Д.Ганцэцэг: Хүн эрүүл байх нь өөрөөс нь л шалтгаална

2019-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин
З.БАТТӨМӨР ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирал Д.Ганцэцэгтэй ярилцлаа.   -Юуны өмнө манай уншигчдад өөрийгөө товч танилцуулна уу? -Би эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургуулийг 2005 онд   хүний их эмч мэргэжлээр,  ДОХ, бэлгийн замаар дамжих халдварт өвчин судлалын нарийн мэргэжлээр резидент, БНСУ-ын Ионсей их сургуулийн магистрантыг арьс, гоо заслын нарийн мэргэжлийн эмчээр тус тус төгссөн. Мөн АНУ-ын Калифорниа их сургууль, Хавайн их сургууль, Сингапурын Нанянг их сургуулиудад мэргэжил дээшлүүлсэн. БНСУ-ын Ионсей их сургуулийн харъяа Северанс эмнэлэгт дадлагажигч эмчээр гурван жил ажилласан. Одоо эрүүл мэндийн байгууллагын соёл сэдвээр докторантурт суралцаж  байна. 2011 оноос Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газрын мэргэжилтэн, НЭМГ-ын дарга, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, одоо Эрүүл мэндийн хөгжлийн төвийн захирлаар ажиллаж байна. -Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг төгсөж байгаа төгсөгчид улсын шалгалтаас гадна бас нэгэн шалгалт өгдөг нь Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн  буюу лицензийн шалгалт байдаг. Энэ шалгалтыг танай байгууллага зохион байгуулдаг. Энэ жил хэдэн төгсөгч төгсөж байна. Шалгалт хэрхэн зохион байгуулагдав? -2018-2019 оны хичээлийн жилд анагаах ухааны боловсрол олгох  12 их, дээд сургуулийг  11 мэргэжлийн чиглэлээр  нийт  2997 оюутан суралцан төгсөж, төгсөгчдийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтыг Эрүүл мэндийн хөгжлийн төв 2019 оны зургадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Улаанбаатар хот, Дархан-Уул, Говь-Алтай, Дорноговь аймагт  зохион байгуулж дууслаа. Шалгалтад 2728 төгсөгч  орсноос 2486 хүн тэнцэж амжилт 91.1 хувьтай байна. Төгсөгчдийн шалгалтын сорилын санг Жишиг сорил нэртэйгээр  ЭМХТ-ийн цахим хуудсанд ил тод, нээлттэйгээр байршуулснаас гадна бүх сорилыг ЭМЯ-ны дэргэдэх мэргэжлийн салбар зөвлөлүүдээр хянуулан, дүгнэлт гаргуулдаг болсон тул шалгалтад алдаатай,  буруу сорил ашиглагдахгүй байх асуудлыг шийдвэрлэж чадсан. Ингэж цахим хуудсанд сорилыг байршуулснаар оюутнуудад тулгарч байсан  сорилын ном хайх,  худалдан авах зэрэг санхүүгийн дарамтыг үгүй хийн, шалгалтын сорилуудын тодорхойгүй байдлыг халсан. Зөвшөөрлийн шалгалт зохион байгуулах, шалгалтад бэлтгэх үйл ажиллагааг төгсөгчдөд аль болох ээлтэйгээр шинэ технологийг ашиглан зохион байгуулахаар ажиллаж байна. Энэ жилийн хувьд өөрөө өөрийгөө шалгах боломжтой “Цахим сорил” аппликэйшнийг нэвтрүүлэн шалгуулагч яг шалгалт өгч байгаа зарчмаар өөрийгөө сорих, шалгалтад бэлдэх боломжийг бүрдүүлж өгснөөр онцлог боллоо. Энэхүү аппликэйшнд шалгалтад ирэх бүх сорилууд буюу 7950 сорил багтсан бөгөөд шалгалт өгөх гэсэн сонголтыг хийхэд шалгалтад ирэх магадлалтай 100 сорил гарч ирнэ. Эдгээр сорилуудыг шалгуулагч маань яг шалгалт авах хугацаанд бөглөх юм. Уг сорилуудыг бөглөж дуусаад дуусгах гэсэн товчийг дарахад тухайн шалгалтын үнэлгээ гарч ирнэ. Ингэснээр шалгуулагч маань ямархуу түвшинд байгаагаа мэдэх юм.  Мөн өөрийн хийсэн шалгалтын ажлын аль сорил дээр алдсан байгаагаа эргэн харах боломжтой. Энэ аппликэйшнаар шалгуулагч маань хэдэн ч удаа шалгалт өгч өөрийгөө сорин, мэдлэгээ шалгаж болно. Шалгалтын хугацаанд давхардсан тоогоор 8654 хүн энэ аппликэйшнд хандаж  шалгалтадаа бэлдсэн байна. Бид энэ аппликэйшнаа улам сайжруулан зөвхөн төгсөгчид төдийгүй Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалт өгөхөөр бэлдэж буй бүх хүмүүс ашиглах боломжтойгоор нэвтрүүлэх гэж байна. -Шалгалтын дүн гаргахад Realtime технологи ашиглаж эхэлсэн гэсэн. Энэ талаараа тодруулаач? -Шалгалтын дүнг төгсөгчдийг шалгалтаа өгч дууссан даруйд шалгалтын комиссын бүрэлдэхүүн болон оюутнууд, сургуулиудийн сургалтын алба, мэргэжлийн салбар зөвлөлүүдийн төлөөлөл хамтран скантрон машинаар  уншуулан, Realtime технологийг ашиглан  шууд автоматаар ЭМХТ-ийн цахим хуудсанд байршуулсан. Өөрөөр хэлбэл ямар нэгэн хувь хүний оролцоогүйгээр дүн автоматаар гарсан тул шалгалтын үр дүнд эргэлзэх зүйлгүй, ил тод зохион байгуулагдсан.  Түүнчлэн шалгалтад тэнцсэн төгсөгчдөд материалаа бүрдүүлж өгөх, Эрүүл мэндийн сайдыг тушаал гарах, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хэвлэгдэх гээд бас шат дамжлагууд байдаг. Гэтэл төгсөгч маань ажилд орох гээд байдаг. Энэ тохиолдолд цахим хуудсанд тавигдсан дүнг ашиглан ажлын байранд очих боломжийг бүрдүүлж байна. Эдгээрийн үр дүнд шалгалтыг ил тод, шударга явагдлаа гэж шалгуулагчид маань сэтгэл ханамжтай байсан. -Танай байгууллагаас эрүүл мэндийн салбарын үзүүлэлтүүдийг нэгтгэн гаргадаг. Тиймээс манай улсын эрүүл мэндийн голлох үзүүлэлтүүд ямархуу гарч байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөч.  2018 оны үзүүлэлтээс харахад манай улсын хүн амын  дундаж наслалт ямархуу харагдаж байгаа бол ? -Монгол улсын хүн ам 2018 оны жилийн эцсийн байдлаар 3 сая 238.4 мянга болж, нийт хүн амын 67.8 хувь нь хот суурин газар, үлдсэн 32.2 хувь нь хөдөө амьдарч байна. Хүний хөгжлийн индексийг илтгэдэг гол үзүүлэлт болох хүн амын дундаж наслалт 1998 онд 65.1, 2010 онд 68.1 байсан бол 2018 оны байдлаар 70.19 болж нэмэгдэн, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75.78, эрэгтэйчүүдийнх 66.11 болсон байна. Манай улсын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт эрэгтэйчүүдийнхээс 9.67 жилээр илүү байгаа нь эрэгтэйчүүдийн эрүүл мэндэд анхаарал хандуулах зайлшгүй шаардлага байгааг харуулж байна. -Төгсгөлийн асуултыг таниас эмч хүний хувьд асуухад эрүүл амьдрах хамгийн энгийн зөвлөмжийг өгөөч? -Өнөөдөр Монгол Улсын нийт хүн амын 31.2 хувийг 15 хүртлэх насныхан,  39.8 хувийг  15-39 хүртлэх насныхан эзэлж байна. Тэр утгаараа өсвөр, залуу  үеийнхний  эрүүл мэндийн асуудал чухлаар тавигддаг. Өөрөөр хэлбэл, багаас нь эрүүл мэндийн боловсролтой, өөрийгөө болон гэр бүлээ өвчнөөс сэргийлэх, эрүүл чийрэг байлгах чадвартай ирээдүйн иргэдийг бэлтгэснээр тэд эх орондоо ч, өөртөө ч ихийг бүтээж, хөгжиж чадах юм. Статистикаас харахад нас баралтын 79.3 хувийг халдварт бус өвчин эзлэж байна. Тэр дотроо зүрх судасны өвчлөл. Өнгөрсөн оны судалгаагаар  нас баралтын тэргүүлэх таван шалтгаанд зүрх-судасны тог­толцооны өвчин, хорт хавдар,  гэмтэл, хордлого, гадны шалтгаан, хоол боловсруулах тогтолцооны өвчин, амьсгалын замын тогтолцооны өвчний шалтгаант нас баралт орж байна. Эрүүл мэндийн хүчин зүйлийг 100 хувь гэж үзвэл 55-60 хувь нь  тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалдаг болохыг ДЭМБ тогтоосон байдаг. Тиймээс өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл амьдрахын тулд дараах хэдэн зүйлсийг хэвшүүлээч гэж ард түмэндээ уриалмаар байна. Тодруулбал архи, тамхинд үгүй гэж хэлэх,  өдөрт ядаж 30 минут дасгал хөдөлгөөн хийх, сахар, давс хэрэглэхээс татгалзаж, жимс ногоог аль болох түлхүү хэрэглээрэй. Эцэст нь хэлэхэд машиндаа жил бүр өвлийн тос масло, дугуй сольдог шигээ эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байгаарай. Бидний эрүүл мэнд бидний гарт бий шүү. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.6.27  ПҮРЭВ  №130  (6097)
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

9 цаг 34 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

10 цаг 7 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

10 цаг 12 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

10 цаг 36 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

17 цаг 39 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

17 цаг 39 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

17 цаг 39 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин