
Ч.ДАВААНЯМ
Үндэсний хувцсаа орчин үеийн загвартай хослуулан гайхалтай сайхан урладаг “Эртний монгол хийц” хувцас загварын салонд зочиллоо. Үүднээсээ эхлээд үндэсний хувцасны музейд орж буй мэт сэтгэгдлийг төрүүлнэ. Удахгүй монгол түмний баяр Цагаан сар болох гэж байгаа болохоор тус салон үйлчлүүлэгч олонтой байлаа. Олны хөлөөс зайтай хотын зүүн урд зүгт “Бодь автомотиз”-ийн байранд байрладаг ч тэднийхийг зорин ирэгчдийн хөл тасардаггүй ажээ.
Урлаг соёлынхон, олны танил эрхмүүдээс эхлээд жирийн иргэд, гадаадын жуулчид “Эртний монгол хийц”-д ирж үйлчлүүлдэг. Анхны үйлчлүүлэгч нь УИХ-ын гишүүн С. Жавхлан, түүний эхнэр, уртын дуучин Г.Эрдэнэчимэг нар. Анх УИХ-ын гишүүн С. Жавхлан “Чамаар монгол дээл хийлгэе” гэсэн нь О.Уранцэцэг захиралд маш их урмыг өгчээ. Үүнээс хойш эргэлт буцалтгүй үндэсний дээл хувцсыг урлаж, зургаан жилийг ардаа үджээ. Өвөг дээдсээс уламжлагдан ирсэн, нүүдлийн ахуй соёлд шалгарч үлдсэн уламжлалт дээлээ монгол хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгохын тулд орчин үеийн өнгө төрхийг загвартаа оруулдаг нь урласан дээлнүүдээс нь харагдана.
Дээл бүр өөрийн гэсэн өнгө аястай. Орсон гарсан бүхэн эхлээд худалдаанд гаргахаар хийсэн дээлүүдийг сонирхож, өмсч үзээд өөрт таалагдсаныгаа худалдаж авч байгаа нэгэн ч харагдана. Яг үүнтэй адилхан гээд л захиалгаа өгөх бас нэгэн ч байлаа. Материал, оёдол хийц, загвар, өнгөний хослол нь чамин. Өмсөж үзэж байгаа хүмүүс биед эвтэйхэн, гоё сайхан гэсэн магтаалын үгийг хэлэх нь сонсогдоно. Завгүй ажлын цагаар нь ирсэн болохоор дээл гутал, эртний эдлэл хэрэгслийг нь сонирхон хэсэгтээ хүлээж суулаа. Ширмэл ширдэг, зэс домбо, гуулин данх, сийлбэртэй авдар, суран ташуур, эмээл хазаар, араг, хурганы арьс, элдсэн нэхий, ээрсэн тэмээний ноосон утас гээд л үзэж сонирхох зүйл ихтэй юм. Сурвалжлагын эхэнд “Яг л музейд орж ирж байгаа юм шиг” гэсэн дээ.Үнэхээр ч ирээд үзэхэд, ороод гарахад олон зүйлийг үзэж, сонирхох боломж олгох, үйлчлүүлэгчдээ уйдаахгүй байхад анхаарсан нь илт.
Оёдлын өрөөнд 4-5 оёдлын машин дээр хорь орчим насны бүсгүйчүүд дээлийг өнгө алаглуулан оёцгооно. Үндэснийхээ дээл хувцсыг залуу охидууд урлаж байгааг харах нь бахархах сэтгэлийг төрүүлж байлаа. Наад талын өрөөнд эсгүүрийн том ширээн дээр дэлгэсэн даавуу, хайч харагдана. Тун удахгүй дахин нэг дээл шинээр эсгэх гэж байгаа нь тэр. Үүдний өрөөнд дээлний хормойд зүү ороох оёдлыг хориодхон насны бүсгүй урлаж байгаа нь уран зураач шиг.
Гоёл 2016 наадмын “Өсөх ирээдүйтэй дизайнер”, Гоёл 2017 наадмын Гранпри, ОХУ-д зохиогдсон Олон улсын үндэсний хувцасны III наадмын Гранпри шагналуудыг сийлбэртэй авдар дээр байрлуулсныг харахад энэ хамт олон монгол үндэсний хувцасны хөгжилд тодорхой хувь нэмрийг оруулж байгааг нь илтгэнэ. Үйлчин бүсгүйчүүдийн цаг завыг тааруулах гэж хэсэг хүлээсний эцэст “Эртний монгол хийц” ХХК-ийн захирал О. Уранцэцэгтэй түүний урладаг дээлнийх нь талаар цөөн хором хөөрөлдөв. Тэрээр уламжлалт дээлийг өдөр тутмын хэрэглээ болгохын тулд хичээж ажиллаж байгаа нэгэн билээ.
О.Уранцэцэг: ДЭЭЛ ОРЧИНТОЙГОО ХӨЛ НИЙЛЖ ХӨГЖЛИЙГ БИЙ БОЛГОНО
-Монгол түмний Цагаан сарын баяр болох гэж байна. Дээлний загвар, өнгөний сонголт ямархуу байна?
-Цагаан сараар хүн бүр шинэ дээл хувцсаар гангардаг. Гэхдээ манай үйлчлүүлэгчид ганцхан цагаан сараар өмсөөд далд хийчих биш өдөр тутмын хэрэглээндээ өмсөх дээлийг хийлгэдэг. Өнгө загварын хувьд янз бүр байна. Гэхдээ хүмүүс гял цал гэхээсээ илүү өдөр тутмын хэрэглээг даах, загварлаг, орчин үеийн өнгө аястай байх талаас нь анхаарч сонголтоо хийдэг.
-Танай дээлнүүдийг харахад өнгөний сонголт сайтай, чанартай харагдаж байна. Даавуугаа хаанаас авдаг вэ?
-Ганц газраас авдаггүй. Энэтхэг, Хятад,Солонгос, Австри, Италийн даавуунаас чанартайг нь сонгож дээлээ хийдэг. Италид үйлдвэрлэсэн хэрнээ Хятадын чанартай даавуунаас муу даавуу ч байдаг. Тиймээс яг тийм даавуу чанартай гэж хэлэхэд хэцүү.
-Танайхаар үйлчлүүлдэг хүмүүс ямархуу насныхан байна вэ?
-Бүх насныхан үйлчлүүдэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд залуучууд үндэсний дээл хувцсаа захиалж өмсөх болсон нь сайхан зүйлийн нэг. Монгол дээл нүүдлийн ахуй соёлын дунд шалгарсан, хөдөлгөөнд саадгүй, биед эвтэйхэн, амьдрал ахуйд нийцсэн аргагүй л нүүдэлчдийн шалгуурыг давсан хувцас. Монгол дээл хувцсаа нас харгалзахгүй өмсөж хэрэглэж байгаасай гэж боддог. Манай үйлчлүүлэгчид “Урнаа та нарын уралсан дээлийг өмссөн үед элдэв гоёл чимэглэл зүүх шаардлаггүй. Тэр бүгд дээлэнд шингэсэн байдаг. Өдөр тутамдаа өмсөхөд саад болох зүйлгүй ” гэдэг.
-Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж хэр байдаг вэ?
-Би үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжаар амьсгалдаг гэхэд болно. Дээлээ аваад гарч байгаа хүн баярласан сэтгэлээ илэрхийлээд нүүрэндээ баясал тодруулаад гарах тэр үе хамгийн сайхан байдаг. Би хамт олондоо “Бидний уралсан дээлийг хүн өмсөж үзээд баярласан сэтгэлээ хэлээд аваад гардаг. Гэртээ очоод оёдол хийцийг нь тухтай үзнэ. Эдлэж хэрэглэж байхдаа ч сэтгэл ханамжтай байх хэрэгтэй. Тиймээс яг манайхаас гарахдаа сэтгэл ханамжтай гарсан хүн. Сэтгэл ханамжаа гэртээ очсон хойноо, дээлээ өмсөх бүртээ мэдрэх чухал. Тиймээс чанартай материалаар хийхээс гадна загвар, хийц, оёдол сайн байх ёстой. Аль болох сэтгэлээ шингээж чанартай хийгээрэй” гэдэг. Үйлчлүүлэгчид дээлэндээ сэтгэл ханамжтай байгаагаа дараа нь утсаар хэлдэг. Мөн дахиад дээл хийлгэдэг. Энэ нь юугаар ч үнлэшгүй амжилт.
-Танай загварууд цор ганц байж чаддаг уу?
-Хүний бодол санаа, оюун ухаан дахин давтагдашгүй чанартай. Үйлчлүүлэгчийнхээ хүсэл сонирхолд нь нийцүүлж, биед нь тааруулж хийдэг учраас цор ганц байж чаддаг. Би өөрөө эсгүүрээ хийдэг болохоор дээл бүрийг өөрийн гэсэн өнгө аястай, шинэлэг загвартайгаар хийдэг.
-Монгол дээлний загварууд нэлээд шинэчлэгдэж уламжлалт гэхээсээ илүү орчин үеийн загвартай болсон. Өөрчлөгдөх нь зөв үү?
-Монгол үндэсний хувцсыг дэлхийд таниулах нь бидний үүрэг. Би монгол дээл урлаж эхлэхдээ хүн бүр үндэснийхээ хувцсыг өмсдөг болоосой гэсэн хүсэл эрмэлзэлтэйгээр хийж эхэлсэн. Чанартай даавуугаар, өнгөний зохицол сайтай, бөх бат оёдолтой монгол хувцасны брэндийг бий болгох зорилготой байсан. Монгол хүн бүр үндэснийхээ дээлийг өмсдөг болбол сайхан шүү дээ. Хувцас гэдэг чинь бас нэг өв соёл. Эртний хэв загвартайгаар нь өмсөхгүй нь тодорхой. Дээр үед малаа маллаж, ан хийж амьдардаг, нөхцөл нь өөр байсан. Дээл нүүдлийн ахуй соёлын шалгуурыг давсан биеийн хөдөлгөөнд саадгүй, өмсөхөд амархан, халуун хүйтний улиралд зохицсон гэх зэрэг давуу тал олонтой. Иймээс орчин үеийн суурин болон нүүдлийн соёл иргэншилдээ тохируулж хөгжүүлэх хэрэгтэй. Энэ үед өөрийн гэсэн өнгө аясыг бий болгохыг зорьж байна.
“Эртний монгол хийц” хувцас загварын салонд хэдэн хүн ажилладагийг сонирхвол
6-8 бүсгүй ажилладаг юм байна. О. Уранцэцэг захирал хамт олныхоо тухай “Бид яг л нэг хүн шиг сэтгэж бодож, хамтарч ажиллаж чаддаг. Тиймээс ч ажил маань өөдрөг байдаг. Ганц хүний гараас юу ч гарахгүй. Би хичнээн сайхан загвар гаргасан ч сайхан оёж урлахгүй бол амилахгүй” хэмээн ярьж байна.
Эцэст нь тэмдэглэхэд монгол түмний амьдрал, зан заншлын олон онцлогийг шингэсээн үндэсний дээлийг хийх тийм ч амархан зүйл биш гэдэг нь ойлгомжтой.Тэгвэл орчин үеийн соёлын хэв маягтай хослуулах нь бүр ч амаргүй байж таарна. Үйлчин бүсгүйчүүдэд амжилт хүсье. Монгол хүний ухаан сэтгэлийн толь болсон үндэсний хувцаараа гоёж, Монголоороо омогшиж байдаг монгол түмэндээ Та бүхний ороод гарах, магадгүй нэг ээлжийн чамин гоёлоо базаах газар бол “Эртний монгол хийц” салон юм байна шүү гэдгийг тэмдэглэн хэлье.
Эх сурвалж: www.polit.mn