Т.БАТСАЙХАН
Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.
У.Хүрэлсүх: Хэн, хаана шатахууны нийлүүлэлтийг гацааж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт Засгийн газрын зарим сайд нар болон хууль хяналтын байгууллагын удирдлагуудыг дуудан уулзаж, үүрэг чиглэл өгчээ. Тэрээр шатахууны нийлүүлэлтийн асуудалд гацаа үүсгэж байгаа асуудалд хатуу байр суурьтай байхаа илэрхийлсэн байна. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Би Киргизэд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай уулзсан. Уулзалтад холбогдох албан тушаалтнууд бүгд оролцсон. Бид өмнө нь ч уулзаж байсан. Хоёр улсын төрийн тэргүүний уулзалтаар байнга хөндөгддөг гол асуудлын нэг нь бензин, шатахууныг тогтвортой, тасралтгүй нийлүүлэх тухай асуудал байдаг. Үүнийг та бүхэн мэдэж байгаа. Оросын тал энэ асуудалд нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байна. Өөрсдийнх нь дотоод нөхцөл байдал хүнд байгаа ч монгол анд нөхдийнхөө аюулгүй байдлыг хангах, бензин шатахууны нийлүүлэлтийг тасалдуулахгүй байх чиглэлд онцгой анхаарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. Хэлсэн амлалтаа зохих түвшинд хэрэгжүүлж байгаа. Мэдээж зарим үед тодорхой хэмжээний тасалдал гарсныг үгүйсгэхгүй. Энэ нь Оросын дотоод нөхцөл байдалтай холбоотой байсан.Хоёр улсын төрийн тэргүүний түвшинд ярилцсан шатахууны асуудал зохих түвшинд хэрэгжиж байгаа. Засгийн газар ч энэ асуудалд хүч чармайлт гаргаж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Бид том түвшинд тохиролцоонд хүрсэн бөгөөд нийлүүлэлт эхнээсээ нэмэгдэж байгааг та бүхэн харж байгаа байх. Шаардлагатай бол би ОХУ-ын Ерөнхийлөгчтэй дахин ярилцахад бэлэн байна. Төр, ард түмний харилцан ойлголцол, хүндэтгэлийг эвдэхийг оролдож, ард түмний зовлонгоор улс төр хийж, ашиг хонжоо олох гэсэн бүлэглэлүүд байна. Энэ талаар тагнуулын байгууллагаас надад мэдээлэл өгсөн. Төр, ард түмнийг хооронд нь хагаралдуулах, шатахууны асуудлаар улс төр хийхийг оролдож байгаа талаар үндэсний аюулгүй байдлын түвшинд мэдээлэл ирсэн учраас өнөөдөр энэ асуудлыг хөндөж байна. Хаана, хэн хууль бусаар шатахууны нийлүүлэлтийг гацааж, улс төрийн зорилгоор түгээлтийн ажилд саад учруулж байгааг тусгай албад олж тогтоох хэрэгтэй. Та бүхэнд шаардлагатай бүхий л боломж бий. Дэлхий нийтээр амьдрал хүнд байна. Өрхийн орлогыг хамгаалж, ард иргэдийнхээ амьдралд тус дэм болох шаардлагатай. Энэ асуудалд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгосон” гэлээ.
Замын үүд боомтыг уртасгасан цагаар ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирно

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговь аймагт ажиллах үеэрээ Замын-Үүд боомтын үйл ажиллагаатай танилцжээ. Засгийн газар гаалийн шинэчлэлийн хүрээнд тус боомтын өргөтгөл, шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлсэн. 2025 онд зорчигч болон ачаа тээвэрлэх хүчин чадал гурав дахин нэмэгдэж, 1.4 сая гаруй зорчигч нэвтэрчээ. Гэхдээ гаалийн хяналтын бүсийн хүчин чадал, дэд бүтэц өнөөгийн хэрэгцээ, шаардлагыг бүрэн хангахгүй байгааг боомтынхон хэлэв. Мөн жил тутамд ачаалал нэмэгдэх хандлагатай байна. Иймд Замын-Үүд-Эрээн автозамын боомтын ажиллах цагийн хуваарийг уртасгах санал тавилаа.Хяналтын бүсүүдийн зай талбайн хүрэлцээ муу, хилийн бүсэд хэт ойр байрласан нь ачаа тээврийн урсгалд зохиомол түгжрэл үүсгэж байна. Овор ихтэй бараатай тээврийн хэрэгслийг байрлуулах хяналтын тавцан, мөн хяналтын камер, гэрэлтүүлэг зэрэг дэд бүтэц хангалтгүй. 2016 онд суудлын машин шалгах рентген тоног төхөөрөмж суурилуулсан. Урсгал засвар, санхүүжилтгүй тул 2020 оноос хойш ажиллаагүй. Үүний улмаас тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт явуулахад хүндрэлтэй байгааг хөндөв. Гаалийн ерөнхий газраас ачаа тээвэр, цахим худалдааны барааны нэгдсэн терминал байгуулах төлөвлөлтийг боловсруулж, Сангийн яаманд танилцуулжээ. Мөн Замын-Үүд дэх гаалийн салбар лаборатори нь амьтан ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнд анхан шатны шинжилгээ хийж, нарийвчилсан шинжилгээг Улаанбаатар дахь ХАБҮЛЛ-д илгээж байгаа нь хугацаа алдаж, зардал өсгөж байна. Иймд Замын-Үүд дэх салбар лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хорио цээрийн шинжилгээг иж бүрэн, шуурхай хийх тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна. Ерөнхий сайд Н.Учрал “Уртасгасан цагаар үргэлжлүүлэн ажиллах боломжийг БНХАУ-ын талтай тохирох, Засаглал, ил тод байдал, хариуцлагыг сайжруулах хүрээнд гаалийн шалгалт, үнэлгээ, татвар ногдуулалтын шийдвэрийг цахим бүртгэлтэй, хянах боломжтой болгож, албан тушаалтны үзэмжээр асуудал шийдвэрлэх, авлига үүсэх нөхцөлийг арилгах, гаалийн орлогын өөрчлөлтийн шалтгааныг бодит мэдээлэлд тулгуурлан нягталж, дотоод хяналтыг сайжруулах, үйлчилгээний шаардлага, төлбөр, шийдвэрлэх хугацаа, дарааллын мэдээллийг нээлттэй болгож, иргэн, аж ахуйн нэгжийн гомдлыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.
Нийслэлийн МАН-ын даргаар Б.Пүрэвдагва сонгогдож, АН генсекээ чөлөөлөв

Өнгөрсөн баасан гарагт АН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. АН-ын Хяналтын ерөнхий хорооны дарга Ш.Түвдэндорж мэдэгдэлдээ "Намын гишүүдээс маш олон гомдол санал ирсэн. Тиймээс зарим намын хороон дээр дахин сонгууль явуулах шийдвэр гаргасан. Хэрэг эрхлэх газрын дарга буюу ЕНБД сонгууль зохион байгуулах ёстой ч бид шаардлага хүргүүлэхэд биелүүлэлгүй удаж, гишүүдийн гомдол саналыг хэлэлцэхгүй байсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж байна" гэлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт эзгүй байгаа бөгөөд тэрээр ICAPP-ын Ерөнхий Ассамблейн 13 дугаар чуулганд оролцож байгаа юм. Тэгвэл энэхүү шийдвэрийг АН-ын зарим гишүүд хууль бус хэмээн эсэргүүцэж байна. АН-ын ХЕХ-ны гишүүн Д.Цэндсүрэн “С.Баярцогтыг огцруулах тусдаа асуудал, намын үндсэн дүрэмд ҮБХ-ны хурлаар шийднэ гэсэн байгаа. АН-ын Үндсэн дүрмийн дагалдах журмын 23.2-т “Аймаг нийслэлийн Хяналтын салбар хороогоор хэлэлцээгүй асуудлыг Хяналтын ерөнхий хороогоор хэлэлцүүлэхийг хориглоно гэсэн заалт байгаа. Намын үндсэн дүрэм журмыг сахиулах, мөрдүүлэх, зөрчихөөс сэргийлэх үүрэгтэй ХЕХ өөрөө намын дүрэм журам шууд зөрчсөн байна. Энэ бол АН-ын дүрмийн бус шийдвэр” гэжээ. Тэгвэл Нийслэлийн Монгол Ардын Намын хорооны 36 дугаар Бага хурал өнгөрсөн бямба гарагт болж, нийслэлийн МАН-ын хорооны даргаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва төлөөлөгчдийн 97.5 хувийн саналаар сонгогдлоо. Нийслэлийн МАН-ын хорооны дарга Б.Пүрэвдагва намын анхан шатны байгууллагын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, бүтэц, зохион байгуулалтыг сайжруулах, гишүүдийн оролцоо, хариуцлагыг нэмэгдүүлэх бодлогоо танилцуулсан байна. Нийслэлийн 204 хороонд нэгдсэн стандарт, зохион байгуулалт бүхий франчайз тогтолцоог нэвтрүүлж, хороо бүрийн онцлог, иргэдийн хэрэгцээ, тулгамдсан асуудалд тулгуурлан хөгжүүлнэ гэжээ. Өмнөх дарга Х.Нямбаатарын хувьд тус хуралд цахимаар оролцож, хийсэн ажлынхаа тайланг танилцуулсан байна.
Я.Содбаатар: Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг ард түмнээс асууж, тодруулна
МАН-ын удирдах ажилтны Зүүн болон говийн бүсийн зөвлөгөөнд Дорноговь аймагт боллоо. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатар илтгэл тавьж, намын шинэчлэл, гишүүдийн санал хүсэлт, 2027 оны бүс нутгийн намын байгууллагуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө. Тэрээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг намын анхан шатны байгууллага, гишүүд, иргэдийн санал болон судалгаанд тулгуурлан тодруулах зарчмыг танилцууллаа. Энэ хүрээнд Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хүлээлт, рейтингийн судалгаа хийж, намын анхан шатны байгууллага, дэргэдэх байгууллагуудаас санал авахаар төлөвлөжээ. Мөн Я.Содбаатар намын дотоод талцлыг зогсоох, анхан шатны байгууллагуудыг бэхжүүлэх, УИХ-ын гишүүдийн тойрог дахь ажлыг сайжруулах, иргэдийн санал хүсэлтэд эргэх холбоотой ажиллах шаардлагатайг тэмдэглэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 213 (7955)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn