
1.Фүмио Сасаки- Би энгийн амьдралыг сонгосон
Эхээс төрөхдөө гартаа ямар нэг эд хогшил атгаж төрсөн хүн гэж энэ хорвоод байхгүй. Бид бүгд нүцгэн төрсөн. Ингээд бодохоор хэн ч минималист байдлаас амьдралаа эхэлдэг. Харин амьдралын явцад энэ байдал максималист байдалд шилждэг. Учир нь материаллаг зүйлсийн хэсэгхэн зуурын сэтгэл хөдлөлийг аз жаргал гэж ташаарч уул овоо шиг цуглуулж эхэлдэг. Гэвч бид амар тайван байдал, цэвэр цэмцгэр тав тухтай гэрэл дүүрсэн орон зайг сэтгэлдээ хүсэмжилдэг. Яагаад?
2.Үй Хуа- Амьдрахуй
Хувь тавилан бидэнд аз жаргал, зовлон зүдгүүрийн аль алийг нь өгдөг. Тэр дундаас бид тулах цэгээ олж авах л хамгийн эрхэм гэсэн санааг Үй Хуа зохиол бүрдээ ямар нэг хэмжээгээр тусгадаг. Их мөрөнд хөл алдан үйж яваад унжгар удны нэгээхэн мөчрөөс атгаж аврагдах адил тийм л авралын мөчрийн эрэлд зохиолынх нь дүрүүд хатаж явдаг. Жаргалд ташуурах, зовлонд бүдрэхийн алинд ч зуураад үлдэх үнэт зүйлс хүний оршихуйд хэрэгтэй. Бид зовлонт амьдрал дундаас юу эрдэг вэ? Гэсэн асуултаар уншигчаа алхам тутамд нь “шамдуулдаг” билээ. Тэрхүү этгээд ур маяг, өнгө аяс, дүр төрх тод туссан бүтээл нь “Амьдрахуй” тууж юм.
3.Л.Түдэв- Оройгүй сүм
XX зууны гүн ухаан-сэтгэл зүйн гайхамшигт энэхүү туурвил нь өнөө ч үнэ цэнээ алдаагүй байна. Шашингүйн үзлээр бичсэн ч шашны талаарх танин мэдэхүйн зүйлсийг дэлгэрэнгүй оруулж, хоосон номлолыг үнэн бодит амьдрал ялан гарч байгааг, бурхны ном сургаал гэдэг суралцаж үл дуусах, огторгуйн уудам шиг хэмжээ хязгааргүйг, оройгүй сүм мэт дуусгаж баршшүй хүнд хүчир болохыг ойлгуулах зорьдог. Залуу хүний заавал унших ном.
4.Г.Аюурзана- 2*2 буюу суут жаран сэтгэгч
Сонгодог гүн ухааны онцгой төлөөлөгчдийн намтар, үзэл бодол, чухаг санаануудыг нэн хүртээмжтэй цэгцлэн хураангуйлсан бүтээл бөгөөд гүн ухааны онолтой зууралдалгүй, өргөн олон уншигчдад хамгийн сонирхолтой байх хувилбарыг сонгохыг хичээсэн байна. Тэрээр “Философийн афоризм” гэгддэг онч мэргэн үгсийг түлхүү оруулсан нь ч үүнтэй холбоотой юм.
5.Л.Өлзийтөгс- Нүдний шилэнд үлдсэн зургууд
"Хүүхэлдэйн үс”, "Шувуу үзээгүй хүн”, ”Aquarium” зэрэг 15 өгүүллэг, 2 жүжгээс бүтсэн энэхүү ном нь хүүрнэл зохиолын төрлөөр гарсан анхных нь ном бөгөөд унших бүрт шинэ мэдрэмж өгдөг өөрсдийн гэсэн өнгө аястай, хүчтэй зохиолуудаас бүрдсэн ном билээ.Эмэгтэй хүний нүдээр, тэр тусмаа яруу найрагч бүсгүйн нүдээр амьдрал хэрхэн харагддаг талаар өөрсдөдөө нэвт шингээсэн "амьтай” мэт өгүүллэгүүд оршино.
6.Пол Каланити- Амьсгал агаар болохуйд
Энэхүү ном нь эмч Калантинийн амьдралын гэгээн дурсамжийн цоморлиг билээ. Энэхүү номыг уншсаны дараа мартана гэдэг товчхондоо байж боломгүй зүйл мэт санагдана. Уг номын олон хүнд хүрсэн шалтгаан гэвэл зохиолчийн гүн гүнзгий бодрол, өргөн мэдлэг, нөгөө нэг шалтгаан нь хүсэл тэмүүлэлтэй ажиллаж, амьдрах, цуцашгүй зоригтойгоор хүнд бэрхтэй тэр дундаа үхэлтэй тэмцэж болдгийг харуулсанд оршиж байгаа юм.
