“Шинэ толь II“ улсын уралдааны шилдгүүд тодорлоо

2019-05-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ДОЛЖИНЖАВ Уран бичлэг, яруу найргийн хоёр дахь жилдээ их, дээд сургуулийн I, II курсын оюутнууд болон ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд боллоо. Монголын зохиолчдын эвлэл, Монголын үндэсний номын сан, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сан, Идэр их сургууль, Монгол уламжлал академи хамтран хамтран зохион байгуулсан энэ уралдаан өнөөдөр шилдгүүдээ тодруулав. “Шинэ толь II” улсын уралдаан нь эх хэл, өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, суралцагсдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэн, эх хэлээ хайрлан хамгаалах, үндэсний бичиг соёлоороо бахархах, бүтээл туурвих ур чадварыг нь нэмэгдүүлэх зорилготой. Уралдаанд яруу найраг, уран бичлэгийн төрөлд 130 бүтээл ирснээс эхний шалгаруулалтад тус бүр 15 буюу нийт 30 бүтээл шалгаруулжээ. Яруу найргийн төрөл III шаттай болж шилдгүүдээ тодрууллаа. I байранд Б.Батбаясгалан Идэр их сургуулийн оюутан, II байранд А.Азсайхан МУБИС сэтгүүлчийн I курсын оюутан, III байранд 87 сургуулийн 9г ангийн сурагч Б.Энхзаяа орлоо. Уран бичлэг буюу каллиграфын төрөлд I байр Г.Бархасбаярхүү, II байр Л.Бүжинлхам, III байранд Х.Түвшинтүлхүүр нар шалгарлаа. Энэ үеэр Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, орчуулагч Д.Бямбаа “Энэ уралдаанд шүлгээ уншсан оролцогчдоороо бахархаж байна. Яруу найрагт өмнө нь хэн ч бичиж байгаагүй, давтагдаагүй шинэ сэдвээр шүлэг бичнэ гэдэг бол нээлт. Харин хэн нэгэн хүн бичсэн сэдвээр бичих нь хаалт болдог. Шүлгээ уншсан хүүхдүүд үнэхээр авьяаслаг, ирээдүйтэй гэдэг нь харагдлаа. Залуу насандаа шүлэг бичнэ гэдэг хамгийн сайхан зүйл. Залуу хүүхдүүд дандаа шинийг эрэлхийлж, хөдөлмөрлөж, зоригтой байж олон бүтээл туурвиарай гэж хүсье“ гэсэн юм. Бүтээл тус бүрээс эхний гурван  байрыг шалгаруулж, ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад их, дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах болон бусад шагналыг гардууллаа.   I байранд орсон Б.Батбаясгалангийн II шатанд уншсан шүлгийг толилуулж байна.   БҮРГЭД ТЭНГЭРТЭЭ Хөх тэнгэрийг сүүн өнгөөр сүлэх шиг Хөшилдөх үүлс уран сониноор нүднээ тусна Сарьдаг уулс үүлсийн дээгүүр өндөлзөж Саран шүргэж огторгуйг баганадан оршино Цавчин өндөр элгэн хадны оройд Цагаан ангаахай оддын зүг ширтэнэ Бүргэд тэнгэртээ төрнө Бүргэд тэнгэртээ ториноно Гуниг амтагдсан үүлсийн дээрээс үсэрч Гурвалжин хөх хадны оройгоос доошилно Зоригт бүргэд жигүүрээ анх дэлгэнэ Зөөлөн дэвсээо оддын зүг одно Бүргэд тэнгэртээ ниснэ Бүргэд тэнгэртээ эрхлэнэ Хүн хүрэмгүй өндөр оргилоор хэсүүчилж Хуйлрах салхи,сарны туяатай уралдана Хөндлөн хөх уулсын дээгүүр хэрж Хүрэн дэлтэй азарган чоныг авлана Бүргэд тэнгэртээ халина Бүргэд тэнгэртээ халигна Үүлсийн дор оршигчдын Үглэхийг сонсохгүй хязгаарт Үхэл амьдралтай уралцан Үнэн хүчээрээ амьдарна Авалсан анг нь цулимах Арчаагүй нохдыг тоолгүй Эргээд оддын зүг ниснэ Өд нь хүндэрч өтөл болсон ч Өргөн орчлонг харах нүд нь муудсан ч Оддын зүг ниснэ Орчлонгийн хязгаарыг зорино Сүүлчийн амьсгалаа шуналтайяа аваад Сүүдэрт орчлон руу гунигтайяа унана Дотоод чанарын оюун санааны ертөнц нь Дээшээ улам цойлон баяртайгаар ниснэ   II байранд орсон А.Азсайханы II шатанд шалгарсан шүлэг   "ААВДАА” Төгөлдөр хуурын даруул мэт Төмөр замын дэр моднууд санаа алдаж Хөг хайсан, жигүүр ч үгүй эрвээхий шиг дэгдэн буй Хэнд ч хэрэггүй цаг хугацаа хэн нэгэнтэй хамт алга болдог. Цээжний минь гүн дэх уй гуниг шиг Өнөө л дүнсгэр хуучин орос байшингуудын дундуур Өвдгөө тэвэрсэн хулчгар түргэний тэрэгийн зориг нэхсэн хашхираан Дүлий хашаануудын нүдээр бөмбөрийн нүргээн мэт шургаж Дэнгийн гэрэл шиг зүрхний минь шатах хүслийг унтраадаг. Цас орох бүрт таныг явчихлаа гэж цочин сэрэхдээ Цэвдэг дэлхийн ноорхой ботийг нээх шиг болдог Таныг санагдуулмаар дотно дурсамжууд шингээсэн Таны эзгүй арван ес дэх ертөнцийн жихүүн салхи салхилахдаа Будран буй цэл хүйтэн цасан ширхэгүүдийн хав халуун зүрхнүүдийг Өрцийг минь хатгалж шигдсэн гитарын утас шиг хөндүүр гэдгийг мэддэггүй. Таныг л хэлбэл нар нь нар байхаа больж Уул үүл нь уул үүл биш болно Тэгээд л амьд хөгжим мэт нарны доор Уран зураг мэт уул үүл ширтэж амьдрана. Зүрхнийхээ хашхирааныг ханан дээр зураг болгон зурахад Таныг санасан хананууд уйлж байсан Рок хөгжим шиг дүүрэн санагддаг амьдрал минь Таны эзгүй сандлыг дагаад хоосорчихсон Тийм л хоосноос хоосон ахуйдаа Амьгүй зурагнуудыг амьсгалахыг мэдэрч амьдарна гэдэг Өөдөөс харсаар худал инээгч харцыг чинь мартсанаас ялгаагүй...   III байранд орсон 87 сургуулийн 9г ангийн сурагч Б.Энхзаяагийн II шатанд уншсан шүлэг   ИЖИЙДЭЭ ХҮРГЭХ БИЧЭЭС Хаврын тэнгэрт дүүлэн шувууд ирнэ ээ эх нутагтаа Хайрт ижийдээ хүү нь гүйгээдд очно оо.. мөдхөн Холын алсад хүлээж суусан ижийнхээ гэгээн дүрийг Хөх тэнгэрт заларч байж үзэхээ сая л ухаарлаа үр тань Амьдрал гэх алтан замын түлхүүр нь болж хорвоог надад бэлэглэсэн ч Андуу эндүү бодлын минь үзүүр үүрд гэж төсөөлжээ энэ тавиланг Аз жаргалыг эрээд хайгаад олсонгүй ээ... Амьд бурхан ижий минь тэнгэрч хальсан болохоор тэр биз ээ... Элгийг нь эмтэлж хүн болсон юм, би гэдэг хүн Ижийнхээ сэтгэлээр нь тэжээгдэж, итгэлээр нь хүмүүжсэн хүү Энэ л хорвоод таныхаа үндэс болж үлдэнэ үр тань Эхийнхээ алдрыг ариун байлгах гэж зөв явах учиртай юм үр тань Саарал амьдралд цагаахан сэтгэлээр жигүүрлэсэн хүүд Салахын зовлон шаналахын гашуунг амсуулахгүйг хичээсэн Сайнтай муутай хорвоогийн хар муу бүхнээс хүүгээ хамгаалсан Саруул ухаан, сайхан хайр тань гайхмаар юм аа... Жаргах нарны сүүлчийн туяа харваж оддог юм гэнэ лээ Жаахан сэтгэлд минь гэнэхэн бодол төрүүлээд харваж одсондоо та минь Жавартай өвлийн тэнгэр шиг бүүдгэр бодлын минь дундуур Жаргалтай баясалтай байсан ижий минь дүр тодроод байна аа... Сүүлчийн амьсгаа дусал нулимс нь хүртэл үрийнхээ төлөө байдаг Сүслэг бурхан ижий минь миний ганц дэлхий Сөгдөөд сөгдөөд буцаж ирэхгүй хорвоогийн жамын хатуурхал та Сүслээд сүслээд хүрэхгүй алсын тэнгэр хязгаар минь ээ Эрх танхил сэтгэлийн минь үүрдийн бодол үнэнч хайр Эцэшгүй хүсэл мөрөөдлийн минь үүрдийн бодол үнэнч хайр Эгэл бор амьдралын минь эхлэхгүй төгсгөл инээдэг бурхан Ижий минь та ганцхан миний шүтээн Бага байхаасаа өмссөн бор эсгий бойтгыг минь Балчир насны минь инээдтэй хамт нандигнасан нь тодхон Бал бурам залуу насны таны буруутгал зөвтгөл болсон хүү нь Буурал ижийнхээ сүүдрийн ч болтугай ганц л үзэхсэн... Ирээд буцдаг хорвоод үүрд үлдэх хүн үгүй Энэ л нас минь дуусаж нэр минь дуурсагдах тэр үед Ижийнхээ үнэртэй цагаан торгон дээлийг нь бариад Инээмсэглэн зогсох учрал удахгүй ирнэ ээ Хад чулууг мэлмэртэл уйлж үзлээ, буцаад ирэхгүй нь ээ ээж минь Хан хорвоог уяртал дуулж үзлээ бурхан ээж минь надруу инээсэнгүй Болор тунгалаг бодлын минь сүвэгчээр ижий минь дуурсагдах юм Буурал хорвоод үлдээсэн үр тань санаад байна аа таныгаа Зүсрэх бороо шиг шаагисан цээжинд минь хөндүүрлэсэн үгсээ Зүрхэндээ шивнээд захидал болгон сийллээ, тэнд нь үлдээлээ. Эх сурвалж www.polit.mn
О.Алтангэрэл: Авлигын эсрэг хуулийг дэмжсэн нэр дэвшигч АН-ын дарга болох ёстой

