Дмитрий Алиев: Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медальтай, сэтгэл дүүрэн баяр баясгалантай явж байна

2020-01-31
Нийтэлсэн: Админ
 1 мин
Дмитрий Алиев © Сергей Бобылев/ТАСС
20 настай орос уран гулгагч Дмитрий Алиев өнгөрсөн пүрэв гаригт Европыг цочроов. Тэрээр Европын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж, найман жилийн дотор анх удаа ийм амжилт гаргасан орос тамирчин болов. Түүхэн амжилтынхаа маргааш нь Алиевтай ТАСС-ын сурвалжлагч уулзаж илэн далангүй яриа хөөрөө өрнүүлэхэд тэрээр хэрхэн тайвширч, баяр бахдалд хүрсэн, гайхалтай сайн гулгасны дараа төрөл төрөгсдийнх нь сэтгэл яаж хөдөлсөн тухай өгүүлсэн. Мөн тэрээр өөрийнхөө зохиосон шүлгээ бас уншиж өгчээ.   - Яг нэг жилийн өмнө та Европын аварга шалгаруулах тэмцээний үеэр Хавьер Фернандесийн гэрэл зургийг Instagram-д байрлуулж, дор нь “Австрид аваргын титэмд хүрэхийн төлөө бүгдийг хийх болно” хэмээн бичсэн. Тэгэхээр та эр хүн хэлсэндээ хүрдэг гэдгийг нотолсон хэрэг үү? -Санахгүй байна … Тэр жил үнэхээр тэгсэн гэж үү? Тийм бол ёстой гоё юм болжээ. Өчигдөр аав маань утасдаад бас нэг иймэрхүү зүйл хэлсэн. “Хүү минь, чи хэлсэндээ хүрлээ” гэж. Гэхдээ би өөрөө үүнийгээ нэг их төвлөрч анзаараагүй бололтой, хэрвээ тийм бол гайхалтай гоё юм болжээ. Хави өнөөдөр надад бас зурвас бичсэн... -Тийм гэж үү? -Тийм ээ, надад баяр хүргэсэн. Би ч бас хариуд нь “Баярлалаа, Хавьер. Чиний гулгалтыг санаж байна. Чи бол миний хувьд домог шүү” гэж бичсэн. -Таны ялалтын дараа гэр оронд чинь яг юу болсон бол? -Би гэр лүүгээ ярихаар залгахад аав утас авсан. Би “За та нар яасан бэ?” гэж асуусан чинь аавын хоолой нь зангираад “Хүү минь, одоо ярьж чадахгүй байна. Би унтлаа” гэсэн. Ээж цаана нь уйлж байгаа сонсогдсон. Миний анхны дасгалжуулагч Вячеслав Евгеньевич Максимов бас манайд байсан. Одоо тэр Ухта хотод хүүхдүүд дасгалжуулж, манайд амьдарч байгаа юм. Ээж “Евгенич бас уйлж байна” хэмээн хашхирсан. Аав маань дотор бодлоо ил гаргах дургүй л дээ. Гэхдээ тэр гаднаа юу ч болоогүй юм шиг царайлавч үнэндээ бол хагартлаа баярлаж байгаа гэдгийг би мэдэрч байна. Одоохондоо тэд юу болж байгааг ч сайн ойлгох тэнхээгүй байгаа. Өглөөгүүр би дахиад ээж рүү залгаж “Та нар баярлаж байна уу?” гэж асуусан. Тэр сургуулийн хоолны газарт байсан. “Димка, аав чинь одоо хүртэл нүдэндээ нулимстай явж байгаа” гэлээ. Гэрийнхнийгээ баярлуулах үнэхээр сайхан шүү. -Чөлөөт хөтөлбөрийн дараа шөнө яаж хонов? Унтаж чадсан уу? -Сэргээшийн шинжилгээ өгөөд би шөнийн 1 цагийн үед ирсэн. Миний хөрш Жон [Гурейро] намайг тэвэрч, баяр хүргэсэн. Өөрийнхөө гулгалтын бичлэгийг дахиж нэг үзчихээд унтсан. Тэгээд л гүйцээ (инээв). -Ийм амархан уу? Онцгой ямар нэг юм болоогүй юү? -Ер нь бол байсан юм байна. Автобусанд би утсаа орхиод гээчихсэнээ ойлгосон. Татьяна Фладетай (Олон улсын тэшүүрчдийн холбооны хэвлэлийн нарийн бичгийн дарга – ТАСС – ын тайлбар) зурвас солилцсон, ийм нэг бага зэргийн бухимдал үүссэн. Би хоёр утастай байсан юм, нэг нь өөрийнхөн болон гэрийнхэнтэйгээ ярих зориулалттай. Яг тэр утсаа гээчихсэн юм. Ойр дотныхоо хүмүүсээс халуун дотно үг сонсох гэж аминдаа хүссэн хэрэг. Эцсийн бүлэгт утас маань ч олдож бүх юм сайхан болсон. Би нам унтаж, өглөө сэрэхэд утас олдсоныг мэдсэн. - нэндээ сэтгүүлч бид ч гэсэн тэмцээн болсон ордноос их оройтож явцгаасан. Таны ялалт бидэнд багагүй ажил нэмсэн шүү... -Уучлаарай (инээв). - Уучлалт хүсэх хэрэггүй ээ, энэ бол бидний хувьд хамгийн аз жаргалтайгаар оройтсон томилолтын нэг байсан! За энэ яах вэ, ажил хэргийн яриагаа үргэлжлүүлье. Таныг хөтөлбөрийн үзүүлбэрээ гулгаж дуусмагц таны дасгалжуулагч Евгений Владимирович Руковицын ялалт байгуулснаа зарлах шиг хоёр гараа дээш өргөсөн. Энэхүү дохио зангааны цаад утга нь баяр хөөрөөс гадна ашгүй бүх зүйл төлөвлөсөн ёсоор дууслаа хэмээн сэтгэл амарсаныг өгүүлж байгаа шиг санагдсан. Харин та хөгжим зогсмогц хамгийн түрүүнд юуны тухай бодсон бэ? -Би гулгалтаа хэд дахин буцааж үзсэн, олон дахин үзэхийг үзэхийг хүсэхгүй байна, яагаад гэвэл ямар нэг зүйл дотроос минь татаж чангаагаад байх шиг санагддаг, энэ бол нэгэнт миний хийгээд өнгөрсөн зүйл. Би бас амьсгаагаа маш хүчтэй гаргасан. Европын аварга шалгаруулах тэмцээн хүртэлх зам амаргүй байсан болоод тэр үү тэрхүү амьсгаа гаргалт маань миний дотор нуугдаж байсан түгшүүрийг гадагшлуулсан хэрэг байсан. Бурхны авралаар бүх юм ингээд ашгүй дууслаа гээд дотор уужирсан хэрэг. Хоёр нүд нулимсаар дүүрч, тархинд янз бүрийн дүр зураг эрээлжилсэн. Евгений Владимирович руу хартал бахдалтайгаар гар даллаж байх шиг харагдсан. Ингэхдээ тэр нүдээ аньсан байсан, магадгүй тэр, ямар ч байсан бид хийх ёстойгоо хийж чадсан болохоор сэтгэл хангалуун байсан биз ээ. Үүнийг тэр өөрийнхөөрөө өвөрмөц онцгой байдлаар хүлээж авсан байх. -Хэвлэлийн бага хурал дээр та Михал Бржезиний үзүүлбэрийн үнэлгээ гарсны дараа аварга болсноо ойлгосон гэж ярьсан. Аварга болсноо бүрмөсөн ухаарч гүйцсэн үү? -Үүнийг яаж ойлгох ёстойг мэдэхгүй юм. Хаа сайгүй л хүмүүс надад баяр хүргэж байгааг мэдэрч байна. Би ч гэсэн өөрийгөө Европын аварга боллоо гэдгээ ойлгож ухаарч байна. Гэхдээ өчигдрийн хөөрөл хараахан намжаагүй л байх шиг байна. Үнэхээр амаргүй, хэцүү, бас жаргалтай өдөр байсан. Бүгдийг хийж гүйцэтгэж чадсаны дараа бөөн бөөн баяр хөөр, ялалтын хөөрөл гээд сэтгэл сэргээсэн мөч дэндүү их байсан... -Байж суух газраа олж ядсан байх даа... -Тийм шүү, яах ч учраа олохгүй байсан. Шагнал гарт чинь байна, цааш нь яах билээ? Өчигдөр ийм л юм болсон. За тэгээд би бушуухан унтдаг ч юм бил үү гэж бодсон (инээв). Өнөө өглөө сэрэхдээ уужирч тайвширсан байсан, баяр хүргэсэн бүгдэд хариу талархал илэрхийлж, мэндчилгээнүүдийг уншсан. Түрүүлснээ ухаарсан. Өөрөөрөө, багаараа бахархаж байна. -Бүр эхнээсээ л бид танд итгэж байсан гэдгээ чин үнэнээсээ хэлье. Харин та Австри руу явж байхдаа сэтгэл санаа ямар байсан бэ? -Ер нь энэ удаагийн тэмцээн дээр үнэхээр сонирхолтой байсан. Дөнгөж газардсаны дараа үгээр илэрхийлэхийн аргагүй тийм чөлөөтэй, уужуу тайван болсон байсан. Бас өөртөө итгэх итгэл. “Чи чадна” гэж өөрийгөө итгүүлэх гэсэн тийм оролдлого биш, харин бие халаалт, дасгалын үед чи алдсан гэсэн ч гэсэн энэ алдаанаас болж балрана гэсэн бодлоор биш харин ч эсрэгээр юу ч болоогүй юм шиг уужуу тайван хандаж байсан. Ер нь бүх юм нэг л нааштай аятайхан болж байсан. Дасгал сургуулилтын хувьд хангалттай төвлөрч байсан. Уржигдар, богино хөтөлбөрийн гараанд гарахын өмнө би маш тайван, өөртөө итгэлтэй байсан. Ямар ч айдас төрөөгүй. Би хийх ёстой ажлаа л хийсэн. Өчигдөр харин надад айдас төрж, тохой, чихээр халуу оргиж байсан. Мөсөн дээр гарах гээд хүлээж ядаж байгаа хэрэг, гэхдээ би өчигдөр өөрийгөө захирч чадсан, ингэж болохгүй, яарах хэрэггүй, ингэвэл чи алдаж тулаанд бэлэн байж чадахгүйд хүрнэ хэмээн өөртөө хэлж, тайвшруулж чадсан. Би амьсгалаа гүнзгий гаргаж, мөс үнэхээр чанартай юм, чамд таалагдаж байна гэдгээ эргэж санасан. Үүнийг санангаа би гэрийнхнийгээ өөртөө хамгийн ойр хэсгийн үзэгчдийн суудал дээр суулгаж төсөөлсөн. Евгений Владимирович харин эсрэг талын хашлаганы цаана байсан. Бүх зүйл маш тайван болж, би одоо л өөрийнхөө хүч чадлыг дэлгэн харуулж болох юм гэдгээ ухаарч ойлгосон. Яг миний санасан бодсоноор бүх юм болсонд би ухаангүй баярлаж байна. Би өчүүхэн ч алдаа гаргаагүй, хэрэгтэй цагт санаснаа хийж чаддагаа өөрийнхөө дотоод ертөнцөд, өөрөө өөртөө нотолж чадсан. -Ордны брезентэн дээвэр, зочид буудалд халуун ус тасарсан зэргийн аль аль нь танд саад болоогүй юү? -Халуун усны тухайд надад аз тохиосон. Бусад өрөөнд огт халуун усгүй байхад манай өрөөнд эхний таван минут халуун устай байсан. Би угаал үйлдэж амжсан, дараа нь харин хүйтэн ус гоожсон. Амжсан ганц хүн нь бараг би байсан байх (инээв). -Гэхдээ тэмцээнд ялах том боломж өөрт чинь байгаа гэдгийг та ухаарч амжаагүй байх. Яаж та өөрийгөө газарт буулгаж, гулгалтандаа төвлөрч чадсан бэ? Түрүүлж магадгүй гэсэн бодлоос салах хэрэгтэй гэж олон тамирчин ярьдаг... -Би бүр эхнээсээ л газар дээр байсан байх. Хэн нэг хүн ямар нэг юманд хүрнэ гэсэн бодол өчүүхэн ч байгаагүй, чин үнэн шүү гэдгийг хэлье. Аль эсвэл, жишээ нь, миний гол өрсөлдөгч тэр гэх бодол. Харин зүгээр л надад юуны өмнө чи өөрөө өөрийнхөө өрсөлдөгч гэдэг аятайхан бодол төрсөн байсан. Тэр бодолтойгоо л хамт талбайд гарч тэмцэлдсэн. Өөрийгөө л ялж байвал бусад бүх зүйл болно. Одоо тэгээд Европын аваргад яллаа шүү дээ(инээв). -Чөлөөт хөтөлбөрийн өмнө өөртөө хэлсэн үг чинь танд тус боллоо гэж та өчигдөр хэлсэн. Нууц биш бол ямар үг хэлсэн бэ? -Хэлэхгүй, нууц хэвээрээ үлдэг. Энэ бол миний үг, би чухал ажилд гарсан шүү дээ. Тэр ажилд зориулж би өөртөө хэлсэн, хэлэх ч ёстой байсан. Юуны өмнө өөрт байсан түгшүүрээ гаргаж, өөрийгөө савлуулахгүйн тулд би амьсгалаа доош нь хүчтэй гаргасан. Тэр үед бэлтгэлийн өрөөнд байхад Артур [Даниелян] гулгаж байсан. Би тэргүүнээ өргөж, амьсгалаа уужуухан гаргаад, миний бодлоор, надад тус болсон өнөөх үгээ хэлсэн. Гэр орныхноо, ойр дотныхныгоо үзэгчдийн суудалд, дасгалжуулагч нарыг эсрэг талд суулгаж дотроо төсөөлсөн. Энэ бүхэн намайг цэнэглэж, хов хоосон орон зайд намайг оруулан барьж байсан. -Арай хараалын үг биш биз дээ? - ийм ээ, хараалын үг. Гэхдээ энэ бол харилцан яриа маягийн юм л даа...  Ер нь би Дээд тэнгэрт шүтэж биширдэг гэх үү дээ. Би аврал эрээгүй, зүгээр л түүнд хэлье гэснээ хэлсэн, түүнээс хариу тэмдэг хүлээж авсан, тэгээд л ажлаа хийхээр явсан. -Энэ удаагийн тэмцээний үеэр та урьд өмнө нь танд байдаггүй, гачигдаж дутагддаг байсан зүйлээ олж авсан гэж хэлж болох уу? -Тийм ээ, юуны өмнө бөөн бөөн аз жаргал гэж хэлж болно. Та бидний хэн маань ч аз жаргалыг хүсдэг шүү дээ. Миний хувьд аз жаргал гэдэг бол дасгалжуулагч, гэр бүл, өөрийгөө, хөгжөөн дэмжигчдээ, Орос эх орноо баярлуулах гэсэн үг. Тийм учраас хөгжөөн дэмжигчид, өөр бусад янз бүрийн эх сурвалжаас баяр хүргэсэн мэндчилгээ одоо хүртэл тасрахгүй ирсээр байна. Бүгд л баярлаж, баяр хүргэж байна, Евгений Владимировичид ч гэсэн баярын мэндчилгээ тасрахгүй байгаа гэсэн. Өөрийнхөө болон дасгалжуулагчийнхаа өмнөөс би үнэхээр их баярлаж, бахархаж байна, дасгалжуулагч бол миний хувьд төрснөөс өөрцгүй хүн. Энэ бол үнэхээр сайхан байна. Магадгүй, өөрийгөө, багаа баярлуулах л надад дутаж байсан байх. Миний бодлоор энэ бол хамгийн гол зүйлийн нэг. Энэ удаагийн тэмцээнээс би олон зүйлийг өөртөө бий болгож байна. Магадгүй, өөртөө итгэх итгэл маань улам