Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

36 мин
Нийтэлсэн: Админ
 10 мин унших

УИХ-ын гишүүн Отгоншарын Батнайрамдал

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн жилийн үйлдвэрлэл, зардал, ашиг, ногдол ашиг төдий бус илүү чухал зүйлийг ч харуулдаг.

 Тухайлбал, тухайн төслийн эдийн засгийн чадавхын өсөлт бууралт,  талуудын хэлэлцээний байр суурийн өөрчлөлтийг харж болох бөгөөд эдгээрээс хамгийн чухал нь тухайн улс орныхоо дотоод нөхцөл байдлын өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, үйл ажиллагаагаа түүнд нийцүүлж чадсан эсэх байдаг.

Рио Тинтогийн 2026 оны эхний хагас жилийн тайлан бол ийм тайлангийн нэг юм.

Өнгөц харахад ойлгомжтой дүр зураг. Рио Тинтогийн цэвэр ашиг 43 хувиар өсөж, 6.85 тэрбум ам.долларт хүрэв. Мөн компаний EBITDA (хүү, татвар, элэгдэл, хорогдлын өмнөх ашиг) 28 хувиар нэмэгдэж, 14.83 тэрбум ам.доллар болсон бол чөлөөт мөнгөн урсгал 75 хувиар өсөж, 3.83 тэрбум ам.долларт хүрчээ. Компанийн ногдол ашиг 43 хувиар нэмэгдэж, нэгж хувьцаанд 2.11 ам.доллар хуваарилах болсон байна.

Гэвч энэ статистикийн ард нэлээд өөр дүр зураг уншигдаж байна.

Рио Тинтогийн зэс, хөнгөн цагаан, литийн олборлолтын хэмжээ нийлбэр дүнгээрээ өмнө нь тус компанийн гол орлогыг бүрдүүлэгч байсан төмрийн хүдрийг давж, компанийн орлогын голлох эх үүсвэр болов. Зэсийн бизнесийн EBITDA ойролцоогоор 5.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.

Энэ бол санхүүгийн үзүүлэлт төдий биш компанийн стратегид гарч буй суурь өөрчлөлтийн илэрхийлэл юм.

Рио Тинто цаашид зөвхөн төмрийн хүдрээр тодорхойлогдох компани биш болж байна гэсэн үг. Компанийн ирээдүй зэстэй улам нягт холбогдож, энэхүү шилжилтийн төвд Оюу толгой оршиж байна.

Энэ өөрчлөлтийн үр дагавар Рио Тинтогийн балансын тайланд дурдсанаас илүү чухал утгыг илэрхийлж байна.

Оюу толгой одоо тус компанийн дэлхий даяарх олон уурхайн төслийн нэг гэхээс илүүтэй стратегийн хувьд онцгой ач холбогдол бүхий орлогын нэг гол эх үүсвэр болжээ.

Төслийн ач холбогдол нэмэгдэж, эдийн засгийн өгөөж нэмэгдэхийн хэрээр 17 жилийн өмнө энэхүү түншлэлийн суурийг тавьсан зарим үндсэн нөхцөл, таамаглалыг эргэн харах зүй ёсны шаардлага үүснэ.

“Монгол Улс энэ шинэ нөхцөл байдалд бүрэн ач холбогдол өгч чадсан уу, зургадугаар сард хийсэн тохиролцоо үүнийг хангалттай тусгасан уу?” гэдэг асуулт нээлттэй хэвээр байна.

Оюу толгой өөрөө ч эрс өөрчлөгджээ. 2026 оны эхний хагас жилд зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 31 хувиар өссөн бөгөөд Рио Тинто ил болон далд уурхайн нийлбэр зэсийн үйлдвэрлэл 2028–2036 онд жилд дунджаар 500,000 тонн хүрнэ гэсэн төсөөллөө хадгалж байна. Үүний зэрэгцээ тус компани зэсийн бизнесийн C1 цэвэр нэгж зардлын тооцооллоо фунт тутамд 0.65–0.75 ам.доллараас 0.30–0.50 ам.доллар болгон бууруулсан бөгөөд үүнд Оюу толгойн далд уурхайн олборлолт эрчимжсэн нь голлон нөлөөлснийг тус компани онцолжээ.

