Ө.Сувдаа: Манай аймгийг төрийн албаны мерит томилгоо хийдэг гэж үнэлдэг

2019-12-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ө.Сувдаатай ярилцлаа.   -Төрийн албаны салбар зөвлөлийн ажлаас яриагаа эхэлье. Төрийн албаны сахилга хариуцлага, чадавхийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ? -Аймгийн хэмжээнд 208 байгууллагын 6050 төрийн албан хаагч ажиллаж байна. Нэг санаа, нэгдмэл зорилгын төлөө ажиллаж байгаа албан хаагчдын төрийн албаны стандартыг хангуулах, хүний нөөцийг төлөвлөх, хэрэгжүүлэх, томилж байршуулах, мэргэшүүлэх, хөгжүүлэх  асуудалд дэмжлэг үзүүлэх нь Төрийн албаны салбар зөвлөлийн  үндсэн чиг үүргийн нэг. Энэ чиг үүргийнхээ хэрэгжилтэд илүү сайн үр дүн бий болгох үүднээс  аймгийн Засаг дарга болон Төрийн албаны салбар зөвлөлөөс төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр тодорхой үүрэг, зөвлөмж, чиглэлийг төр, төсвийн байгууллагад өгсөн. Мөн “Суралцагч байгууллага-Төрийн албаны манлайлал” хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, “Соёлтой харилцаа-Шуурхай үйлчилгээ”, “Ёс зүйн зөрчилгүй хамт олон” аян, хөдөлгөөнийг аймгийн хэмжээнд өрнүүллээ. Төрийн албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх шат дараалсан сургалтуудыг эрдэмтэн багш нар, олон улсын байгууллагатай хамтран зохион байгуулж, төрийн албан хаагчдад шинэ мэдлэг, ур чадвар, зөв харилцаа, хандлагыг бий болгохыг зорьж байна. Улсын хэмжээнд зохион байгуулагдсан Төрийн албан хаагчдын үйл ажиллагаа, мэргэшлийн түвшинг  үнэлэх судалгаанд төрийн захиргаа, тусгай албан хаагчид сайн бэлтгэж, хангалттай  сайн үнэлэгдлээ. Байгууллага бүр үндсэн зорилт, чиг үүргээ сайн гүйцэтгэж  чадвал  иргэдийн ямар нэг гомдол, бухимдал гарахгүй л гэсэн үг. Манай Тамгын газар Чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартыг төрийн үйлчилгээнд анхлан нэвтрүүлсэн хоёр аймгийн нэг. Энэ хүрээнд төрийн байгууллагаас иргэд, хэрэглэгчдэд үзүүлж буй үйлчилгээгээ сайжруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээг бий болгон иргэдийн асуудлыг бүрэн шийдвэрлэж, тэдний сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх асуудлыг  тэргүүний зорилтоо болгон ажиллаж байна. -Таны хэлсэнчлэн аймгийн Төрийн албаны салбар зөвлөл ажлынхаа үнэлэмжээр улсад түрүүлж, эхний байруудад явдаг. Энэ амжилтыг бий болгоход хэрхэн ажиллаж ирэв? -Манай аймгийн хувьд төрийн албан хаагчид харьцангуй тогтвортой ажилладаг. Ихэнх байгууллага дээр төрийн албаны залгамж чанарыг эрхэмлэж мерит буюу чадахуйн зарчимд суурилсан томилгоо хийдэг гэж үнэлэгддэг. Гэхдээ төрийн алба тогтвортой нь сайн талтай ч үүний цаана төрийн албанд удсан, дадсан албан хаагчид иргэдэд болон бусдад  “ихэрхсэн” хандлагаар харьцахгүй  гэдгийг төрийн албан хаагчид ухамсарлаж харилцаа хандлагаа засч сайжруулах, мэдлэг чадвараа дээшлүүлэх,  цаг үеийн эрэлт, хэрэгцээг мэдэрч, нийцэж ажиллах ёстой. Төрийн албаны стандартыг хууль, журам, дүрмийн дагуу хэрэгжүүлэх,  сурталчлах, Төрийн албаны мэргэшлийн шалгалтыг иргэдэд ойлгомжтой, нээлттэй,  ил тод, шулуун шударга байх зарчмыг баримталж, хяналтын камерын системийг бүх шатны сонгон шалгаруулалтад ашиглах хэрэгтэй. Мөн хөндлөнгийн ажиглагчийг оролцуулж байгаа нь  шалгалтад өрсөлдөж буй болон сонирхож байгаа хүмүүсийн сэтгэлд нийцдэг учир  янз бүрийн гомдол, маргаан гарах нь мэдэгдэхүйц багассан.  Энэ нь манай  ажлын нэг сайн үзүүлэлт. Төрийн албаны зөвлөлөөс аймгуудыг 18 үзүүлэлтээр үнэлдэг. Гол үнэлгээ бол стандартын хангалт, шинэ санал, санаачилга гаргасан байдал, иргэдээс ирж байгаа санал хүсэлт, гомдлын шийдвэрлэлт байдаг. Манай салбар зөвлөл улсад дөрвөн удаа тэргүүн, дэд байрыг эзэлсэн. Байр эзлэх гэдэг бол нэг өөр асуудал. Гол нь төрийн албан хаагчид иргэдэд төрийн үйлчилгээг чирэгдэлгүй, хугацаанд  нь хүргэж байна уу гэдэг нь чухал. -Төрийн албан хаагчийн   цалин, нийгмийн асуудал байнга сөхөгддөг? -Төрийн тусгай болон захиргааны албан хаагчид бага цалинтай. Олон янзын урамшил, илүү цагийн мөнгө гэж байхгүй. Харин ч төрийн захиргааны албан хаагчид ажил хийхгүй байна гэдэг шүүмжлэлд илүү өртдөг. Манай аймгийн хувьд “Төрийн албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгаа” хөтөлбөрийг  хэрэгжүүлж байгаа ч хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод бүрэн дүүрэн шийдвэрлэж чадахгүй байна. Цалин хангамжаас гадна нийгмийн асуудлыг нь яаж шийдвэрлэх ялангуяа, залуу төрийн албан хаагчийг хэрхэн тогтвортой ажиллуулах гээд олон бэрхшээл бий. Жишээлбэл, аймагт эмч, эмнэлгийн ажилтан дутагдалтай. Цалинг нь ахиу өгөөд, амьдрах орон байраар нь хангаад өгвөл чадвартай залуу эмч нарыг  орон нутагтаа татах боломжтой. Тиймээс төрийн албан хаагчийн орон сууц барих асуудлыг аймгийн Засаг даргын зүгээс шийдвэрлэж ажлаа эхлүүлсэн. -Төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, сургах ажил хамгийн чухал шүү дээ? -Ямар хүмүүсийг төрийн албанд авах вэ гэдэг их чухал гэж боддог. “Хамгийн чадварлаг, шилдэг хүнийг биш харин зөв хүнийг олох нь чухал” гэсэн үг байдаг даа. Сургаж, чиглүүлж, дадлагажуулаад, мэргэшүүлээд авъя гэхэд идэвх зүтгэлтэй, зөв хандлагатай хүмүүсийг сонгох нь чухал. Мэдлэг, чадвартай мөртлөө хандлага буруу бол  багаар ажиллах, байгууллагын дотоод дүрэм журмыг мөрдөх, удирдах, удирдуулах ёсыг баримталж ажиллахад хүндрэлтэй. Тиймээс “Зан чанарыг ажилд авч, ур чадварыг эзэмшүүл” гэсэн үгийг баримтлахыг хичээдэг. Зөв  хандлагатай хүнд ур чадварыг эзэмшүүлж болдог. Төрийн албаны үйл ажиллагааг зарим залуус амар хялбараар бодох хандлага түгээмэл байна. Ерөнхий мэдлэг, бичиг үсгийн чадвар шаардлагын хэмжээнд хүрдэггүй зэргээр шүүмжилмээр зүйл байдаг. Уг нь төр чаддаг хүнийг авахаас биш чадахгүй хүнийг авч сургадаг газар биш. Гэхдээ хамгийн гол нь илүү их хичээх, хурдан дадах, сурах, хуулиа судлах,   багаар ажиллах, хамт олонтойгоо нийтэч байх,  ажлыг эхэлсэн л бол дуусгаж гүйцэтгэл сайтай байх шалгуурыг хангах нь зүйтэй. Энэ байдал дутмаг байдгаас сургаж, дадлагажуулах ажилд их цаг хугацаа орж байна. Мэргэшүүлж сургах чиглэлээр аймгаас бодлого баримталж байгаа. Ялангуяа, хүний эмч, малын эмч, агрономич дутагдалтай байгаа. Хүүхдүүд төгсөж байгаа ч орон нутагтаа ирж ажиллах нь бага. Аймгийн Засаг дарга Япон, Хятад, ОХУ-ын зарим байгууллага, сургуулиудтай  аймгийнхаа хүүхэд, залуучуудыг сургах, тэтгэлэгт хөтөлбөрт хамруулах асуудлаар  урьдчилан тохирч шийдэлд хүрээд байна. -Ингэхэд таны төрд ажилласан цаг хугацаа хэзээнээс эхэлсэн бэ? -1999 онд Төрийн албаны Мэргэшлийн шалгалтыг аймгийн ИТХ-ын ажлын албаны ажилтны орон тоон дээр шалгалт өгч тэнцэн ажлын гараагаа эхэлж, 2006 оноос Тамгын газартаа Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн даргаар, 2008 оноос Тамгын газрын даргаар ажиллаж байна даа. Анх хурлын байгууллагаас их зүйлийг сурч мэдсэн. -Төрийн мэргэшсэн сайн албан хаагч, төрийн хүн байхын хамгийн гол үндэс суурь нь юу вэ? -Сайн албан хаагч байхын тулд хамгийн түрүүнд хандлагаа зөв болгож, хүмүүстэй мэндтэй,  салбараа мэддэг, цаг баримталдаг, хэлсэн үгэндээ хүрдэх байх ёстой. Мөн хамгийн гол нь төрийн албан хаагч хариуцлагатай  байх хэрэгтэй. Тухайн салбарыг яах гэж хариуцаж байгаа билээ гэдгээ ойлгож, ажилдаа эзэн байх нь чухал. Мөн салбарынхаа хууль, тогтоомжийг сайн уншиж танилцаж, ахмадаа хүндэтгэж, үеийнхнээ манлайлж, залуучууддаа үлгэрлэж сургах нь чухал.  Энэ байдлаар үе үеийн төрийн албаны залгамж чанар явах байх. -Аймгийн удирдлагын багийн гишүүний хувьд орон нутгийн ололт амжилт, алдаа оноо бүхэн хамт яваа. Орон нутгийн давуу тал болоод анхаарах асуудал юу байна вэ?  -Манай аймаг давуу тал ихтэй. Газар тариалангийн үржил шимтэй хөрс, байгалийн үзэсгэлэнт газрууд, дагалдах баялаг, газрын доорх ашигт малтмалын ховор нөөц гээд бүх юм нь тэгш өгөгдсөн онцлогтой аймаг. Мөн Сэлэнгэ нутаг тэр чигээрээ түүхийн гэрч. Энэ давуу талаа ашиглаж байж л хөгжинө. Аймгийнхаа 108 мянган иргэнийг яаж ажилтай, орлоготой байлгах вэ гэдэг асуудал аймгийн удирдлагын багийн өдөр тутам боддог зүйл. Ард иргэдээ дэмжсэн бодлого чиглэл зөв байх юм бол ажил зөв л явна. Иймээс гарч буй бодлого бүхэн иргэндээ ээлтэй, ажил, амьдралыг нь дэмжсэн шийдвэр гаргахыг гол зорилгоо болгон ажиллаж байна.  Аймгийн иргэд хэзээнээсээ их хөдөлмөрч хүмүүс. Түүхийн 87 жилийн хугацаанд үе үеийн тариаланч, ногоочид,  малчид, барилгачид, эмч, багш  гээд  бүхий л салбарын хүмүүс өнөөдрийг хүртэл Сэлэнгэ нутгаа  сайхан хөгжүүлж ирсэн. Сайнаар үргэлжлүүлж, сайн авч явах нь өнөөгийн бидний үүрэг. Мэдээж анхаарах асуудлууд байгаа. Байгалийн нөөц баялгийг дагасан хүний буруутай үйл ажиллагаа, хууль бус үйлдлүүд их гарч байна. Тухайлбал, байгалийг их хэмжээгээр сүйтгэж модны хулгай, түймрийн асуудал их байна. -Цэрэгт тэнцэх залуус ховордлоо гэдэг. Аймгийн цэрэг татлагын товчооны даргын хувьд та юу хэлэх вэ? -Аймгийн ЗДТГ-ын дарга цэрэг татлагын товчооны даргын үүргийг хуулиар хүлээдэг. Цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, боловсрол анхаарах асуудлын нэг болоод байна. Залуучуудад  амьдрах ухааны, мэргэшлийн сургалт зайлшгүй хэрэгтэйгээс гадна эрүүл мэндийн байдал, цэргийн албанд тэнцэхгүй байх тохиолдол багагүй байна. Иймээс аймгийн ИТХ-аар “Цэргийн насны залуучуудыг эрүүлжүүлэх, боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр”-ийг  батлуулж хэрэгжилтийг  ханган ажиллаж байна. Эрүүл мэндийн асуудалтай залуучуудад аймгийн Засаг даргын  нөөцөөс сүүлийн гурван жил дараалан тодорхой хэмжээний хөрөнгийг гаргаж эрүүлжүүлэх арга  хэмжээ авсан нь үр дүнтэй ажил болсон. Эхний таталтаар тэнцээгүй залуучууд дараагийн таталт болоход эрүүл болж ирсэн нь том амжилт гэж харж байгаа. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.12.17  МЯГМАР  №249  (6216)
“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

“Ухаахудаг” нийтийнх, “Шангрила” тэднийх…

5 цаг 30 мин
Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

Н.Энхбаяр: Aнхнаасаа хамгийн эмзэг, стандарт бус Засгийн газар байгуулагдсан

5 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

Л.Оюун-Эрдэнийн сөхсөн “улаан хивс”-ний доор…

5 цаг 35 мин
Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

Л.Оюун-Эрдэнийг огцруулахдаа АН-ыг шалтаг болгосны шалтгаан нь…

5 цаг 40 мин
Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

Баялгийн сан: Гурван Ерөнхий сайдын 19 жил, Л.Оюун-Эрдэнийн нэг жил... 

5 цаг 45 мин
Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

Хамтарсан Засгийн газрыг огцруулж буй хамгийн том шалтгаан нь Баялгийн сан

5 цаг 50 мин
Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

Л.Оюун-Эрдэнийн оронд хэн гэдэг “чих зөөлөн” эрхэм Ерөнхий сайд болох вэ?

5 цаг 55 мин
Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

Үндэсний баялгийн сан тойрсон “үндэсний тулаан”-д Л.Оюун-Эрдэнэ л дийлдэв үү, олуулаа дийлдчихэв үү?!

6 цаг 0 мин
Австри Улсын Ерөнхийлөгчийн айлчлал маргааш эхэлнэ

Австри Улсын Ерөнхийлөгч

Өчигдөр 11 цаг 57 мин