Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

53 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Ч.БЯМБАХАЖИД

 

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Өчигдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ахуйн салбартай холбоотой гурван асуудлыг хэлэлцжээ. Энэ талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат танилцууллаа. 

Тэрээр

-Улсын хэмжээнд 2026 онд хаврын тариалалтаар нийт 370 орчим мянган га талбайд тариалалт хийсэн. Үүнээс 318 мянган га-д улаанбуудай, 13 орчим мянган га-д төмс, 14 орчим мянган га-д хүнсний ногоо, 90 орчим мянган га-д тосны ургамал, 94 орчим мянган га-д малын ногоон тэжээл тариалсан.

Урьдчилсан тооцоогоор нийт 555.3 мянган тонн үр тариа хураан авах төлөвтэй байна. Үүнээс 497 орчим мянган тонн нь улаанбуудай юм. Мөн 168.2 мянган тонн төмс, 220 орчим мянган тонн хүнсний ногоо, 50 мянган тонн тосны ургамал, 201 мянган тонн малын тэжээл авах урьдчилсан баланс гарсан.

Энэ ургацын хэмжээнд үндэслээд ирэх онд Монгол Улс улаанбуудай болон төмсний хэрэгцээгээ 100 хувь хангах боломжтой гэсэн сайн мэдээ байна. Харин хүнсний ногооны хэрэгцээнийхээ ойролцоогоор 70 хувийг дотоодын ургацаар хангах тооцоо гарсан.  

Мөн өмнөх онтой харьцуулахад энэ жил ойролцоогоор 230 мянган тонн улаанбуудай илүү хураан авах боломж бүрдэж байна. Ургац хураалтын ажлыг зохион байгуулахтай холбоотойгоор Ургацын комисс байгуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар гаргасан. Есдүгээр сард тус комиссыг хуралдуулж, ургац хураалтад шаардлагатай хүн хүчний асуудлыг шийдвэрлэхээс гадна зарим бүс нутагт үүсэж болох эрчим хүчний асуудал, зам, гүүр, даваа, далан зэрэг дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэнэ. Ингээд ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авах зорилт тавьж байна.

Хүн хүчний асуудал дээр Зэвсэгт хүчний Жанжин штаб бусад аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж байгаа. Мөн есдүгээр сарын 15-наас оюутнуудын хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотойгоор оюутнуудыг цалинтай ажиллуулах талаар сургуулийн удирдлагуудтай хамтран ажиллаж байна.

Засгийн газраас төсвийн тодотголыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайдын зүгээс батлагдсан төсвөөс 1.4 их наяд төгрөгийн хэмнэлт гарсан тул үүнийг хэрхэн зарцуулах талаар төсвийн тодотголд тусгасан. Үүний дотор хүнсний хангамж болон стратегийн нөөц бүрдүүлэхтэй холбоотой 150 орчим тэрбум төгрөгийн саналыг оруулсан. Үүнд махны хангамжийн асуудал ч багтаж байгаа. 

Мөн дөрвөн төрлийн хүнсний ногооны стратегийн нөөц бүрдүүлэхэд анхаарч, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгасан. Ерөнхийдөө хүнсний стратегийн нөөцөө бүрдүүлэх, үнийг тогтвортой түвшинд барих, ургацыг цаг хугацаанд нь хураан авч нөөц бүрдүүлэх ажлуудыг бэлтгэж байна.

Баяжуулсан гурилын тухайд Монгол Улсад импортоор орж ирж байгаа баяжуулсан гурил стандартад нийцэж байгаа эсэхэд шинжилгээ хийж байгаа. Шинжилгээний хариу гарч эхэлсэн бөгөөд тодорхой үзүүлэлтээр стандартад нийцэхгүй, шаардлага хангахгүй тохиолдол илэрсэн. Тиймээс тавдугаар сарын 26-аас баяжуулсан гурилыг Монгол Улсад импортлохтой холбоотой импортын гэрчилгээ олгох үйл ажиллагааг түр зогсоож, хяналт шалгалтыг үргэлжлүүлнэ.

Сүүний тухайд “Сүү” хөтөлбөрийг хэрэгжүүлснээр манай улсын сүүний хэрэглээ зургаа дахин нэмэгдсэн байна. Анх гурван аймгаас эхэлж байсан бол одоо 13 аймагт хэрэгжиж байгаа. Засгийн газар энэ хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлэхээр болсон.

Сүүний үнийн хувьд одоогоор өөрчлөлт оруулаагүй. Харин хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналт, ил тод байдлыг нэмэгдүүлэх чиглэлээр журмыг шинэчилсэн. Мөн сүүний урамшууллыг төсвийн тодотголд тусгасан. 

