигтай ажиллаж байна уу гэдгийг үнэлэх нь чухал.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 11. ПҮРЭВ ГАРАГ. № 110 (7852)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn