Т.БАТСАЙХАН
УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт эхэлсэн ирцийн асуудал энэ долоо хоногт ч үргэлжилж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог УИХ-д танилцуулах ажиллагаа дахин хойшлов. Улмаар чуулганы ирц тойрсон асуудал МАН, АН-ын хоорондын улс төрийн маргаан төдийгүй эрх баригч намын дотоод сахилга, хариуцлагын асуудал болон өргөжиж, Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэд хүртэл “УИХ-ын гишүүд чуулгандаа суу” гэсэн шаардлага тавьж эхэллээ.
Г.Тэмүүлэнгийн томилгоо ирцэд дахин гацав
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өчигдөр 14:00 цагт хуралдуулахаар товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс товлосон цагтаа эхэлж чадсангүй. Өнгөрсөн долоо хоногийн пүрэв, баасан гарагт чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж, Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоотой холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч мөн л ирц хүрээгүй. Ингээд хуралдааныг энэ долоо хоногийн даваа, мягмар гарагт үргэлжлүүлэхээр болсон юм. Гэвч өчигдөр нөхцөл байдал давтагдав. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 58 гишүүн ирцэд бүртгүүлж, 15 гишүүн гадаад, дотоод томилолт болон чөлөөтэй, 53 гишүүн ирцэд ороогүй байв.
МАН-ын бүлгээс Н.Алтаншагай, Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Х.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Ж.Бат-Эрдэнэ, О.Батнайрамдал, Б.Баярбаатар, Э.Болормаа, Ц.Даваасүрэн, Х.Жангабыл, М.Мандхай, Ч.Номин, Л.Оюун-Эрдэнэ, О.Саранчулуун, Б.Тулга нарын 16 гишүүн ирцэд бүртгүүлээгүй байлаа. Мөн Үндэсний эвслийн Н.Номтойбаяр, М.Сарнай, Д.Пүрэвдаваа, А.Ундраа, Иргэний зориг ногоон намын Б.Батбаатар, М.Нарантуяа-Нара нар ирцэд бүртгүүлээгүй байна. Ингэснээр Ерөнхий сайд Н.Учрал Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнг томилуулах саналаа УИХ-д танилцуулах ажиллагаа ирцээс шалтгаалан дахин хойшлов.
АН: Олонх ирцээ бүрдүүлбэл бид хуралдаа орно
Чуулганы ирц хүрэхгүй байгаатай зэрэгцэн МАН, АН-ын хооронд хэн парламентын үйл ажиллагааг гацааж байна вэ гэсэн улс төрийн маргаан өрнөж байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл эрх баригчдын зүгээс АН-ыг чуулганы хуралдааныг бойкотолж, гацааж байгаа мэтээр мэдээлж буйг үгүйсгэв. Тэрээр “МАН дангаараа 64, эвсэж хамтарч байгаа намуудтайгаа 80 суудалтай улс төрийн хүчин. Тэд УИХ-ын чуулган болон бүх байнгын хорооны ирцийг дангаараа бүрдүүлэх боломжтой. Олонх болж бодлогоо, амлалтаа хэрэгжүүлнэ гэсэн улс төрийн хүчин өөрийнхөө дотоод зөрчлөөс болж УИХ-ын үйл ажиллагааг гацааж зогсоочихоод үүнийгээ бусад руу чихэх чинь увайгүй үйлдэл шүү. Үүнийгээ зогсоохыг МАН-ын дарга Н.Учралаас шаардаж байна. Хоёрдугаарт, АН Засгийн газрыг огцрохыг шаардаж, тогтворгүй байдал үүсгэж байна гэсэн мэдээлэл гарч байна. Гэтэл огцруулах, эсэх эрх нь олонход байгаа шүү дээ. Харин цөөнх болохгүй байгаа зүйлийг хэлж, хариуцлага нэхэх эрхтэй. Ийм биш бол цөөнх гэж байгаад яах юм бэ. Цөөнх ажлаа хийгээд явж байна. Харин олонх ажлаа хийхгүй байна. Тиймээс цаашид олонх ирцээ бүрдүүлээд оролцсон тохиолдолд АН ирцээ бүрдүүлээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцох боломжтой. Гуравдугаарт,, Ардчилсан нам Ерөнхий сайд Н.Учралыг өөртөө итгэл үзүүлэх асуудлыг УИХ-д оруулж ирэхийг шаардаж байгаа. Энэ шинэ зүйл биш. Энэ бол парламентын засаглалтай орон бүрд байдаг ойлголт. Олон нийтийг хууран мэхэлсэн төсөв оруулж ирсэн, мөн төсөвт Ерөнхий сайдын хамааралтай компанийн нэр ороод ирсэн шүү дээ. "Миний бодлогыг дэмжиж байвал надад итгэл үзүүлэх асуудлыг оруулж байна” гээд оруулаад ирэх ёстой. Хэрвээ итгэл үзүүлэхийг дэмжвэл 2027 оны төсвийн бодлого тэр чигээрээ дэмжигдэж байна гэсэн үг шүү дээ. Дахиад хэлэхэд, цөөнх УИХ-ын үйл ажиллагааг гацаах, Засгийн газрыг огцруулах боломжгүй. Боломжгүй зүйлийг цөөнхөд нялцааж байгааг анхааралдаа авахыг хэвлэл мэдээллийн байгууллагууд, иргэдээс хүсэхийн зэрэгцээ олонхын бүлгийг ажлаа хийхийг шаардмаар байна” хэмээн мэдэгдсэн юм. Мөн АН-ын байр суурийг “Олонх ирцээ бүрдүүлсэн тохиолдолд цөөнх УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явна” хэмээн тодотгов.
МАН ирээгүй гишүүддээ хариуцлага ярина
Харин МАН-ын бүлэг чуулганы ирцээ бүрдүүлэхийн тулд гадаад, дотоод томилолттой байсан гишүүдээ дуудан ирүүлжээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал “Өнөөдрийн чуулганы ирц бүрдчих байх. Гадаад, дотоод томилолттой байсан гишүүдийг дуудаад аваад ирсэн” хэмээн мэдээлэв. Тэрээр үүнээс гадна хуралдаантайг мэдсээр байж ирэхгүй байгаа гишүүдийн асуудлыг намын түвшинд авч үзэхээ мэдэгдсэн юм. “Мэдсээр байж чуулганд орж ирэхгүй байгаа гишүүдэд намын дүрмийн дагуу хариуцлагын асуудал яригдана” хэмээн Ж.Батжаргал хэллээ. Ингэснээр чуулганы ирцийн асуудал зөвхөн олонх, цөөнхийн улс төрийн маргаанаар хязгаарлагдахгүй, МАН дотор сахилга, хариуцлагын асуудал болон яригдаж эхлэв. Мөн МАН-ын бүлгийн хурлаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэж, үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ. Оюутолгойн ногдол ашгийн тодорхой хэсгээр нийгмийн болон суурь дэд бүтцийн асуудал шийдвэрлэх нэг удаагийн үйлчлэлтэй Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлал үндсэн зохицуулалтыг хэлэлцлээ. Хуулийн төсөлд “Улсын төсвийн орлогод төвлөрүүлсэн ногдол ашгийн орлогоор зөвхөн Монгол Улсын 2027 оны төсвийн тухай хуулиар баталсан нийгмийн болон суурь дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлнэ гэж тусгасан байна. Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжив. Эрчим хүч, дэд бүтцийн асуудлыг шийдэхгүй бол орон нутгийн эрчим хүчний дутагдал, эдийн засаг тэлэх боломжгүйг бүлгийн гишүүд тодотгов. Түүнчлэн гишүүд Оюутолгойн ногдол ашгийг урсгал зардалд зарцуулахгүй байхаар тусгасныг дэмжиж байгаа гэдгийг МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал мэдээлэлдээ онцлов.
С.Бямбацогт: УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй
УИХ-ын дарга хуралдааныг хойшлуулах үеэр гишүүдэд Үндсэн хуульд заасан тангаргийг нь сануулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн тулд чуулганы хуралдаанд идэвхтэй оролцохыг уриалав. Тэрээр “УИХ-ын гишүүн ард түмний элч, төлөөлөгч бөгөөд нийт иргэн, улсын эрх ашгийг эрхэмлэн ажиллахаа тангарагладаг. Өнөөдөр ард иргэд үнийн өсөлтийн асуудлыг шийдвэрлэх, шатахуун, төмс, хүнсний ногоо, мах, гурилын нөөцийг бүрдүүлэхийг хүлээж байна. Мөн эрчим хүч тасрах, хөлдөх эрсдэлээс сэргийлэх асуудлыг шийдвэрлэхийг хүсэж байгаа. Төрийн албан хаагчид цалингийн нэмэгдлээ, ахмадууд тэтгэврийн нэмэгдлээ хүлээж буй энэ үед УИХ-ын чуулганы хуралдааныг гацаагаад байж болохгүй” гэв. Мөн хуралдаан тасалдаж, шийдвэр гаргах хугацаа алдагдах бүрд иргэдийн амьдрал, улс орны эдийн засаг, нийгэмд шийдвэрлэх шаардлагатай асуудлууд хуримтлагдаж байгааг онцолсон юм. Тухайн үеийн ирцийн мэдээллээр УИХ-ын 126 гишүүнээс МАН-ын 68 гишүүний 49 нь чуулганы ирцэд бүртгүүлжээ. Харин АН-ын 42 гишүүнээс тав, ХҮН намын найман гишүүнээс долоо, Иргэний зориг ногоон намын дөрвөн гишүүнээс хоёр нь ирцэд бүртгүүлсэн бол Үндэсний эвслийн дөрвөн гишүүнээс нэг нь ч ирээгүй байна. Мөн 16 гишүүн хүндэтгэн үзэх шалтгаантай байжээ. УИХ-ын дарга хэн хуралдаандаа ирсэн, хэн тасалсан болон ямар гишүүд хүндэтгэн үзэх шалтгаантай байгаа талаарх мэдээлэл олон нийтэд нээлттэй байгааг тодотгов. Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэд хэдэн чухал асуудал хэлэлцэхээр товлосон байлаа. Тухайлбал, Засгийн газрын гишүүнийг огцруулах, томилох тухай асуудал буюу Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоог хэлэлцэх байсан юм.Үүнээс гадна Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027-2028 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн нарын өргөн мэдүүлсэн Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2027 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2027 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн нэг дэх хэлэлцүүлгийг үргэлжлүүлэхээр товлоод байв.Гэвч эдгээр асуудлыг хэлэлцэх боломжгүй болж, чуулганы нэгдсэн хуралдаан дахин хойшиллоо.
Иргэд: “УИХ-ын гишүүд чуулгандаа суу”
Төрийн ордонд гишүүдийн ирцийг хүлээж байх зуур Сүхбаатарын талбайд иргэд жагсав. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг жагсаалд оролцож буй иргэдтэй уулзсан бөгөөд тэд төр, засагт хоёр үндсэн шаардлага тавьж байгаа аж. Нэгдүгээрт, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх. Хоёрдугаарт, УИХ-ын гишүүд чуулганы хуралдаандаа сууж, парламентын үйл ажиллагааг хэвийн явуулахыг шаарджээ. Ингэснээр сүүлийн хэдэн өдөр Төрийн ордон дотор өрнөсөн ирцийн маргаан Сүхбаатарын талбай дахь иргэдийн шаардлагын нэг хэсэг болов. Нэг талд АН “Олонх эхлээд ирцээ бүрдүүл” гэсэн байр суурьтай байгаа бол нөгөө талд МАН гишүүдээ хуралдаанд оролцуулахын тулд томилолтоос нь дуудаж, ирээгүй гишүүддээ намын дүрмийн дагуу хариуцлага тооцох асуудал хөндөж эхэллээ. Хууль зүй, дотоод хэргийн сайдын томилгоо ч хүлээгдэж байна. Чуулганы ирц бүрдэхгүй байгаа асуудал ийнхүү нэг сайдын томилгооноос хальж, парламентын хэвийн үйл ажиллагаа, олонх ба цөөнхийн харилцаа, намын дотоод сахилга, улмаар иргэдийн шаардлагатай огтлолцсон улс төрийн асуудал болж өргөжөөд байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ЕСДҮГЭЭР САРЫН 22. МЯГМАР ГАРАГ. № 178 (7920)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn