• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Бидний тухай

Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины редакцын бодлого

Бидний үнэ цэн

 “Зууны мэдээ” сонин нь үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж, Монгол Улсын 21 аймаг, 330 суманд түүчээлэн хүрч, иргэдийн мэдэх эрхийг ханган ажилладаг. Мөн хилийн чанадад ч мэдээ мэдээллийг түгээн, үнэ цэн, нэр хүндээ өсгөн ажиллана.  

Чөлөөт хэвлэл бол нийгмийн ой санамж бөгөөд Монгол Улсынхаа энэ цаг үеийн үйл явдлын түүхийг сонины  хуудаснаа хөдлөшгүй, баримт болгон үлдээж буй нь манай сонины  бас нэгэн үнэ цэн билээ.  Бидний үнэ цэнийн түүх 1991 оны аравдугаар сарын хоёрны өдрөөс эхэлсэн түүхтэй.

Үнэ цэнийн түүх эхэлсэн тэр цаг мөчөөс эхлэн бид өглөө бүр тасралтгүй шинэ содон мэдээ, нийтлэл, сурвалжлaга, ярилцлагатай шинэ сониноороо уншигчидтайгаа уулзаж байна. Мөн www.zms.mn, www.polit.mn  цахим сайтаар сонины нийтлэл бүтээлээ түгээж, цаг үеийн шинэчлэлүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж байна.

Үндсэн үйл ажиллагаа

Бид:

  •  “Иргэдээ өмөөрч бичнэ” уриаг хэвлэн нийтлэх үйл ажиллагаандаа мөрдлөгө болгон,  Монгол Улсын Үндсэн хуульд заасан  Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн баталгаажуулж ажиллана.  
  • Улс төрийн нам, хүчин, бизнесийн болон төр засгийн байгууллагаас хараат бусаар үйл ажиллагаа явуулж иргэдийн мэдэх эрхийг баталгаажуулж ажиллахыг эрмэлзэнэ.
  • Үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхүйц аливаа мэдээлэлд төвийг сахисан байр сууринаас хандана.
  •  Аливаа мэдээллийг эрж хайх, боловсруулах, түгээхдээ бодит байдалд нийцсэн, тэнцвэртэй, олон ургальч байдлыг хангаж, мэдээллийг нягтлан шалгах, баталгаажуулах зэрэг сэтгүүл зүйн үндсэн зарчмаа баримталж ажиллана.

 Нийтлэлийн агуулга

Бид:

-“Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно” гэж заасан Монгол Улсын Үндсэн хуулиа дээдлэн ажиллана. 

-Нийгмийн бүхий л хэсгийн дуу хоолой, үзэл санааг хүргэж, эх сурвалжийн төрөл, түвшин, хүйсийн тэнцвэртэй байдлыг хангаж ажиллана.

-Ялангуяа хүн амын 50-иас дээш хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэхэд чиглэн ажиллах болно. Бид эмэгтэй улстөрчид, бизнес эрхлэгчид, манлайлагчдыг эрэгтэйчүүдтэй эн тэнцүү авч үзэн, тэдний бодлого, үйл ажиллагаа, зорилтын талаар адил тэгш мэдээлж байхыг эрмэлзэнэ.

  • Улс орны тогтвортой хөгжилд чиглэсэн бүхий л бодлого, зорилт, шийдвэрийг дэмжиж, түгээн дэлгэрүүлэхэд хувь нэмрээ оруулж ажиллана.
  • Өв соёл, уламжлал, үндэсний бахархлаа дээдлэн, хойч үедээ таниулах, олон улсад сурталчлах, хөгжүүлэх үйлсэд түүчээ болж, хэвлэл мэдээллийн соён гэгээрүүлэх үүргээ биелүүлж ажиллана.
  • Бид орчин үеийн сэтгүүл зүйн чиг хандлагатай хөл нийлүүлэн техник, технологи, дата мэдээлэл боловсруулах шинэ арга техникүүдийг ашиглахыг хичээж ажиллана.
  • Олон улсын сэтгүүл зүйн хэм хэмжээ, ёс зүйг баримтлан мөрдөж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг дэмжиж, хөгжүүлж ажиллана.
  • Хараат бус чөлөөт сэтгүүлчид, салбар бүрийн мэргэжилтнүүд, шүгэл үлээгч, нууц эх сурвалжуудуудтай үр өгөөжтэй хамтран ажиллана.  Нийтийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажиллаж байгаа мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.

Сэтгүүлчийн үйл ажиллагаа

Бид:

  • Үндэсний өдөр тутмын “Зууны мэдээ” сонины сэтгүүлчид нь Хэвлэл мэдээллийн ёс зүйн нийтлэг зарчим /МСНЭ-ээс баталсан/-ыг мөрдлөг болгож ажиллана.
  • Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс баталсан Хэвлэл мэдээллийн ёс зүйн зарчмыг баримталж ажиллана. /https://www.mediacouncil.mn/p/7/
  • Тэнцвэртэй, олон талт  байр суурийг хүргэх үүднээс тал бүрийн эх сурвалжийг ашиглах ба ингэхдээ Монгол Улсын Зохиогчийн эрхийн тухай хууль, Оюуны өмчийн тухай хуулийг мөрдөж ажиллана.
  • Сэтгүүлчдийн зүгээс олон нийтийн сүлжээнд ч сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг баримтлан мэдээллийг түгээж, үзэл бодлоо илэрхийлэхийг эрмэлзэнэ.
  • Мөн бид “Редакцын дотоод журам” боловсруулан сэтгүүлчдийнхээ өдөр тутмын ажлын журмыг боловсруулан, мөрдлөж ажиллана.

Олон нийттэй харилцах

Бид бизнесийн болон төрийн, төрийн бус байгууллагуудтай хамтран олны сонирхлын төлөөх үйл ажиллагааг нь дэмжиж, уншигчдадаа түгээн дэлгэрүүлэхэд хамтран  ажиллана.

  • Хамтын ажиллагааны хүрээнд редакцын хараат бус байдалд нөлөөлөх гэсэн гадаад, дотоод хүчин зүйл, бусад оролдлогыг хүлээн зөвшөөрөхгүй. 
  • Төлбөртэй нийтэлсэн аливаа мэдээллийг “Төлбөртэй” гэсэн тодотгол, тусгай зураас тэмдэглэгээ хийж, уншигчдийг төөрөгдөлд оруулахаас зайлсхийнэ.
  • Бүх төрлийн сонгуулийн үеэр нам улстөрийн хүчнүүд, нэр дэвшигчидтэй адил тэгш байдлаар хамтран ажиллана.
  • Бид уншигчдаасаа аливаа мэдээ мэдээллийг хүлээн авч, түүний талаарх сурвалжлага, мэдээллийг бэлтгэн хүргэж, аливаа нийгэмд чиглэсэн асуудлыг шийдэх гүүр болон ажиллахыг эрмэлзэнэ.

“Зууны мэдээ” сонины улирлын захиалгын үнэ 17500 төгрөг, нэмэлт захиалга 12000 төгрөг.

Цахим захиалгын үнэ 10000 төгрөг.

Утас : 315589

Факс : 321279

Цахим шуудан : zuuniimedee@gmail.com