Т.БАТСАЙХАН
Эрүүл мэндийн ажилтан, эмч нарын цалинг нэмснээр хоёр шатлалаас боддог болсон байна. Тэгвэл Ерөнхий сайд Н.Учрал эмч, эмнэлгийн ажилтнуудын цалингийн нэмэгдлийг бодит болгох үүргийг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт өгсөн. Нэг шатлалтай болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай байгаа бөгөөд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар таван арга замаар энэ эх үүсвэрийг бүрдүүлэх тооцоо хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Улмаар бодлогыг хэрэгжүүлснээр ирэх сарын 1-ээс эрүүл мэндийн байгууллагын ажилтан, эмч нарын цалинг нэг болгох боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын байр суурийг хүргэе.
“Хатуу зохицуулалттай улс орнуудын эмийг хөнгөлөлтөд түлхүү оруулна”

- Эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудын цалинг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс 30 хувь, наймдугаар сарын 1-нээс есөн хувь, есдүгээр сарын 1-нээс есөн хувиар нэмж, арваннэгдүгээр сарын 1-нээс цалингийн нэмэгдлийг 75 хувьд хүргэх шийдвэр гаргасан. Гэтэл нэмэгдэл цалинг өмнөх нэмэгдээгүй цалингаас бодож байгаа. Харин татвар шимтгэлийг үндсэн том цалингаас нь тооцож байгаа. Засгийн газрын тогтоолоор нэмэгдэл цалинг өмнө нь авдаг байсан цалингаас тооцно гэчихсэн. Ингээд хоёр цалинтай болсон. Нэг болгоход 150 тэрбум төгрөгийн эх үүсвэр шаардлагатай. Тиймээс дараах арга хэмжээг авч эх үүсвэрийг бий болгоно.Лавлагаа шатлалын эмнэлгүүдээс зарим тусламж үйлчилгээг анхан шат руу шилжүүлнэ. Лавлагаа шатлалын эмнэлэгт нэн шаардлагагүй иргэд очиж байгааг анхан болон дунд шатанд эмчилдэг болно. Эндээс 40 орчим тэрбум төгрөг хэмнэнэ.Эмийн үнийн хөнгөлөлтийг оновчтой болгоно. Үүнээс 20-40 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. 300 тэрбумын эмийн худалдан авалт эмнэлгүүд хийдэг. Ингэхдээ эмнэлэг бүхэн тендер зарлаад эмээ худалдан авдаг. Гэтэл нэг эмийг өөр, өөр үнээр авч байна. Мөн 669 эмийг ЭМДС-аас хөнгөлдөг. Үүнд ДЭМБ-д бүртгэлгүй эмүүдийг хөнгөлж байна. ЭМДС-ын Үндэсний зөвлөлийг хуралдуулаад эмийн хатуу зохицуулалттай улс орнуудаас ирж байгаа эмүүдийг эмийн хөнгөлөлтөд түлхүү оруулна. Эрүүл мэндийн байгууллагын зардлын үр ашгийг дээшлүүлнэ. Эмнэлгүүдийг харахад менежмент нь харилцан адилгүй байна. Яг ижилхэн үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийн зарим нь ашигтай зарим нь алдагдалтай ажиллаж байна.Эрүүл мэндийн байгууллагуудын сонгон шалгаруулалтыг ил тод болно. Хүн амын 90 хувь нь улсын эмнэлгээс тусламж үйлчилгээ авдаг. Тиймээс лавлагаа шатлалын эмнэлгийн ачааллыг бууруулна. Ингэхдээ анхан шатны эмнэлгүүдийнхээ санхүүжилтийг нэмэгдүүлнэ. Хавтгайруулж, бөөнд нь мөнгө өгөхгүй. Цахимжуулалтыг сайжруулж, үр ашгийг нэмэгдүүлнэ. 20-40 тэрбум төгрөг хэмнэнэ. Эдгээр арга хэмжээг авснаар 150 тэрбум төгрөг хэмнэгдэнэ. Ингээд ирэх сарын 1-ээс эмч нарынхаа цалинг нэг болгоно” гэлээ.
“Төрийн аль ч байгууллага төсвийн болон урсгал зардлаар программ хангамж хөгжүүлэхгүй”

ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Батцэцэг:
-Нийслэлээс олгодог байсан 146 төрлийн зөвшөөрлийг мэдэгдээд эхэлдэг болох тогтоолын төслийг "Чөлөөлье" санаачилгын хүрээнд өнөөдөр баталлаа. Энэ тогтоол хэрэгжсэнээр фитнес, кофе шоп, гуталчин, оёдолчин зэрэг эрсдэл багатай бизнесийн үйл ажиллагаа эрхлэх гэж байгаа иргэд e-business.mn зөвшөөрлийн нэгдсэн системд хүсэлтээ өгмөгц тухайн бизнесийг эрхлэхэд шаардлагатай хууль, тогтоомж, холбогдох мэдээллийг иргэний өөрийнх нь бүртгэлтэй хувийн имэйлээр, и-монголиагаар хүргүүлдэг болно. Бизнес эрхлэхтэй холбоотой төрийн байгууллагаас аливаа дүгнэлтийг төрийн байгууллага өөрөө иргэнд очиж үйлчилдэг болж байна. Энэ тогтоол шууд хэрэгжинэ. Монгол Улсын төрийн аль ч байгууллага төсвийн болон урсгал зардлаар программ хангамж хөгжүүлэхгүй. 2015 оноос хойш улсын төсвийн 100 гаруй тэрбум төгрөг, гадаадын зээл, тусламжийн 230 гаруй сая ам.долларыг мэдээлэл технологийн салбарт программ хангамж, систем хөгжүүлэхэд зарцуулсан байна. Монгол Улсын 59 агентлаг, яам, нийслэлийн 9, түүний харьяа 99 байгууллагын ажилчин, албан хаагчид цагийн уян хатан менежментэд шилжиж, нэг өдөр зайнаас ажиллаж эхлээд байна.
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат: Эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гаргалаа

-Аж ахуйн нэгжүүдээс Засгийн газарт хандаж гурван асуудлыг яаралтай шийдэж өгөөч гэдэг хүсэлт тавьсан. Үүнийг нь Засгийн газрын зүгээс албажуулаад хаврын тариалалтад шаардлагатай байгаа 10 мянган тонн түлшийг 3,400 төгрөгөөр нийлүүлэх шийдвэрийг гаргасан юм. Өнөөдрийн байдлаар 7000 гаруй түлш нийлүүлсэн байна. Түлш нийлүүлдэг компаниудаас зарим нь хэлсэн ярьсандаа өгдөг бол бас хагас дутуу нийлүүлж байгаа нь ч бий. Тиймээс бид зарим аж ахуйн нэгжүүдэд шаардлага хүргүүлээд төлөвлөсөн түлшиндээ хүргэнэ гэдэг зорилготой ажиллаж байна. Дараагийн асуудал нь Монгол Улсын 2026 оны төсөв батлагдахдаа газар тариалангийн салбарт 130 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгө олгох зээл олгож эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт зээлийн олголт удаашралтай, хэмжээ нь ч хүртээмжтэй бус байсан. Ингээд Ерөнхий сайд өнгөрсөн долоо хоногт Монгол Банкны Ерөнхийлөгчтэй уулзаж, бид ч арилжааны банкнуудтай зөвшилцсөн. Үүний үр дүнд хөнгөлөлттэй олгох 130 тэрбум төгрөгийн зээлийн хэмжээг 200 тэрбумд хүргэхээр болсон. Мөн иргэдийн зүгээс төмсний үрийг нэмэгдүүлэх талаар санал ирүүлсэн. Энэ дагуу өнөөдрөөс Төв аймгийн Жаргалант суманд ОХУ-аас хоёр сортын төмсний үр бууж байгаа. Хүнсний ногооны хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтвортой байлгах зорилгоор Засгийн газрын зүгээс тогтоол гаргасан. Үүний хүрээнд нэр бүхий дөрвөн хүнсний ногооны үрийг ₮1 тэрбумд багтааж худалдана авах ажлыг зохион байгуулсан. Удахгүй орон нутаг руу хүргэгдэнэ. Энэ салбарт ажиллах хүчний хомсдол их байгаа тул техникжүүлэх тал дээр илүү анхаарч байна. Мөн Засгийн газрын хурлаар эх оронч үйлдвэрлэлийг дэмжих тогтоол гарсан. Энэ тогтоолын гол агуулга нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлсэн "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг хөтөлбөрийн зорилго нь манай улсын хүсний аюулгүй байдал, тэр тусмаа манай хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүнийг нэг дор цуглуулдаг болсон. Цуглуулсан түүхий эдээ дараагийн шатанд гаргадаг болоод буй. Тиймээс бид энэ үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор төсвийн хөрөнгөөр худалдаж авдаг төрийн албан хаагчдын хувцсыг Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээрээ хангадаг болох зорилго тавьсан. Түүнчлэн жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас авдаг зээлийн хугацаа таван жил байсныг долоо болгохоор ажиллаж байна. Ингэснээр ийм төрлийн зээл авсан бизнес эрхлэгчдийн сар бүрийн төлөлтийн хэмжээ багасна” гэв.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7814)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn