
С.САРУУЛ
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр нийтийн тээвэр болон үйлчилгээний байгууллага хэрхэн ажиллах, ямар хяналт тавих талаарх мэдээллийг хүргэж байна.
Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана.
7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
“Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд: 1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол; “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол; 3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.
Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт нэгдсэн хяналт шалгалт хийж ажиллана. НМХГ-ын 400 албан хаагч, явуулын хоёр лабораторитой Хүй 7 худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Сүхбаатарын талбай гэсэн 5 газарт 2019.07.10-13-ны өдрүүдэд шинжилгээтэй байнгын хяналт шалгалт хийнэ.
Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ үзүүлэхэд хориглох зүйлс:
- Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх;
- Согтууруулах ундаа, тамхи худалдах;
- Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;
- Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;
- Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;
- Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;
- Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;
- Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх
- Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.
Баяр наадмын үеэр хориглосон, зөвшөөрөлгүй худалдаа үйлчилгээ явуулсан тохиолдолд дараах арга хэмжээ авахыг анхааруулж байна.
-Төрийн хяналт шалгалтын тухай хууль 10.9.7. заалт: Хүний амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд шууд буюу шууд бусаар хор хохирол учруулж байгаа буюу учруулж болох нь зохих ёсоор нотлогдсон, үйл ажиллагааг бүхэлд нь буюу хэсэгчлэн уг зөрчлийг арилгах хүртэл түр зогсоох, холбогдох бүтээгдэхүүнийг худалдах, борлуулахыг хориглох, устгах, энэ тухай олон нийтэд зарлан мэдээлэх.
-Зөрчлийн тухай хуулийн 6.15 дугаар зүйл. Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль зөрчих
-Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх, эсхүл хэрэглэж дуусах хугацаа нь хэтэрсэн, эсхүл хуурамч хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн, хадгалсан, худалдсан, үйлчилсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.
-Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйл. Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ, үйл ажиллагааны журам зөрчих:
-Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох.
-Эрх бүхий байгууллагын шийдвэрээр хориглосон газар, цэгт худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулсан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох хуулийн заалтуудтай.
Эх сурвалж: www.polit.mn
Рейлбус 2000 төгрөгөөр үйлчилнэ
