Б.НАНДИН
Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.
-100 гаруй жилийн түүхтэй хоёр талын харилцааны аль үе шатыг та хамгийн чухал гэж үздэг вэ?
-Миний бодлоор манай хоёр орны харилцааны түүхэнд «чухал бус» үе шат гэж хэзээ ч байгаагүй. Хоёр талын хамтын ажиллагааны эхлэл цэг гэгддэг 1921 оны Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын Засгийн газар болон Монгол Улсын Ардын Засгийн газар хоорондын найрамдалт харилцаа тогтоох тухай хэлэлцээр байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл манай хоёр улс мөр зэрэгцэн, амжилт бүтээлээ хамтдаа хуваалцаж, бэрхшээл сорилтуудыг хамтдаа даван туулж, урт удаан замыг туулж ирсэн. Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн шууд оролцоо, тусламж дэмжлэгийн ачаар Монгол Улс бусад орны хувьд хэдэн зуун жил шаардагдах хөгжлийн замыг хэдхэн жилийн дотор туулж чадсан. Бид хамтдаа хот суурин газрууд, зам харгуй, дэлхийн хэмжээний үйлдвэрүүдийг босгож, сансрын уудам орон зайг ч хамтран эзэмшсэн юм.
Харамсалтай нь, социализмын үеийн эрчимтэй хөгжлийн дараа манай хоёр улс ардчилсан өөрчлөлтийн «шок эмчилгээ»-нд өртсөн боловч энэ үеийг ч бас «чухал бус» үе гэж үзэж болохгүй. Харин ч хөрш орнуудын хоорондын түншлэл, харилцан туслалцаа ямар үнэ цэнтэйг хүн бүхэнд эргэн сануулсан.
Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путины 2000 оны 11 дүгээр сард хийсэн айлчлалаар Орос, Монголын хамтын ажиллагааны шинэ эрин үе эхэлж, түүний суурь зарчмууд нь Улаанбаатарын тунхаглалын үндэс болсон билээ. Эдүгээ дэлхий дахин тогтворгүй байдал, томоохон хэмжээний өөрчлөлтийн эгзэгтэй үеийг туулж байгаа хэдий ч Орос, Монгол улсууд харилцан бие биеэ хүндэтгэх, сайн хөршийн ёс болон бие биенийхээ ашиг сонирхлыг харгалзан үзэх зарчимд суурилсан харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлсээр байна.
-Элчин сайдын яам 105 жилийн ойг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулж байгаа вэ?
-Хоёр орны харилцааны энэхүү түүхэн тэмдэглэлт ойн арга хэмжээнүүд зөвхөн Оросын ЭСЯ-ны баярын үйл ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Орос, Монголын олон салбарын байгууллага, бүтэц хамтран ажиллаж идэвхтэй оролцож байна. Түүнчлэн, баярын арга хэмжээ бүтэн жилийн турш зохион байгуулагдсаар ирсэн, цаашид ч баярын хурал, уран зургийн үзэсгэлэн, эрдэм шинжилгээ-практикийн бага хурал, урлагийн тоглолт зэрэг олон талт ажлуудаар үргэлжилнэ.
Эдгээрийн дотроос хойч үед маань үнэт өв болон үлдэх нэгэн бүтээлч санаачилгыг онцгойлон дурдмаар байна. Улаанбаатар дахь Оросын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Олон улс судлалын хүрээлэн болон Монгол Улсын Гадаад харилцааны яам хамтран “1912 оноос 2026 он хүртэлх хоёр талын албан ёсны баримт бичгүүдийн эмхэтгэл”-ийг гаргасан нь манай хоёр улсын хамтдаа туулж ирсэн агуу түүхэн замыг гэрчилж буй маш түүхэн ач холбогдолтой бүтээл болж чадсан.
-Орос, Монголын харилцааны өнөөгийн түвшинг та хэрхэн дүгнэх вэ. Энэхүү харилцааны гол агуулгыг хэрхэн тодохойлох бол?
-Манай хоёр орны өнөөдрийн харилцааг би хоёр орны ард түмний ашиг сонирхлын төлөө эрчимтэй хөгжих асар их нөөц боломж бүхий сайн хөршийн харилцаа хэмээн тодорхойлмоор байна. Бидэнд харилцан ашигтай хамтын ажиллагааг ямар нэгэн саад бэрхшээлгүйгээр өргөн хүрээнд хөгжүүлэх бүхий л нөхцөл боломж бүрдсэн.
Манай хоёр улсын хооронд гэрээ эрх зүйн бат бөх суурь бүрдсэн бөгөөд үүний оргил нь хугацаагүй байгуулагдсан Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ юм. «Иж бүрэн» гэдгийг энд онцлон тэмдэглэе.
-Ойрын ирээдүйд өндөр дээд хэмжээний айлчлал болон Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг явуулахаар төлөвлөж байна уу?
-Хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ойн хүрээнд хэд хэдэн нэн чухал уулзалтууд болов. Тухайлбал, есдүгээр сарын эхээр Бишкек хотноо зохион байгуулагдсан ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралдааны үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй уулзсан. Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралтай яриа хэлэлцээ хийсэн. Мөн парламент хоорондын яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж байгаа бөгөөд хоёрдугаар сард Москва хотноо Оросын Холбооны Улсын Холбооны Хурал, Монгол Улсын Их Хурал хоорондын Хамтын ажиллагааны комиссын хоёрдугаар хуралдаан болсон.
-Хоёр орны худалдааны эргэлт ямар хэмжээнд байна вэ. Монголын мах, ноос, ноолуурыг Орос руу экспортлоход ямар боломж болон саад бэрхшээл байдаг вэ?
-Орос, Монголын харилцан худалдааны эргэлт цар тахлын үед бага зэрэг буурсан хэдий ч сүүлийн жилүүдэд тогтвортой өсөж байна. 2024, 2025 онуудад 2.7-2.8 тэрбум ам.долларын хооронд хэлбэлзэж байв. Энэ оны дүнгээр бид гурван тэрбум ам.долларын босгыг давж, түүхэн шинэ дээд амжилт тогтооно гэж найдаж байна.
Монгол Улсад нийлүүлж буй Оросын экспортын 70 гаруй хувийг газрын тосны бүтээгдэхүүн эзэлдэг бол үлдсэн хэсгийн дийлэнх хувийг Монголын эдийн засагт амин чухал цахилгаан эрчим хүч, азотын бордоо, мөн улаан буудайн үр, баяжуулсан гурил, тахианы өндөг зэрэг хүнсний үндсэн бүтээгдэхүүн бүрдүүлж байна.
Монголын зарим төлөөлөгчид энэхүү нөхцөл байдлыг "Монгол Улс Оросоос эдийн засгийн хувьд хамааралтай" хэмээн зохиомлоор тайлбарладаг Худалдааны тэнцвэргүй байдал үнэхээр их байгаа нь үнэн, хоёр талын худалдаан дахь Оросын экспорт Монголынхоос даруй 50 дахин их байна. Гэхдээ шуудхан хэлэхэд энэ дүр зураг танай улсын өндөр хөгжилтэй бусад орнуудтай хийж буй худалдаанд ч ажиглагддаг. Ганцхан Хятадтай хийж буй худалдаа л өөр нөхцөлтэй байдаг нь тус улс Монголын уул уурхайн бүтээгдэхүүний цорын ганц, монополь худалдан авагч учраас тэр юм. Энэхүү уул уурхайн бүтээгдэхүүнээс зөвхөн нүүрс, зэсийн баяжмал л гэхэд Монгол Улсын нийт экспортын 80 хувийг эзэлж байна.
Монгол Улс энэ оны эхний есөн сард 5.9 тэрбум ам.долларын өртөгтэй нүүрс, долоон тэрбум ам.долларын өртөгтэй зэсийн баяжмал борлуулсан байна. Харин танай улсын түүхий эдийн бус экспортын нийт хэмжээ ердөө 776 сая ам.доллар байгаа бөгөөд энэ нь Хятадаас бусад улс орнууд руу, тэр дундаа ОХУ руу хийж буй нийлүүлэлтийн үндэс суурь болдог. Монгол Улс түүхий эдийн бус экспортын хязгаарлагдмал хүчин чадалтай учраас худалдааны тэнцвэргүй байдлыг даван туулах боломж хомс байгаа нь илэрхий байна.
Дашрамд хэлэхэд, Монгол Улс бензин, дизель түлш, нисэх онгоцны түлш зэрэг энэ төрлийн бүтээгдэхүүний импортоо солонгоруулахад бид хэзээ ч саад болж байгаагүй, цаашид ч саад болохгүй. Гэхдээ Оросын Холбооны Улсаас санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу.
Монгол Улсад Оросын хэрэглэгчдийн сонирхлыг татах зүйл их бий, гагцхүү давуу талуудаа зөв харуулж, бараа бүтээгдэхүүнээ сайн сурталчлах хэрэгтэй байна. Монголын ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгч тэргүүлэх компаниуд Оросын зах зээлд хүчээ нэгтгэн орохоор төлөвлөж байгаа гэж сонссон. Үүнийг бүх талаар сайшаан дэмжих хэрэгтэй. Мах болон хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид ч мөн адил санаачилга гаргаж, Москва хотноо болох олон улсын томоохон "Продэкспо" үзэсгэлэнгийн (2027 оны 3-р сарын 1-4) хүрээнд "Монголд үйлдвэрлэв" нэртэй нэгдсэн том асрыг зохион байгуулах нь зүйтэй гэж үзэж байна.
-Худалдааны тэнцвэргүй байдлыг бууруулахын тулд ямар алхмууд хоёр талаас хийж байна вэ?
-Оростой хийж буй худалдааны тэнцвэргүй байдлыг тууштай бууруулахын тулд Евразийн эдийн засгийн холбоо (ЕАЭЗХ) болон Монгол Улс хоорондын Худалдааны түр хэлэлцээрийн нөөц боломжийг бүрэн дүүрэн дайчлах нь чухал гэж би үзэж байна. Энэхүү ажлын хүрээнд гааль, техникийн зохицуулалт, мал эмнэлэг, ариун цэвэр, хорио цээрийн арга хэмжээ, цахим худалдаа зэрэг тарифын бус хязгаарлалтыг даван туулах асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн яриа хэлэлцээг идэвхжүүлэх шаардлагатай. Гэхдээ Монголын үйлдвэрлэгчид зохиомлоор хэт хөөсрүүлж, төр засгийн эрх бүхий байгууллагууд болон мэргэжлийн холбоод нь дэндүү хойрго ажилласаар байвал энэ хэлэлцээр үр дүнгээ өгч чадахгүй. Хэлэлцээр хэрэгжиж эхэлсэн эхний саруудын дүр зураг ч анхаарал татаж байна. Монголын статистик мэдээгээр татваргүй дэглэмийн хүрээнд ЕАЭЗХ-ны орнуудаас Монгол Улсад 16 сая ам.долларын бараа оруулж ирсэн бол Монголоос ЕАЭЗХ руу ердөө 2.6 сая ам.долларын өртөгтэй бараа бүтээгдэхүүн экспортолсон байна.
Хамгийн тулгамдсан асуудлуудын нэг бол Монголын мах олон улсын мал эмнэлгийн шаардлагыг албан ёсоор хангаж чадахгүй байна. Монгол Улс Дэлхийн малын эрүүл мэндийн байгууллагад таагүй статустай байгаа нь үүнтэй шууд холбоотой. Монголын статистик мэдээллээс үзвэл, энэ оны эхний есөн сард илэрсэн малын аюултай өвчний тохиолдол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 4.4 дахин их байна. Монголын мэргэжлийн байгууллагууд асуудлыг ойлгож, арга хэмжээ авч байгааг би мэдэж байна. Оросын Холбооны Улс энэ асуудлыг шийдвэрлэхэд нь туслахад бэлэн, Монголоос мах, махан бүтээгдэхүүний худалдан авалтаа эрс нэмэгдүүлэх хүсэлтэй байна.
Түүнээс гадна, бид гадаад хүчин зүйл, талуудаас хамааралгүй тогтвортой төлбөр тооцооны механизмыг бий болгох асуудлыг шийдвэрлэх ёстой. Өдгөө хоёр талын худалдаа, тэр дундаа Оросын газрын тосны бүтээгдэхүүн, цахилгаан эрчим хүч, эмнэлгийн хэрэгсэл, хүнсний бүтээгдэхүүний төлбөр зэргийг манай монгол түншүүд АНУ-ын зуучлагч банкуудаар дамжуулан гүйцэтгэж байна. Бид монгол түншүүддээ Монгол Улсын банкны тогтолцоонд нэмэлт эрсдэл үүсгэхгүйгээр санхүүгийн төлбөр тооцоог саадгүй гүйцэтгэх тодорхой хувилбаруудыг улс төрийн бүх түвшинд санал болгоод байгаа. Үүний зорилго нь хоёр улсын бизнес эрхлэгчид болон жуулчдад хилээр чөлөөтэй мөнгө гаргах, хууль ёсны дагуу мөнгө шилжүүлэх, төлбөр тооцоо хийх, дэлгүүр, зоогийн газарт картаар үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх явдал билээ.
-Монгол Улс шатахууныхаа дийлэнх хувийг ОХУ-аас авдаг. Сүүлийн үед манайд шатахууны хомсдол үүсээд байна. Оросын тал Монгол Улсад нийлүүлэх шатахууны хэмжээнд ямар баталгаа өгч байгаа вэ?
-Би өмнө нь дурдсанчлан, Оросын тал Улаанбаатар хотоос тавьдаг стратегийн ач холбогдол бүхий олон төрлийн бүтээгдэхүүн, тухайлбал, цахилгаан эрчим хүч, автомашины бензин, дизель түлш, нисэх онгоцны керосин, хөдөө аж ахуйн хэрэгцээ болон уул уурхайн аж ахуйн нэгжүүдэд шаардлагатай тэсрэх бодис үйлдвэрлэхэд зориулсан аммиакийн шүү зэргээр хангах хүсэлтүүдэд нааштай хандсаар ирсэн.
Манай газрын тос боловсруулах үйлдвэрүүд Украины армийн халдлагад өртсөнтэй холбоотойгоор ОХУ-ын дотоодын зах зээлд тодорхой хүндрэл үүсээд байгаа хэдий ч бид Монгол Улсад тогтвортой, хөнгөлөлттэй нөхцлөөр нийлүүлэлт хийж байна.
“Роснефть” газрын тосны компани ХК болон Монголын төрийн өмчит “Эрчис Ойл” компани хамтран “Чингис хаан” олон улсын нисэх буудлын түлш цэнэглэх цогцолборын операторын чиг үүргийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
2024 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо Засгийн газар хоорондын хоёр хэлэлцээрээс бүрдсэн баримт бичгийн багцад гарын үсэг зурсан. Үүний нэг нь Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх тухай, нөгөө нь танай улсыг нисэх онгоцны түлш буюу керосиноор хангах тухай хэлэлцээр юм.
Эхний хэлэлцээрийн дагуу Монголын талд авто бензин болон дизель түлшийг төмөр замын цистернээр тээвэрлэхэд давуу эрх бүхий нөхцөл олгож байна. Мөн Монголын худалдан авагчдын шатах тослох материалын захиалгыг “нэг цонхны үйлчилгээ” зарчмаар хүлээн авч, нэгтгэсэн захиалгын дагуу бүрдүүлсэн шатахуун тээвэрлэсэн галт тэрэгний цувааг ОХУ-ын “Оросын төмөр зам” НХН болон “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төмөр замын дэд бүтцээр дамжуулан дараалал хүлээлгэхгүй, нэмэлт зогсолтгүйгээр тээвэрлэхээр тусгасан.
Монголын талын ашиг сонирхлыг нэн тэргүүнд харгалзан үзэж, манай хоёр улсын найрсаг харилцаа, түншлэлийн үзэл санаанд нийцүүлэн боловсруулсан энэхүү хоёр баримт бичгээс бүрдсэн хэлэлцээрийн багцыг Улаанбаатар зөвхөн 2026 оны хавар соёрхон баталж дуусгасан юм.
Ийнхүү Оросын нийлүүлэгчид хоёр талын улс төрийн харилцааны өндөр түвшнийг эрхэмлэн дээдэлж, Монгол Улсад эдгээр нийлүүлэлт ямар чухал болохыг ухамсарлан, бүтэн нэг жил хагасын хугацаанд Монголын анд нөхдөдөө холбогдох хөнгөлөлт, давуу нөхцөлийг нэг талын санаачилгаар, сайн дурын үндсэн дээр олгож ирсэн.
