Б.ДОЛЖИНЖАВ
Хэд хоног үргэлжилсэн бороо орсны эцэст сая нэг Улаанбаатарчууд нар үзэж, зуныг мэдэрч байх шиг. Нар ээсэн халуун бүгчим энэ өдрүүдэд агаар салхинд гарч амрах нь хамгийн тохиромжтой байдаг. Яг энэ үеийг тааруулан бямба гаригт өглөө эрт Богд уулыг зорилоо. Амралтын өдрийг ч хэлэх үү ирэх, буцах хүмүүсийн цуваа үл тасарна. 2-3-аараа, гэр бүлээрээ, байгууллага, клубээрээ гээд олон хүн ууланд алхахаар иржээ. Нов ногоон моддын дундуур алхахад агаар нь хүртэл огт өөр, таатай санагдана. Бас горхи урсана. Жижиг хэрэм бас байна. Ууланд алхахаар ирсэн хүмүүс идэх зүйл өгөөд сургасан бололтой гурилан боов газар тавихад аваад мод руугаа авирна. Богд уул ийм нэг дүр зурагтай биднийг угтлаа.

Уул руу өгсөх зуур ижил зорилго өвөртлөн явж буй зарим хүнтэй танилцаж, ярилцангаа алхав. Эхнийх нь “YMCA Mongolia” олон улсын байгууллагын хамт олон байв. Тэд залуучуудад чиглэсэн, тэдний хөгжлийг дэмжсэн сайн дурын үйл ажиллагаа явуулдаг юм. Тус байгууллагынхан бямба гариг бүр ууланд алхдаг бөгөөд “YMCA hiking club” гэсэн бичигтэй саарал өнгийн цамцаар жигдэрчээ. Хэсэг сайн дурын ажилтнууд нь гурван Франц хүнтэй хамт явж байв. Энэ гурван хүн нь нэг жилийн хугацаанд Монголд амьдарч тус байгууллагын сайн дурын гишүүдэд англи хэл заах юм байна. Тэд хоорондоо англиар ярьж, Францууд Монгол үг сурч зугаатай явцгааж байгаа бололтой. Тухайлбал, нэг нь “Сайн уу намайг Jason гэдэг. Юу байна. Зүгээр үү. Баяртай. Битгий зогсоорой” гэх үгийг тааралдсан хүн бүртээ хэлж явна. Франц эмэгтэй нэг цэцэг газраас авч үүнийг юу гэж нэрлэдэг вэ гэж англиар асууж “цэцэг, цэцэг” гэж давтан хэлсээр тэд цааш явлаа. Өнөөдөр тэд 12:00 цаг гэхэд уулнаас буусан байх ёстой юм байна. Учир нь 13:00 цагт англи хэлний ярианы клубын хичээлтэй аж. Ийн тэдэнтэй хэдэн үг солингоо бид уул руугаа алхлаа. Шинэхэн Франц танилуудынхаа Монгол хэлийг хурдацтай сурч байгааг, нэг үгээ мартахгүйн тулд давтсаар буй хичээнгүй чанарыг бахадсаар ирэх газартаа ирлээ.
Зорьсон газраа ирсэн хүмүүс тус тусдаа нэгэн бүлэг үүсгэн моддын дунд байрлана. Зарим нэг нь гудастайгаа ирчихсэн тухтай гэгч нь амарч, нэг хэсэг нь тойрч зогсоод тоглоцгоож, нөгөө хэсэг нь хөгжилтэй яриа өрнүүлэн сууна. Яг тэнд тэд ажил, гуниг, ганцаардал бүхнээс чөлөөлөгдөж бие болоод сэтгэлийн амар амгаланг мэдэрч байгаа болов уу. Нов ногоон моддын дунд суухад халуун нар шатаж буйг үл мэдэрнэ. Бас агаар нь үнэхээр сайхан. Зарим хүнтэй танилцахаар бид моддын дундуур алхлаа. Гэтэл нэг хэсэг бүлэг хүмүүс нүдэнд содон тусав. Тэд нэгэн жижиг модноос хэдэн зураг өлгөжээ. Цаад талд “Teammab Maberrant” гэсэн бичгийг модноос зүүсэн байв. Энэ бол Dual Zet студийн артист, реппер Maberrant-ийн фэн клубийнхэн аж. Модноос репперийнхээ зургуудыг өлгөсөн байх агаад уран бүтээлчдээ гэнэтийн бэлэг барьсан нь энэ аж. Тэдэнтэй хэсэг зуур хамт суув. Хол ойрын сонин сайхан хэлэлцсэний эцэст тэд реппертээ бэлэг гардуулж, сэтгэлийн үгээ бичсэн захидал өгч, гар дээр нь өөрсдийн гарын үсгээ зурж, ватум цаасан дээр гуашаар гарын хээгээ үлдээж цагийг зугаатай сайхан өнгөрүүлцгээж байлаа. Сайн дурын байгууллага, нэг ангийнхан, фэн клубийнхэн, найз нөхөд, гэр бүлээрээ ирээд тэд энд хүссэн бүхнээ хийж, хөгжилдөн тоглож өдрийг үднэ.

Биднийг уулнаас буухад уул руу гарахаас огт өөр дүр зураг биднийг угтав. Учир нь ууланд алжаалаа тайлахаар ирсэн хүмүүсийн тоо олон болжээ. Голын хажууд хэд хэдэн майхан барьж, хүүхдүүд голын эрэг дээр тоглоцгооно. Зарим нь сүүдрэвчинд сууж амарна. Уулыг зорих хүмүүсийн хөл хөдөлгөөн зогсох шинжгүй. Биднийг буух үед ч олон хүн зөрж өнгөрсөөр л байсан юм. Аялал, зугаалга, салхинд гарах гэхээр алс холыг зорих тухай бодож хойшлуулалгүй Богд ууландаа ирж амралтын өдрүүдээ аятай сайхан өнгөрүүлэх боломжтой. Агаар салхинд гарахад бидэнд их хэмжээний мөнгө хэрэггүй. Майхан, гудас, хоол хүнс гэсэн аяллаар явахад хэрэг болох бүх зүйлээ авчраад голын эрэг дээр эсвэл моддын дунд амралтын хоёр өдрөө мартагдашгүй, хөгжилтэй өнгөрүүлцгээе.
Эх сурвалж: www.polit.mn