

МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА НЭРЭЭР ИРГЭДЭД ШУУД ТУЛГАЖ САНАЛ АВАХ ГЭЖ БАЙНА

-МАН-аас бусад нам болон Ерөнхийлөгчөөс өгсөн саналуудыг хүлээж авалгүйгээр хэлбэрийн төдий ганц хоёр үсэг засаад 62 гишүүний эрх ашиг давамгайлсан өөрчлөлтийг өргөн барьж байна.
-Энэ нэмэлт, өөрчлөлт бол шүүх эрх мэдлийг гартаа авах, өөрсдийн засгийн эрх барих хугацаагаа уртасгах болон бусад засаглал хуваах зарчмыг зөрчсөн гэж ярьж байна.
-Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх ёстой. Монголыг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнээс нь сонгодог, Ерөнхийлөгчийн үүргийг тодорхой болгох цогц шинэчлэлийг хийх ёстой.
-Хүн амын хамгийн ачаалалтай үеэр санал асуулга нэрээр энэ хуулийг батлах гэж байгааг бид эсэргүүцэж байна.
-Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчиж ард нийтийн санал асуулга нэрээр иргэдэд шууд тулгаж санал авах гэж байна.
-Байгалийн баялаг ард түмний өмч боловч төрийн мэдэлд нэрээр 27 жил завшсан. Тэгвэл байгалийн баялаг хүн бүрт хүртээмжтэй байх гэсэн заалтыг өөрчлөлтөд оруулах ёстой.
-Ганц нам дангаараа төрийн эрх мэдэлд сууж болохгүй.
-Засгийн эрхийг ард түмнээс асуугаад олонх юу гэнэ тийм байх ёстой.
-Шүүх томилсон эрх мэдэлтнүүддээ үйлчилдэг болсон. Үүнээс гарах арга зам бол шүүхийг сонгох юм. Шүүхийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-аас хараат бус болгох хэрэгтэй.
-УИХ огцрох ёстой. Эх орон, ард иргэддээ шударгаар зүтгэх хүмүүсийг жирийн иргэд хүсч байгаа. Иймээс одоогийн УИХ тарах ёстой.
Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ГУРВААС ИЛҮҮ ЗҮЙЛ АСУУЖ БОЛОХГҮЙ

-Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг батлаад УИХ-аа тараа гэсэн. Мөн шинэ намуудыг бий болго гэсэн боловч аль нь ч биелээгүй байна. Улс төрийн намууд шинэ гараанаас эхэлж, УИХ гишүүний тоо нэмэгдэж, сонгуулийн хугацаа уртасч, сонгуулийн хоёр системийг хэрэглэх ёстой.
-Үндсэн хуульд зааснаар иргэдээс санал асуулга авах бол гадаад болон дотоод асуудал, бодлогын талаар асууж санал асуулга авна. Харин шийдчихсэн асуудлыг баталгаажуулахад ард нийтээс санал асуулга авч болохгүй.
-Ард нийтийн санал асуулгаар гурваас илүү зүйл асууж болохгүй гэсэн байдаг. Харин энд 40 орчим асуулт байна.
-Ерөнхий сайд нь сайд нараа томилдог мөн УИХ-ыг тараадаг байх ёстой. УИХ гишүүдийн барьцаанд байдаггүй сонгодог парламентыг бий болгох ёстой болохоос би чамайг сонгосон чи надад тендер өгөхгүй бол огцруулна гэдэг зүйл байж болохгүй.
-Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг тогтвортой дөрвөн жил барьдаг болгохыг хүсч байгаа. Тэднийг УИХ гишүүдийн барьцаанаас гаргамаар байна.
-Засгийн газрын бүх эрх мэдэл ард иргэдэд байна гэсэн заалт байгаа. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Тэгвэл гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг ард түмэн сонгож яагаад болохгүй гэж.
-Шүүгчийг ард түмний саналаар сонгодог болгоно гэдэг буруу. Харин шүүхийг гүйцэтгэх засаглал нь дундаасаа сонгодог байя.
-Шүүхийг хараат бус байлгая гэвэл ард түмнээсээ мандатаа авсан хоёр засаглал дундаасаа гаргадаг байвал зөвхөн хуульд захирагдсан шүүгч гарна.
-УИХ тарах ёстой. Яагаад гэвэл УИХ-ын 40 гишүүн ЖДҮ зээлд хамааралтай мөн хүчингийн хэрэг, авлига хээл хахуульд холбогдсон учраас тарах ёстой.
АН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Оросоо: ПАРЛАМЕНТ ГЭНЭТ ТАРАХ АСУУДАЛ ЯРЬЖ БАЙГАА НЬ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ, ДАХИН УИХ-Д ГАРАХ ЗОРИЛГОТОЙ

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль маш их гажуудаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөрчлөлт оруулах гэхээсээ илүү ямар үйл явцаар явах вэ гэдэг нь чухал.
-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь анхны нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй агуулгын хувьд ижил. Ард түмний хүсээд байгаа агуулгууд байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах зорилготой.
-Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хуулиа дээдлэх. Гэтэл одоогийн парламент энэ үндсэн зарчмыг мөрдөхгүй байна.
-Иргэдийн санал асуулгын хувьд тулгалт.
-Санал асуулга зохион байгуулж болно. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар засгийн бүх эрх ард иргэдийн мэдэлд байна гэсэн. Тэгэхээр шийдвэр гаргагч нь ард түмэн.
-Баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа юм чинь шүүхийг сонгоод үр дүнд хүрэхгүй.
-Үндсэн хуулиар Улсын дээд шүүх хууль тайлбарлах ёстой гэсэн дүрмийг баримтлахгүй байна. Хууль дээдлэх ёс алга.
-Парламент гэнэт тарах асуудал ярьж байгаа нь хариуцлагаас зугтах, дахин УИХ-д гарах зорилготой.
-Эрх баригчид Үндсэн хуульд дураараа гар хүрч байгаа энэ асуудалд Ерөнхийлөгч хориг тавих ёстой. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.24 МЯГМАР №189 (6156)