Зүүн гар талаас "Ю Си" эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин, ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр, хөтлөгч Б.Ууганбаяр, “Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням.
"ТВ-9" телевиз “Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр, “Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням, “Ю СИ” эмнэлгийн захирал М.Баттүвшин нар оролцлоо. Оролцогчдын байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
-Эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал, эмнэлгийн ачааллын талаар?
ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр:
-ЭХЭМҮТ нь Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг гэсэн хоёр эмнэлгээс бүрддэг. Хүүхдийн эмнэлэг маань дотроо 24 тасаг нэгжтэй, улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. 24 тасаг дотроо хүүхдийн, дотрын, мэс заслын тасгуудтай. Хүмүүс эх нялхаст л очоод үзүүлчихвэл зүгээр болчих юм шиг бодоод байдаг. Энэ нь манай эмнэлэгт төвлөрлийг ихээр бий болгодог. Тиймээс бидэнд тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол төвлөрлийг сааруулах байна. Энэ дотроо зөвхөн орон нутгаас, дүүргээс манай эмнэлэг рүү хандахаас гадна гадаад улс руу явах урсгалууд байдаг. Бидэнд дотооддоо эмчилж чадахгүй байгаа өвчин, эмгэгүүд цөөнгүй бий. Тиймээс гадаад руу явах урсгалыг сааруулах хэрэгтэй байгаа.
Нэгдүгээрт, орон нутаг болон дүүргүүдээс ЭХЭМҮТ-д гол ачааллыг үүсгэж байгаа шалтгаан нь хүүхдийн төрөлжсөн мэс заслын үйлчилгээ байна. Орон нутаг, дүүрэгт яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг болчихсон. Нэг үеэ бодвол хүүхдийн мэс засал, унтуулга, төрөлжсөн мэс заслын эмч нар нэлээд сайн бэлтгэгдсэн байгаа. Гэтэл төлөвлөгөөт мэс заслын тусламж үйлчилгээ орон нутагт хараахан хангалттай хэмжээнд байж чадахгүй байгаа. Өөрөөр хэлбэл, төлөвлөгөөт хагалгаанд орохоор ирж буй хүүхэд 14, 21 эсвэл нэг сарын дараа үзүүлэх дугаар аваад явж байгаа тохиолдол бий.
Хоёрдугаарт, Оношилгооны нарийн шинжилгээнүүдийг хийлгэх зорилгоор ирж байна. Гуравдугаарт, Хүндэрсэн хүүхэд нярай ирдэг.
Мөн төлөвлөгөөт хагалгаа болон шинжилгээнүүдийн дугаар их сунжирч байна. Тэр дундаа цахимаар бүх бүртгэлийг хийдэг болсон учраас цахимын хүлээгдэл нэлээдгүй гарч ирж байгаа. Энэ асуудал дээр иргэд бухимдалтай ханддаг. Манай эмнэлгийн зүгээс төвлөрлийг сааруулахын тулд орон нутаг, дүүргийн эмнэлгүүдийг чадавхжуулах, хүнд, ховор төрлийн эмгэгүүдийг эмчилдэг төрөлжсөн мэс заслын тусламжийг үзүүлдэг болох чиглэлд ажиллаж байна.
Сүүлийн үед салбар хоорондын болон салбарт доторх хамтын ажиллагааг ЭХЭМҮТ-өөс авч хэрэгжүүлж байгаа. Хувийн эмнэлэг, улсын эмнэлэг гэж ялгалгүйгээр эмнэлгийн тусламж үйлчилгээг төвлөрлийг сааруулах үүднээс үзүүлдэг болох. Тиймээс нэгдүгээрт, салбар доторх эмнэлгүүдтэй хамтарч ажиллах тал дээр манай эмнэлэг голлон ажиллаж байгаа. Энэ хүрээндээ хамгийн сүүлийн жишээг ярихад, Улсын Гуравдугаар төв эмнэлэгт мэдрэлийн мэс заслын төвлөрөл их байдаг. Тиймээс манай эмнэлэг 2026 онд хүүхдийн мэдрэлийн мэс заслын тасгийг байгуулсан. Өөрөөр хэлбэл, Гуравдугаар төв эмнэлэгт хийгддэг мэдрэлийн мэс заслын зарим эмгэгүүдийг ЭХЭМҮТ дээр хийдэг болох чиглэл рүү ажиллаж байна.
Хоёрдугаарт, салбар хоорондын хамтын ажиллагаа гэж нэг зүйл байгаа. Өөрөөр хэлбэл, Гэр бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, Боловсролын яам зэрэг холбогдох яамдын салбар хоорондын хамтын ажиллагаа чухал. Орон нутагт хүүхдийн мэс засал болон дотрын тусламжийг хөгжүүлэхэд бусад салбаруудтай хамтарч ажиллахгүй бол болохгүй.
“Ю СИ” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин:
-30 гаруй жил Эрүүл мэндийн салбарт ажиллахдаа ихэвчлэн лавлагаа, шатлалын түвшинд ажиллаж байсан. Хэт их төвлөрөл нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авах цагийг оройтуулдаг. Үүнээс үүдэж олон сөрөг үр дагавар гардаг. Ялангуяа нийслэлд энэ асуудал хамгийн том “зовлон” нь болж байна гэж харсан. Тиймээс хэсэг нөхдийнхөө хамт Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороонд “Гэрт ойр, сэтгэлд амар” гэх уриатай эмнэлэг байгуулаад ажиллаж байна. Одоогоор 15-18 чиглэлийн үйл ажиллагааг үзүүлж байна. Бид хойшлуулшгүй, амь насанд аюултай 100 гаруй тохиолдолд тусламж үзүүлээд байна. Жил гаруйн хугацаанд ажиллахдаа 12 мянга гаруй хүнд үйлчилж, 10 сар үнэ төлбөргүй ажиллаж, 5000 гаруй хүнд төлбөргүй үйлчилгээ үзүүллээ. Ерөнхийдөө орлого багатай, хотын төвөөс алслагдсан ядуу, эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг төрийн зүгээс заавал авч хэрэгжүүлэх ёстой байдаг. Нийгэм дордох тусам энэ бүлгийн хүмүүсээ хамгаалах бодлого баримтлах ёстой. Нийслэлийн гэр хорооллын хойд хэсгээс хотын төв рүү очиж үйлчилгээ авахдаа нэг хүн хэчнээн саад бэрхшээлийг туулж байгаа нь олон баримтаар нотлогдсон. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэрт нь ойр эмнэлэг л байх шаардлагатай гэдэг хүн төрөлхтний нэгдэж хүлээн зөвшөөрсөн концепц байгаад байгаа.
“Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням:
-2020 онд хийсэн Эрүүл мэндийн тогтолцооны санхүүжилтийн реформ бол Япон, Солонгосыг л дуурайж хийсэн зүйл болсон. Манайхан хүүхэд өвдөхөөр Эх нялхас, тархинд цус харвахаар Гуравдугаар эмнэлэг, хавдар тусахаар ХСҮТ, хүүхэд улаан бурхан тусахаар ХӨСҮТ рүү гэх мэт өвчин эмгэг болгоныг өмчлөөд авчихсан юм шиг хэдхэн эмнэлэгтэй. Энэ бол өнгөрсөн 100 жилийн хугацаанд манай улсын баримталж ирсэн тогтолцоо буюу бүх нийтийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тогтолцоогоор явж ирсэн. Энэ нь бүх эмнэлэг улсынх, эмч нар нь төрийн албан хаагчид байдаг. Ингээд улсын нэгдсэн төсвөөс бүх өртгийг гаргадаг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ талаас үнэгүй гэж ойлгодог. Энэ тогтолцооны үр дүнд бид өвчин эмгэгээр нь хуваагаад авчихсан мэт хэдэн том улсын эмнэлгүүдтэй болчихсон. Жишээлбэл, хүүхэд өвдөхөд анхан шатны тусламж үйлчилгээ хаана явагдаж байх ёстой вэ, хүүхдийн олгой, эвэрхий зэрэг жижиг төлөвлөгөөт мэс заслуудыг дүүрэг, аймаг, БОТ-үүдэд хийх ёстой.
ЭХЭМҮТ бол бүр дээд шатны буюу Монголд эмчлэгддэггүй өвчин эмгэгүүдийг эмчлэх, мэс засал хийх цаашлаад салбарын бодлогыг тодорхойлох хэмжээний судалгаа, шинжилгээг хийх ёстой. Төвлөрөл гэдэг зүйл 100 жилийн хугацаанд явж ирсэн. Эцэст нь энэ хүртээмжгүй байдалд хүрсэн.
Харин энэ зүйлийг засахын тулд 2020 оноос ажиллаж эхэлсэн ч яг зөв зүйл рүүгээ чиглэж байгааг өнөөдөр ярих ёстой байх.
-Өмнө нь эмнэлгүүд “санхүүжилт болоод байна” гэдэг байсан бол одоо “болохгүй байна” гэх болсон. Энэ нь тухайн эмнэлгүүддээ байна уу, даатгалын өөрчлөлтөд асуудал байгаа юу?
“Ю СИ” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин:
-Эрүүл мэндийн салбар тогтолцооны зургаан бүрэлдэхүүн хэсэгтэй байдаг. Тэдгээрийн нэг нь санхүүжилтийн асуудал. Санхүүжилт, засаглалын хувьд Монгол Улсын эрүүл мэндийн салбарт маш том реформ явагдаж байна. Даатгалын шинэ тогтолцоо руу шилжсэнээс хойш эрүүл мэндийн салбарт санхүүжилттэй холбоотой учраас маш хурдан өөрчлөлтүүд гарч байгаа. Энэ бол сүүлийн 20-оод жил олон улсын байгууллага, янз бүрийн төсөл хөтөлбөр, бүхий л улсын зөвлөмжөөр бол дэлхийн жишиг тогтолцоо руу шилжихийг зөвлөсөн байдаг. Энэ зөвлөгөөг төрийн бодлогын хэмжээнд хэлэлцэж, сүүлийн 5-6 жилд эрүүл, зөв тогтолцоо руу орлоо гэж хэлж болно. Эндээс буцах зам байхгүй. Нэг худалдан авагчийн тогтолцоо, гүйцэтгэлийн санхүүжилт, стратегийн худалдан авалт нь маш том реформ болсон.
Мэдээж үүнийг гүйцэтгээд явж байхад олон асуудал гарч ирж байна. Одоо бодлогын түвшинд ярьж байгаа асуудлуудыг хэвлэлээр сонсоход эрүүл, зөв тал руугаа явж байна гэж ойлгож байгаа. Сая Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга анх удаагаа хэвлэлд ярилцлага өгснийг харлаа. Үүн дээр эрүүл зөв өөрчлөлтүүд хийгдэж байна. Тухайлбал, хүлээгдэж байгаа өр авлагыг барагдуулж байна, анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулъя зэрэг олон асуудлыг ярьсан байна лээ. Тэгэхээр аажимдаа эрүүл тал руугаа явах байх гэдэгт итгэж байна. Тэр дундаа даатгуулагчийн эрх ашгийн зүгээс хандаасай гэж боддог. Төрийн байгууллагын өнгө аяс, хандлагаар хандаад байгаа харагддаг.
Бид гэр хороололд эмнэлэг байгуулаад хоёр жил орчим болоход гэр хорооллын даатгуулагчдыг илүү анхаарч үзэх ёстой юм шиг санагддаг. Тэдгээр даатгуулагчдад туслах гээд даатгалын байгууллагыг дэмжсэн тусламж үйлчилгээ хийгээд явж байхад харилцаа байхгүй тохиолдол байдаг.
-Даатгалын тогтолцоонд даатгуулагчаа боддоггүй гэдгийн хамгийн тод жишээ бол жирэмсний хяналтын асуудал байдаг шүү дээ. Дүүрэг дээрээ хяналтад орохоор очиж байгаа хүний НДШ нь ганцхан сарынхыг төлөөгүй байхад л “таныг хүлээж авахгүй” гэдэг үзэмж эрүүл мэндийн салбарт байгаа. Энэ асуудлын талаар яривал?
“Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням:
-Манай улс хэчнээн цахимжиж байгаа ч муу тал руугаа цахимжаад байх юм. Нэг ёсондоо тухайн даатгуулагч цалингаасаа Эрүүл мэндийн даатгалд шимтгэлээ дөрөв хувааж суутгуулаад төлчихсөн. ААН, байгууллага түүнийг нь цаашаагаа төлөөд явах ёстой. Гэтэл өнөөгийн байдал ямар байгаа билээ. Тиймээс ААН, байгууллагууд өөрсдийн нөхцөл байдлаасаа шалтгаалан нэг, хоёр сар хоцорч төлөх тохиолдол байна. Тэгэхээр хамгийн гол нь жирэмсний хяналтыг яагаад заавал дүүргийн эмнэлэгт хийх ёстой юм бэ. Энэ социализмын үеийн хандлагаасаа хэзээ салах вэ.
ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр:
-Эх хүүхэд, нярайн эмнэлгийн тусламж үйлчилгээ, оношилгоог хуучин бол 100 хувь төсвөөс гардаг байсан. Одоо гүйцэтгэлийн санхүүжилт, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тушаал заавар руу эргэлт буцалтгүй орсон. ЭХЭМҮТ, Эх нярайн үндэсний төв, амаржих газрууд гээд эх хүүхдэд тусламж үзүүлдэг эмнэлгүүдэд санхүүжилтээс үүдэлтэй хүндрэлүүд сүүлийн үед их ажиглагдаж байгаа. Насанд хүрэгчдэд ямар нэгэн байдлаар төлбөрт үйлчилгээ хийж болоод байдаг. Гэтэл манай ЭХЭМҮТ шиг эх, эмэгтэйчүүд, хүүхдүүдэд үйлчилдэг газарт төлбөрт үйлчилгээ хийж болохгүй болчхоод байна. Үүнтэй холбоотой зарим нэг тусламж үйлчилгээ оны сүүлээр, тендер, даатгалын санхүүжилтийн зузаатгалтай холбоотой төлбөр мөнгө дутагдалтай болж тусламж үйлчилгээ хумигдах, ялангуяа даатгалаар яриад байдаг архаг болон төлөвлөгөөт чиглэлийн тусламж үйлчилгээний асуудал гарч байна. Хүүхдийн тусламж үйлчилгээг бүгдийг нь даатгалаас квотгүй болгох арга хэмжээг авсан байгаа. Ингэсний үндсэн дээр хүүхдэд ямар нэг тусламж үйлчилгээ авахад хүлээгдэл байхгүй болж байгаа.
Мөн дээрх асуулттай холбоотой дүүргүүдэд байхгүй зарим нэг дараагийн шатлалын шинжилгээнүүд байгаа. Тэдгээрийг том эмнэлгүүдэд зорьж ирж хийлгэхээс өөр арга байхгүй. ЭХЭМҮТ-ийн хувьд хүүхдэд тусламж үзүүлэхдээ бусдад эмнэлгүүдэд хийгдсэн шинжилгээг хүлээн зөвшөөрдөг.
-Салбарын бүтцийг харвал хоцрогдсон байгааг салбарынхан ч, олон нийт ч хүлээн зөвшөөрдөг. Гэтэл зоригтой өөрчлөлт, шинэчлэлт гэж байхгүй байгаад байна. Нэг хувийн эмнэлэгт очоод бүх шинжилгээгээ өгье гэхэд “даатгал байхгүй бол даатгалын хөнгөлөлт эдлэхгүй” гэх жишээний. Хэрэв хүн төвтэй тогтолцоотой байсан бол аль ч эмнэлэгт очсон тэнд даатгал үйлчилж байх ёстой шүү дээ. Энэ тал дээр байр сууриа илэрхийлбэл?
“Ю СИ” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин:
-Даатгалын санхүүжилтийг сайжрахад эерэг өөрчлөлт гарах байх гэж хүлээж байгаа. Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцоонд социалист тогтолцооны элементүүд хэвээр байгаад байгаа. Заавал улсын эмнэлэг л бүгдийг нь хийх ёстой мэт байгаа нь ачааллаа дийлэхгүйд хүргэж байна. Тэгэхээр энэ ачааллыг хуваамаар байгаа юм. 2017 онд батлагдсан “Төрөөс эрүүл мэндийн талаар баримтлах бодлого” гэх бичиг баримт дээр “Улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэх үг ер нь байхгүй байгаа. Эмнэлэг бол эмнэлэг. Хамгийн гол нь чанартай тусламж үйлчилгээгээ үзүүлдэг л байх ёстой. Яг л энэ бодлогоороо явмаар байгаа. Энэ бодлогоо нэлээд баримтлаад явж байтал гэнэт л өр авлага, санхүүгийн асуудалтай болоод явчихсан. Үүнээс болоод эргээд улсын эмнэлгүүддээ санхүүжилт олгоно, хувийн эмнэлгүүдэд санхүүжилт өгөхгүй гэсэн ийм байдалтай яваад байгаа. Төр энэ асуудлыг дангаараа шийдэж чадахгүй, боломжгүй. Тиймээс улсын эмнэлгүүдийг ч ТУЗ нэртэй улс төр, төрийн байгууллагын нөлөөлөлтэй томилгоо удирдлагаас нь эхлүүлээд явсан ийм байдалтай л байна. Үүнийг аль болох даатгуулагчийн оролцоо ихтэй, төлөөлөл нь ажилладаг, улс төрөөс хараат бус тогтолцоо руу оруулаад зах зээлийнх нь зарчмаар явуулах хэрэгтэй байна.
-Гүйцэтгэлийн санхүүжилтийн талаар ярьж байхад гуравдугаар шатлалын эмнэлгүүд бол асуудалгүй, боломжтой гэж ярьж байсан. Харин сумдын эмнэлгүүд л бага зэрэг хэцүүдэж магадгүй юм байна гэх зүйл яригдаж байсан. Гэвч өнөөдөр тэр нь өөр болчихсон гэдэг асуудал үүсээд эхэллээ. Энэ дээр ямар байр суурьтай байна вэ?
“Ю СИ” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин:
-Эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад шатлалын тусламж үйлчилгээ гэж байдаг. Хүн эмч, эмнэлгээ сонгох эрхтэй ч гэсэн мөнгө нь хязгаартай, тоо хэмжээтэй учраас анхан шатлал дээрээ аль нь үйлчилгээ үзүүлэх, хоёр, гуравдугаар шатлал дээрээ аль нь үйлчилгээ үзүүлэхийг бодлогоор зохицуулаад төлбөр мөнгөө тэр чиглэл рүүгээ шилжүүлээд явж байгаа шүү дээ. ЭМДС-ийн 4-5 жилийн зарцуулалт дээр хийсэн үнэлгээ, санхүүжүүлсэн дата дээрээс харвал халдварт бус зургаан төрлийн өвчин дээр авсан тусламжуудаар Даатгалын ерөнхий газрынхан тооцоо гаргасан байна. Тэгэхэд нийт лабораторийн шинжилгээний 11 хувь нь анхан шатанд хийгдэж байна. Гэтэл 90 хувь нь лавлагаа шатлал дээр очиж шинжилгээ хийлгэж байна. Ингэх ямар шаардлагатай юм бэ. Заавал Эх нялхас дээр очиж шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Манай эмнэлэг гэхэд улсын төв эмнэлгүүдэд байгаа таван аппаратыг ажиллуулаад чанарын гадаад хяналт дээр нь 90-ээс дээш үнэлгээ авчихсан лаборатори нээчихсэн байж байхад шинжилгээ байхгүй зүгээр сууж байх жишээний. Гэтэл улсын гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн лаборатори шинжилгээний дарааллаа дийлэхгүй байна. Тэгэхээр санхүүжилтийг нь улсын эмнэлэгт өгөөд хувийн эмнэлэгт өгдөггүй ийм л тогтолцоотой байгаад байна. Мөн гуравдугаар шатлалын эмнэлэгт дүүргийн эмнэлэгт хийгддэг мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлээд байна. Тухайлбал, ЭХЭМҮТ-д ямар өвчин, эмгэгтэй хүн очих юм бэ. Тэнд мухар олгой аваад байж баймааргүй байгаа юм. Наана чинь зургаан том дүүргийн эмнэлэг байна шүү дээ. Үүнээс гадна хувийн эмнэлгүүд ч байна. Эдгээр нь бүгд ижил түвшинд байхад заавал гуравдугаар шатлалын эмнэлэгт очиж мухар олгой авхуулах шаардлагагүй.
ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр:
-Налайх, Багануур, Сонгинохайрхан дүүрэг болон Эх нярай, эмэгтэйчүүдийн үндэсний төв гээд яг манай ЭХЭМҮТ-д хийгддэг мэс заслын болон хүүхдийн дотрын тусламж үйлчилгээг ижил түвшинд үзүүлдэг эмнэлгүүд байна. 21 аймгийн хувьд ихэнх нь хүүхдэд яаралтай мэс заслын тусламж үзүүлнэ. Дөрвөн аймагт л хүүхдийн мэс заслын эмчгүй. Харин хүүхдийн дотрын эмч нар бол бүх аймгуудад бэлтгэгдсэн. Гагцхүү манай дээр ирж байгаа өвчтөнүүд бол хүүхдийн мэс заслын тусламж үйлчилгээ үзүүлдэггүй дүүргүүд болон орон нутагт байгаа төлөвлөгөөт мэс засал хийлгэх хүмүүс их байгаа нь төвлөрлийг үүсгээд байгаа юм.
“Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням:
-Өнөөдөр бид эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудал ярьж байгаа учраас зөвхөн төвлөрөл яриад байхгүй. Монгол Улс стратегийн худалдан авалт бүх нийтийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоо руу 2020 онд орсон боловч амжилт ололгүй 100 хувь ухарчихсан байгаа. Эрүүл мэндийн даатгалтай гэрээлээд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлж байсан 450 гаруй эмнэлгээс 320 гаруй нь хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага байсан юм. Өнгөрсөн оны аравдугаар сарын 1-ний өдрөөр бидэнд огт мэдэгдэлгүй гэрээгээ зөрчин барин гэнэтхэн хувийн хэвшлийн эмнэлэгт санхүүжилт өгөхгүй гээд шийдвэрлэчихсэн. Тэгэхээр өнөөдөр тусламж үйлчилгээ үзүүлж байгаа 400 гаруй эмнэлгийн 300 гаруй нь тусламж үйлчилгээ үзүүлэхээ больчихсон буюу нэг худалдан авалтын тогтолцоо, стратегийн худалдан авалтын 100 хувь ухралт хийх шалтгаан болж байгаа юм. Энэ бол өнөөдөр эрүүл мэндийн салбарт маш тулгамдсан асуудал болж байна. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулна гэж хийсэн реформ тэр чигтээ ухарсан.
Одоо бид улсын эмнэлэг, хувийн эмнэлэг гэж ярихгүй. Аль нь илүү чанартай байна тэнд нь үйлчлүүлнэ гэсэн. Ингээд өнгөрсөн хугацаанд үүссэн асуудал бол эрүүл мэндийн байгууллагууд бүгд маш их хөрөнгө оруулалт хийсэн. Тэдгээр эмнэлгүүд ийм хэмжээний хөрөнгө оруулалт хийчихвэл улс манай эмнэлгийг сонгож стратегийн худалдан авалт хийж санхүүжүүлэх юм байна гэж тооцоолсон. Гэтэл 2-3 жилийн хугацаа өнгөрсөн ч тоож хардаггүй. Хувийн хэвшлийнхэн өнөөдөр маш алдагдалтай байна. Яг үүнтэй ижил тохиолдол олон байна.
Тусламж үйлчилгээний чанар сайжраад, өрсөлдөөн бий болох гээд хувийн хэвшлийн эмнэлгүүд бүгд хөрөнгө оруулсан чинь аравдугаар сарын 1-нээс шууд санхүүжилтийг нь хаачхаж байгаа юм. Ингээд эхнээсээ эмнэлгүүд хаалгаа бариад, өр зээлдээ баригдаад, энэ асуудал шийдэгдэхгүй 5-6 сарын нүүр үзлээ. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиараа “Гурван жилд нэг удаа сонгон шалгаруулалт зарлаад тэндээс хамгийн сайн эмнэлгүүдийг шалгаруулж аваад санхүүжүүлээд явах хуультай. Гэтэл гурван жилд нэг удаа зарлах хугацаа нь өнгөрсөн аравдугаар сарын 1-нээр дуусгавар болчихсон. Ингэхдээ эмнэлгүүдийг өмчлөлийн хэлбэрээр нь ялгаад улсын эмнэлэгт нь болохоор гэрээ нь дууссан ч түр гэрээ байгуулчхаж байгаа юм. Ингэж болдог юм бол улс, хувь гэхгүй төр гэрээгээ хийгээд л явах ёстой. Бид энэ асуудлаар хувийн эмнэлэгт яагаад санхүүжилт олгохгүй хаачихсан талаар хэлэхээр “Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн үнэ өртөг, санхүүжүүлэх аргыг баталдаг 04 дүгээр тогтоолыг шинэчлэх гэж байгаа” гэх тайлбар өгдөг. Тэгээд үүнийг шинэчилсний дараагаар сонгон шалгаруулалт зарлана гэдэг. Өнөөдөр тус тогтоол нь шинэчлэгдэж батлагдаагүй байна. Энэ мэтээр илтэд улс, хувь гэж ялгадаг, хууль зөрчсөн үйлдэл хийдэг, даатгуулагчийн эрхийг ноцтой зөрчсөн зүйл хийж байна. Эрүүл мэндийн тухай хуулиар “Өвчтөн, үйлчлүүлэгч эмч эмнэлгээ сонгох эрхтэй” байдаг. Гэтэл энэ шийдвэрээр сонгох боломжгүй болгочхож байгаа юм.
-Улс, хувийн эмнэлэг гэхээр анхан шатлал дээр дахин нэг маргаан үүсэх гээд байдаг. Яагаад гэвэл анхан шатны эмнэлгийн санхүүжилт нь тодорхой. Гэхдээ энд өрхийн эмнэлгийн даргын хувийн компанийн байр, мөнгө бусад зүйлс нь улсаас гардаг ийм гажуудал байгаад байгаа. Нөгөө талдаа манай улсын эрүүл мэндийн салбарт оношилгоо гэдэг зүйл огт болохгүй байна гээд иргэд бухимдаад байдаг. Монголд эмнэлэгт оношлуулах гээд болохгүй болохоор нь гадагшаа явахаас өөр сонголтгүй болдог гэх зэрэг асуудал байдаг. Энэ дээр та бүхний байр суурь ямар байна вэ?
“Ю СИ” эмнэлгийн гүйцэтгэх захирал М.Баттүвшин:
-Эрүүл мэндийн тухай хуулиар Монгол Улсад үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний шатлалд анхан ба лавлагаа гэж заасан байдаг. Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд нь анхан шатны тусламж үзүүлнэ. Харин дүүрэг, төв эмнэлгүүд лавлагаа шатлалын тусламж үзүүлнэ гэж байдаг. Анхан, лавлагаа шатлал гэдэг нь шатлал хоорондын тусламжаар санхүүжилтийг зохицуулах зорилготой арга байдаг. Гэтэл манай улсад хувийн хэвшилд хөрөнгө оруулахаараа лавлагаа шатлалын л тусламж үйлчилгээ рүү хөрөнгө оруулж байна. Анхан шатны өрх, сумын эрүүл мэндийн тусламжид хувийн хэвшил хөрөнгө оруулах бодлогын дэмжлэг, эрх зүйн хүрээний зүйл нээлттэй боловч одоогоор ямар ч хувийн хэвшлийн компани хөрөнгө оруулаагүй байна. Манай эмнэлэг бол хувийн хэвшилд хөрөнгө оруулсан анхны компани болчхоод байгаа юм. Иймд бидний хувьд байршил чухал юм байна гэж үзэж байгаа. Энэ бол цоо шинэ концепц. Ялангуяа нийслэлд байршил маш чухал. Гэтэл бид эмнэлгийн тусламж үйлчилгээг төлөвлөхдөө ялангуяа нийслэлд Засгийн газрын эргэн тойрон, орон сууцны хороололд л байна. Гэр хороололд 780 мянган хүн байхад нэг ч нүдний, чих хамар хоолойн эмч, рентген аппарат алга. Тиймээс хүртээмжийг сайжруулахын тулд байршилд тохирсон төлөвлөлт хийх ёстой юм байна. Нийслэлийн “20 минутын хот” концепц бол байршилд төлөвлөсөн чухал зүйл болсон гэж харж байгаа. Энэ концепцийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй уялдуулсан лекц, мэдээллүүдийг олж үзэхэд их чухал санагдсан. Үндсэндээ төлөвлөлтөө бол хийчихсэн байгаа ч яагаад хэрэгжихгүй байгааг нь гайхаад байгаа юм. Манай нийслэл хотод өрхийн эрүүл мэндийн төв анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлээд байж байгаа. Хуульд бол “Төрийн үйлчилгээг гэрээгээр гүйцэтгэх хувийн хэвшлийн байгууллага” гэж заасан боловч санхүүжилт, цалин нь улсаас үйлчилгээ дээр нь квот тогтоогоод, олон төрлийн хязгаарлалт тавьчихсан. Ингээд төрийнх ч юм шиг, хувийнх ч юм шиг ойлгомжгүй, зарим нь ХХК болчихсон, цэнхэр номертой машинтай байх жишээний байгаа. Тэгэхээр анхан шатны тусламж үйлчилгээн дээр энэ мэт эргэлзээтэй байдлуудыг даруйхан засаж, хувийн хэвшлээр яг юу хийлгэхээ тодорхой болгочихмоор байгаа юм. Тэгэхгүй хувийн хэвшлийнхэн төрөөс дэмжих гэж байгаа юм байна гээд хөрөнгө оруулаад, “шатчихаад” сууж байна шүү дээ.
ЭХЭМҮТ-ийн тэргүүн дэд захирал, хүний гавьяат эмч Л.Ганбаяр:
-ЭХЭМҮТ-д ажиглагдсанаар яаралтай тусламжийн тасагт ажлын өдрийн цагаар үйлчлүүлэгчид нь цөөхөн. Энэ үед анхан шатны өрхийн эмнэлгүүд ажиллаж байгаа. Тэнд анхан шатны тусламж үйлчилгээгээ үзүүлж байна гэсэн үг. Гэтэл 17:00 цагаас хойш, ялангуяа 21:00-02:00 цагийн хооронд, дээрээс нь амралтын өдрүүдээр, баяр наадмын үеэр манай ачаалал эрс нэмэгддэг. Яагаад гэхээр энэ үеэр ажиллаж байгаа өөр эмнэлэг байхгүй байдаг. Тэгэхээр анхан шатны тусламж үйлчилгээ маань ийм доголдолтой байна. Гэтэл мэс заслын тусламж үзүүлсэн хүүхдүүд маань амралтын өдрүүдээр дүүргийнхээ эмнэлэгт очиж үргэлжилсэн тусламж үйлчилгээгээ авахаар байгаа. Гэтэл дүүргийн эмнэлгүүдэд хүний нөөцийн асуудал тулгарч байна. Өөрөөр хэлбэл, бидэнд тулгамдаж байгаа дараагийн нэг асуудал бол сувилагчийн хүний нөөцийн дутагдал байгаа. Манай ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлэгт нийтдээ 197 эмч, 256 сувилагч ажиллаж байгаа. Гэвч манайд 120 сувилагчийн орон тоо дутуу байна. Үүнтэй адилхан бусад дүүрэг, өрхийн эмнэлгүүдэд хүний нөөцийн асуудал тулгамдаж байна. Дараагийн асуудал бол оношилгоо. ЭХЭМҮТ-ийн хувьд оношилгооны аппарат, тоног төхөөрөмж хангалттай болсон. Иймээс хэн нэгэн өвчтөнийг эмчилж, оношилж чадна гэж бардам хэлж чадахаар байгаа. Бидний яриан дунд гарсан нэг зүйл бол Засгийн газраас хэрэгжүүлж эхэлсэн бүсчилсэн хөгжил байна. Өөрөөр хэлбэл, аймгуудыг бүсчлээд, хотыг ч дотор нь хуваагаад үүн рүү чиглэсэн салбаруудыг хөгжүүлэх бодлогуудыг авч хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Сонгинохайрхан дүүргийн эмнэлэг чадавхаа сайжруулсан, Буянт-Ухаад Эх нярайн эрүүл мэндийн төв, Хан-Уул дүүргийн эмнэлэг гэх мэтчилэн эмнэлгүүд төрөлжсөн тусламжуудыг үзүүлж, оношилгоо эмчилгээ нь ч сайжирч эхэлсэн.
2026-2027 онд бол эрүүл мэндийг дэмжих жил. Тэр дундаа нийгмийн эрүүл мэндийг сайжруулах жил гэж зарласан. Бид өвдсөний дараа эмчлэх биш, нийгмийн эрүүл мэнд рүү чиглэсэн тулгамдсан асуудлыг шийдэх ёстой.
“Тод Эйч” эмнэлгийн захирал, монголын хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын удирдах зөвлөлийн гишүүн Д.Тодням:
-Бүх зүйл тогтолцоо нь зөв байж л зөв явна. Буруу ажиллаж, муу үр дүн гарахаас ч аргагүй тогтолцоогоор явчхаад л үүнийгээ мянга шүүмжлээд нэмэргүй. Жишээлбэл, манай улс өнгөрсөн хугацаанд өрхийн эрүүл мэндийн төвүүдээ хөгжүүлнэ гээд маш их мөнгө зарцуулсан. Ингээд ч үр дүн гарахгүй. Тогтолцоо нь тийм. Манай улсад анхан шатны эмнэлэг нь Англи, Герман маягийн нэг хүнээр бодож санхүүжүүлдэг тогтолцоогоор явж байгаа. Лавлагаа шатлал нь гүйцэтгэлийн санхүүжилт буюу бүх нийтийн стратеги худалдан авалт гээд Япон, Солонгос маягийн тогтолцоогоор явдаг. Нэг улсад хоёр өөр эрүүл мэндийн тогтолцоо байж болох уу. Манай анхан шатны тогтолцоо бол Англи маягийн буюу хүлээгдэл, чирэгдэл ихтэй. Манай улс хэзээ ч эмч, эмнэлгээр дутагдахгүй. Асуудлын мөн чанар тогтолцоондоо л байгаа. Үүнийгээ засахгүйгээр бид хол явж чадахгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 16. ПҮРЭВ ГАРАГ. № 72 (7814)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn