ЮНЕСКО–д бүртгүүлэх санаачлага Далай ээжийн эрэгт өрнөв

2019-07-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Монгол орны давтагдашгүй өв, соёл болж, дэлхийн цэнгэг усны нөөцийн 70 хувийг эзэлдэг Далай ээжийг дэлхийн хамгаалалтад авах санаачлага олон улсын сонорт хүрч хүрээгээ тэлсээр байна. Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэх зорилготой “Далай ээж” олон улсын эко соёлын аянд гадаадын алдартай уран зураач, урлагийн одод, эрдэмтэн, судлаачид нэгдэж дуу хоолойгоо хүргэж буй юм. Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг үндэсний болон олон улсад таниулах аянд нэгдсэн урлаг, соёлын багийнхан долоо хоногийн турш Далай ээжийн эрэгт байрлалаа. Монголоос гадна Непал, Австрали, Бангладеш, Пакистанаас ирсэн уран зураач, хамтлаг дуучид Хөвсгөл далайтай танилцах тойрон аялал хийж өөрсдийн сэдэл өнцгөөр уран бүтээлээ туурвисан нь сонирхол төрүүлэм байв. Аяны хүрээнд Хатгал тосгоны Англи хэлний гүнзгийрүүлсэн сургалттай Ерөнхий боловсролын сургуулийн хана, таазыг Хөвсгөл далайн үнэ цэнэ, ач холбогдлыг хойч үедээ таниулах өвөрмөц бүтээлээр тохижуулсан бол Соёлын төвийн тайзны хэсгийг ч мөн адил байгалийн өвөрмөц гоёл болох мод, чулуугаар чимэглэлээ. Тэр дунд далай ээжийг уран зурагт “амилуулсан”, үнэ цэнийг нь ойлгуулахыг хичээсэн  гадаадын зураачдын бүтээл өвөрмөц байв. Тэд “Хөвсгөлд ирээд хамгийн түрүүнд цэнхэр тэнгэр, цэнгэг ус, нов ногоон ой мод, наран шингэж буй ягаан өнгийг олж харсан. Тиймээс энэ гурван өнгийг зургандаа илүүтэй тусгахыг хичээлээ. Монголын байгаль үзэсгэлэнтэй, нүд алдам ногоон байгаа нь Хөвсгөл далайн ач тус” гэдгийг хэлж байлаа. Бангладеш улсын орчин үеийн керамик урлагийн дизайнер, уран барималч Анисул Хакэ “Эх хүн гараа дэлгэж бүгдэд өглөгч байдаг. Яг түүн шиг Далай ээж ч мөн адил гараа дэлгэж байгаль дэлхий, хүн бүхнийг тэтгэж байна. Тиймээс юугаар ч орлуулашгүй энэ баялгаа хамгаалах хэрэгтэй. Хөвсгөл далайн үзэсгэлэнг хүүхдүүдэд өдөр бүр харуулж, үнэ цэнийг нь ойлгуулахын тулд Ерөнхий боловсролын сургуулийг сонгож авсан” гэсэн юм. Харин олон түмэнд урлаг, соёлыг түгээдэг гэдэг утгаар нь Соёлын төвийг сонгож байгалийн чулуу, модыг уран зургаар чимэглэж содон ертөнцийг бий болгохыг зорьжээ. Мөн хамтлаг дуучид  Хөвсгөл далайн усан замын боомт дээр амьд хөгжмийн тоглолт хийж байгаль дэлхийг хамгаалахыг нутгийн иргэд, аялагчдад уриалсан юм. Амьд хөгжмийн тоглолтод Австралиас оролцсон Клаудбиэрд  аялгуу хөгжмийн орон зайн босгыг давсны дараах ритуал орон зайн мэдрэмжийг үзүүлэхийг эрмэлздэг хэмээн уран бүтээлийнхээ онцлогийг тайлбарласан бол тус улсын уран бүтээлч Сабпримал электроник, индастриал хөгжмөөс эхлээд этгээд содон метал хөгжмийн ертөнцийг үзэгчдэд мэдрүүлэхийг зорьжээ. Энэ мэтээр этгээд олон янзын өнгө будаг сүлэлдсэн, өвөрмөц ертөнцийг орон орны уран бүтээлчид цогцлоож  Далай ээжийн давалгаанд хөг нэмлээ. Хөвсгөл аймгийн Хатгал суманд үргэлжилсэн “Далай ээж” эко соёлын аян олон улсын зургийн үзэсгэлэн, урлагийн тоглолтыг байгаль хамгааллын идэвхтэн судлаачид, иргэний нийгмийн байгууллагууд санаачилжээ. Харин хүний хөгжлийн суурь асуудлын нэг нь  ус, ариун цэврийн байгууламж гэдгийг  дэлхий нийт хүлээн зөвшөөрч, Тогтвортой хөгжлийн зорилтоороо баталгаажуулсан. Тиймээс  олон улсад ундны ус, ариун цэврийн байгууламж  хүний эрхийн асуудал болсон нь  Хөвсгөл далайг  хамгаалах шалтгаан болохыг ХЭҮК онцолж, Дэлхийн өвд Хөвсгөл далайг бүртгүүлэх аянд нэгдсэн байна.  ХЭҮК-ын Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл “ Хүний эрхийн хэзээ ч үл хөндөгдөх суурь нь амьд явах эрх байдаг. Ус бол амьд явах үндэс. Тиймээс ундны цэвэр усаар баталгаатай хангагдах ёстой. Тиймээс иргэний нийгмийн байгууллагуудын санаачилсан Далай ээжийг аврах, дэлхийн өвд бүртгүүлэх  аяныг ХЭҮК дэмжиж хамтарч ажиллаж байна.  Тэр дундаа Хөвсгөл далайг аврахад төрийн бодлого шийдвэрт нөлөөлөхөд ХЭҮК чухал үүрэгтэй.  Манай байгууллага Хөвсгөл нуурын усны асуудлыг судалсан. Иргэд эрхээ мэдэж, шаардах хэрэгтэй. Тэгэж байж хамгаалж чадна. Хойч үеийнхэндээ унаган төрхөөр нь үлдээхийн тулд Далай ээжийг хамгаалах зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр аялал жуулчлалын чиглэлээр ашиглаж байгаа ч урт хугацаанд тогтвортой ашиглахын тулд хувийн хэвшил, бизнесийн байгууллагууд ч мөн аянд нэгдэх хэрэгтэй” гэсэн юм. Аяныг зохион байгуулагч “Түгээмэл эрх-Хөгжил” ТББ-ын тэргүүн, Байгаль орчны хуульч Т.Саруул “ Хүний эрхийг урлаг соёлоор дамжуулж сурталчлах арга хэмжээг өнгөрсөн жил хийсэн нь амжилттай болсон. Хүний эрх, байгаль экологийг урлаг соёлоор дамжуулж түгээхэд хүнд их хүрдэг юм байна гэж ойлгож  Эко эмэгтэйчүүдийн чуулга уулзалт хийх үеэр Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх санаачлагыг гаргасан.  Үүнээс хойш олон улсын баг бүрдүүлж “Далай ээж” эко соёлын аяныг санаачлан зохион байгуулж найман орны 26 уран бүтээлч, судлаачдыг  нэгтгэж чадсан.  Аяны хүрээнд гурван удаа сайн санааны тоглолт хийсэн. Шинэ урсгал чиглэлтэй гадаадын хамтлагийг хүмүүс яаж хүлээж авах бол гэж эмээж байсан ч төсөөлснөөс илүү гоё байлаа.  ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгүүлэхэд багагүй хугацаа шаардагдаж мэднэ. Ямар ч байсан амжилттай эхлүүлсэн юм чинь үр дүнд хүртэл бүхий л гарцыг эрэлхийлнэ” гэлээ. Байгаль нуурыг дэлхийн өвд бүртгүүлсэн. Тэгвэл  Байгаль нуурын нэг эх ундарга Хөвсгөл нуур ч дэлхийн өв мөн хэмээн аян санаачлагчид нь үзэж байгаа бөгөөд хамгийн гол нь олон улсад нөлөөлж, ойлгуулах нь чухал   гэж “Хөвсгөл далайн эзэд хөдөлгөөн”-ийн тэргүүн, хуульч Б.Баярмаа тайлбарлав. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.19  БААСАН  №143  (6110)
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

1 цаг 18 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

1 цаг 25 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

1 цаг 37 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

7 цаг 12 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

7 цаг 12 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

21 цаг 1 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

22 цаг 44 мин
С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоовол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

С.Амарсайхан: Би УИХ-ын даргад нэр дэвшээгүй, талцал хуваагдлаа зогсоосон тохиолдол ачаа үүрээд явахад бэлэн байгаа

22 цаг 49 мин
Та Голомт банканд хадгаламжтай бол “2 ӨРӨӨ БАЙР”-ны эзэн болох боломжтой

Голомт банк харилцагчдынхаа хуримтлуулах зуршлыг дэмжих зорилгоор “Хадгаламжтай аяла

22 цаг 56 мин
МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

МАН-ын бүлгийн гишүүд С.Бямбацогтыг УИХ-ын даргад дэмжлээ

23 цаг 7 мин