нэмэгдэж ч болох юм. Гэхдээ юуны өмнө энэ удаагийн тэмцээнээс би Европын аваргын алтан медаль, асар их аз жаргалтай явж байна. Мэдээж бас бөөн бөөн баяр баясгалан. -Үүнээс гадна, магадгүй, өөрийгөө тайвшруулах гайхалтай нууц бас байгаа байх? -Энэ ч гэсэн чухлаас чухал. Би өөртөө юү гэж хэлж, юу хийснээ тогтоож авнаа. Тэгээд халаасандаа хийгээд дараа хэрэгтэй үедээ хэрэглэнэ. -Өчигдөр та шүлэг бичдэг гэж ярьж байсан. Ер нь хэзээнээс яруу найрагтай холбогдсон бэ? -Ааваас өвлөгдсөн байх. Аав маань спортын сургуулийн захирал, түүний хобби нь олны өмнө үг хэлэх. Ухта хотдоо хэвлэл мэдээллийнхэнд танигдсан хүн гэж болно. Хэл яриа нь уран цэцэн, яаж тэгж бэлэн зэлэн ярьдгий нь би сайн ойлгодоггүй юм. Манайхан шинэ жилийн баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг, аав тэр баяр дээр үг хэлэхдээ шууд л зохиогоод шүлэглэж өгнө. Эмээ надад шүлэг их уншиж өгдөг байсан. Би сонсоно, надад таалагддаг байсан. Питерт нүүж ирсний дараа надад шүлэг хуулж бичиж өгөхийг эмээгээс хүсдэг байлаа. Ер нь би юм юманд мэдрэмтгий гэх үү дээ. Тэр бүгдийг би тэмдэглэж авах хэрэг гардаг. Найз бүсгүйдээ ямар нэг зүйл хэлье гэж бодсон ч хэлж чадахгүй үе гардаг. Тийм үед тэмдэглэлээ нээгээд уншиж гарна даа. Ер нь би олон шүлэгтэй. -Дахин дахин уншдаг уу? -Урьд нь тэгж их олон уншдаггүй байж. Одоо зарим шүлгэнд маань дуу хүртэл бий шүү. -Тэмцээний үеэр бичсэн үү? -Бичсээн. -Уншиж өгч болох уу? -Мэдээж, бололгүй яах вэ. Багахан хэсгийг шүү (инээв). Прикрыв глаза, на миг увидел душу. Ту душу, что поселена в тебе. Минутой позже все вылилось наружу, Все чувства, что живут во мне. Как будто с горла сняли мне замок, И в своих вдохах я почувствовал свободу. Любовь внутри меня к тебе живет, С такой прекрасной, чистою природой. Улыбнувшись, посещали меня мысли, Как неуместен был к тебе порой. Ты стала частью моей жизни, Ты стала смыслом, ангел мой. -Александра Бойкова, Дмитрий Козловский нарын хос дээд амжилт тогтоосон гулгалтын дараа дасгалжуулагч Тамара Николаевна Москвина шүлэг бичсэн. Харин та ялалтынхаа дараа шүлэг бичиж амжсан болов уу? - Үгүй, амжаагүй. Яагаад гэвэл ямар ч уйтгар гуниг төрөөгүй. Ер нь би уйтгар гуниг төрсөн үедээ л гол төлөв бичиж байсан, харин аз жаргал гэдэг бол огт өөр юм. Сүүлийн үед би аз жаргалын тухай л их бичиж байна. Өчигдрийн хувьд би дотоод ертөнцтэйгөө огт холбогдож чадаагүй. Хэлгүй, дүлий юм шиг л явсан. -Таны шүлгүүд сэтгэлийн өнгийг илэрхийлсэн уянгын шүлгүүд гэж та хэлсэн. Өнгөрсөн улиралд бичсэн таны шүлгүүд хар бараан өнгө аяс ихтэй байсан байх? - Тийм ээ, үнэхээр тийм болсон. Танд уншиж өгвөл та нулимс унагах нь бүү хэл, надаас бушуухан холдохын түүс болох байсан байх (инээв). -Тэр улирлын дараа спортод хандах хандлагаа та өөрчилсөн хэмээн ярьж байсан. Энэ үг чинь урьд нь таныг спортод хайнга ханддаг байсан гэдэгтэй адилхан сонсогдож байна... -Арай ч бас тийм биш ээ. Хайнга биш буруу хандаж байсан гэвэл онох байх. Ер нь би спортод байнга л нухацтай хандаж, дурлаж байсан. Дуртай үедээ ирж, дургүйгээ хүрэхээр амардаг байгаагүй. Спортын төлөө л гэж Питерт нүүж ирсэн. Зүгээр л сэтгэлгээ өөрчлөгдөж, оюун санаа маань хэрэггүй зүйлээс ангижирсан хэрэг. Хэрэггүй илүү зүйлээс дотор сэтгэлээ онгойлгосон гэсэн үг. Одоо бол бүх юм ном ёсоороо явж байна. Надад тус болсон тэр бүтэлгүй улиралд хүртэл би баярлаж явдаг шүү. -Өнгөрсөн явдлаас сэтгэл ханамж авч байгаа юм уу? -Тийм ээ, тэр бүү хэл, мөсөн дээр болж бүтэхгүй байсан ч би сэтгэл ханамж авдаг болсон. Би өөрөө өөртэйгөө хийж байгаа тулаанаас хүртэл сэтгэл хангалуун явдаг болсон. Миний ямар нэг зүйл болж бүтэхгүй байгаа нь юутай сайн хэрэг вэ, тэглээ ч гэсэн би мөчөөгөө өгөхгүй үзэлцэх болно хэмээн Новогорскт байхдаа өөртөө хэлсэн. Багийн бусад нөхөд маань даалгавраа хийчихээд хувцсаа солихоор явж байхад би талбайд үлддэг болсон. Хөгжмийн аянд гулгахад надад сайхан санагддаг болсон, тэгээд би: - “Дахиад нэг удаа” – гэдэг юм. Энэ бол зөрүүдэлсэндээ биш, үүнийг хийвэл сэтгэл хангалуун болдог учраас тэр. Миний бодлоор энэ бол шинэ үе шат байх. -Дасгал сургуулилтын үйл явцад ямар нэг зүйлийг өөрчилсөн үү? Максим Ковтун, жишээлбэл, Оросын аварга шалгаруулах өнгөрсөн удаагийн тэмцээнээс хойш амжилттай болон бүтэлгүй болсон үсрэлтүүдээ тэмдэглэдэг болсон гэсэн... -Надад ингэх хэрэггүй, 35 удаа үсрэлт хийсэн ч би дасгал сургуулилт нэг бүрийгээ тод санаж үлддэг. Ямар нэг зүйл болохгүй байгаа бол: - за гайгүй ээ, ямар ч байсан хийдэг болно доо гэж өөртөө боддог болсон. Энэ бол спортын хорхой, өөрөө өөртэйгөө тэмцэх сайхан мэдрэмж гэх юм уу даа. -Одоо та Европын маш хүчтэй уран гулгагчийн хувиар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох хэрэг гарна. Энэ тухай бодсон уу? - Үгүй шүү. Одоохондоо би зүгээр л баярламаар байна. Нэг сар биш, ядаж дөрөв хоног амармаар байна. Сайхан цэнэг аваад дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд явна гэж бодож байна. Дэлхийн тэмцээнд сайн гулгахыг хүсч байна. Ярилцсан  Владислав Жуков Эх сурвалж: www.polit.mn    
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 39 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 39 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06