7.Барбара Коркоран- Бүсгүйн код
Энэ бол эмэгтэй хүн бүрийн заавал унших номны нэг.Хорь гаруйхан настай зөөгч бүсгүй өөрийн найз залуугаасаа 1000 доллар зээлж өөрийн бизнесээ эхлүүлсэн нь өдгөө Ныо-Иоркийн үл хөдлөх хөрөнгийн зах зээлд тэрбумаар хэмжигдэх бизнес болтлоо өргөжин томорчээ. Бүсгүйн нэрийг Барбара Коркоран гэдэг. Манхэттений “Үл хөдлөхийн хатан хаан” хэмээгдэгч хатагтай энэ удаад нийт бүсгүйчүүдэд эрчүүд давамгайлсан ажил хэргийн ертөнцөд хэрхэн амжилт олохоос эхлүүлээд эмэгтэй хүний онцлог, бяцхан охидын хүмүүжил цаашилбал шинжлэх ухааны олон гайхалтай судалгааны үр дүнг дэлгэн давтэрлэжээ.
8.Б.Батрэгзэдмаа- Очир эрхшээгч
Энэхүү роман эгэл жирийн нэгэн англи хүмүүн монгол гэгээнтэнтэй учирснаар урьд насандаа эгэлгүй хүчийг олсон лам хувраг хүмүүн явснаа мэдэж улмаар үйлийн үрийн гүн гүнзгий утга, мөнх ба мөнх бусын амьдралыг танин мэдэж, дэлхийн ертөнцийн илд далдын гайхалтай явдал, дээд оршихуйн чанадын гайхамшигтай нууцад нэвтрэн, гэгээрлийн хутагыг олж буй тухай өгүүлнэ.
9.Китти Фергюсон- Стивен Хокин сэтгэлгээ нь хүлээсгүй ухаантан
Номын гол баатар Стивен Хокин бол 1942 оны нэгдүгээр сарын 8-нд хорвоод мэндэлсэн. Английн онолын физикч, космологичКембриджийн их сургуулийн Онолын космологийн төвд шинжилгээ судалгааны захирлын албан үүрэгтэй хүн юм. Эмч нар түүнийг 21 настай байхад нь “Лу Гэригийн өвчин” хэмээн нэрлэдэг, 100 мянган хүн тутмаас дунджаар 3-5 хүн өвчлөх магадлалтай нэн ховор тохиолддог хөдөлгөөний нейроны өвчний онош тавьж хэдхэн жил л наслах үлджээ гэсэн ажээ. Тэр цагаас хойш өвчин нь аажмаар гүнзгийрч хөдөлгөөний эрхтнүүд нь мэдрэлгүй болж байнгын суумгай төдийгүй бодол санаагаа тусгайлан хийсэн компьютероор дамжуулан, хацрын булчингийн хөдөлгөөний удирдлагаар дуу авиа үүсгэгч ашиглан илэрхийлдэг болсон байна. Эмч нарын оношоор бол энэ хорвоог аль хэдийн орхисон байх ёстой байсан боловч өдий 73 насалж хоёр удаа гэрлэж, гурван хүүхдийн эцэг болжээ.
10.Марк Мэнсон- Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг
"Тоомжиргүй амьдрах бяцхан урлаг” номдоо зохиолч өөрийн амьдралд тохиолдсон явдлууд, тэдгээрээс олж авсан сургамжийг зарим сонирхолтой жишээ, судалгаатай холбон бичсэн байна. Номын гол санааг бүлгүүдийнх нь дараах гарчгууд илтгэнэ: "Битгий хичээ”, "Аз жаргал бол асуудал”, "Та онцгой биш”, "Зовлон шаналлын үнэ цэн”, "Сонголт үргэлж таных”, "Та бүх зүйлийн талаар эндүү бодож байна”, "Бүтэлгүйтэл бол урагшлах зам”, "Үгүй гэж хэлэхийн ач холбогдол”, ".... тэгээд та үхнэ”. Өөрөөр хэлбэл, та бол цорын ганц, давтагдашгүй хүн, эерэг сэтгэлгээ амжилтад хөтөлнө, сэтгэл хөдлөлөө удирд гэх мэт түгээмэл зөвлөгөөг өгөхийн оронд хүн гэдэг сул талтай, сэтгэл хөдлөлтэй, алдаа гаргадаг, буруу итгэл үнэмшилд автдаг, ихэнх хүн ихэнх зүйлийг дундаж хэмжээнд хийдэг гэдгийг зохиогч хэлж байна. Гагцхүү ийм нөхцөлд сайн сайхан, аз жаргалтай амьдаръя гэвэл өөрийн онцлог, сул тал, чадамжийг хүлээн зөвшөөрч, хатуу үнэнтэй нүүр тулгарч, ямар ч хүнд асуудал бэрхшээл зайлшгүй тохиолддог гэдгийг мэддэг байх хэрэгтэй хэмээн өгүүлжээ.
Эх сурвалж: www.polit.mn