
С.УЯНГА
“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт зохиолч, судлаач С.Лочин, гавьяат эдийн засагч Б.Осоргарав, Өргүй Монголын төлөө ТББ-ын тэргүүн, эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү, эрхзүйч Т.Хасбаатар, МАХН-ын мянгатын дарга С.Орхонбаяр нар оролцож, Үндсэн хуулийг өөрчлөх гээд байна уу, өөрсдийгөө эрх баригчид дархлах гээд байна уу сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
-Үндсэн хууль бол хэн ч байсан дагаж мөрдөж байх учиртай. Гэвч Монголд Үндсэн хуулийг уландаа гишгэдэг зүйл моданд орж байна.
-Үндсэн хуулийг төр засгийн удирдлагаас эхлээд жирийн наймаачин хүртэл тунхаг төдий болгож, араар нь хууль бус зүйл хийж байна. Энэ бол өнөөдрийн Монголын эмгэнэл.
-Сонгогчдын хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй. Одоогийнх шиг хариуцлагагүй хүмүүсийг сонгодог байж болохгүй.
-Төрийн өндөр албан тушаалд олон жил суудаг байдлыг халах хэрэгтэй.
-Монгол Улс сонгодог парламентыг хөгжүүлэх ёстой. Парламентаас өөр зам бидэнд байхгүй.
-Сонгодог парламентыг хөгжүүлэхэд Ерөнхийлөгчийн эрх мэдэл саад тээг болж байна. Парламентын өөдөөс явуулга хийх эрх Ерөнхийлөгчид бий. Энэ бол мухар олгой шиг илүү эрхтэн.
-Ерөнхийлөгчийн эрх мэдэл гишүүдийн шударга бус үйлдлийг улам дэврээж өөгшүүлж байна. Тиймээс Ерөнхийлөгчийн институцийг устгах хэрэгтэй.
-Засгийн газрыг захирч чаддаг парламенттай байхад хангалттай.
-Үндсэн хууль бол аливаа улс орны урт удаан хугацаанд хөдөлшгүй мөрдөх бүхий л харилцааг зохицуулсан цогц баримт буюу тунхаг юм. Үндсэн хуулийг олон жилээр мөрдөх учиртай.
-Дэлхийн талыг эзэлсэн морио бөгс, цээжээр нь хуваагаад төрийн сүлдэндээ залчихсан улсыг юу гэж ойлгох вэ.
-Үндсэн хуулиа өөрчлөх дээрээ тулчихаад байгаа бол төрийн сүлднээсээ эхлэх ёстой.
-Үндсэн хуулийг ард түмнээс эхэлж асуух ёстой. Үүнээс үндэслэж Их хурлын гишүүд, нам эвсэл, ТББ-ууд бүгд хамт сууж байгаад хэлэлцэх хэрэгтэй.
-Одоо бол цөөн хэдэн хүн Үндсэн хуулийг ингэж өөрчилнө гэж ард түмэнд тулгаж байна. Ард түмнээр хэлэлцүүлсэн гээд байгаа мөртлөө зөвхөн ойрын хүрээллийн хэдэн хүнээ л оролцуулж байна шүү дээ.
-Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёстой. Тодорхой хугацааны дараа дахин ярилцаж болно.
-Өвөг дээдсийнхээ үлдээсэн газар нутгийг ухуулаад дуусах нь. Сүүлдээ хэдэн ухсан нүхтэй л хоцрох нь. Ийм зүйл хийж байгаад хэлэх ч үг алга.
-Их засаг хуулинд заасан газар бол улсын үндэс юм гэдэг ганц өгүүлбэрийг ч Үндсэн хууль гэж тооцож болохоор.
-Үндсэн хууль бол ард түмний оршихуйн үндсийг тодорхойлж өгдөг. Үндсэн хууль бол улс орны эзэн, амьдрах эрх, ард түмний ахуй амьдралыг зохицуулах төр засгийг “төрүүлсэн” ойлголт юм.
-Үндсэн хууль бол ард түмэн сайхан амьдрахын тулд дундаасаа бий болгосон төр хэмээх бүтэцийг хянах, хариуцлагажуулах хэн ч зөрчиж болохгүй суурь зарчим юм.
-Тухайн ард түмний газар нутаг, амьдралдаа эзэн байх эрхийг баталгаажуулсан төр, хувийн хэвшлийн гэрээ бол Үндсэн хууль юм. Эндээс иргэд бүхний эх сурвалж гэдгийг ойлгож болно.
-Өнөөдөр газар нутаг, баялаг, барилга байшингаа бүгдийг хувьчилснаас болж одоогийн ард түмний үзэн ядаад байгаа МАНАН бүлэглэл бий болсон.
-Органик хуулиар Оюутолгой маягаар луйварддаг байсан бол Оюутолгойн луйврыг Үндсэн хуулиар баталгаажуулж загвараар нь улсыг цөлмөх гэж байна.
-Оршихуйн үндэс болсон газрыг 1997 онд Ашигт малтмалын хуулиар авсан. Ард түмэн дургүйцэхээр дээд бүлэглэл хуурч хуулиар баталгаажуулах гэж байна.
-Гадны гар хөл болсон урвагчид газраа зарахын тулд оюутолгойн загвараар мөлчиж гэж байна.
-Гадны захиалгатай бүлэглэл газрыг цөлмөж монголчуудыг дааж давшгүй өрөнд оруулах гэж байна.
-Их Монгол Улс байгуулагдсанаар Их засаг хууль буюу одоогийн Үндсэн хууль бий болсон гэж хэлж болно.
-Хэлзүйн шинжлэх ухааны үүднээс авч үзвэл өнөөгийн Үндсэн хууль гэсэн хэллэг нэлээн бодитой. Олон улсын хэмжээнд авч үзвэл Үндсэн хууль бол иргэд болон төр хоорондын гэрээ юм.
-Үндсэн хуульд хандаж байгаа бидний хандлага бол амьдрал ахуй, бүрэн эрхт байдал, хойшид оршин тогтнохын үндсэн суурь ойлголт юм.
-1992 онд халуун ам бүлээрээ сууж байгаад өөрөө өөртөө засаглах эрхээ баталгаажуулсан нь гайхамшигтай юм гэдгийг одоо мэдэрч байна. Үндсэн хуулийг өөрчлөх талаар олон хэлбэрээр ярьж байгаа нь зөв.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөд өнөөдрийн эрх баригчид дүрэмгүй тоглож байна.
-Косметик засварын ард заавал хардлага байдаг. Өнөөдрийн байгалийн баялагтай холбоотой өөрчлөх заалт бол үүний жишээ.
-УИХ-н зарим гишүүд хууль мэдэхгүй. Гарц гаргалгаа ярихгүй худал яриад сууж байна. Үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлэгт шилжих боломжгүй.
-Үндсэн хууль бол ард түмний зөвшилцөл буюу нийгмийн гэрээ гэж ойлгож болно. Ардын хувьсгалаас хойш 3-4 гэрээг өөрчилж байна.
-Төрд мэдлэг боловсролтой мундаг хүн гарсан ч хулгайч болчихдог тогтолцоог өмнөх Үндсэн хуулиар бий болгосон.
-Байгалийн баялгийг тэр чигт нь хулгайлсан нөхөр шүүхээс ял авдаггүй. Ийм болтлоо ялзарсан.
-1992 оноос хойш баян ядуугийн ялгаа эрс нэмэгдэж байгалийн баялаг олгиархиудын гарт шилжсэн.
-Үндсэн хуулийг нэмэлт өөрчлөлт хэлбэрээр засах биш шинэ Үндсэн хуультай болох хэрэгтэй. МАХН шинэ Дээд хуулийг боловсруулсан.
-Ард түмэн өөрсдөө Үндсэн хуулийг батлах ёстой. Гэтэл одоо ард түмнээс асуухгүй байна. Мөн МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй, эрхзүйн чадамж байхгүй.
-Төрийн албыг наймаалцаж 60 тэрбумын схемээр хууль бусаар гарч ирсэн МАН-д Үндсэн хууль өөрчлөх байтугай гар хүрэх эрх байхгүй.
Эх сурвалж: www.polit.mn
Зохиолч, судлаач С.Лочин: Сонгогчдын хариуцлагыг өндөр болгох хэрэгтэй

Гавьяат эдийн засагч Б.Осоргарав: Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг зогсоох ёстой

Эдийн засгийн ухааны доктор Т.Баярхүү: Оюутолгойн загвараар Монголыг луйвардах гэж байна

Эрхзүйч Т.Хасбаатар: Үндсэн хуулийн өөрчлөлтөд эрх баригчид дүрэмгүй тоглож байна

МАХН-ын мянгатын дарга С.Орхонбаяр: МАН-д Үндсэн хуулийг өөрчлөх ёсзүй, эрхзүйн чадамж байхгүй
