

Оросоор “Бой”, Японоор “Номуун хааны хэрэг явдал”, Монголоор дайн
Тухайлбал одоогийн ОХУ, тухайн үеийн ЗХУ энэ үйл явдлыг байлдаан буюу оросоор “Бой” гэж үздэг бол Японы тал энэ бол Номун-хан зикэн буюу “Номуун хааны хэрэг” явдал гэж томъёолдог. Харин монголчууд 1996 оноос эхлээд энэ бол дайн гэсэн дүгнэлтэд хүрчээ. Тухайн үеийн үйл явдлыг томъёолдог нэршлээрээ ч хүртэл ийм хол зөрүүтэй гэдгийг хэлж байлаа. Халх голын томоохон хэмжээний байлдаан нь тавдугаар сар, долдугаар сар, наймдугаар сар, есдүгээр сард болсон нилээдгүй хэдэн байлдаан юм. Хуучны түүхчид 1939 оны тавдугаар сарын 11-ний өдөр халхын голын дайн эхэлсэн гэж үздэг боловч энэ нь их учир дутагдалтай аж. Яагаад гэвэл 1939 оны нэгдүгээр сараас тавдугаар сар хүртэл Япон, Манжийн мянганы цэргүүд манайх руу их бага хүчээр 30 гаруй удаа довтолжээ. Тавдугаар сарын 11-нд манай хил рүү халдан довтолсон хэрэг, түүний өмнө нь болсон халдлага, 14,15 нд болсон халдлагууд нь үндсэндээ яг ижилхэн давтамжтай, адилхан хүч хэрэгсэлтэй байжээ. Энэ нь 108 хүнтэй хилийн суман л хилээ довтолгооноос хамгаалан байлдаж байсан аж. Нэг үгээр улсын хилийн зөрчлийг таслан зогсоох л үүрэг гүйцэтгэж байсан гэж хэлж болох ажээ.Тавдугаар сарын 11-нд биш, 28-нд дайн эхэлсэн
Профессор М.Ганболдын үзэж байгаагаар тавдугаар сарын 28-ны өдөр Японы Квантуны армийн 23 дугаар явган дивизийн ангиуд, МАХН-ын зургадугаар морьт дивизийн ангиуд анх удаа хоёр талаасаа хүч тэнцүү тулж байлдсан байна. Үүнийг л Халхын голын дайн эхэлсэн өдөр гэж үзэх нь зүйтэй гэдгийг онцолж байлаа. Тавдугаар сарын байлдаанд манай тал ямар ч зохион байгуулалт, удирдлага байхгүй, холбоо нь тасарчихсан, байсан учир япончуудад түрэгдээд аргагүйн эрхэнд ухарчээ. Дивизийн дарга Ч.Шаарийбуу хошууч дивизийнхээ командыг хаяад явчихсан, дивиз нь эзэнгүй орхисноос ухрах шалтгаан болжээ. “Манай талаас байлдаан болж буй газрыг урьдчилан судалсан зүйл огт байхгүй нүд нь боолттой юм шиг “Ура” хашгираад дайрч байсан. 1937-1938 онд цэргийн эрдэмтэй дарга нараа улстөрийн хэлмэгдүүлэлт хэмээгээд бүгдийг нь хоморголон устгасаны улмаас оронд нь томилогдож ирсэн хүмүүс дөнгөж сургуулиа төгсөөд цэргийн эрдэм байхгүй, эсвэл цэрэгт алба хаасан бага дарга нар салаа суманг даргалж байлаа. Бүгд хажуудаа орос сургагчтай, орос сургагч нартайгаа харилцах хэл нэвтрэхгүй, бүдүүн тоймын төлөвлөгөө гаргаж байлаа. Офицерын төвшинд төлөвлөгөө хийж чадахгүй хүмүүс япончуудтай байлдаж эхэлсэн” хэмээсэн юм. Байлдааны шатлал өргөжөөд Жуковыг армийн нэгдүгээр бүлгийн командлагчаар томилж, долоо, наймдугаар сард ОХУ-аас явган цэрэг, танк, онгоц зэргийг манай улс руу татаж эхэлсэн байна. ОХУ-аас дайчилгаанд ирсэн цэргүүд ямар ч мэдэгдэхүүн байхгүй, дайнаас айж, бултаж, бүр зарим нь өөрийнхөө гар, хурууг буудаж, эмнэлэгт хэвтэх нэрийдлээр зугтаж байсан. Бүр зарим нь довтлох тушаал өгөөд байхад айж, салаа, сумангийн дарга руугаа дайрч байсан гэх хэд хэдэн түүх бий ажээ.Харин япончууд 1934-1935 онд Халх голыг нэвт шувт нарийн судалгаа, төлөвлөгөө гаргачихсан байсан. Өөрийн цэргийн ангиудад илтгэж, газрын зурагнаас эхлээд хэрхэн довтлохоо хүртэл нарийн төлөвлөсөн байсан байна. Улаанбаатараас хөдөлсөн Зөвлөлтийн армийн түрүүч нь Халхын голд ирснээр япончуудыг халхын голын гарам дээр тогтоож байсан түүхтэй. Тэр шөнөдөө хүчээ хуралдуулж, буу, сум зэвсэгээ нөхөж, хангаад 29-ний өдөр дахин байлдаад ширүүхэн байлдаан болсон. 30-ны өдөр япончууд өөрийнхөө цэргийг татан ухарсан. Энэ нь манайхан Япончуудыг бут цохиж ухраасан ч юм биш ажээ. Харин япончууд бодлогын хүрээнд өөрийнхөө цэргүүдийг хилийн цаана гаргасан байна.Дайны гарз хохирол одоо ч тодорхой биш
Японы түүхийн номонд Халх голын байлдааны гарз хохиролыг 18 мянган хүн гэж тогтсон тооцооллоор 80 жил бичигдэж байгаа бол Зөвлөлтын улаан армийн тооцоогоор 24 мянган хүн алагдаж, шархадсан гэсэн тооцоо гарсан байна. Харин үүнээс хэд нь Монгол, хэд нь Орос цэрэг байсан нарийвчилсан тооцоо байхгүй аж. Дайны хохирлыг тооцоолоход их төвөгтэй байдаг байсан аж. Өөрийн улсын хохирлыг багасгаад эсрэг талынхаа хохирлыг нэмж мэдээ ирүүлдэг байсан ажээ. Тухайн үед баримжаагаар л тооцоо гардаг байсан аж. 1939 оны тавдугаар сарын эхэн гэхэд Халх голд Японы, Зөвлөлт-Монголын цэргийн ихээхэн хүч хуримтлагдаад байжээ. Японы цэргийн нисэх хүчний 355 онгоц, Зөвлөлтийн ажилчин тариачны улаан армийн авиабригадын 82 онгоц очсон байлаа. Монголд байрлаж байсан зөвлөлтийн нисэх хүчний удирдагчид, нисгэгчид агаарын тулааны туршлага муутай, дайснаа сайн мэдэхгүй байснаас болж эхний тулаанд 17 онгоцоо алджээ. Иймээс Москва дахь цэргийн удирдлага нь энэ цэргийн анги нэгтгэлүүдийн дээд удирдах бүрэлдэхүүнийг туршлагатай хүмүүсээр яаралтай солих шийдвэр гаргаж удирдагчаар нь Григорий Михайлович Штернийг томилсон байна. Тэдний онгоцууд багахан өндрөөс хориглолтын шугам, байгууламжуудыг бөмбөгдөж орос, монголын талд хүн хүч, материал, морьдын их гарц хохирол учруулж байсан учир зөвлөлтийн удирдлага Испани, Хятадад агаарын тулаанд гарамгай байлдаж байсан нисэхийн туршлагатай сургагчид мөн туршлагатай нисгэгчдийг Монгол руу илгээхээр шийджээ.Нөмрөгийн гол, Мана уулаа алджээ
Гурав дахь цохилтоо авсны дараа сэтгэл түгшсэн Токиогийн дээд Командлал цаг хожихоор тушаал өгч стратегийн амин судас болсон Манжуур-Хайлаарын төмөр замын зангилаанд 15 хан км зайтай Халх гол, Нөмрөгийн голын бэлчир дэх Мана уулын орчим япончууд есдүгээр сарын 12-нд нэлээд хүчээр довтлон наймдугаар дивизийн XXII хороог түрж голын зүүн эргийг эзлэн авчээ. Хариу цохилт хийх гээд бэлтгэж байтал есдүгээр сарын 15-нд эзэлсэн байр байран дээрээ яг таг зогсон дайны ажиллагааг зогсоохыг Японы талаас санал болгосноор шийдвэр Москвагаас ирсэн байна .Москвад Зөвлөлт-Японы хэлэлцээ хийгээд эхэлсэн аж. Учир нь байлдааны гал зогсоож, хилийн шугам тогтоохдоо тэр үеийн БНМАУ-ыг оролцуулалгүйгээр, бараг мэдэгдэлгүйгээр хоёр тал Москвад шийдвэрлэжээ. Ийнхүү БНМАУ Халх голын байлдааны үр дүнд Зөвлөлт, Японы буруугаас Нөмрөгийн голын зүүн эрэг, Мана уул зэргийг хожмын Хятадад алдсан харамсалтай үйл явдал болжээ. Нөмрөгийн гол нь Манжго-Монголын маргаантай асуудал байгаагүй, Номунханы асуудал ч энэ районыг хамраагүй, ерөөс энэ хавьд байлдаан болох ёсгүй байтал япончууд Москвад эвлэрэх хэлэлцээ эхлүүлчихээд хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө есдүгээр сарын 12-нд зориуд ийшээ довтлон газар эзэлж “дүрмээс гадуур” зүйл үйлджээ. Энэ Хасан нуурын мөргөлдөөнд Токиогийнхон бэхлэлт яаралтай барьж байсан Заозерная болон Нэргүй өндөрлөгийг өөртөө үлдээн өндөрлөгтөө бэхжихын тулд хийсэн шиг алхам байжээ. Халх голд болсон энэ дайнд үр хүүхэд, ханиа алдаж хагацал үзсэн Оросын ард түмний төлөөний олон хүн алсад орших Монголын тал нутгийг зорин ирж, Халх голын газар шорооноос дээж авч буцдаг байсан нь хорвоод эргэж заяахгүй хайрт үрсээ алдаж, хагацлын нулимсан дунд үлдсэн орос эх хүүгээ санагалзахдаа энэ газрын цус шингэсэн шороог элгэндээ тэвэрч сэтгэлээ зогоон харууслын хар мананд гиюүрэн суудаг байсных биз ээ. Үүний нэгэн адил олон зуун монгол эхчүүд энэ дайнд үр хүүхдээ алдаж, хагацал харууслын гашуун зовлон үзсэн нь мэдээж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.29 ПҮРЭВ №172 (6139)
ГАЗАР НУТГАА АЛДЧИХААД БАЙХАД ТУХАЙН ҮЕИЙН МОНГОЛЫН ТӨР, ЦЭРГИЙН КОМАНДЛАЛ ТУХАЙЛБАЛ ЧОЙБАЛСАН ШИЙДВЭРТЭЙ СӨРӨГ ЦОХИЛТ ХИЙЖ ГАЗАР НУТГАА ЭРГҮҮЛЭН АВАХ ЯМАР Ч АРГА ХЭМЖЭЭ АВААГҮЙ БАЙСАН НЬ ЖИНХЭНЭ ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГТЭН БОЛЖ БАЙГАА ЮМ БИШ ҮҮ???ОРОС ЯПОНЫ НУУЦ ХУЙВАЛДААНААР МОНГОЛЫН ГАЗАР НУТГИЙГ ЭЗЛЭН АВААД МОНГОЛЫН ТАЛЫН ЗӨВШӨӨРӨЛГҮЙГЭЭР ГАЛ ЗОГСООЖ.ЭЗЭЛСЭН БАЙРААРАА БҮРЭН ЭРХЭТ, ТУСГААР МОНГОЛЫН ХИЛИЙГ ТОГТООНО ГЭДЭГ ОЛОН УЛСЫН ЦЭРГИЙН ГЭМТ ХЭРЭГ ЮМ БИШ ҮҮ???МОНГОЛЫН ТАЛ ГАЗАР НУТГАА АЛДСАН ЭНЭ БУЛХАЙ, ЛУЙВАРЫГ МЭДСЭЭР БАЙЖ ЯАГААД ЭНЭ ОЛОН ЖИЛ ДУУГҮЙ ДҮМБИЙНЭ ВЭ???