Т.Батцэцэг: Сонгуулийн хууль зөрчсөн бол нэг удаа сануулна

2020-05-22
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

С.УЯНГА

 

2020 оны ээлжит сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчинд ямар хяналт тавьж ажиллах талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Т.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-ШӨХТГ-аас сон­­гуу­­лийн үеэр хэвлэл мэдээллийн байгууллагад ямар хяналт тавьж ажиллах вэ? 

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоо­тойгоор 7-8 байгууллага хяналт тавих чиг үүрэгтэй ажиллаж байна. Тэр дунд ШӨХТГ гурван чиглэлд хяналт тавихаар заасан. Радио, телевиз нь хэвлэл мэдээллийн хөтөлбөрөөрөө нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх сонгуулийн үйл явцын мэдээллийг хүргэхдээ бодит, тэнцвэртэй, нэг талыг баримтлахгүй, хараат бус байх зарчмыг баримтлах ёстой. Мөн хэвлэлийн мэдээллийн хэрэгсэл, цахим орчин, мессеж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга зохион байгуулахыг хориглосон. Аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр аль нэг нам, эвсэл, нэр дэвшигчийн талаарх мэдээ, мэдээллийг дагнан гаргах, эсвэл гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглож байгаа. Өөрөөр хэлбэл, сурталчилгаа явуулахдаа тэнцвэртэй байдлыг хадгалж байгаа эсэхэд хяналт тавьж ажиллана. Мөн сурталчилгааны явцад хэвлэл мэдээллийн байгууллагууд хаалтын гэрээ хийж байгаа эсэхийг хянана. Энэ хүрээнд Сонгуулийн тухай хуулийн дагуу хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл болон цахим хуудасны хандалтыг санал хураалтын дүн гарах хүртэлх хугацаанд зогсоох дүгнэлт гаргаж, биелэлтэд хяналт тавьж ажиллах үүргийг манай байгууллага хэрэгжүүлж байна. Хаалтын гэрээ хийсэн эсэх нь сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш яригдах асуудал. Радио телевизээр сонгуулийн сурталчилгааг хэрхэн нэвтрүүлэх, хянах журам бий.

-Сонгуулийн жил эхлээд таван сар өнгөрлөө. Энэ хугацаанд хууль зөрчсөн хэдэн үйлдлийг ШӨХТГ шалгасан бэ?

-Ээлжит сонгуулийн жил 2020 оны нэгдүгээр сард эхэлснээр санал хураалтын хугацаа дуусах хүртэл ямар нэг хэлбэрээр санал асуулга, шалгаруулалт явуулах нь хууль зөрчсөн үйлдэл болох учраас хяналт тавьж байна. Харин хууль зөрчсөн үйлдэлд нэг удаа сануулах буюу албан шаардлагаар зөрчлийг арилгуулна. Энэ хугацаанд зөрчлөө арилгаагүй бол Зөрчлийн хэрэг нээхээс гадна тусгай зөвшөөрлийнх нь хугацааг сонгуулийн санал хураалт дуусах хүртэлх хугацаанд түдгэлзүүлэх шийдвэр гаргуулахаар эрх бүхий байгууллагад хандана. 2020 он гарснаас хойш нэг телевизийн тусгай зөвшөөрөл цуцлах саналыг Харилцаа холбооны зохицуулах хороонд хүргүүлсэн. Үүнээс гадна нэг судалгааны компани  гар утасны апплейкшн, цахим орон зай ашиглан санал асуулга явуулсан үйлдэлд Зөрчлийн хэрэг нээгээд шалгаж байна.