ОХУ-ын дотоодын зах зээлд хүчтэй дарамт үүсэж, дэлхийн газрын тосны бүтээгдэхүүний зах зээлийн бүтэц, чиг хандлага эрс өөрчлөгдсөн нөхцөлд ч Монгол Улсад нийлүүлж буй бүтээгдэхүүний хэмжээг үндсэндээ бууруулаагүй. Харин нийлүүлэлтэд гарсан 1–2 хоногийн түр зуурын саатлыг тухай бүр шуурхай арилгаж байв.
Бидний ойлгож байгаагаар, зун-намрын улиралд үүссэн шатахууны огцом эрэлтийг бүрэн зохицуулж чадаагүй нь Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн шатахууны хангалттай нөөц бүрдээгүй, мөн нийслэл болон орон нутгийн шатахуун түгээх станцуудад түлшийг цаг тухайд нь буулгаж, шуурхай хуваарилах уян хатан тогтолцоо дутмаг байсантай ихээхэн холбоотой юм.
-Шатахууныг тогтмол нийлүүлэх урт хугацааны гэрээ байгуулах, мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт шатахууны нөөц бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллах боломж бий юу?
-ОХУ-ын шатахуун нийлүүлэгчдийн дунд «Роснефть газрын тосны компани» ХК тэргүүлэх байр суурь эзэлдэг бөгөөд Монголын импортлогчдын хоорондын харилцааны шинж чанар нь төрийн байгууллагуудын шууд оролцоо бараг шаардахгүйгээр, үндсэндээ аж ахуйн нэгж хоорондын харилцан яриа, хамтын ажиллагааны хүрээнд тодорхойлогддог.
Энэхүү харилцаа олон арван жилийн турш хөгжиж ирсэн тул хоёр талын хамтын ажиллагаа ерөнхийдөө жигдэрч, зохицуулагдсан бөгөөд үүсэж буй асуудлуудыг их бага хэмжээгээр харьцангуй шуурхай шийдвэрлэж байна гэж хэлэхэд бодит байдлаас зөрөхгүй болов уу.
Түүнээс гадна Оросын аж ахуйн нэгжүүд Монголын түншүүддээ илүү таатай нөхцөл бүрдүүлэх чиглэлээр тогтмол санаачилга гаргаж ирсэн. Тухайлбал, үнийн дүнг бууруулах зорилгоор талууд саяхан үнийг Сингапурын биржийн бус, харин Санкт-Петербургийн биржийн үнийн саналд уялдуулан тогтоохоор харилцан тохиролцсон..
Монгол Улсад шатахууны хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор шатахуун хадгалах агуулах байгуулах чиглэлээр хамтран ажиллахад бид бэлэн байна. Гэвч энэ асуудлаар дэвшүүлсэн бидний саналуудад олон жилийн турш анхаарал хандуулахгүй хэвээр байна.
Манай түншүүд экспортын нийлүүлэлтийн явцад зайлшгүй гардаг ложистик, болон түгээлтийн түр зуурын хүндрэлүүдийг найдвартай нөөц бүрдүүлснээр тайван даван туулахын оронд жил бүр шатахууны хямралын ирмэг дээр тэнцвэрээ олох гэж аргацаан ажиллахыг илүүд үздэг бололтой.
Гэсэн хэдий ч сүүлийн үед энэ асуудал Монгол Улсын бодлогын хэлэлцэх асуудлын жагсаалтад зүй ёсоор багтаж, нэлээд чухал байр суурь эзлэх болсон. Тодруулбал, дотоодын хэрэглээний гурван сарын, цаашлаад зургаан сарын хэрэгцээг хангахуйц шатахууны нөөц бүрдүүлэх зориулалттай хадгалах сав, агуулах байгуулах ажлыг эхлүүлэх тухай Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарсан.
Энэ бол ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт, нарийн мэргэшсэн мэдлэг, ур чадвар шаардсан, өргөн цар хүрээтэй ажил юм. Оросын шатахууны агуулах сав үйлдвэрлэгчид энэхүү ажилд оролцоход бэлэн байгааг бид дахин нотолж байна. Энэ чиглэлийн арилжааны саналууд Монголын түншүүдэд ч хэдийнэ очсон байгаа.
-ЗХУ-ын үед Монголын олон мэргэжилтнүүд сурч төгссөн. Одоо үед ОХУ-д хэр олон монгол оюутан суралцаж байна вэ. Засгийн газрын тэтгэлгээр суралцах квотод өөрчлөлт орсон уу?
-2024 оноос эхлэн ОХУ-ын Засгийн газрын квотын хүрээнд Монгол Улсаас жил бүр 620 элсэгчийг Оросын их, дээд сургуулиудад суралцуулахаар хүлээн авч байна. Үүнээс гадна Монгол Улсын олон иргэн Оросын төрөл бүрийн чиглэлийн цэргийн сургалтын байгууллагуудад ОХУ-ын зардлаар суралцаж байна.
Засгийн газрын квотын хүрээнд суралцах элсэгчдийг сонгон шалгаруулах ажлыг “Россотрудничество”-гийн төлөөлөгчийн газар болох Улаанбаатар дахь “Русский дом” (Оросын ордон) хариуцан зохион байгуулдаг.
Одоогоор гадаадын оюутнуудыг элсүүлэх үйл ажиллагааг шинэ нэгдсэн цахим системийн платформд шилжүүлж байгаа бөгөөд арваннэгдүгээр сарын дундуур ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.
-Та хоёр орны дипломат харилцааны ойн өдрөөр Монголын ард түмэнд хандаж юу хэлэх вэ? Монгол Улсад ажиллахдаа таны сэтгэлд хамгийн их үлдсэн зүйл юу вэ?
-Монголд ажиллах хугацаанд олон зүйл миний сэтгэлийг ихэд хөдөлгөсөн. Юуны өмнө, хүн ам шигүү суурьшсан Хятад улсад олон жилийн турш ажиллаж байгаад ирсэн миний хувьд Монголын уудам, хүн ам сийрэг нутаг үнэхээр таатай сэтгэгдэл төрүүлсэн. Мэдээж Монголын ард түмний өөдрөг үзэл, инээмсэглэл, нээлттэй, элгэмсэг зан чанар надад ихэд таалагддаг.
Монголчуудыг гадаад хэл сурах, шатар зэрэг оюун ухааны тоглоомыг эзэмших онцгой авьяас чадвартай ард түмэн гэдгийг би анзаарсан. Харин тэдэнд ажил хэрэгч овсгоо самбаа, санаачилгатай, бүтээлч байдал дутагдалтай санагддаг. Гэхдээ энэ нь үндэсний зан чанарын онцлог гэхээсээ илүүтэй Монголын бизнесийн орчинд байгаа тодорхой доголдол, хүндрэл бэрхшээлийн үр дагавар байж болох юм.
Түүнчлэн Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнийг ажиглахад монголчуудын “эмх журамд баригдах дургүй, эрх чөлөөг эрхэмлэсэн” шинжтэй зан төлөв, дотоод сахилга бат, зохион байгуулалт дутмаг байгааг анзаарахгүй өнгөрөх аргагүй юм. Энэ нь хязгааргүй уудам тал нутагт мөнх хөх тэнгэрийн дор эрх чөлөөтэй амьдарч ирсэн нүүдэлчдийн уламжлалтай холбоотой мэт санагддаг.
Энэхүү ойн баярыг тохиолдуулан монголчууд та бүхэндээ оросуудтайгаа ямагт хамт байж, хөрш зэргэлдээ оршихын харилцан ашиг тусыг эрэлхийлэн хүртэж, гэрэлт ирээдүйн төлөө хамтдаа төлөвлөгөө боловсруулж, зорилгоо нэгтгэн хамтран ажиллахыг хүсэн ерөөе.
Мөн мэдээжийн хэрэг, монголчууд та бүхнийг олон зууны туршид өвлөж ирсэн өөрийн гэсэн уламжлал, ёс заншлаа хадгалан, жинхэнэ монгол хэвээрээ үлдэхийг хүсэж байна. Мэдээллийн орон зайд түгээмэл тархаж буй элдэв моод, түр зуурын чиг хандлагыг хэт дагалгүй, юуны өмнө өөрсдийн толгойгоор сэтгэж, эх орон, ард түмэн, гэр бүлийн үнэт зүйлсийнхээ эрх ашгийг эн тэргүүнд тавьж явахыг хүсье.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 212 (7954)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn