Б.НАМУУНТАМИР
НИТХ-ын 28 дугаар хуралдаанаар Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн явц, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ. Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан төсөвтэй холбоотой танилцуулга хийж, төлөөлөгчид байр сууриа илэрхийлэв. Талуудын байр суурийг хүргэж байна.
НИТХ-ын МАН-ын бүлгийн дэд дарга Ц.Байгалмаа: Үндсэн чиглэлийн биелэлт хангалттай хэмжээнд байна
-Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн үнэлж, хэлэлцэж батлахыг дэмжсэн. Ингэхдээ “Аз жаргалтай хот” мөрийн хөтөлбөрийн хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах чиглэлээр ажилласан нь тодорхой үр дүнд хүрсэн. Мөн нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж, 4.3 ам.метр болгосон, нийтийн эзэмшлийн гудамж талбайд 3500 гэрэлтүүлгийг шинээр суурилуулсан, бичил бизнес эрхлэгчдийн санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэн, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах чиглэлээр ажилласан зэрэг нь сайшаалтай байна.
Ц.Сандаг-Очир: Агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрсэн
-2019 оны Үндсэн чиглэлийн биелэлтийг хангалттай хэмээн дүгнэсэн. Тухайлбал, Яармаг, Замын цагдаагийн гүүрэн гарц, Налайх, Чойрын уулзвар хүртэлх автозамын барилгын ажил дуусах шатандаа орсон. Нийслэлийн хэмжээнд 22 сургууль, 13 цэцэрлэгийг ашиглалтад оруулсан. “Ухаалаг Улаанбаатар” үйлчилгээг нэвтрүүлж, төрийн үйлчилгээг цахимжуулсан, 17 эрүүл мэндийн байгууллагын гадна тохижилтыг хийсэн, орон сууцыг түрээслээд өмчлөх төслийг хэрэгжүүлэн, 970 гаруй айлыг орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлсэн зэрэг олон бодитой, үр дүнтэй ажлуудыг хийж хэрэгжүүлсэн байна. Мөн сайжруулсан түлш нөөцлөх ажил, түгээлт, борлуулалтын ажлыг сайн хэрэгжүүлсэн, нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажил үр дүнд хүрч байгаа зэргээс үр дүн харагдаж байна.
НИТХ-ын АН-ын бүлгийн дарга Ц.Баатархүү: Буруу тоо баримтаар хуурч байна
-Нийслэлчүүдийг тоо баримтаар хуурсан ажлын гүйцэтгэл оруулж ирсэн байна. Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн таван бодлого, 26 зорилт 80.2 хувиар хэрэгжсэн гэж та бүхэн дүгнэжээ. Тухайлбал, Эдийн засгийн өсөлт өрх бүрт зорилт 83 хувийн биелэлттэй байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй. Бодит байдал дээр иргэд зээлээс зээлийн хооронд амьдарч, иргэдийн амьдралын чанар огт сайжрахгүй байгааг олон судалгаа харуулж байна. “УБ такси” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэх ажлын хэрэгжилт 40 хувь. Бүтэн нэг жилийн хугацаанд Авто тээврийн үндэсний төвийн менежер Сайнбаяртай мэдээлэл солилцсон учир ажлын гүйцэтгэл 40 хувь болсон байх юм. Нийслэлийн хэмжээнд хэрэгжиж буй 30 дэд хөтөлбөрийг ажил хариуцаж буй нутгийн захиргааны байгууллага 70-80 хувийн биелэлттэй гэж өөрсдийгөө дүгнэж байхад Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтэс дөнгөж 30-35 хувийн биелэлттэй байна гэж дүгнэж байна. Хийж хэрэгжүүлж буй ажилдаа бодит үнэлэлт дүгнэлт өгөхгүй, нийслэлчүүдийг буруу тоо баримтаар хуурсаар байгаатай бид эвлэрэхгүй гэсэн юм. Ийнхүү үдээс өмнөх хуралдаан өндөрлөв. “Нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2019 онд хөгжүүлэх үндсэн төлөвлөгөөний биелэлт”-ийг үр дүнтэй хэмээн дүгнэж, “Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-ийг батлах тогтоолын төслийг санал хураалтад оролцсон нийт төлөөлөгчдийн 63.6 хувь нь дэмжсэн юм.
С.Амарсайхан: Парк шинэчлэлээ л дорвитой хиймээр байна
Үүний дараа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханаас зарим зүйлийг тодрууллаа.
-Хуралдаанаар ирэх оны төсөвт багш эмч нарын цалин нэмэгдүүлэх талаар яригдаж байна л даа. Нэг тэрбум хүртэлх хэмжээний мөнгөн урамшуулал олгоно гэж байна. Энэ боломжтой юу?
-Багш эмч нарын цалин 2020 онд нэмэгдэнэ. Ажлын бүтээмж өндөр, ахиц дэвшилтэй ажиллаж байгаа багш нарыг урамшуулах индекс өндөр бол тухайн сургуулийг нь шагнаад бүр ажилчид нь урамшуулал авна гэсэн үг. Энэ жил бид 20 сургууль, 20 цэцэрлэгийг 300 сая төгрөгөөр урамшуулсан. Үүний хэмжээг 2020 онд нэмэгдүүлнэ.
-Нийтийн тээвэрт парк шинэчлэлийн асуудал бий. Гэтэл нийтийн тээвэрт энэ онд төсөв тавигдаагүй. Тэгэхээр энэ асуудал гацсан байгаа гэж ойлгож болох уу?
-УИХ дээр төсвийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх асуудал яригдаж байна. Миний яриад байгаа гол асуудал бол УИХ дээр парк шинэчлэл хийх төсвийг баталж өгөөч ээ л гээд байгаа юм. Тэгэхгүй бол он гараад 450 автобус, оны сүүлээр 80 хувь нь шаардлага хангахгүй болно. Хэдийг хүртэл Хятад, Солонгосын хэдэн арван жил тухайн улсдаа ашиглагдчихсан гүйлт нь дуусчихсан автобусуудыг авч ирээд энд шахаад, түүндээ иргэдээ “морь мал” шиг ачиж явдаг байхав дээ. Парк шинэчлэлээ л дорвитой хиймээр байна. Нэгдүгээрт мянган автобусны шинэчлэл хийвэл 80 хувийг нь явдаг цагийн хуваарь, маршрутын дагуу явуулаад, 20 хувийг нь арай илүү өндөр үнэтэйгээр илүү сэлүүхэн, илүү хурдан автобусаар явуулж болно. Одоо байгаа автобуснууд нь өдөр өдрөөр салж унасан л байдалтай байна.
-Улаанбаатар хотод агаарын дүүжин зам байгуулах ажил ямар шатандаа явж байна?
-Бид бүх техник, эдийн засгаа үнэлчихсэн, ерөнхийдөө бэлэн болчихсон байгаа. Одоо Сангийн яам, Засгийн газраас зөвшөөрөл авч байж хэрэгжүүлнэ. Тэр шатандаа явагдаж байна.
-Арваннэгдүгээр сараас өмнө угаарын хий мэдрэгчийг айл бүрт тараана гэсэн юу болов?
-Энэ судлагдаж байгаа. Мэдрэгч нь дотроо их олон янз байдаг юм билээ. Үзүүлэлт, үнэ ханш гээд янз янз байдаг. Ганцхан Хятад улсад л үйлдвэрлэдэг юм байна. Xарин бусад оронд захиалгаар хийдэг бөгөөд, захиалгаар хийлгэвэл өндөр үнэтэй тусахаар байна. Ямартай ч ирэх сардаа багтаагаад бүх айлуудад суурилуулна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2019.11.1 БААСАН №217 (6184 )