Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

1 цаг 1 мин
Нийтэлсэн: Админ
 11 мин унших

Цэргийн түүхч Т.Сүхбаатар

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагддаг эрхмүүд бол Магсар хурцын Дугаржав болон Бэйс Нарангийн Дугаржав нар юм. Эл хоёр эрхэм бол хоёулаа Монгол төрийн төлөөнөө амь биеэ үл хайрлан тэмцэж явсан эндүүрмээр хувь заяатай, амь нас хувь заяа нь адилхан эмгэнэлтэйгээр төгссөн түүхтэй.

М.Дугаржав

Магсар хурцын Дугаржав нь Монголын төр, нийгмийн зүтгэлтэн, дуучин, дуу зохиогч, хуурч, лимбэч хөгжимчин хүн гэдгээр нь хэн бүхэн сайн мэднэ. Тэрээр түүхэнд Магсар хурцын Дугаржав хэмээх нэрээрээ алдаршсан хүн.

Магсар хурцын Дугаржав Сэцэн хан аймгийн Далай вангийн хошуу, одоогийн Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 1893 онд төрсөн. 1910-аад оноос эхлэн Монголын Цэргийн яам ба Их Шавьд бичгийн алба хашиж явсан. Монголын тусгаар тогтнолын төлөө С.Данзан, Д.Догсом, Д.Сүхбаатар нарын хамт Монгол Ардын Намын эх үүсвэрийг тавьж, төлөөлөгчдийг ЗХУ-д одсон үед Нийслэл хүрээн дэх нууц байгууллагын ажлыг удирдан явуулж байсан. Мөн 1921 онд ардын хувьсгал ялмагц Магсар хурцын Дугаржав Сэцэн хан аймгийг хамгаалан тохинуулах сайд, Зүүн хязгаарыг батлан тохинуулах сайд, шинэ тутам байгуулсан 2-р морин бригадын захирагч гэсэн гурван давхар тушаалд тохоогдон үүргээ нэр төртэй биелүүлж, 1922 онд Богд хааны зарлигаар Монгол Улсын Хурц баатар цол шагнуулж байжээ. 1922-1928 онд Хотын намын хороонд нарийн бичгийн дарга, 1923-1926 онд Цагдан сэргийлэхийн дарга, 1929-1932, 1937-1941 онд Тагна Тува улсад суух Бүрэн эрх барих төлөөлөгчөөр ажиллаж байжээ. 1932 оноос Гадаад яамны дэд сайд, 1936 оноос Засгийн газрын тусгай хэлтсийн эрхлэгч, Улсын драмын театрт дуучин зэрэг ажил хийж явжээ.

М.Дугаржав хэн хүнд ховорхон заяадаг зурах, сийлэх, урлах чадвар төгс, дуулах хуурдахдаа үнэхээр гайхам авьяастай нэгэн байлаа. Ардын хувьсгалын сүлд дуу болсон "Шивээ Хиагт", "Улаан туг"-аас эхлээд монгол түмний дуулах дуртай "Жавхлант сүрэг" (сонгодог уртын дуу), "Идэр жинчин" (бэсрэг уртын дуу), "Баян Монгол", "Үхэрчин хүү" зэрэг дууны аяыг зохиосон тэрээр БНМАУ-ын Гавьяат Жүжигчин цолыг 1935 онд хүртжээ.

"Монгол интернационал" дуу нь түүнийг улс төрийн хилс хэргээр баривчлагдах хүртэл манай улсын Төрийн дуулал болон эгшиглэж байсан билээ. Тэрээр 1930-аад оны их хэлмэгдүүлэлтэд өртөж, 1941 онд хүнд ял заагдан шоронд хоригдож байгаад 1946 онд амь эрсэдсэн түүхтэй.

Харин одоо өгүүлэх түүхийн эзэн бол Дугар бэйс хэмээн алдаршсан Нарангийн Дугаржав юм. Тэрээр 1883 онд Дорнод аймгийн Халх гол суманд буюу Сэцэн хан аймгийн Илдэн ван Доржпаламын хошуунд Хожимад ургийн овогт ядуу малчин Нарангийн 3-р хөвгүүн болон мэндэлжээ.

Түүнийг 13 настай байхад нь ядуу эцэг нь Тамсагийн хийдэд шавь болгон хоолтой нь залгуулахаар явуулжээ. Тамсагийн хийд нь өнөөгийн Дорнод аймгийн Халх гол сумын нутагт байсан бөгөөд цагтаа 1000 орчим лам ном хурдаг зүүн хязгаарын томоохон их хөлийн газар байв.

Хончин Найдан, Хүжийн гал зохиолын гол дүрүүд шиг хатуу хөтүү амьдралыг туулсан тэрээр эгнэгт шашин номын мөрийг орхин оргосон ч хожим хойноо насан эцэс болтлоо бурхан шашиндаа чин үнэнчээр үлджээ. Монголын ард түмэн 1911 онд Үндэсний эрх чөлөөний хувьсгал хийж эрх чөлөө тусгаар тогтнол, шашин төрөө сэргээн босгож шинэ тулгар улсаа хамгаалахын тулд үндэсний зэвсэгт хүчнийг шинээр байгуулахаар болжээ. Энэ зорилтын үүднээс 1912 онд олон хошуудаас цэрэг дайчлахад залуу хүү Дугаржав Сан бэйсийн хошууны нэр дээр цэрэгт татагдан Их хүрээнд ирж Хужирбулангийн цэргийн сургуульд Д.Сүхбаатар, С.Данзан нарын хамт бага даргын сургуульд суралцсан анхны сурагчид болсон байна.

Ховдын хязгаарыг чөлөөлөх 1912 оны байлдаанд Хужирбулангийн цэргийн сургуулиас суралцагчид илгээхэд Н.Дугаржав жанжин Хатанбаатар ван, Хасбаатар нарын хамт оролцож эрэлхгээр сайн тулалдсан тул Гутгаар зэрэг тогосын отго, мээрэн цолоор шагнагдсан нь архивд үлджээ. Ийнхүү эндээс л түүний цэргийн их жанжны билэг авьяас зам мөр нээгджээ.

Тэрээр 1914 онд Их хүрээнд Цэргийн яамны сайдыг хамгаалах харуулын цэрэгт алба хааж байв. Улмаар 1915 оноос Зүүн хязгаарт "Гилбэр харуул" буюу хилийн харуулд томилогдон ажиллаж байв. Хятадын гамин цэрэг 1919 онд Монголд орж ирэн автономит засгийг устгахад залуу дайчин эх оронч Н.Дугаржав шигшин зэвүүцэн угтан авсан бөгөөд түүний зүрх Монголоо гэх сэтгэлээр хүчтэй цохилж байсан нь лавтай.

Барон Унгерн 1920 оны аравдугаар сард Монгол Улсын хилийг давж орж ирэн Нийслэл хүрээ рүү анхны амжилтгүй довтолгоон хийж Тэрэлжийн зүгт ухран хүчээ монголчуудаар зузаатгахаар болсон байдаг. Чухам энэ үед л тэрээр Барон Унгернтэй уулзаж ярилцаж байсан бөгөөд Бароны захидлыг Богд хаантанд хүргэж өгөх даалгавар авч байсан зэргээс харахад түүнийг итгэлийг ихэд хүлээсэн хүн болжээ.

Тэрээр Бароны цэргийг Монголд туслахаар ирсэн улаан цэрэг гэж эндүүрсэн байдаг. Энэ тухайгаа ч хожим “Дам сонсвоос урьд Хужирбуланд хамт цэргийн сургууль хийж суусан Сүхбаатар, Данзан нарын хэдэн хүн Орос улсаас тусламжийг эрж хойд зүг явсан хэмээх зүйл буй тул Сүхбаатар нарын элссэн хүн энэ болох магадгүйн гадна эдгээр хэдэн мянган зэвсэг бүхий цэргүүд Хүрээг булаан авах нь үнэн болбоос бас ч нэгэн цагийн гавьяа бүхий хэрэг гэж бодоод Бароны цэрэгт элссэн” гэж өгүүлжээ.

Барон хүрээ рүү дотлох дараагийн довтолгоондоо зориулсан Монгол цэрэг дайчлан ажлыг Дугаржавт итгэн даалгасанд тэрээр 1920 оны арванхоёрдугаар сараас Сэцэн хан аймгаас цэрэг дайчлах ажлыг 1921 оны хоёрдугаар сар хүртэл хариуцан явжээ. Барон Унгерн 1921 оны хоёрдугаар сарын 02-нд Нийслэл хүрээг гамин цэргээс чөлөөлсний даргаар бут цохигдсон гамин цэргүүд хэд хэдэн хэсэгт хуваагдан салжээ.

Нарангийн Дугаржав.

Нэг хэсэг нь хойшоо Хиагтын чиглэлд ухарсан бол нөгөө хэсэг нь Чойрын чиглэлд ухарсан байна. Ялангуяа Чойрт байсан гамин цэрэг Хүрээнд ноцтой заналхийлж байсан юм. Тиймээс Барон Унгерн Чойрт буй гамин цэргийг устгахаар шийджээ. Барон Унгерн Н.Дугаржавын хамт мордсон бөгөөд арай түрүүлж урд явж байсан Н.Дугаржав Бароныг хүлээлгүй Хятад цэргийн хүрээ рүү довтлон хиар цохисон байна. Энэ тухай хожим 1922 онд хүрээнд аяллаар ирсэн АНУ-ын алдарт аялагч Р.Ч.Эндрюс түүнтэй уулзан ярилцахдаа сонсож авчээ.

“Энэ түүхийг, тогосын өдтэй хоёр хавтасны дунд сууж байсан зэрлэгдүү генералаас (Дугаржавыг) би сонсоод, энэ XX зууны тохиолдол, надад эрт балар үеийн Монголын дайнтай ямар адилхан юм бэ гэж бодлоо. Энэ бол 1923 онд 10 тооны өөрийн тал баригчдын хамт Хүрээнээс Хар говийн хуурамч ламын (Дамбийжаа) хэрэм орохоор явсан яг тэр генерал байсан юм. Генерал хэрэмд нээлттэй дайран орж, хуурамч ламтай уулзахыг шаардаж, түүнийг шууд автомат гар буугаар буудсан” хэмээн Р.Ч.Эндрюс өгүүлсэн байдаг.

Чойрын хүрээний хавьд 1923 онд ирж байсан Дани улсын иргэн Х.Хаслунд мөн бичсэн байдаг. “Тэр аймшигт өвөл генерал Сюгийн хэдэн мянган цэргийн отряд энд лагерлан буусан. Барон Унгерн, тэднийг дайран довтлох тушаалаар казахуудыг явуулсан боловч монгол генерал (Дугаржав) тэр лагерт түрүүлж ирсэн. Дайдаж байлдах дон болсон 300 монголчуудыг толгойлсон тэр шөнийн цагаар Чойрт давхиж ирсэн байна. Тэгээд тэр шууд дайрч, морьт цэргүүд лагерийн дундуур хар хурдаар шуурган давхиж, замд тааралдсан бүх хятадуудын толгойг тас цавчин өнхрүүлнэ. Хятадууд ухаан алдаж айсан хонь шиг зугтаахад, монголчууд тэднийг олон зуугаар нь алан хяджээ” гэх мэтээр Н.Дугаржавыг Монгол генерал гэж үзэж байжээ. Магадгүй Бароны хамгийн итгэлт хүн бэйс Н.Дугаржав Монголын анхны генерал цолыг домогт бароноос анхлан хүртсэн ч байж магадгүй.

Одоо үед Чойрын дэргэд болсон тулалдааны газарт дөрвөлжин хөшөө босгосон байдаг. Хөшөө дээр дараах үгийг бичжээ: “Жанжин Сүхбаатарын цэрэгт тусалж, Дугар мээрэн тэргүүтэй эх орончид гамингийн үлдэгдлийг бут цохисон газарт дурсгаж Монголын Хувьсгалчдын 60 жилийн ойгоор босгов. УБТЗ-ын Чойр зангилааны нам олон нийтийн байгууллага. 1980-6-25”. Гэвч энэ үйл явдал жанжин Д.Сүхбаатартай ямар ч холбоогүй болно.

Н.Дугаржав 1921 оны гуравдугаар сарын 11 нд Чойрыг чөлөөлөх тулалдаанд амжилттай оролцон тул гүнгийн зэрэг хүртэж тогосын отгоор. Улмаар 1921 оны дөрөвдүгээр сард Богд хааны зарлигаар үе улирах бэйс хэргэм, Хичээнгүй баатар цолоор шагнуулж, өмнөд хязгаарын сайдаар томилогдон ажилласан ба шинээр 1921 оны долоодугаар сард байгуулагдсан ардын засгийн газраас түүний чадварыг үнэлэн өмнөд хязгаарын сайдаар үргэлжлүүлэхийн зэрэгцээ МАЖЦ-ийн анхны 2-р морьт бригадын даргаар давхар томилсон байна.

Монгол орны баруун хязгаарт эрх чөлөөгөө хэтрүүлэн дураараа аашилж байсан Да лам Дамбийжанцан ардын засгийн газарт заналхийлж байсан тул түүнийг устгах тусгай ажиллагаа явуулахаар болсон ба үүнд бэйс Н.Дугаржав төлөвлөгөөг хамтран боловсруулан оролцсон байдаг. Энэ ажиллагаанд тэрээр Д.Нанзад баатар, дотоодыг хамгаалах газрын Д.Балдандорж, Д.Содномдаржаа нарын хамт оролцон уран нарийн арга сийлэн Да ламыг 1922 оны аравдугаар сарын 17-нд ичээнд нь устгаж гавьяа байгуулжээ.

Үүний дараа 1923 оны хоёрдугаар сард Зүүн өмнөд хязгаарыг тохинуулах цэргийг захирах сайдын албан тушаалд очиж ажиллаж байсан ба 1924 оны 3-р сард Зүүн гурван зүгийн хязгаарыг сэргийлэн хамгаалах сайдуудыг татан буулгах үед ажлаа өгсөн байна. Мөн оны дөрөвдүгээр сард Цэргийн яамны уурын тэрэгний даргаар томилон ажиллуулж дараагаар нь БНМАУ-ын Агаарын цэргийн хүчний командлагчийн албан тушаал хашиж байжээ.

Ардын хувьсгал ялсны дараагаар түүний оньсого шиг хувь тавилан эхэлсэн гэлтэй. Гүн Цэрэнпилийн гэх хэрэг тухайн үед шуугиан дэгдээсэн хэрэг болсон юм. Шүүх явдлын яамны бичээч гүн Д.Цэрэнпил, Балдан, Цэвээнноров нарын хэсэг хүмүүс Япон улсаас тусламж авч Ардын төрийн эсрэг хуйвалдаан зохион байгуулсан гэх хэрэг дэгджээ. Уг үйл явдал нь үнэхээр улсаасаа урвасан үйлдэл байсан уу манай дотоодыг хамгаалахын тусгай ажиллагаа байсан уу гэдэг нь эргэлзээтэй.

Дотоодыг хамгаалахаас Н.Дугаржавыг 1924 оны зургаадугаар сард Цэргийн яамны мөнгө болох 4000 лан мөнгө дутааж гадагш оргон зайлсан гэх халхавчаар хил гаргасан байна. Хожим бас Дилов хутагтыг улсаас урвасан хэмээн зарлан гадагш гаргаж байсантай танил технологи юм.

Энэ нь Монголын дотоодыг хамгаалахын анхны гадаад тагнуулын анхны ажиллагаа болов уу. Н.Дугаржавын зорилго бол гүн Цэрэнпил нарын зорилго үйл ажиллагааг тандан судлах байсан бололтой.

Н.Дугаржав 1924-1925 онд Манжуур, Харбин, Бээжин, Утай, Жанчхүү гэх газруудаар явж байхдаа Цэрэнпил нь хятад айлд амьдарч байгаад нас барсан, Цэвээнноров нь түүний оронд Японоос тусламж авах ажлаа үргэлжлүүлэн хийж байгаа хэмээн цуурхал тараан явж байна гэх зэрэг үнэт мэдээллийг төвдөө илгээж байжээ. Улмаар Цэвээноровыг хилийн чанадад баривчлан устгах тагнуулын ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн гэж Тагнуулын ерөнхий газрын түүхийн бүтээлд тэмдэглэжээ.

Н.Дугаржав 1926 онд Жанчхүүгээс дотоодыг хамгаалахын төлөөлөгч нартай уулзан хүргэгдэж ирсэн гэх яриа гарчээ. Түүнийг зорилгыг халхавчлах үүднээс баривчлан авчирсан гэх яриа гаргасан болов уу. Дотоод явдлын яамны шоронд тэрээр жил гаруй хоригдож байгаад 1926 онд бүрэн цагаатгагдан энгийн ардын амьдралд шилжиж амьдарсан байна.

Тэрээр Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 1933 оны тооллогод Хэрэйдийн Дугар, 1944 оны хүн амын тооллогод Хэрэйдийн Дугаржав нэртэйгээр бүртгэгджээ. Улсын сайн малчин, 1939, 1945 оны дайны жилүүдэд цэргийн өртөө улааг залгуулан амьдарч байгаад 1946 онд өвчний улмаас таалал төгссөн гэх мэдээ буй авч түүний хувь заяа хэрхсэн эсэх нь тодорхойгүй сураггүй алга болжээ. Нэг л өдөр гэрээсээ гарч явсан түүний хувь заяа тун бүрхэг болжээ.

Ийнхүү Нарангийн Дугаржав нь ХХ зууны эхэн үеэс тусгаар тогтносон улсын иргэн болтлоо Монгол төрийн төлөө өөрийн амьдралыг эргэлт буцалтгүй зориулжээ. Ээдрээтэй хувь тавилантай тэрээр Ховдыг чөлөөлөх тулалдаан, нийслэл хүрээний төлөөх тулалдаан, Чойрын төлөөх тулалдаан, зүүн хязгаарын тулаан, Да ламыг устгах ажиллагаа, тагнуулын тусгай ажиллагаа зэрэг Монгол төрийн хамгийн хариуцлагатай хатуу хөтүү ажлыг нугалсан эгэлгүй чухал эрхэм байжээ.

Цаашид хоёр Дугаржавын намтрыг ялган салгасан судалгаа хийж Дугаржав судлалыг хөгжүүлэх нь зүйтэй биз ээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 6. БААСАН ГАРАГ. № 212 (7954)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

1 цаг 1 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

1 цаг 1 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

1 цаг 1 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

13 цаг 10 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

18 цаг 43 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

Өчигдөр 06 цаг 00 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Уржигдар 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Уржигдар 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин