-Заяа төөрөг гэдэг бол хүн өөрийнхөө гараар бүтээж бий болгодог хувь тавилан гэж Далай ламын хэлсэнтэй санал нэг байдаг улстөрч асан, бизнесийн сургагч багш тэрээр бэрхшээлийг хэрхэн давж туулахыг мэднэ, сургалтын дамжаандаа мөн үүнийг зааж сургадаг. Ер бусын гоц авьяастай хүүхэд, нөхөртэйгөө эрх чөлөөтэй харилцаж амьдардаг, мөн хямралыг хэрхэн давах зэргийн өгүүлжээ-
Москва, Тюмень, Тбилиси, Новосибирск... Түүний сургалтад олон хүн оролцдог. Ирина Хакамадагийн лекцийг сонсдог олон янзын хүмүүс хэрхэн аз жаргалтай байх, хэрэггүй асуудлаас өөрийгөө холдуулах арга ухаанд суралцдаг. Туулж өнгөрүүлсэн амьдралын туршлагадаа тулгуурлан 64 настай энэ эмэгтэй сургалтын дамжааны хөтөлбөрөө боловсруулжээ. Түүний туршлага ямар вэ? Хүүхэд насны хүнд бэрх он жилүүд, гурван удаагийн гэр бүл салалт, охинд нь тохиолдсон өвчин зовлон ... Тэрээр “СтарХит”-ийн сэтгүүлчтэй ярилцахдаа онцгой хүүхдэд хандах хандлага, улс төрөөс коучинг рүү шилжсэн учир шалтгаан зэргээ хуваалцжээ.“Би чангаанзанд дургүй, мөхөөлдөс илүү амттай”
-Ирина, та бол өнгөрснөө санагалзаж амьдардаг хүн биш гэдгийг мэднэ. Гэсэн хэдий ч өөрийн эрхгүй танд эргэж санагдуулдаг цаг мөч бий болов уу? Үе тэнгийнхэн чинь таныг дээрэлхэж шоглодог байсан тухай олонтоо сонссон юм байна... Үр дүн нь юу болж дууссан бэ? Бүгдийнх нь амыг тагласан байх гэж бодож байна! -Карпатад пионерийн зусланд амарч байхад хүүхдүүд намайг гадуурхан дээрэлхдэг байсныг санаж байна. Хавчиж, бас ядарч, өвдөөд хэвтэхэд минь баашиллаа гээд, хоолой өвдөөд орондоо хөглөрч байгааг минь харж шалгахаар над руу ирж, тэгснээ бүр ор сураггүй алга болцгоож байсан... Олон жил улиран өнгөрлөө. 90-ээд онд би хоршоологч болж, нэг пүүс удирдаж байсан юм. Нэг удаа машинтай явж байгаад талх авахаар талхны дэлгүүрт орлоо. Тэгсэн чинь кассын машины ард намайг гадуурхан дооглож байсан хөвгүүдийн нэг нь зогсож байхыг харлаа. Намайг тэр анзаарч харснаа “Ухаан алдмаар!” хэмээн арай чүү дуу алдсан даа. 6-14 хүртэлх хүүхэд насаа би зусланд л өнгөрүүлсэн. Армид алба хаасан юм шиг гэж хэлж болох юм, гэхдээ олж авсан тэсвэр хатуужлынхаа үрээр өнөөдрийн хэмжээнд хүрсэн шүү. -Яриа эхлэхийн өмнө таныг бөөгийн ном зохиол уншдаг гэж туслагч нар чинь хэлсэн ... -“Бөөгийн том судар” (Большая книга шамана) нэртэй эрдэм шинжилгээний бүтээл. Олон бүгд найрамдах улсад түгээмэл тархсан болохоор энэ төрлийн шашны учир начрыг ахиухан олж мэдэхийг хүссэн юм. Одоохондоо Норвегийн кинонуудаас олж авсан ерөнхий мэдлэгийн хэмжээнд л байх шив дээ. -Ер нь сүнстэй харилцах чадвар бүхий хүмүүстэй уулзаж ярилцаж байсан тохиол бий юү? -Тийм хүмүүсийг сэтгүүлчийн юм уу, эсвэл эрдэмтний нүдээр харвал сонин байх. Одоохондоо ийм учрал тохиогоогүй. Зөн билигтэн, мэргэч төлгөч нар дээр зарчмын хувьд огт очдоггүй, ирээдүйнхээ талаар бусдын амнаас сонсохыг хүсдэггүй юм. Харин өөрөө төсөөлж таамагладаг.
“Амьдралд хүнд хэцүү цаг мөч (хуй салхи) хэзээ тохиолдохыг таах аргагүй, нөхцөл байдал хэрхэхийг хэн ч мэдэхгүй...”
-Тэгвэл зурхайд итгэдэг үү? Одоо олон хүн зурхайд ханддаг болж, жишээлбэл, хэнтэй харилцаа тогтоовол сайн гэдгээ ухаарч ойлгох гэж. -Огт тоодоггүй! Сул дорой хүн л гол төлөв гаднаас тусламж аврал эрж хайдаг гэдгийг харин мэднэ. Хүн ер нь хүчтэй байх тусмаа илүү сайн хөгжиж, мэргэч төлгөч хүний үгэнд биш харин өөртөө итгэдэг. Заяа төөрөг гэдэг бол хүн өөрийнхөө гараар бүтээж бий болгодог хувь тавилан гэж Далай ламын хэлсэнтэй би санал нэг байдаг. -Дашрамд асуухад, таны охин Маша ямар нэг хосгүй авьяас чадвартай, гараараа илбэдэн ховсдож, гай түйтгэрийг арилгадаг талаар уншсан юм байна. -Гоц содон авьяас билиг түүнд заяасан! Орон зайн мэдээлэл, эрчим хүчийг огт санаандгүйгээр ямар нэг байдлаар тэр өөртөө олж авдаг. Нэг удаа бид Монакогоос Канн руу ёслолын буудлагатай концерт үзэхээр явж байсан юм. Тэр концертод Машагийн өөрөө бие дааж маш сайн бүжиглэж сурсан бэлхүүсний бүжгийн тоглолт бас байсан юм. Гэтэл бид битүү бөглөрөөнд орчихсон, концертод амжиж очихгүй шинжтэй болсон. Тэгээд би “Жаахан хоцрох л биз, сандрах хэрэггүй, тэр бүжгийн тоглолтыг үзэж амжина” гэлээ. Тэгсэн чинь Маша арын суудлаас урагш бөхийж хоёр гараа урагш сунгаад таг чиг болчихов. Би юу болж байгааг ч сайн ойлгосонгүй, тэгсэн чинь таван минутын дараа зам үнэхээр чөлөөтэй болчихсон шүү. -Гайхмаар юм! Тийм болоод л та янз бүрийн хар цагаан хэл аманд өртдөггүй байх. Одоо ч бүгд л бие биеэсээ илүү дээр гарах гэж хүсч тэмүүлдэг, бусдад гайхуулах гэж хичээдэг болцгоож дээ. Энэ талаар та юу боддог вэ? -Ер нь хайп трендээс юугаараа ялгаатай вэ? Утгын загвар талаас нь авч үзвэл суурь ач холбогдлоороо тренд илүү удаан оршдог. Жишээ нь, тоон тренд, интернет сэтгүүл зүйн хөгжил, альтернатив телеизийн үүсэл... Тренд бас тэгээд бусад олон урсгал багтаж орсон суурь матрицтай. Стрит-фэшнийг авч үзвэл нэгдүгээрт, хүйсийн ялгаа энд өнгөрсөн үед үлдэнэ. Хоёрдугаарт, ард түмний эдийн засгийн орлого унах боловч хүмүүс хямд төсөр ч гэсэн гоё сайхан харагдахыг хүснэ. Гэхдээ өдөр тутам, эсвэл аялал жуулчлалаар явах үед тансаглал тийм ч зохимжтой биш. Шалтгаан-үр дагаврын суурь уялдаа холбоо байдаггүйгээрээ хайп ялгардаг. Олон хүн, ялангуяа хар муу зүйлийг тэр даруй анзаардаг нүд ирмэх зуурын сэтгэл санааны байдлыг тэрээр илэрхийлдэг. Дараа нь бүх зүйл ул мөргүй алга болдог. Урлагт үүсч бий болсон өөр нэг хайпыг дуулиангүй хайп гэж нэрлэдэг. Энэ бол охид, хөвгүүд ямар нэг альтернатив санааг уянгалаг яруу сайхан аялгуугаар илэрхийлэн дуулж бүгдийн гайхшийг бардаг. Үүний тод жишээ бол Земфира – энэ бол соёлын тренд. Гэхдээ энэ тренд маш олон жижиг трендийг төрүүлж бий болгосон. Би бол зөвхөн эерэг сайн талыг барьж ажилладаг, хүмүүст тус дэм болох, тэднийг илүү бие даасан тусгаар болгох, ялангуяа дуулиан шуугианаас хамааралгүй болгох санаа надад байдаг юм. -Тайзан дээр, эсвэл нийтийн өмнө үг хэлж байхдаа та инээмсэглэж, танаас гайхмаар зөв сайхан эрчим хүч (энерги) ялгарч байгаа нь мэдрэгддэг. Харин ямар үед хорон муу үйл хийх хэрэг гардаг вэ? -Ер нь хэзээ ч үгүй шүү. Энэ чинь тэгээд айхтар уур хилэн биз дээ! Мэдээж, бухимдаж цухалдах мөч гаралгүй яах вэ. Жишээ нь, эмэгтэйчүүд, эсвэл эрэгтэйчүүдийн зүгээс гутмаар шившигтэй зүйл хийж байгаатай таарвал хэсэгхэн хугацаанд ч гэсэн, гэхдээ өөрийгөө жолоодох чадвараа алдалгүйгээр уурлаж шатах үе бий.
Хориглохыг зогсоо!. Энэ бол хүмүүжлийн талаар Иринагийн баримталдаг зарчмын нэг.
- Аальгүйтдэг үү? -Ёстой тийм зан надад угаасаа байхгүй, ийм байх нь нэг бодлын тун тусгүй юм шиг! Огт цамаан биш байх нь бүдүүн бараг хүч чадалтай бие хүний дүр төрхийг бий болгодог бололтой. Өдөржин хайж, өчнөөн ажил болж байж чангаанз авчирч өгөхөд өөдөөс нь “Би чангаанзанд дургүй, мөхөөлдөс илүү амттай!” гэх нь зарим хүнд өөрт нь тун тааламжтай байдаг юм билээ.“Би бол аз жаргалтай эмээ”
-Та гэр орондоо тогтохгүй байнга л ийш тийш явдаг хүн. Гэр бүлийн харилцаанд хэр нөлөөлдөг вэ? -Бидний хувьд дажгүй шүү! Володя бид хоёр 23 жил чөлөөт гэр бүлийн байдлаар амьдарч байна. Байнга бие биенээсээ хол байгаад байдаггүй л дээ. Хамтдаа амарч, баяр ёслол тэмдэглэдэг. Шинэ жилийг тухайлбал. Яаж тэмдэглэдэг вэ гэж үү? Жишээ нь, бүх нийтийн дурлагсдын өдөртэй бидний хуримласан өдөр давхцдаг болохоор оройн хоол зохион байгуулдаг. -Ийм маягаар (форматаар) урт удаан амьдрах хос тэр бүрий ховор байх. Та нарт хямрах үе гарч байсан уу? -Мэдээж! Хуурч мэхэлсэнтэй холбоотой хямрал гарч байсан, гэхдээ хэн ч, юутай ч тэмцэлдээгүй, зүгээр л чөлөөт хэв маягаар амьдрахаар тохиролцсон. - Гэр бүлийн төсөв бас “чөлөөт” үү? -Эхэндээ хамтын байж байгаад дараа нь тус тусын болгосон. Хэн нь хэр зэрэг мөнгө олж байгаа нь бидэнд хамаагүй болсон. Улс төрөөс холдсоны дараа Володя удаан хугацааны турш надад тусалж байсан, харин одоо миний ээлж ирсэн. Тэр маань гайгүй сайн IT компанийн түнш удирдагч болсон. -Бие биедээ гэнэтийн бэлэг (сюрприз) барьдаг уу? -Боломжоороо. Жишээлбэл, нэг удаа бид Францын өмнөд нутгаар аялж явах үед Володя ойрхон хаашаа ч юм бэ нэг газар руу ганц хоногоор яваад ирэхийг санал болгосон юм. Машинаар салхи татуулж давхиад л байсан, нүдний өмнө өндөр уулс харагдаад л. “Аль зүгт явж байна?” гэж намайг асуухад нөхөр маань “Одоохон, чи өөрөө харнаа!” гэлээ. Нэг мэдэхэд зах хязгааргүй хөхрөн цэнхэртэх шимтэглэй цэцгийн (лавандын) талбай руу ороод явчихсан, цэцгэн далайд сэлж яваа юм шиг л сэтгэгдэл надад төрсөн. Дараа нь бид явганаар гэгээн Мариягийн дурсгалд зориулан босгосон сүм хүртэл алхсан. Замдаа Володя “Санаж байгаа биз дээ?” гэж асуухад нь анх танилцсан жилээ бид энд хамт өнгөрүүлснээ гэв гэнэт санасан!