Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?

1 цаг 17 мин
Нийтэлсэн: Админ
 21 мин унших

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг парламентад өргөн барьсан. Хуулийн төсөлд ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, зөрчил нь удаа дараа  давтагдсан бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай асуудлыг тусгасан нь улс төрийн хүрээнд маргаан дагуулаад байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжсэн бол маргааш нэгдсэн чуулганаар санал хурааж, үргэлжлүүлэн хэлэлцэх эсэхийг шийдэх юм. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан  УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн тухай УИХ-ын гишүүд болон судлаачид эрдэмтэд ямар байр суурь илэрхийлснийг энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа онцоллоо.

УИХ-ын гишүүн Г.Хэрлэн: УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал гэдгээрээ халхавчилж дур зоргоороо авирлаж байна

-Бусад улс орны жишээнээс харахад УИХ-ын гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан тохиолдолд парламентаас хөөх, эгүүлэн татах зохицуулалт байдаг. Тэгвэл ямар үйлдлийг ноцтой зөрчилд тооцдог вэ гэхээр парламентын нэр хүнд, үйл ажиллагаанд хохирол учруулсан тохиолдлыг хэлдэг. Энэ нь эргээд парламентын гишүүнээс хөөх хүртэл арга хэмжээ авахад хүргэдэг юм байна. Тэгэхээр “төрт ёсныхоо түүхэн уламжлалаа хүндэтгэнэ” гэж андгай тангараг өргөчхөөд парламентад ороод ирэнгүүтээ ёс жудаг, цадиг гэж зүйл байхгүйгээр авирлаж байна. Өнөөдөр УИХ-ын гишүүний ёс зүй гэдэг зүйлийг зохицуулж оруулж ирэхгүй л бол УИХ-ын бүрэн эрх, халдашгүй байдал гэдгээрээ халхавчилж дур зоргоороо авирлаж байна.

 

УИХ-ын гишүүн Т.Сандаг-Очир: Ард иргэд хууль санаачлах эрхгүй учраас тэдний дунд байгаа асуудлыг хуулийн төсөл болгож оруулж ирлээ гэж үзэж байгаа

- Манай улсын Засгийн газрын насжилт 1990 оноос хойш 36 жилийн хугацаанд дунджаар 1.6 жил орчим байна. Олон Засгийн газар огцорч, байгуулагдаж ирсэн. Харин парламент бол харьцангуй тогтвортой бөгөөд хугацаанаасаа өмнө тарж байсан тохиолдол байхгүй. Парламентын дарга нар огцорч байсан хэд хэдэн тохиолдол гарлаа. Ерөнхийлөгч бол нийт ард түмнээсээ сонгогддог. УИХ-ын гишүүд бол тойргийн ард иргэдээсээ сонгогддог. Өнөөдөр ард түмний дунд төрийн эрх барих дээд байгууллага парламент, Засгийн газрын нэр хүнд муу байна. Ерөнхийлөгч ард түмний сонголтоор сонгогдсон хүний хувьд болон хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачиллаа. Ард иргэд хууль санаачлах эрхгүй учраас тэдний дунд байгаа асуудлыг хуулийн төсөл болгож оруулж ирлээ гэж үзэж байгаа. Яагаад гэвэл ард түмний парламент, улс төрчдөд өгч буй үнэлгээ муу байгаа учраас. Парламентын гишүүд бид өөрсдөө хариуцлагагүй, сахилга батгүй, ёс зүйгүй, хурал чуулгандаа бүрэн суудаггүй, бүр сүүлдээ парламент ч Засгийн газарт ч хулгай ярихаас өөр зүйл ярихаа больсон. Энэ нь эргээд төрийн нэр хүндийг унагааж байна. Тиймээс энэ мэт асуудалд орооцолдоод байгаа гишүүдийг эгүүлэн татдаг байх зохицуулалт хэрэгтэй юм байна гэх үндсэн дээр ард түмний тавьж буй хүсэл шаардлагад нийцүүлж ийм хуулийн төсөл оруулж ирж байгаа болов уу. 

 

УИХ-ын гишүүн Б.Батбаатар: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татлаа гэхэд дараагийн хүнийг оруулж ирэх механизмыг хаана суулгаж өгсөн бэ?

-УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг нэр дэвшигчдээс сонгууль болгоноор иргэд сонгогчид асуудаг. Одоогийн “Сонгуулийн тухай” хуулиар 126 гишүүн ард түмэнтэй байгуулсан гэрээ байхгүй. Хуучин УИХ-ын гишүүд тойрог бүртээ өөрсдийн мөрийн хөтөлбөртэй байдаг байсан. Одоо бол бүгдээрээ таван мөрийн хөтөлбөр дээр л байгаа. Тэр таван мөрийн хөтөлбөр буюу парламентад суудалтай намуудын мөрийн хөтөлбөр бол ард түмэнтэй хийсэн гэрээ. Нэг ёсондоо “Бид сонгогдвол ийм ажил хийнэ” гэсэн зүйлээ хийхгүй байгаад нь эгүүлэн татах уу гэдэг асуудал. Дараагийн нэг асуудал бол УИХ-ын гишүүнийг эгүүлэн татлаа гэхэд дараа нь яах вэ, дараагийн хүнийг оруулж ирэх механизмыг хаана суулгаж өгсөн бэ. Хэрвээ УИХ-д жагсаалтаар орж ирсэн гишүүдийг эгүүлэн татаад дараагийн жагсаалтын хүн нь орно гэвэл тухайн хүн мөнхөд жагсаалтын өмнөх гишүүдээ оролдоно л гэсэн үг.

