Удамт малчдын нэг Бууч овогт Д.Ишбат

2020-04-01
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

М.ЭНХБААТАР

ШУА-ийн Эрдэм шинжилгээний ажилтан

 

Миний бие Шинжлэх ухааны академийн түүхийн хүрээлэнгийн (Түүх, угсаатны зүйн хүрээлэн) санхүүжилтээр 2014 оны зун, намрын сард Говь-Алтай аймгийн Бугат суманд “Монголын баруун бүсийн нүүдэллэх соёл, уламжлал: Орчин үе” сэдвийн хүрээнд угсаатны зүйн суурин судалгаа хийсэн. Энэ судалгааг явуулахдаа хоёрдугаар баг Фермийн нутаг Цагаанчулуутаас эхлэн тэр хавийн Дөрөлж, Баруун салаа, Хатуу, Хатуугийн бэлчир газарт зусаж буй дөрөвдүгээр баг Сүж, хоёрдугаар баг Фермийн малчид, түүнчлэн гуравдугаар баг Гаханчийн айлууд ихэвчлэн зусаж буй Цахирбураат, Бугын хөтөл, Хар толгой, Улиастайн гол гэсэн газраар нутаглаж буй айлуудын дунд суурин судалгаагаа явуулсан юм. Мөн Биж багийн айлууд голчлон нутаглаж байгаа Цалуугийн голын сав нутаг Жаргалт ам, Хэв, Баруун булаг, Тамчийн бэлчир орчим, Тахийн тал газар, сумын төвөөс ойролцоо нутаглах Сүжийн баг болон сумын төвийн иргэдийг хамруулсан юм. Гэсэн хэдий ч уулзаж чадаагүй хэдэн хүн үлдсэн л байж билээ. Харин үнэ цэнтэй эх хэрэглэхүүн мэдээлж байсан удамт малчдын нэг нь Бууч овогт Доржийн Ишбат.

Тэрээр Биж багийн хүн. Намайг очиход Цалуугийн голд зусаж байлаа. Зургийн аппарат, дуу хураагуур хоёроос өөр үндсэн хөрөнгөгүй яваа хүн чинь ажил байдлаа танилцуулаад, морь унаж хэдэн айлаар орох санаатайгаа хэллээ. Ер нь энэ хавьдаа хүргэнийхтэйгээ эднийх л хоёр хэсэг адуутай, зуд турхан болж уналга цөөрсөн байсан үе л дээ. Ишбат гуай надад урт сойлготой хар хүрэн морь, нэлээд гойрсон улаан хээр морь ээлжлэн барьж өгсөн юм. Хүрэн морь их зөөлөн явдалтай биед зовиургүй, хүнд их дасамтгай адуу байж билээ. Яг л нэг унаган морио унаж яваа аятай бэргэлтгүй явсан юм даг. Хээр нь хөнгөлүүхэн гэж жигтэйхэн, айлын хооронд хөдөлгөөд татахад толгой нь өвөрт орчих гээд л унаж явахад золбоотой адуу. Хүрэн нь суурин газар байдаг хүүгийнх нь, харин хээр нь тэр зуны наадамд уяад тавьсан морь байсныг сүүлд нь мэдсэн.

Хэн бүхэн хэрийн хүнд нарны шарлалт нь ч арилаагүй байгаа уяа морио барьж өгөөд хаа хамаагүй явуулаад байх болов уу даа. Заамдах мэт тулсан их уулсын дунд төрж өсөн өтөлж авай ч цаанаа нэг уужуу цөлх эр. Тийм тайван юм уу гэхээр нэг мэдэхэд зэлэн дээр, дахиад харахад уяан дээр аль нэгэн малын ойролцоо л явж байх. Малаа бодоод байвал мал ч гэсэн чамайг бодно шүү дээ. (Бугат тэмдэглэл 2014, Ишбат) Тиймдээ ч түрүү жилүүдийн ямаан саальтай болгосон их зуданд ханатай үлдсэн цөөн айлуудын нэг нь Д.Ишбат гуайнх л даа. Тахийн шар нурууг бараг гатлан байж турагаа барчихгүй шиг он түшсэн юм билээ. Та мал маллах аргаасаа жаахан ярьж өгөөч гэхээр би ч одоо сайн мэдэхгүй. Манай тэр сайн, энэ сайн гээд унана. Нэг их ярихгүй, хийгээд л байдаг. Гэртээ орж ирээд уг нь харахад элдүүр нь болчихсон л баймаар сур хүртэл нухалчихсан л сууж байх. Энэ л уйгагүй чанар, малын төлөөх сэтгэл зүтгэл, төрсөн нутгийн өгөөмж нь түүнийг “Монгол Улсын Аварга малчин” болгож чадлаа. Ингээд дор түүний ярьсан хуучуудаас заримыг нь хүргэе.

 

Жанжаа Лхасран

 

Манай энд тэр Жанжаа Лхасран гэж хөгшин байсан. Тэр өөрөө ч сүрхий хүн байсан, юм их үзнэ. Бараг жилийн дөрвөн улиралд гутал өмсөхгүй хөл нүцгэн л гүйж явна. Өвөл аргагүйн эрхэнд сайхан монгол гутал өмсөнө. Бидэнтэй адил хавар зунгүй өмсөхгүй юм чинь. Хавар, намар, зуны улиралд хөл нүцгэн яваад, өвөл л гутал өмсдөг  хүн байсан. Нэг жил тэднийх Өвөр сайрд, манайх энэ ард Цагаан сайрд байсан. Хоёр хөгшин 70 гарчихсан, амины 200-гаад малтай. Тэгсэн хоёр төлөг хонинд нь нийлчихлээ. Ялгасангүй гэсэн чинь “Өө за” гээд тоосонгүй. Тэгээд долоо найм хонож байсан чинь манайх баяр өнгөрөөж ирээд малаа ноосолж байсан. Манайх уг нь жил бүр амьтан хүний нийлсэн 1500-гаад хонь ноосолдог. Тэгсэн нэг өдөр хонио туугаад хөл нүцгэн алхаж ирээд, хоёр төлгийг чинь өгье гэж бодоод хө гээд туугаад ирсэн.

Тэгэхэд аав “Миний хүү орж цай хийж өг” гээд эхнэр том гэдэстэй гэртээ ороод хоол унд хийж өгсөн. Хоол, цайгаа уугаад явах болсон чинь “За энэ хоёр төлгөө бариад ав. Миний хүү хонио ноосолчихоод энэ Цалуугийн хонхорт байж байгаад төлгөө тараачих. Тэгээд намар эм хонь, заазны төлөг хөгшин хонио ялгаад оторт битгий яваарай” гэдэг юм байна. Тэгэхэд чинь амьтан хүн оторт гараад яваад байхад би Цалуугийн хонхорт байхдаа яах вэ дээ. Тэр үе чинь захиргаадалтын үе, малаа ноослоод оторт гарах гэж байсан. Тийм юм бодоод ноосоо тушаачихаад ирсэн чинь хээрийн амьтан ороод арван мал шархдаад зуны халуунд бүгд өтсөн байсан. Тэгээд манайхыг нүүж явахад ирж цай уу гээд очиход намайг загнаж байгаа юм. Та нарт би юу гэж хэллээ, манайд нийлсэн хоёр төлөг нэг л эвгүй байсан гэдэг байгаа. Самган нь дуугүй суу, усан амлачихаад хүүхэд аяга цай уулгахгүй гээд л. Тэр хүн бол үнэнхүү айхтар юмыг шинжиж мэддэг хүн байсан даа. Тэр өөрийнх нь хонинд орсон төлгөөр шинжсэн гэсэн үг. Тэр хоёр төлөг бүр биш байсан, би та нарт юу гэж хэллээ. Цалуу руу орж төлгөө тараагаарай гэж байсан. Тэр чинь одоо яаж мэдэх вэ дээ, энэ хавийн бүх айл оторт гарч өнгөрөөд явж байхад би наашаа Цалуу руу орж ирнэ гэж байхгүй шүү дээ. Хүний санаанд буумгүй юм хэллээ л гэж бодож байсан.

 

Хөвчийн нурууны унага

 

Хөвчийн нуруу, Бижийн гол хэзээнээс гайгүй домогтой адуу их байсан. Сээмэн Шагдар гэж миний нагац болох хүний хүрэн халзан морь фронтод очсон. Одоо энэ Халиун эмгэнийх (Ш.Халтар) гэсэн үг. Баатар Тэгшээгийн хүрэн халзан гэдэг чинь тэр. Хүрэн халзан морь тахийн эрлийз байсан. Хувын Шагдар, Далай гээд ах дүү нар байсан. Нэг хавар Алаг нуурын ар дээр тахийн адуу орж ирээд болдоггүй. Тэгэхээр нь азаргыг нь ах дүү хоёр барьж авч сургаад унасан. Нөгөө тахийн азарга бүтэн жилдээ өнөтэй явж байгаад намар нь хэн гэлээ дээ нэг хүн буудаад алчихсан гэж дуулдаж байсан. Тэгээд тэрнийх нь унага жижигхэн хүрэн халзан морь, эрхгүй тахийн удам болохоор ааштай л байгаа шүү дээ.

Бүтэн жил тахийн азарга хураасан адуунаас өөр юм байсан л байлгүй, гэхдээ сонсогдоогүй. Өөр унага байсан ч номхон байсан юм байлгүй. Тэр хүрэн халзан морь чинь тийм түүхтэй. Дээр үед тахь гэдэг юм чинь хулангаас ч их байсан. Одоо энэ Цагаан голын Улаан булагийн энэ хавиар бөөн тахь л байлаа. Тэгэхээр энэ хавийн эртний угшил бол тахьтай нэлээн холилдсон байж магадгүй байх, бас сайн мэдэхгүй. Бижийн голын унага үнэхээр хурдан, гайхуулж байсан. Одоо зүүн зүгийн адуу орж ирчихээд бид уяхгүй болохоор бас тэгээд тарилга тэжээлийн мал л гэж байна даа хаа газар. Гэхдээ зүүн талын адуунаас тийм цойлоод дархлаад байгаа юм бол байхгүй. Бараг л нэг алдаг оног шөвөгтэй голоор нь шахуу л харайгаад байгаа юм, энэ зүүн талаас авчирсан адуу чинь. Манайхны адуу бол үнэндээ сайн. Манайхан чинь өнөөдөр баяр боллоо гэхэд хэдхэн өдөр шахуу уяж аваад уралдуулж байна. Ирэх жилийн баяр болтол мориндоо гар хүрэхгүй байгаа юм. Манай эндхийн ургамал шим чанартай. Тэгээд л таргалсан тийм морийг сунгаа хийнэ гэхээр яаж махаа барах вэ, яаж харайх вэ ойлгомжтой биз дээ. Сайн адууны аагаар л харайдаг байлгүй. Би Алтай, Цээл, Төгрөг, Тонхил руу олон адуу зарсан, очоод айрагдаж л байдаг. Уяач Д.Даваахүү гуай Бугатын адуу л ховор адуу байгаа, тэндээс л хэдэн гүү авмаар байна гэж ярьж байсан.  

Эх сурвалж: www.polit.mn

Болдоо
Нагац минь мундаг хүн шүү малч холын бодолтой.
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

Уржигдар 20 цаг 52 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

Уржигдар 20 цаг 08 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

Уржигдар 20 цаг 06 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

Уржигдар 20 цаг 04 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

Уржигдар 20 цаг 04 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

Уржигдар 06 цаг 00 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

Уржигдар 06 цаг 00 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

2026-11-05