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл өчигдөр намын даргын сунгаатай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Түүний байр суурийг хүргэe.

1 цаг 42 мин
Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

Дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд чуулж байна

15 цаг 8 мин
“СССР” гэсэн  бичигтэй цамц бол залуу насны дурсамжийн илэрхийлэл гэв

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын NBC телевизэд яр

16 цаг 30 мин
Германы загвар өмсөгч Клаудиа Шиффер

Дэлхийн загварын тайзнаа 1990-ээд онд гялалзан гарч ирсэн оддын нэг бол Германы загвар өмсөгч

16 цаг 31 мин
Л.Оюун-Эрдэнийн олон нийтийн дэмжлэг нэмэгджээ

МЭК судалгааны байгууллагаас Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ, Ерөнхий сайд Г.Занданшатар нарын 2018 оны

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асаны  Жон Болтоны гэрт шалгалт хийв

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Жон Бол

Уржигдар 17 цаг 21 мин
“Латин Америкийн Кафка” буюу Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес

Аргентины зохиолч, яруу найрагч Хорхе Луис Борхес бол  латин америкийн төдийгүй дэлхийн утга зохиолд гүн мөрөө үлдээсэн уран бүтээлч. Polit.mn сайт “Төрсөн өдөр”  буландаа Латин Америкийн Кафка гэж алдаршсан аргентин яруу найрагч, зохиолчийг онцоллоо.

Уржигдар 15 цаг 10 мин
Атомын мөс зүсэгч "Ямал"-ыг Марина Старовойтова удирдана

Оросын атомын мөс зүсэгч флотын түүхэнд шинэ хуудас нээгдлээ. Марина Старовойтова "Ямал" хөлгийн ахмадаар томилогдож,

2025-08-22
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид оролцоно

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний уулзалтад 20 гаруй орны удирдагчид цуглана

2025-08-22
Зөвлөхийн сонгон шалгаруулалт

ЗӨВЛӨХИЙН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ

2025-08-22