“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

1 цаг 0 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.БЯМБАА

 

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ. Тэгвэл Их Эзэн Чингис хаан мэндэлсний 864 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ой энэ онд тохиож байна. Их Эзэн Чингис хаан эдүгээгээс 800 гаруй жилийн өмнө Монголын эзэнт гүрний сүр хүчийг тунхаглан, монгол үндэстний суу алдрыг бадраасан их хаанаар өргөмжлөгдөж, төрт ёс, түүх соёл, хууль цаазын дор монгол туургатныг дахин нэгтгэн, Их Монгол Улсыг сэргээн мандуулсан байдаг.

Их Эзэн Чингис хааны төр улсаа байгуулж, нэгтгэн төвхнүүлсэн түүхэн үйл хэрэг, төрийн байгуулал, хууль цааз, засаглалын уламжлал нь Монголын төдийгүй дэлхийн түүх, соёл иргэншлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.

Монголчууд Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдрийг билгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинийн 1-нд тэмдэглэдэг. Энэ өдрийг мөн “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрлэж, бүх нийтээр амардаг үндэсний баярын өдөр болгосон билээ.

Тэгвэл энэ жил арваннэгдүгээр сарын 10-ны Мягмар гарагт Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр тохионо.

Иймд “Монгол бахархлын өдөр”-ийг энэ жил хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх, эл өдрийг тохиолдуулан ямар арга хэмжээ зохион байгуулах талаар тоймлон хүргэе.

 

Чингис хааны эш хөргийг архи, тамхины шошгод ашиглахыг хориглосон хууль боловсруулахыг Засгийн газарт даалгалаа

УИХ-ын намрын чуулганы ээлжит хуралдаанаар “Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойг тохиолдуулан Их эзэн Чингис хааны төрт ёсны өв уламжлалыг дээдлэн мөнхжүүлэх тухай” УИХ-ын тогтоолыг баталлаа. 

Тус тогтоол батлагдсанаар Засгийн газарт үндсэн таван асуудлыг даалгаж байгаа юм. Үүнд: Нэгд, Их Монгол Улсын түүхэнд хамаарах үйл явдал, түүх, соёлын дурсгалт газрыг шинээр олж тогтоох, хамгаалах, нөхөн сэргээх, энэ чиглэлээр хийгдэж буй эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэмжих, хэвлэн нийтлэх, сурталчлах ажлыг эрчимжүүлэх.

Хоёрт, Их Эзэн Чингис хааны үйл хэрэг, Их Монгол Улсын үүсэл, хөгжлийн бичмэл эх сурвалж, археологийн, угсаатны зүйн судалгааны бүтээлүүдийг хэвлэн нийтлэх, урлаг, соёлын бүтээлийг дэмжих, гадаадын зарим улс оронд хадгалагдаж байгаа бичмэл эх сурвалжийг олж тогтоох, тэдгээрийн эх хувь, хуулбарыг татаж авах, Монгол Улсын түүхийн сан хөмрөгт бүртгэж шинжлэх ухаан судалгааны эргэлтэд оруулах арга хэмжээ авах.

Гуравт, Их Эзэн Чингис хааны нэрээр нэрлэгдсэн бараа бүтээгдэхүүний онцгой албан татварын тодорхой хувиар санхүүжих сан байгуулах, түүний хөрөнгөөр Их Эзэн Чингис хааны нэр төр, үйл хэрэг, Их Монгол улсын түүхийг хамгаалан сурталчлах, үйл ажиллагааг санхүүжүүлэх тухай санал боловсруулж УИХ-д танилцуулах.

Дөрөвт, Их Эзэн Чингис хааны түүх, Монгол Улсын төрт ёсны өв, Монгол төрийн үүсэл хөгжил болон тэдгээртэй холбоотой ном түүх, археологи, угсаатны судалгаа бүтээл, кино урлаг, соёлын арга хэмжээ, үйл ажиллагаанаас олох орлогыг татвараас чөлөөлөх тухай хууль тогтоолын төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэх.

Тавт, Их Эзэн Чингис хааны нэр төр, эш хөрөг, гэрэгэ, Монголын нууц товчоо, Их Монгол Улсын бэлгэдэлд хамаарах зүйлсийг ашиглах асуудлыг журамлах, Их Эзэн Чингис хааны эш хөргийг согтууруулах ундааны болон тамхины сав баглаа боодолд аливаа төрлөөр ашиглахыг хориглох тухай хууль тогтоомжийн төсөл боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалгалаа.

 

УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан болно

Сарны тооллын өвлийн эхэн сарын шинийн 1-ний өлзийт өдрийг Эзэн Богд Чингис хаан эцгийнхээ илдэнд ир нэмж, эхийнхээ царайд гэрэл болж, Дэлүүн болдогийн дэнжид тэнгэрийн цолмон мэт мэндэлсэн хэмээн Монгол Улсын төр, ард түмэн нийтээр тогтож, бахархал омогшлын баяр болгон тэмдэглэх болсон. Энэ бол зөвхөн бахархан бахдахын бус, хүндэтгэн сүслэх, бишрэн дээдлэхийн гүн утгатай өдөр юм.

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн тэгш ой энэ онд давхцан тохиож байгаатай холбогдуулан Улсын Их Хурал хүндэтгэлийн хуралдаанаа товложээ. УИХ-ын  хүндэтгэлийн хуралдаан энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдана.

 

“Их засаг ба Хууль засаглахуй” болон "ЧИНГИС ХААНЫ ЭРИН-2026" эрдэм шинжилгээний хурал болно 

 

Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Их Засаг хуулийн 820 жилийн түүхэн ойг тохиолдуулан УИХ-ын дарга С.Бямбацогтын ивээл дор зохион байгуулж буй “Их засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно.

