



Хань минь онц ноцтой гэмт хэрэг илрүүлснийхээ дараа бусдын гарт амиа алдсан
-Элэг эмтэлсэн аймшигт хэргийг эргэн сануулж, хагацал гунигийг чинь сэдрээж байгаадаа уучлал хүсч, бас эмгэнэл илэрхийлье. Таны хань тэр үед хаана албан үүрэг гүйцэтгэж явсан бэ, юу тохиолдсон юм бол? -2001 оны тавдугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө миний хань ахлах ахлагч Д.Ганбат Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх АЖ-3 постод албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан. Түүнээс хойш 18 жил өнгөрсөн ч хэрэг одоо болтол илрээгүй байна. Хань минь амиа алдахаасаа зургаахан сарын өмнө хилээр хууль бусаар орж ирсэн спиртийн хэргийг илрүүлж, ТЕГ-ын рапортод орж, 54 мянган төгрөгийн сарын цалингаараа шагнуулж байсан. Тэр үедээ бол хүүхдүүддээ хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцас авч өгч, их баярлаж байсан даа. Гэтэл зургаахан сарын дараа харамсалтайгаар амь насаа алдсан, бид маш хэцүүхэн байдалд үлдэж хоцорсон доо. Миний хань үнэнч шударга, ажил албандаа хариуцлагатай ханддаг зарчимч хүн байсан. Олон удаа байгууллагын аварга болж шагнуулж байсан, хамт олондоо нэр хүндтэй байлаа. -Амьдралаа авч явах, хүүхдүүдээ өсгөх бүх ачааг та ганцаараа үүрсэн байх? -Тэр үед би хамгийн бага нь дөрөв, том нь 19 настай найман өнчин хүүхэдтэй 39 насандаа бэлбэсэрч үлдсэн. Хүүхдүүдээ өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болж зүтгэсээр өнөөдрийг хүрлээ. Одоо таван хүүхэд маань тусдаа гарч, 12 ач зээтэй болж, хамгийн бага маань 22 хүрч байна. -Цагдаагийн байгууллагаас та бүхний нийгмийн асуудалд хэр анхаарч, тусалж дэмждэг вэ? -Цагдаагийн байгууллага тусалж дэмжиж байсан. Жил болгон “Эргэн дурсахуй” нэвтрүүлэг, уулзалт хийдэг. Би Замын цагдаагийнхан, тэр тусмаа тээврийн албаныхандаа бидний уй гашуу, зовлонг жил бүр хуваалцаж, “Бид мартахгүй” өдөрлөг хийж, хамт байдагт нь баярладаг. Хань минь цагдаагийн байгууллагад 21 дэх жилдээ ажиллаж байсан юм. Миний хувьд цэрэг, цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан. Би сувилагч мэргэжилтэй, 20 жил ЭМЯ-нд, сүүлийн 10 жил цэрэг, цагдаагийн байгууллагад ажилласан. Тэтгэвэртээ гараад 11 жил болж байна. Хань минь амьд байхдаа “Чамайг цагдаагийн байгууллагад оруулна. Хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, боловсролтой болгоно. Төрөөс орон байр олгоно байгаа” гэж ярьдаг байлаа. Ингээд би цагдаагийн байгууллагад орж ажиллаж, ахмад ажилтан нь боллоо. Энэ 18 жилийн хугацаанд би төрөөс орон сууц хүсч олон шат дамжлага туулж, удаа дараагийн салбарын сайд нарт өргөдөл өгч байсан боловч шийдэж өгөөгүй. Сая Ерөнхий сайд Багануур дүүргийн иргэдтэй уулзах үеэр хүсэлт тавьж, албан үүргээ гүйцэтгэж байхдаа бусдын гарт онц хэрцгийгээр амь насаа алдсан аймшигт хэрэг илрэхгүй ч гэлээ үлдсэн үр хүүхдүүдийг минь бодож орон сууцтай болгож өгөөч гэсэн өргөдөл өгсөн. Засгийн газраас хоёр өрөө байр авч өгөх тогтоол шийдвэр гарсан, удахгүй шийдэгдэх байх. -Танай хүүхдүүдээс аавынхаа мэргэжлийг өвлөв үү? -Миний хань нэг охиноо цагдаа болгоно гэж мэргэжил эзэмшүүлсэн байсан. Охин минь цагдаагийн албанд ажиллаж байгаад хэвлийн хорт хавдар өвчний учир одоо бидний асаргаанд байдаг.
Цагдаагийн алба хаагчийг хүү шигээ санаж хайрлаж байгаарай
-Хүүгээ анх цагдаа болно гээд ирэхэд нь сонор сэрэмжтэй байгаарай гэж хэлж байлаа. Мэргэжилдээ дуртай, хайртай, сэргэлэн цовоо хүү байсан даа. Орос хэлээр сайн ярьдаг, ажлаа хийхийн зэрэгцээ герман, ангил хэл сурч явсан. Харамсалтай нь замын цагдаад албан үүргээ гүйцэтгэж яваад амь үрэгдсэн. Замын зохицуулах ажлыг хийж байгаа шинэ залуу алба хаагчдад үүргээ гүйцэтгэхийн зэрэгцээ сонор сэрэмжтэй байгаарай гэж захъя. Монголчууддаа хандаж хэлэхэд үүрэг гүйцэтгэж яваа цагдаагийн албан хаагчдыг хүү шигээ, дүү шигээ санаж хайрлаж, хүндэлж байгаарай. Шаардлагыг нь биелүүлж байгаарай.
Тангараг өргөсөн цагдаагийн амь нас ард түмнийх байдаг юм байна
-Танд хэцүү байгаа ч тэр өдөр юу болсныг, бас хүмүүст ухаарал сургамж болох зүйлийг хэлж өгнө үү? -Миний ах Цэрэнгийн Батмөнх 1988 оны наймдугаар сарын 22-нд албан үүргээ гүйцэтгэж яваад осолд орж нас барсан. Тухайн үед урсгал сөрж орж ирсэн автомашин мотоцикльтой явж байсан ахыг минь мөргөсөн. Эмнэлгийн тусламж авч чадалгүй газар дээрээ өнгөрсөн. Замын цагдаагийн албанд одоогоос 31 жилийн тэртээ гарсан тэр ослын үед би хүүхэд байсан болохоор бүүр түүр санадаг. Гэхдээ цагдаа хүний амь нас байнгын эрсдэл, болзошгүй аюул дунд явдаг. Бас тэр хүний амь нас зөвхөн өөрийнх нь, гэр бүлийнх нь биш, тангараг өргөсөн учраас ард түмний амь нас юм байна гэдгийг ойлгосон. Тийм болохоор та бүхэн минь сонор сэрэмжтэй яваарай. Ард түмэндээ хэлэхэд тэднийгээ хайрлаж яваарай. Та бүхэн ч гэсэн ардаа хань ижил, үр хүүхэдтэй шүү дээ. Бие биеэ хайрлаж, хүндэлж, хамгийн гол нь нийгэм маань, хүмүүс бүгд зөв байгаасай. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.7.18 ПҮРЭВ №142 (6109)
соном
17 чингэлэг спиртийг Х.Баттулга Говьалтайгаар оруулж ирээд Цагдаа Ганбатад баригдсан байдаг 2 өдрийн дотор спиртийг ус болгох ажилд Элбэгдорж Тулга найздаа харамгүй тусалсан гэдэг. Фото зураг авч баримтжуулсан хальс нь МҮОНТ-д хадгалагдаж байсныг гаднын хүн мэдээж орж хулгайлах боломжгүй , дотроос нь хүн хахууль авч хулгайлсан байдаг. Ганбат гэрч учраас шүүх хуралд гэрчлэх учир түүнийг устгах шаардлага гарсан байна Цагдаа Тагнуулын хэн нэгэн гүйцэтгэх ажилтан аллагыг үйлдсэн хэрэг. Баттулгын төмөр зам барих гэж доллар аваад зөвлөгөө авахад зориулж 10 гаруй сая доллар идсэн хэргийг илрүүлсэн сэтгүүлч Болормааг толгойг нь хага цохиж алсан байдагЭнэ 2 хэрэгт Баттулга гарцаагүй холбоотой