 

 “Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор”-ын төсөлд хоёр хөрөнгө оруулагч тунаж үлджээ

-“Гангийн үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний тухай Засгийн газрын тогтоол батлагдлаа. Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөр, “Алсын хараа-2050” бодлогын баримт бичигт тусгасан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрт баригдах “Гангийн үйлдвэрийн цогцолбор байгуулах” төслийг эрчимжүүлэх Засгийн газрын 64, 28 дугаар тогтоолын хүрээнд Ерөнхий сайдын 56, 152 дугаар захирамжаар ТЭЗҮ-ийг боловсруулан батлуулах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгуулагдсан түүхтэй.

Ажлын хэсэг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд ажлаа танилцуулсны дараа олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны санал авах урилгыг мөн сарын 10-наас тавдугаар сарын 11-ний өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй байршуулсан юм. Шведийн хаант улс, БНХАУ, БНСУ болон АНУ-ын ган үйлдвэрлэл, металлургийн салбарын тэргүүлэгч 30 компанид төслийн урилгаа хүргүүлснээс таван ААН-ээс үнийн санал ирүүлжээ. Тэгвэл урьдчилсан сонгон шалгаруулалтын үр дүнгээр хураангуй жагсаалтад орсон хоёр хөрөнгө оруулагчид энэ тухай мэдэгдэл хүргүүлж, саналыг үнэлэх Дэд ажлын хэсэг байгуулаад байгаа аж.

Хураангуй жагсаалтад багтсан стратегийн хөрөнгө оруулагчдын төсөл хэрэгжүүлэх төлөвлөгөө, хөрөнгө оруулах хувилбар, бизнес түншлэлийн саналыг үнэлэх, төслийн хөрөнгө оруулагчийг шалгаруулах хоёр дахь шатны сонгон шалгаруулалтыг зохион байгуулах бэлтгэл ажил хангагдсан байна. Хөрөнгө оруулагчдад дотоодын сая тонн гангийн хэрэглээг хангахаас гадна экспортод гаргах өндөр чанарын ган үйлдвэрлэх, дотоодын ААН-үүдийг ажлын байраар хангах, ажилтнуудыг сургах, мэргэшүүлэх шаардлага тавих аж. Төслийн бүтээн байгуулалт явагдах газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан байна. Эцэслэсэн дүн мэдээг 2026 оны аравдугаар сард багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулна.

 

Биржийн арилжаанд оролцсон ААН-ийн дэнчингийн 90 хувийг буцааж шилжүүлнэ

 

"Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын тогтоол батлагдав. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны тухай хууль 2022 онд батлагдаж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүнийг биржээр дамжуулан ил тод, өрсөлдөөнт нөхцлөөр арилжаалах боломж бүрдсэн. Тухайлбал, “Эрдэнэс Тавантолгой” ХК 2026 оны эхний 7 сард 195 удаагийн арилжаагаар 10.65 сая тонн нүүрсийг 940.4 сая ам.долларын үнийн дүнгээр арилжаалсан байдаг.

Гэвч биржээр арилжаалж буй бүтээгдэхүүний төрөл хангалтгүй, урт хугацааны худалдааны хэлцэл байгуулах боломж хязгаарлагдмал, гэрээний хэрэгжилтийн хугацаанд худалдан авагчийн байршуулсан дэнчин царцаж, эргэлт саарах, компаниудын мөнгөн урсгалд дарамт учруулж буй учраас уг асуудлыг шийдвэрлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Биржийн арилжааны үр ашиг, өрсөлдөх чадвар, нэр төрлийг нэмэгдүүлэх тус тогтоолд гурван үндсэн агуулгыг тусгажээ. Тодруулбал,

-Стандартад нийцсэн уул уурхайн бүтээгдэхүүнийг хоёр болон түүнээс дээш төрлөөр багцлан нэг арилжааны захиалга гаргах.

-Уул уурхайн бүтээгдэхүүний индексэд суурилсан үнэтэй форвард гэрээг тав хүртэл жилийн хугацаатай байгуулах, гэрээний үүргийн биелэлтийг дүгнэх.

-Гэрээ байгуулагдсан тохиолдолд худалдан авагчийн байршуулсан дэнчингийн 90 хувийг буцаан шилжүүлэх, гэрээ дүгнэсний дараа 10 хувийг шилжүүлэх журмыг тусгахаар тус, тус үүрэг болгов.

Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ “Манай Засгийн газар бүх төрлийн оффтэйк гэрээг огт хийхгүй. Гэрээний хугацаа дуусаж байгаа, өмнө нь урьдчилгаа төлбөр аваад гэрээ хэлцэл хийж, хэл ам дагуулаад байдаг сэдвийг хаалаа. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн дагуу ил тод нээлттэй арилжаал. Үнэ хаялцаад хамгийн өндөр өртөгтэйгөөр нүүрсээ гаргая. Энэ бол ил тод, зөв зарчим. Гэрээ хэлцэл хийнэ гэж дээгүүр, доогуур явдаг хүмүүс боль. Биржээр явж байгаа учраас бүх зүйл ил болсон” гэсэн юм.

 

Дорнод, Сүхбаатар аймгийн гурван суманд хорио цээрийн дэглэм тогтоолоо

 

 Малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” буюу өмнө нь Монгол Улсад гараагүй хэвшил 2026 оны тавдугаар сард Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоосон. Урьдчилан сэргийлэх, яаралтай дархлаажуулалтыг хоёр үе шаттай хэрэгжүүлж, “SAT-1” хэвшлийн нэг сая 650 мянган тун вакцинаар мал сүргийг дархлаажуулснаар долоодугаар сарын 8-ны өдрөөс хойш шинэ тохиолдол бүртгэгдээгүй байна. Тэгвэл Дорнод аймгийн Дашбалбар, Чулуунхороот, Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд малын гоц халдварт шүлхий өвчний “SAT-1” хэвшил дахин бүртгэгдсэн нь Мал эмнэлгийн ерөнхий газрын лабораторийн шинжилгээгээр батлагдсан тул 2026 оны наймдугаар сарын 26-ний өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоолоо. 

Эдгээр сумд нь хил орчмын бүс нутгаас гадна зээрийн сүрэг ихтэй. Дорнод аймгийн “Номинт” багийн нутагт буй 15 мянга гаруй зээрийн сүргээс дээж авч шинжлэхэд цөөнгүй нь шүлхийгээр өвдсөн нь тогтоогдоод байгаа аж. Улз голд хашигдаж байгаа эдгээр зээрийн сүрэг өвөл мөс хөлдсөний дараа нүүдэллэж, Хэнтий, Сүхбаатар аймгийн нутгаар шүлхий өвчин тараах эрсдэл өндөр байна гэлээ.

Мал эмнэлгийн ерөнхий газар шүлхийн голомтот бүсэд 74 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд нөөцдөө байсан таван мянган тун вакциныг мэдрэг малд хийж эхэлжээ. Нэмэлтээр мөн 190 мянган тунг хүргүүлээд байгаа аж. Цаашдаа үйлдвэрлэгчтэй гэрээ байгуулан зургаан сая тун “SAT-1”, О, А дэд хэвшлийн вакциныг нэн яаралтай худалдан авах шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Хилийн бүс нутаг учраас хүн, тээврийн хэрэгслийн хяналтыг чангатгах, отог нүүдлийн зорилгоор хилийн хамгаалалтын бүс рүү малчдыг нэвтрүүлэхгүй байх, хил орчмын бүс нутагт зэрлэг амьтдын тандалт судалгаа хийх ажлыг шуурхайлах үүргийг холбогдох албаны хүмүүст өглөө. Дорнод, Сүхбаатар аймгийн Засаг дарга нарт хүн хүч, техник хэрэгсэл, халдвар хамгааллын хувцас хэрэглэлийн санхүүг яаралтай шийдэх, улсын болон орон нутгийн чанартай автозамуудад хяналтын пост ажиллуулах, малчдад мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөгөөг хүргүүлэх ажлыг шуурхай хэрэгжүүлэх үүргийг өгчээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 27. ПҮРЭВ ГАРАГ. № 160 (7902)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Боловсролын сайдын “үнэгэн заль” уу?

Монголын төрийн бодлогод нэгэн сонин жишиг тогтоод удаж байна. Хууль батална. Хэрэгжүү

53 мин
Ц.Идэрбат: Ес, аравдугаар сард багтаан ургацаа бүрэн хураан авна

Засгийн газрын хуралдаанаар гарсан шийдвэрүүдийг танилцуулж байна. Өчигдрийн хуралдаанаар Хүнс хөдөө аж ах

53 мин
Ясмин Фуад: Гангийн асуудлаар бид цаашид хүлээгээд сууж болохгүй

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар са

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Бямбацогт: Сум бүрд хөв цөөрөм, нуур байгуулахыг уриалж байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын хүрээнд зохион байгуулагдаж б

Өчигдөр 06 цаг 00 мин
Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон хүүг нь саатуулжээ

Арменийн Ерөнхийлөгч асан Роберт Кочарян болон түүний ууган хүү Седрак Кочарян нарыг ав

Уржигдар 18 цаг 18 мин
СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно

Уржигдар 09 цаг 52 мин
COP17: Газрыг сэргээх амлалтыг хөрөнгө оруулалт болгох “Санхүүжилтийн өдөр”

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) Улаанбаатар хотноо най

Уржигдар 06 цаг 00 мин
Р.Болд: Өрөөлд  төвөгтэй, өөртөө гай дуудсан хууль зөрчсөн хүмүүжилгүй үйлдлийг эх оронч гэхгүй нь лавтай

Түүхийн ухаан доктор, судлаач Р.Болдтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: “Мөнгөн мод”-ыг францын уран барималч бүтээсэн түүхэн улбаатай юм

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын зургаа дахь өдөр дэлхийн

2026-08-24
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана

2026-08-24