Мөн “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан МУИС-ийн Түүхийн тэнхимээс жил бүр уламжлан зохион байгуулдаг "ЧИНГИС ХААНЫ ЭРИН-2026" хүндэтгэлийн хурал өнөөдөр болно.

 

Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртэх эрхэм хэн бэ

“Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чингис хаан” одон хүртээдэг уламжлал нэгэнт тогтжээ.

Өнгөрсөн 2005 оноос "Чингис хаан” одонг олгож эхэлсэн бөгөөд 2007, 2008, 2018, 2020 онд олгоогүй, алгасч байжээ. Өнгөрсөн хугацаанд 17 удаагийн шагналыг 18 эрхэмд хүртээжээ. Харин энэ жилийн тухайд "Чингис хаан” одонг хэнд олгох эсэх нь одоогоор тодорхойгүй байна. Сонирхуулахад, Монголын орчин үеийн калиграфийн урлагийн их мастер, уран зураач Д.Баттөмөр агсан Монгол төрийн эрхэм дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонгийн эх загварыг бүтээсэн билээ.  Ингээд үе үеийн “Чингис хаан” одонг хэн гэдэг эрхмүүд хүртэж байсныг эргэн саная.

“Чингис хаан” одонг хүртсэн анхны эрхэм бол Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат агсан юм. Ерөнхийлөгч асан Н.Багабандийн сүүлчийн зарлиг нь “Чингис хаан” одонг хүртээх тухай зарлиг байсан бөгөөд энэхүү зарлиг нь 2005 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн 188 дугаартай зарлиг байв. Энэ одонг хоёр дахь Ерөнхийлөгч Н.Багабанди зарлиг гаргаж, гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, анхны Ерөнхийлөгч П.Очирбатад гардуулж байсан.

Үүний дараа жил буюу 2006 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр зарлиг гарган Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравыг “Чингис хаан” одонгоор шагнаж байсан.

Харин 2009 онд Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлэх, эх орондоо хүмүүнлэг, ардчилсан, иргэний нийгэм байгуулахад оруулсан жинтэй хувь нэмэр, түүхэн гавьяаг нь үнэлж Д.Бямбасүрэнг "Чингис хаан" одонгоор шагнаж байв.

2010 онд Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын ололт амжилтыг бататгах, анхны ардчилсан парламентыг байгуулж төлөвшүүлэхэд болон улс орондоо ардчилсан, эрх зүйт нийгмийг цогцлоон хөгжүүлэхэд оруулсан онцгой гавьяа зүтгэлийг нь үнэлж Р.Гончигдоржид төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн.

2011 онд Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч асан Ц. Элбэгдорж зарлиг гарган Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийг “Чингис хаан” одонгоор шагнасан.

2012 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Үндэсний баяр наадам, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлд төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одонг хүртээсэн юм.

2013 оноос өмнө “Чингис хаан” одонг Үндэсний их баяр наадмаар гардуулдаг байсан бол энэ оноос эхлэн “Чингис хаан” одонг Монгол бахархлын өдрөөр гардуулах Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Энэхүү одонг Монгол Улсын 14 дэх Ерөнхий сайд, эдийн засагч, санхүүч, Сангийн сайд, Төлөвлөгөөний хорооны дарга, Сайд нарын зөвлөлийн дарга гээд Монголын төр түмний төлөө нэгэн жарны турш зүтгэсэн Д.Содном гуай хүртсэн юм.

2014 онд алдар нэрээ дэлхийд дуурсгасан Монголын ХХ зууны гарамгай эрдэмтэн Хавтгайн Намсрайг “Чингис хаан” одонгоор шагнасан.

2015 онд “Чингис хаан” одонг яруу найрагч, соёлын гавьяат зүтгэлтэн Гомбожавын Мэнд-Ооёод хүртээсэн.

2016 оны Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатарт хүртээсэн.

2017 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Түвшинбаярт төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хүртээв. Төрийн эрхэм дээд энэхүү шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга Төрийн ордны Есөн хөлт их цагаан тугт танхимд гардуулан өгсөн юм.

2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг “The Hu” хамтлагт хүртээж ерөнхий продюсер Б.Дашдондогт гардаж авсан. Анх удаа хамтлагт “Чингис хаан” одон гардуулж, жаазанд тусгайлан суулгасан “Чингис хаан” одонг хамтлагийн төлөөлөл болгон продюсер Б.Дашдондогт гардуулсан юм.

2021 онд монгол хүн сансарт ниссэний 40 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Чингис хаан" одонг сансрын нисгэгч Ж.Гүррагчаад гардуулсан.

2022 онд академич Д.Доржготов болон монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд нарт Монгол Улсын төрийн тэргүүн дээд шагнал "Чингис хаан" одон хүртээсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2023 онд Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Монгол Улсын филармонийн Морин хуурын чуулгад хүртээсэн.

2024 онд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаар төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг БНСУ-ын иргэн, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүнд хүртээсэн. Бан Ги Мүн нь 1944 оны зургаадугаар сарын 13-нд БНСУ-ын Чунжуд төрсөн. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга юм.

Тэгвэл өнгөрсөн 2025 онд Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор, МУИС-ийн эмерит профессор, Япон Улсын Нагояагийн их сургуулийн хүндэт доктор, Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн, академич С.Нарангэрэлд олгосон юм.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 9. ДАВАА ГАРАГ. № 213 (7955)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

1 цаг 0 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

1 цаг 0 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

2026-11-06