Эдгээрийн аль нь ч гайхах зүйл үнэндээ биш. Жаран жилийн турш уул уурхайн төслийн нөхцөл байдал хөдлөшгүй тогтвортой байна гэж ямар ч нухацтай хөрөнгө оруулагч хүлээхгүй. Зах зээл өөрчлөгдөнө. Технологи хөгжинө. Үйл ажиллагааны эрсдэл буурна. Түүхий эдийн мөчлөг солигдоно. Тиймээс ийм төслийг зохицуулдаг түншлэлийн нөхцөл ч мөн хувьсан өөрчлөгдөх учиртай. Гэхдээ урсгалаараа, нэг талыг барьж биш, харин ил тод, хуульд нийцэн, харилцан ашигтай хэлбэрээр хувьсан сайжрах ёстой.

Төсөл илүү ашигтай боллоо гээд аяндаа шударга болчихдоггүй. Бий болгож буй үнэ цэнэтэйгээ зэрэгцэн түүнийг зохицуулах дүрэм, нөхцөл нь хувьсан өөрчлөгдсөн цагт л шударга түншлэл бий болдог.

Энэ үйл явцыг Рэймонд Верноны "Хоцрогдох хэлэлцээ" (Obsolescing Bargain)-ний онол маш тодорхой тайлбарладаг. Байгалийн баялгийн томоохон төсөл жигдэрч, үйл ажиллагааны эрсдэл буурч, оруулсан хөрөнгө тухайн байршилд эргэлт буцалтгүй суух тусам талуудын хэлэлцээний хүчний харьцаа эсрэгээрээ өөрчлөгддөг. Өөрөөр хэлбэл, төслийн эхлэх шатанд Хөрөнгө оруулагч талд байсан хэлэлцээрийн хөзөр төслийн бүтээн байгуулалт дуусах үед тухайн улс руу шилжиж очдог.

Үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг гэрээ, төслийг хүчээр нураах тухай биш. Харин суурь эдийн засаг нь үндсээрээ өөрчлөгдсөн урт хугацааны түншлэл тогтвортой үлдэхийн тулд хэлэлцээний замаар хувьсан өөрчлөгдөж байх ёстой гэсэн санаа юм.

Байгалийн баялгаа амжилттай удирдаж ирсэн улс орнууд үүнийг аль эрт ойлгож хэрэгжүүлж чаджээ. Ботсвана Улс алмазын салбар хөгжихийн хэрээр De Beers-тэй байгуулсан түншлэлийн нөхцөлөө үе шаттайгаар дахин хэлэлцэж шинэчилсээр ирсэн бол Чили стратегийн ач холбогдолтой литийн ордуудын засаглал болон эдийн засгийн нөхцөлийг нэгдмэл хууль тогтоомжийн өөрчлөлтөөр биш, харин хэлэлцээний үндсэн дээр шинэчилсэн.

Эндээс гарах сургамж энгийн: “аливаа баялгийн түншлэл үүссэн нөхцөл байдалдаа нийцүүлэн хувьсан өөрчлөгдөж чадвал урт хугацаанд тогтвортой байж чаддаг”.

Ийм учраас Рио Тинтогийн сүүлийн тайлан УИХ-ын гаргасан дүгнэлтийг улам бататгаж байна.

2025 оны 12 дугаар сарын 26-нд Парламентын хяналт шалгалтын үйл ажиллагааны үр дүнд батлагдсан УИХ-ын 120 дугаар тогтоолоор Оюу толгойн стратегийн ордтой холбоотой шийдэгдээгүй асуудлуудыг цэгцлэх, Эдийн засгийн байнгын хороонд улирал тутам тайлагнах, 2026 оны намрын чуулганд үр дүнгээ танилцуулах үүргийг Засгийн газарт хүлээлгэсэн. Тус тогтоол бусад асуудлын зэрэгцээ Онтрэ лицензийн талбайнуудад хамаарах Үндсэн хуулийн нийцлийн асуудал болон Монголын хүртэх үр өгөөжийг бууруулах эрсдэлтэй хувьцаа эзэмшигчийн санхүүжилтийн нөхцөлөөс хамгаалах арга хэмжээний талаар тодорхой хариулт шаардаж буй.

Риогийн бизнесийн үйл ажиллагааны үр дүн нь эдгээр асуултыг хойш тавих үндэслэл бус, харин илүү шуурхай шийдвэрлэх боломж хийгээд зүй ёсны үндэслэл, шаардлагыг бий болгож байна.

Өнөөгийн Оюу толгой бол анхны санхүүжилтийн олон нөхцөл, таамаглалыг тогтоож байсан үеийн төслөөс бүтээмж өндөртэй, эрсдэл багатай, Рио Тинтогийн хувьд стратегийн хувьд илүү үнэ цэнтэй болжээ.

Засгийн газрын тайлбарлаж буйгаар энэхүү шинэ бодит байдлыг Рио Тинтотой зургадугаар сард байгуулсан тохиролцоонд аль хэдийн тусгасан. Уг тохиролцоогоор 2011 оны Нэмэлт, өөрчлөлт оруулж, дахин тодотгосон Хувь нийлүүлэгчдийн гэрээ буюу (НӨОДТХНГ)-д заасан үечилсэн хянан хэлэлцэх зохицуулалтын хүрээнд хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүг өөрчилж, Онтрэ уурхайн лицензийн асуудлыг хамтран шийдвэрлэхээр тохирч, хувьцаа эзэмшигчдэд хуваарилах өгөөжийг 2026 оноос эхлүүлэх зорилт тавьсан. Эдгээр нь ач холбогдолтой ахиц дэвшилт мөн.

Гэвч эдгээр шийдвэрүүдийг эцсийн үр дүн нь тодорхойгүй хэвээр байна.

Шинэчилсэн хүүгийн томьёолол, тогтмол ногдол ашиг хуваарилах механизм, бууруулсан менежментийн төлбөр болон холбогдох бусад өөрчлөлтийг НӨОДТХНГ болон төслийг зохицуулж буй бусад албан ёсны гэрээнд шууд тусгаж, хүчин төгөлдөр болгох хүртэл УИХ энэхүү тохиролцооны багцыг эцэслэн дууссан бус, хэрэгжилт нь дуусаагүй гэж үзэх ёстой. Улс төрийн амлалт үнэ цэнэтэй хэдий ч албан ёсны гэрээ л эцсийн баримт бичиг юм.

Энэ ялгаа чухал ач холбогдолтой. Учир нь шийдвэр бодитойгоор хэрэгжиж эхэлсэн тохиолдолд, түншлэлийн эдийн засгийн суурь бүтэц үнэхээр өөрчлөгдсөн үү, эсвэл одоо байгаа бүтцийн санхүүжилтийн өртгийг л бууруулсан төдий юу гэдэг тодорхой болно.

Рио Тинтогийн өөрийн хувьцаа эзэмшигчдийн нөхцөлтэй харьцуулахад энэ ялгаа бүр тод харагдана. 2026 оны эхний хагас жилд Рио Тинто ногдол ашгаа 43 хувиар нэмэгдүүлж, хөрөнгө оруулагчиддаа ойролцоогоор 3.4 тэрбум ам.доллар хуваарилсан бөгөөд үүнд Оюу толгойн сайн гүйцэтгэл тодорхой хэмжээгээр хувь нэмэр оруулсан. Харин яг энэ уурхайн 34 хувийг эзэмшдэг Монгол Улс түүнтэй дүйцэхүйц ногдол ашгийн хуваарилалт аваагүй. Төслийн түүхэн дэх хамгийн өндөр өгөөжтэй жилүүдийн нэгэнд шийдэгдээгүй өмчлөл, капиталын хуваарилалтын бүтэц ямар зардал дагуулж байгааг энэ ялгаа бодитоор харуулж байна.

Энэ жилийн ногдол ашгийн хуваарилалтыг хэмжих нэгэн тодорхой харьцуулалт бий. Morgan Stanley 2026 оны гуравдугаар сарын 10-ны судалгааны тайландаа Оюу толгой 2026–2027 онд жилд дунджаар ойролцоогоор 5.2 тэрбум ам.долларын татварын өмнөх чөлөөт мөнгөн урсгал бий болгох боломжтой гэж тооцсон. Монгол Улсын 34 хувийн эзэмшилд хувь тэнцүүлбэл жилд ойролцоогоор 1.8 тэрбум ам.доллар ногдоно.

Энэ тоо нь хувьцаа эзэмшигчийн зээлийн хүүний бууралтаас илүүтэйгээр энэ жил Монгол Улсад бодитоор хуваарилагдах өгөөжийг хэмжих хамгийн тодорхой жишиг юм. Хэрэв эцэст нь Монголын талын авах дүн үүнээс мэдэгдэхүйц доогуур байвал зургадугаар сарын тохиролцоо санхүүжилтийн зардлыг бууруулсан ч түншлэлийн эдийн засгийн суурь бүтцийг үндсэн хэмжээнд нь өөрчилж чадаагүйг харуулна.

Эдгээр асуулт Үндсэн хуулийн хүрээнд сонголтын асуудал биш. Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт стратегийн ач холбогдол бүхий орд бүрийн хангах ёстой үндсэн тэнцвэрийг тодорхойлсон. Үүнд,  хөрөнгө оруулагчид оруулсан хөрөнгө, технологи, хүлээсэн эрсдэлдээ нийцсэн өрсөлдөхүйц өгөөж хүртэх эрхтэй; үүний зэрэгцээ Монголын ард түмэн эх орны эрдэс баялгийн Үндсэн хуулиар тогтоосон эзний хувьд бий болж буй үнэ цэнээс нотлогдохуйц шударга хувь хүртэх эрхтэй. Энэ хоёрын аль нэгийг үгүйсгэсэн түншлэл урт хугацаанд тогтвортой орших боломжгүй.

Энэ зарчим зөвхөн санхүүгийн өгөөжөөр хязгаарлагдахгүй. Ийм хэмжээний төсөлд хувьцаа эзэмшигчийн өр, холбоотой этгээдийн санхүүжилт, менежментийн төлбөр, нөөцийн хил зааг, үр өгөөжийн хуваарилалт зэрэг суурь мэдээллийг тогтоохын тулд парламентын ээлжит бус онцгой хяналт шалгалт шаардагддаг байж болохгүй. Ил тод байдал нь олон нийтийн хяналт, шахалтаар олж авдаг буулт бус, засаглалын өдөр тутмын хэвийн стандарт байх ёстой.

Анхаарал татахуйц нэг зүйл бий. Рио Тинтогийн 2026 оны эхний хагас жилийн тайланд "Тогтвортой хөгжил ба нийгмийн зөвшөөрөл" (Sustainability and social licence) гэсэн тусгай хэсэг орсон байна. Энэ ойлголтыг үгийн чимэг биш, агуулгаар нь тайлбарлах нь зүйтэй.

Хуулийн лиценз хууль тогтоомж, зөвшөөрөл, гэрээнд тулгуурлана. “Нийгмийн зөвшөөрөл” харин зөвхөн олон нийтийн итгэлд оршдог. Эхнийх нь шүүхийн маргааныг давж гарч болно. Хоёр дахь нь улс орны хамгийн чухал баялгийн үр өгөөж шударгаар хуваарилагдахгүй байна гэсэн олон нийтийн тогтвортой ойлголтыг тэсвэрлэх даван гарах боломжгүй.

Өнөөдөр энэхүү  “Нийгмийн зөвшөөрөл” бодитоор байна уу гэдэг асуултад Рио Тинто ч, Монгол Улсын Засгийн газар ч олон нийтийн өмнөөс хариулж чадахгүй. Санхүүжилтийн нөхцөлд хийсэн тохиргоог асуудлыг бүхэлд нь шийдвэрлэсэн мэтээр тайлбарласан мэдэгдэл ч, үйл ажиллагааны амжилтаа тэмдэглэсэн компанийн тайлагнал ч үүнийг нотлохгүй.

Харин Монголын иргэд шинэчлэн байгуулсан гэрээнүүд болон нийтэд нээлттэй мэдээлэлд үндэслэн төсөл өөрчлөгдөхийн хэрээр түншлэл ч бодитоор өөрчлөгдсөн гэдгийг өөрсдөө шалгаж, нотолж чадах эсэх нь энэ асуултын хариулт юм.

Рио Тинтогийн сүүлийн тайлан нэг зүйлийг маргах аргагүйгээр ил болгож байх бөгөөд, тодруулбал, өнөөгийн Оюу толгой нь анх хэлэлцэн тохирч байсан үеийн төсөөллөөс эрсдэл багатай, бүтээмж өндөртэй, стратегийн хувьд илүү үнэ цэнэтэй хөрөнгө болжээ.

Харин түүнийг зохицуулж буй түншлэлийн бүтэц ижил хэмжээнд хувьсан өөрчлөгдсөн чадсан эсэх нь тодорхойгүй, эдгээр тоо цифрүүд үүнийг нотолж чадахгүй байна.

Үндсэн хуулиар стандартыг тогтоож, УИХ-ын 120 дугаар тогтоолоор замын зургийг гаргасан төсөл дээр хийх зүйл үндсэндээ тодорхой байна. Үүнд: НӨОДТХНГ  болон холбогдох гэрээнүүдэд

- 6 дугаар сарын тохиролцоог хуулийн хүчин төгөлдөр байдлаар тусгах;

- санхүүжилтийн шинэчилсэн нөхцөл, ногдол ашиг хуваарилах механизмыг нийтэд ил тод болгох;

- Онтрэгийн лицензийн асуудлыг Үндсэн хуульд нийцүүлэн, нээлттэй байдлаар шийдвэрлэх;

- Засгийн газар хэрэгжилтийн явцыг УИХ-д улирал тутам тайлагнах.

Мөн Оюу толгойтой холбоотой материаллаг ач холбогдол бүхий мэдээлэл УИХ, хөрөнгө оруулагчид, иргэний нийгэм болон олон нийтэд адил хүртээмжтэй байх ёстой. Ингэснээр бүх оролцогч тал түншлэл амласан үр дүнгээ бодитоор өгч байгаа эсэхийг өөрсдөө бие даан үнэлэх боломжтой болно.

Оюу толгойн эдийн засаг аль хэдийн өөрчлөгдсөн. Одоо түүнийг зохицуулж буй гэрээ болон засаглалын тогтолцоо ч мөн адил тодорхой, ил тод, шуурхай өөрчлөгдөх ёстой.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 28. БААСАН ГАРАГ. № 161 (7903)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Тавантолгойн бүлэг ордын нэгийг “үндэсний үйлдвэрлэгч” компанид эзэмшүүлэх үү

Яг үнэндээ, өнөөдөр Эрдэнэт, Тавантолгой хоёр л Монгол Улсыг тэжээж байгаа гэлцдэг. “Эрдэнэт

36 мин
МАН-ын Э.Болормаа, АН-ын Ч.Лодойсамбуу хоёрын “мэдэгдэл” юу өгүүлж байна вэ?

УИХ улс төрийн намын хоёр том бүлэгтэй. МАН-ын бүлэг 68, АН-ын бүлэг 42 гишүүнтэй. У

36 мин
Рио Тинтогийн санхүүгийн үзүүлэлт юу өгүүлнэ вэ?

Аливаа компанийн хувьцаа эзэмшигчиддээ зориулж гаргадаг нээлттэй тайлан зөвхөн тухайн ж

36 мин
Бүрэгхангай дахь алтны лицензийг авах гэсэн “нөхдүүд” баримтыг доромжлол, дуулианаар дарж байна

Сүүлийн үед олны анхааралд ороод байгаа Булган аймгийн Бүрэгхангай сумын нутаг дахь алтны шороон ордын лиценз тойрсон асуудал бий. Товчхондоо, энэ нь бизнесийн талуудын хооронд лиценз, компанийн эзэмшил болон

7 цаг 5 мин
Киргиз улс  ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад яаж бэлтгэж байна вэ?

-Үүнтэй зэрэгцэн тус улсад наймдугаар сарын 31-нд Дэлхийн нүүдэлчдийн VI наадам нээлтээ хийнэ-

12 цаг 1 мин
Майничи Шимбүн: Дата төвийн өсөлт Японд шинэ бохирдол бий болгох ёсгүй

Япон улс дижитал нийгмийн дэд бүтцээ эрчимтэй хөгжүүлж байна. Гэвч энэ хөгжлийн явцад шинэ төрлий

23 цаг 36 мин
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Өчигдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ах

Өчигдөр 06 цаг 00 мин
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

Уржигдар 06 цаг 00 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

Уржигдар 06 цаг 00 мин