УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш "Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа. Тогтоолын төслийг 2027 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн. УИХ-ын гишүүн Л.Соронзонболд, Б.Бейсен, П.Сайнзориг нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. Сангийн сайд З.Мэндсайхан гишүүдийн асуултад хариулахдаа томоохон мега төслүүдийг голчлон гадаадын хөрөнгө оруулалтын санхүүжилтээр шийдвэрлэхээр төлөвлөснийг мэдээлэв. Тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй 6 санал гарсан. Эхэндээ тэдгээрийг дэмжих эсэх санал хураалтыг түр хойшлуулсан ч дараа нь саналуудыг нэг бүрчлэн танилцуулж, санал хураалт явуулав. Хууль, тогтоолын төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Эх сурвалж: УИХ-ын Нээлттэй парламентын газар