Төрийн наадмын түрүүг “унагадаг” буруу жишиг тогтоох вий

2019-08-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДАМДИН-ОЧИР Бөх бол жудаг. Жудаг бол хүн чанар. Бид ингэж л үндэсний бөхөө үздэг. Бөхчүүдээ хүндэлдэг, дээдэлдэг. Тиймээс монгол эрчүүдийн загвар нь бөх байсаар ирсэн. Гэвч сүүлийн жилүүдэд монгол бөхтэй холбоотой “...Арай ч дээ” гэмээр үйл явдал арай л олдоод байх боллоо. Хэд хоногийн өмнөөс эхлээд нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “нүдэж” буй Улсын аварга Э.Оюунболдыг допинг хэрэглэсэн гэх мэдээллийн эргэн тойрон дахь үйл явдлууд жудаг ханхалсан монгол бөх үгүй болсон гэдгийг батлаад өглөө. Монгол бөхийн нэгэн цагийн түүхийг хамтдаа бичилцэж, зүлэг ногоон дэвжээнээ эр бяр, ид хаваа үзэлцэж яваа олон бөхийг “...Оюунболд допинг хэрэглэсэн шүү” гэж нийтийн сүлжээгээр ярьж байгааг харлаа. Юу ч гэмээр юм бэ дээ. Зарчмын хувьд бол тамирчин хүн допинг буюу сэргээш хэрэглэх маш буруу. Нэг үгээр, гэмт үйлдэл юм. Гэхдээ Э.Оюунболд допинг хэрэглэсэн гэдгийг хэн ч албан ёсоор хэлээгүй. Харин Л.Чинбат гэдэг тэргүүнтэй авч Х.Баянмөнх аваргын гэгддэг Бөхийн холбоо, Ц.Нямдорж сайдын ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн нар яаран сандран мэдэгдэл хийж, шаардлага гаргаад байгаа нь хачин харагдаад байгаа юм. Ажиглах нээ, нэгэн үеийн бөхчүүд бие биеийнхээ мууг үзэж, түүнийгээ нуух ч үгүй ярьж суудаг болсон нь монгол бөхөд тулгараад байгаа хамгийн том эмгэнэл ажээ. Ийм хүмүүсээс бид жудаг нэхээд ч, эрээд ч яах билээ дээ. Х.Баянмөнх аваргыг дэмждэг талын бөхчүүд бөөн бөөнөөрөө нийтийн сүлжээгээр “...Оюунболд допинг хэрэглэсэн” гээд гарч ирж байхыг харав. Хүүхнүүд ч ингэж хэрэлдэхээ, жудаггүйгээрээ зартай нөхдүүд ч ингэхээ больсон цаг сан, уг нь. Ер нь бол улсын наадмын шөвгийн 16 бөхийн допингийн сорьцын хариуг албан ёсоор зарлах цаг, үйл ажиллагааны дараалал нь болоогүй. Хуультай, номтой эд аж. Допинг хэрэглэсэн бол хуулийнхаа дагуу шийтгэгдэх нь тодорхой. Гэтэл хэрэлдээд байгаа хоёр Дархан аваргын нэгийнх нь тал ямар их тачаадаж, энэ мэдээллийг “сэвж” байгааг нийтээрээ харж байна. Дээр хэлсэнчлэн Х.Баянмөнхийн холбоо гэгддэг, “Гацуурт”-ын Л.Чинбатын тэргүүнээр нь ажилладаг “Монголын үндэсний бөхийн холбоо” ТББ-аас уржигдар Баяр наадам зохион байгуулах комисст шаардлага хүргүүлжээ. Шаардлагадаа Э.Оюунболдод хариуцлага тооцож, түүнд унасан бөх бүрт давааны цол, чимгийг олгож, барилдах эрхийг нь хоёр жилээр хас гэсэн байна. Бас гурав хоногийн өмнө Баяр наадам зохион байгуулах комиссын Үндэсний бөхийн комиссын дарга, ХЗДЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хэвлэлийн бага хурал зарлаж, шөвгийн 16 бөхийн хоёроос нь допинг илэрсэн гэх шинжилгээний хариу ирсэн гэж мэдэгдэв. Гэтэл Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, тус багийн хяналтын ажилтан Ц.Төмөрхуяг нарын Баяр наадам зохион байгуулах комиссын дарга Ө.Энхтүвшинд гаргасан гомдолд бичсэн зүйлээс өөр “юм” ойлгогдож байна. Тэдний гомдолд “...2019 оны долдугаар сарын 16-нд Улсын баяр наадмаар барилдаж шөвгөрсөн бөхчүүдийн допингийн шинжилгээний дээжийг авч БНСУ-д явуулсан. Допингийн шинжилгээний багийн ахлагч П.Бат-Очир, Ц.Төмөрхуяг, Насанбат, Энхсанаа нарын бүрэлдэхүүнтэйгээр дээжээ явуулахын өмнө шалгаж, лац ломбо, бүрэн бүтэн байдал, хадгалалт хамгаалалтыг баталгаажуулан шалгасан болно. Шинжилгээний хариуг тухайн баг бүрэн бүрэлдэхүүнээрээ байлцаж, кодыг тулгаж, баталгаажуулан баримтжуулж, холбоглох салбар хороонд хүргүүлэхээр тохиролцсон. Гэвч шинжилгээний хариу ирснийг манай багт мэдэгдэлгүйгээр салбар хорооны нарийн бичгийн дарга болон бусад хүмүүс шинжилгээний хариуны талаар олон нийтэд мэдээлэл тараасан нь дүрэм зөрчсөн үйлдэл боллоо. Мөн допингийн шинжилгээ хариуцсан багийн бүрэлдэхүүний тушаал шийдвэргүйгээр Цэнд-Аюуш гэдэг хүн ажилласан зөрчил илэрсэн. Б сорьцын шинжилгээний хариу ирээгүй байхад А сорьцын шинжилгээний хариуны талаар будилаантуулах санаатай байж болзошгүй хэмээн үзэж дээрх үйлдлүүдийг буруутгаж гомдол гаргаж байна” гэжээ. Дүрмээрээ бол Б сорьцын шинжилгээний хариу ирсний дараа энэ баг болон Допингийн төв хуралдаж, албан ёсоор Баяр наадам зохион байгуулах комисст хүргэдэг. Энэ бүхний эцэст хэн бэ гэдэг нь ил болдог байна. Харин Э.Оюунболд аварга допинг хэрэглээгүй байвал яах вэ. Ингэж хийсэн дайралт, цохилтоо яаж цайруулах вэ. Одоогийн байдлаар Э.Оюунболд түрүүлж Аварга цол хүртсэн нь гай болоод байх шиг байна. Энэ хов живийн дүнд энэ наадмын түрүү бөхийг бараг унагачихлаа. Ер нь тэгээд Төрийн наадмын түрүү бөхийг ингээд унагачихдаг буруу жишиг тогтчих вий. Тэгээд үзүүрлэсэн бөх нь түрүүлээд л... Ерөөс допингийн асуудал монголчуудад мэдрэгдээд эхэлсэн эд шүү дээ. Жилийн өмнө дөө, Дэлхийн аварга П.Орхоны сорьцоос станозолол хэмээх маш хүчтэй бодис илэрч Азийн наадмаас хүртсэн алтан медалиа хураалгасан. Харин тэрээр “...Би допинг хэрэглээгүй, намайг хүмүүс хорлосон байна” гэсэн нь бөөн шуугиан тарьж байлаа. Өөрөө эсвэл, бусдын буруугаас болсны алин боловч П.Орхон тамирчны хувьд хохироод л хоцорсон. Тэгэхээр монгол бөхөд хэн сайн хор найруулдаг нь түүнийгээ найруулаад л өөрсөддөө “таалагддаггүй” наадмын түрүү бөхийг унагачихдаг допинг хэмээх шинэ  “мэх” төрж байхыг үгүйсгэхээргүй л харагдаж байна даа. Өөрөөр хэлбэл, энэ удаагийн явдал зөвхөн Э.Оюунболдод хамаатай биш юм байна шүү гэдгийг харуулж байгаа юм. Магадгүй, дараа жилийн нааадмын түрүү бөх наадам тарснаас хэд хоногийн дараа солигдож ч мэднэ. Түүний дараа жил нь ч ялгаагүй. Ер нь өнөөдөр монгол бөхийн байж байгаа царай ийм болсон  нь Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нартай шууд холбоотой. Тэд л Бөхийн өргөө, Бөхийн холбоо хоёрыг булаалдаж, явсаар монгол бөхийг хоёр хувааж орхисон шүү. Өнөө цагийн монгол бөхийн зүүн, барууны манлай болсон хоёр Дархан аваргыг хэрэлдэж суухыг бид мөн ч олон удаа харсан даа. Тиймээс ингэж шүүмжиллээ гэж гомдоод байх хэрэггүй юм. Дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ хоёр бол яалт ч үгүй монгол бөхийн их аваргууд. Тэдний гаргасан амжилтыг давах бөх дахиад төрөх эсэх нь ч эргэлзээтэй. Тийм ч учраас монгол бөх, Монголын ард түмэн Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ нарт хайр хүндлэл, гавьяа шагнал гээд өгч болох бүхнээ өгсөн. Тэд авч чадах бүгдээ л авсан. Харин тэд монгол бөхийг ямар байхад нь орж ирсэн, гарахдаа тэр хэвээр нь үлдээх ёстой. Бөхийг улам цэвэр болгож чаддаагүй юм гэхэд угаадас нэмэх хэрэггүй гэсэн үг. Угтаа ингэх нь тэдний үүрэг юм. Тиймээс одоо Бөхийн өргөөнд байгаа нэг, “Гацуурт”-д оффислож байгаа хоёр дахь Бөхийн холбооны аль нэгээ хүлээн зөвшөөрч ажлыг нь тайван хийлгээд явах ухаан энэ хоёр Дархан аваргаас гарах цаг нь болсон байна. Бас цагийг эзэлсэн Их аваргуудын хувьд монгол бөхийг цэвэршүүлэх, бөхчүүдэд хэрэлдэж бус эвлэлдэж байж жудаг ёсыг харуулах хэрэгтэй болжээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.8.15  Пүрэв  №162  (6129)
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

3 цаг 49 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

3 цаг 49 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

17 цаг 39 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

19 цаг 22 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

19 цаг 27 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

19 цаг 34 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

19 цаг 44 мин
УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

УИХ-ын даргад нэр дэвшсэн С.Бямбацогтын СV

22 цаг 36 мин
МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдана

Өчигдөр 09 цаг 07 мин
ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

ХҮН нам Засгийн газарт хамтран ажиллах шийдвэр гаргажээ

Өчигдөр 09 цаг 04 мин