ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

50 мин
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт 2026 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Гадаад харилцааны яаманд болно.

2023 онд Парис хотноо болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Ерөнхий бага хурлын 42 дугаар чуулганаар Монгол Улсаас нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүхийн салшгүй хэсэг хэмээн үзэж, олон улсын түвшинд цогцоор нь судлах, баримтжуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал бүтээлийг туурвих санаачилга дэвшүүлсэн нь гишүүн улсуудын дэмжлэгийг авч, холбогдох тогтоолыг баталсан.

ЮНЕСКО-ийн ивээл дор хэрэгжих энэхүү цуврал бүтээлийг олон улсын эрдэмтэн судлаачдын хамтын ажиллагаанд тулгуурлан боловсруулж, Ази, Африк, Европ зэрэг дэлхийн бүс нутгуудын нүүдлийн соёл иргэншлийн түүхийг өргөн хүрээнд хамруулан судлах юм. Боть бүрд тухайн бүс нутгийн нүүдлийн соёл иргэншлийн үүсэл, хөгжил, түүхэн онцлогийг археологийн олдвор, бичгийн сурвалж, угсаатны зүйн хэрэглэгдэхүүнд тулгуурлан шинжлэх ухааны үндэслэлтэйгээр судалж, тусган харуулах зорилготой бөгөөд чингэхдээ, эхний ботийг Монголын тал нутгийн нүүдлийн соёл иргэншлийн түүхэнд зориулна.

Энэхүү санаачилга нь Монгол Улсын түүх, нүүдлийн соёл, иргэншлийг дэлхий дахинд шинжлэх ухааны үндэслэлтэй, бодитойгоор таниулан сурталчлахын зэрэгцээ Монгол Улсын гадаад бодлого, шинжлэх ухаан, олон талт хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Түүнчлэн уг санаачилга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар жил бүр тэмдэглэдэг “Монгол бахархлын өдөр”-тэй уялдуулан хэрэгжүүлж буй “Монгол түүх судлалыг дэмжих тухай” бодлогын зорилтуудтай нийцэж байна. Энэ удаагийн уулзалт Их эзэн Чингис хааны мэндэлсний 864 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-тэй давхцаж буй нь ч мөн онцгой бэлгэдэлтэй юм.

Монгол Улс энэхүү санаачилгыг бодит ажил хэрэг болгон хэрэгжүүлэх замаар нүүдлийн соёл иргэншлийн түүхийг дэлхийн түүх, шинжлэх ухааны өвийн салшгүй хэсэг болгон судлан баримтжуулж, хойч үедээ үлдээхийг зорьж байна.

Энэ хүрээнд 2025 онд Монгол Улс, ЮНЕСКО-ийн хооронд “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал ботийг хамтран бүтээх тухай хамтын ажиллагааны гэрээг байгуулсан. Гэрээнд Монгол Улсын Засгийн газрыг төлөөлөн Гадаад харилцааны сайд бөгөөд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг, ЮНЕСКО-ийн Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны асуудал хариуцсан Ерөнхий захирлын орлогч Лидиа Артур Брито нар гарын үсэг зурж, хамтын ажиллагааг албажуулсан юм.

Гэрээний хэрэгжилтийн хүрээнд цуврал бүтээлийн үзэл баримтлал, хамрах хүрээ, бүтэц, агуулга, судалгааны арга зүй, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн тодорхойлох зорилгоор Олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалтыг 2026 оны 11 дүгээр сарын 9-10-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна. Уулзалтын эхний өдөр цуврал бүтээлийн ерөнхий үзэл баримтлал, бүтэц, хамрах хүрээ, агуулга болон боловсруулах арга зүйн талаар хэлэлцэх бол хоёр дахь өдөр эхний боть болох “Төв болон Дотоод Ази” (Central and Inner Asia)-ийн агуулга, судалгааны чиглэл, бүтцийн талаар санал солилцоно. Тус уулзалтад олон улсын 20 орчим эрдэмтэн, судлаач, шинжээч болон ЮНЕСКО-ийн төлөөлөл оролцож байна.

Уулзалтыг Монгол Улсын Засгийн газар, Гадаад харилцааны яам, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ЮНЕСКО-ийн ивээл дор Нүүдлийн соёл иргэншлийг судлах олон улсын хүрээлэн болон Чингис хаан Үндэсний музей хамтран зохион байгуулж байна.

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

50 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

8 цаг 29 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

8 цаг 29 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

2026-11-06