Сүүлийн үед цахим орон зай буюу нийгмийн сүлжээ фэйсбүүк ашиглаж санал асуулга явуулах ажил эрчимжиж  байна. Иймэрхүү байдлаар хууль зөрчиж байгаа цахим хаяг, групп, пейж хуудасны Монгол Улсаас хандах хандалтыг хаалгаж байна. Өнөөдрийн байдлаар цахим орон зай, нийгмийн сүлжээ ашиглан “Хэнийг дэмжих вэ” гэдэг байдлаар санал асуулга явуулж хууль зөрчсөн 30 гаруй фэйсбүүк, пэйжийг хаалгасан. Ганц жишээ хэлэхэд, “Сонгууль-2020 Баянхонгор” гэдэг нэртэй пэйжийг зургаан удаа хаалгаж байна. Гэтэл хаалгахаар дахиад л нэрээ өөрчлөөд нээчихдэг. Фэйсбүүкээр санал асуулга хамгийн их явагдаж байна.

-Хувийн хаягийг хянах уу. Коммент бичдэг троллуудыг хэрхэн хянаж байгаа вэ?

-Сонгуульд зориулж нээсэн фэйсбүүк пэйжүүдийг шууд хаалгаж байгаа. Хувь хүний цахим сүлжээг тодорхой хэмжээнд шалгана. Гэхдээ хувийн үзэл бодлыг хүндэтгэж үнэхээр зөрчил мөн үү гэдгийг нарийн шалгаж байж хаалгах эсэхээ шийдвэрлэнэ. Харин хувь хүнийх байсан ч гэсэн илтэд сонгуульд зориулсан санал асуулгыг нийтэлж, түгээж буй хуурамч хаягуудын хаалгана.

ШӨХТГ чиг үүргийнхээ хүрээнд тодорхой хэмжээнд цахим орчинд байнгын хяналт тавьж улсын байцаагчийн дүгнэлтийг гаргаж байна. Энэ дагуу тролл буюу коммент бичдэг хүмүүсийг хуулийн дагуу хянаж дараагийн арга хэмжээгээ авна.

-Энгийн үед хуурамч хаягийг хаалгахад Харилцааны холбооны зохицуулах хороонд хандаж нэлээдгүй цаг хугацаа зарцуулдаг байсан. Сонгуулийн үед шуурхай зохицуулалт хийж байгаа юу?

-УИХ-ын сонгуультай холбоотойгоор Харилцаа холбооны зохицуулах хороо Фэйсбүүк компанитай хамтран ажиллаж байна. Энэ хүрээнд “Ногоон суваг” нээж Монгол Улсаас хандаж буй сонгуультай холбоотой зөрчил мэдээллийн үед Харилцааны холбооны зохицуулах хороогоор дамжуулж хандалтыг шууд хаалгана. Цахим орон зай ашиглан сурталчилгаа хийх журмын дагуу ШӨХТГ-ын улсын байцаагч зөрчлийг баталгаажуулсан дүгнэлт гаргаж Харилцаа холбооны зохицуулах хороо руу хүргүүлнэ. Зохицуулах хороо Фэйсбүүк компани руу хандаж ногоон сувгаар дамжуулж хууль зөрчсөн болон хуурамч хаягийг хурдан хугацаанд хаалгах юм. Сонгуулийн үед хуучинтай адил хэдэн сараар хүлээх шаардлагагүй. ШӨХТГ дүгнэлтээ гаргаад Харилцаа холбооны зохицуулах хороо руу шууд цахим болон албан бичгээр хүргүүлнэ. Тодруулбал, өдөрт нь багтааж дүгнэлтээ хүргүүлэх байдлаар шуурхай ажиллаж байна.

Харин нэр дэвшигчдийн хувьд  сонгуулийн сурталчилгаа явуулах албан ёсны хаягаа Сонгуулийн ерөнхий хороонд бүртгүүлснээр Харилцаа холбооны зохицуулах хороо Фэйсбүүк компанид хандах юм. Ингэснээр албан ёсны сурталчилгаа явуулах хаяг цэнхэр тэмдэглэгээтэй болох зохицуулалтыг хийнэ. 

-Худал мэдээллийг Зөрчлийн хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ. Торгуулийн хэмжээнд өөрчлөлт орсон уу? 

-Сонгуулийн хуу­лийн шинэч­лэлтэй холбоо­тойгоор Зөрчлийн хуульд өөрчлөлт орсон. Зөрчил хянан шийдвэрлэх хуульд зааснаар тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналт, ШӨХТГ хяналт тавин ажиллаж байна. Зөрчилд оногдуулж байгаа торгууль хувь хүн, хуулийн этгээдээс хамаарч нэлээдгүй өндөр байгаа. Зарим зөрчлийг эрүүгийн хуулиар шийдвэрлэнэ. Сонгуулийн хуулийг зөрчсөн бол хувь хүнийг 20 мянган нэгж, хуулийн этгээдийг 200 сая хүртэлх төгрөгөөр торгох зохицуулалттай байгаа. 

Сонгуулийн хуулийн 17.1-д зааснаар Хүн, хуулийн этгээд нь сонгуулийн хорооноос мэдээлсэн санал хураалтын урьдчилсан дүнг илтэд гуйвуулсан, өөрөөр мэдээлсэн, мэдэгдэл хийсэн бол хүнийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

-Хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна цахим орчинг хянахад нэлээн хүн хүч, цаг хугацаа шаардана. ШӨХТГ ямар зохицуу­лалт хийж байна вэ?

-ШӨХТГ 36 хүний орон тоотой ажилладаг. Нийслэл орон нутагт салбар нэгж байхгүй. Гэхдээ боломж бололцоогоо ашиглаж улсын байцаагч нартаа аймаг, дүүргүүдээ хуваарилж өгөөд ажиллаж байна. Сонгуулийн жил эхэлснээс хойш өдөр тутамдаа хяналт тавьж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.22  БААСАН № 101 (6326)

 

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

Зам дээрх хариуцлагагүй үйлдэл хүний амь насанд заналхийлсээр байна

9 цаг 6 мин
Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

Хууль цаазын судалгаа хөгжлийнхөө шатанд явж байна гэв

9 цаг 59 мин
Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

Хувийн сургуулиудын урьдчилгаа төлбөрийн хэмжээг сургалтын төлбөрийн 10 хувиас хэтрүүлэхгүй байхыг Боловсролын яамнаас тушаав

13 цаг 8 мин
Том төслүүдийн худалдан авалтыг “нууцаар” хийхийг хуулиар хориглоно

Аюулгүй байдлын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрийн нууцын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцжээ. 

20 цаг 24 мин
Г.Лувсанжамц: Хууль гарснаар асуудал шууд шийдэгдэхгүй, олон нийтийн хандлага чухал байна

“Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хууль болон цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн Г.Лувсанжамцтай ярилцлаа.

20 цаг 24 мин
”Эрх чөлөөний алтан үзэг”-ийг Газын зурваст ажиллаж байгаа мэргэжлийн гэрэл зураг, видео сэтгүүлчдэд олгов

Дэлхийн мэдээ нийтлэгчдийн нийгэмлэгийн (WAN-IFRA) жил бүр олгодог "Эрх чөлөөний

Уржигдар 16 цаг 57 мин
Хятад, Хойд Солонгосын удирдагчид долоон жилийн дараа Пхеньянд уулзлаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин долоон жилийн дараа 2026 оны зургадугаар сарын 8, 9-нд БНАСАУ-д анх удаа төрийн а

Уржигдар 15 цаг 59 мин
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлэв

Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид Э.Анарыг нэр дэвшүүлжээ

Уржигдар 15 цаг 33 мин
Малчин өрхийн 1-2 дугаар ангийн хүүхдийг хосолсон хэлбэрээр сургадаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Малчин өрхийн хүүхдийн 1-2 дугаар ангийн сургалтыг хосолсон хэлбэрээр явуулдаг болох хуулийн төслийг өргөн барьжээ

Уржигдар 15 цаг 18 мин
Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

өгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүний үүрэгт ажлаас чөлөөллөө

Уржигдар 10 цаг 41 мин