 

Академич, хуульч С.Нарангэрэл: Ёс зүйгүй нэгнийг татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгэж, хүлээн зөвшөөрөх нь ёс суртахуунд туйлын харш

-Монгол хүний язгуур мөн чанар, мөнх тэнгэрээс заяасан өгөгдөл нь насан туршдаа ёс суртахуунлаг амьдрахад  л оршиж ирсэн. Ёс суртахуун бол жинхэнэ хүн болсны илэрхийлэл юм шүү. Энэ нь эелдэг найрсаг ба шударга ёс, эр зориг, үүрэг ба хариуцлага, эс шуналдах, жудаг, нинжин сэтгэл, итгэлцэл, үнэн, нэр төр, хамтач, эв эе, тэсвэр тэвчээр, атгаг бус ба урвашгүй сэтгэл зэргээр илэрлээ олдог юм. Эдгээрээс УИХ-ын гишүүнд түлхүү шаардагдах ёс суртахууны өгөгдлүүд нь эрхэм бээрийн ёс зүйг бүрдүүлж өгдөг. Юуны түрүүнд эх орон, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр чин зүрхнээсээ хүчин зүтгэх явдал юм. Энэ ч учраас Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт УИХ-ын гишүүн нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан шүү дээ. УИХ-ын гишүүн хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, монголын ард түмний хүсэл зориг ба ашиг сонирхлыг  илэрхийлэх төлөөлөгчийн бүрэн эрхээ илтэд хөсөрдүүлж байна. Ийм нөхцөл байдал нь сонгогчдыг УИХ-д өөрийн гэх элч, төлөөлөгчгүй болгож байгаа болно. Хууль батлах үйл ажиллагаанд идэвх зүтгэлтэй оролцохгүй байгаа нь хууль тогтоогч сураггүй алга болсонтой нэгэн адил. Үүнээс үүдэн УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй болж байна.  Эх орон, ард түмний ашиг сонирхолд илтэд тэрсэлж, сонгогчдын итгэлийг алдаж, шударга бус, бусармаг үйл үйлдэж, хэтэртлээ тансаглаж шуналдаж яваа гишүүнийг ёс зүйгээ чандлан сахиж байна хэмээн хэрхэвч үзэж болохгүй нь хэнд ч ойлгомжтой. Сонгогчдын хүндлэл, итгэл төрүүлэхүйцээр биеэ зөв авч явах чадамжгүй, хүний адаг, элэг тохуу болж яваа гишүүнийг УИХ-д байлгаад татвар төлөгчдийн мөнгөөр ивээн тэтгээд байхыг хүлээн зөвшөөрөх нь ёс суртахуунд туйлын харш үйл болох юм. Эртний Субашид хэмээх хөлгөн сударт  “Муу юм энэ хорвоод хэчнээн олон боловч, Муу хүнээс илүү аюул гэж ер үгүй” гэсэн байдаг юм. Муу хүн бол ёс суртахуун нь ялзарсан хүн юм. Энэ хөлгөн сударт муу хүнийг байгалийн давагдашгүй хүчин зүйл, хамгийн аюултай араатнаас илүү аюултай гэж зүйрлүүлжээ.   УИХ “ёс зүйгүй” гишүүнийг хаацайлан халхлагч, дархлан хамгаалагч  болсон гэж үзэхээс аргагүйд хүрнэ.


УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах процессыг тодорхой болгох шаардлага байгаа

-Би МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байхдаа бүлгийн гишүүдийн үнэлгээний журам гэж гаргаад нэлээд асуудал болж байсан. Энэ журмаар хуралдаа суудаггүй, хууль санаачилдаггүй, тойрогтоо ажилладаггүй бол улс төрийн хариуцлага хүлээлгэдэг байхаар зорьж байсан. Хэрвээ батлагдсан бол засаг төр тогтвортой байж, гишүүдийн ёс зүйн хариуцлага хууль болтлоо яригдахгүй байсан. Тангаргаасаа няцсан бол гэдэг чухал заалт. Тиймээс үүнийг илүү тодорхой болгох хэрэгтэй. Тэгэхгүй бол Цэц дээр маргаан дагуулна. Ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрмийг хууль болгож баталъя гэж байхад ёс зүйг хуульчилж болохгүй гэдэг тогтоолоор гаргаж байсан. Цэц дүгнэлт гарган танилцуулснаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татагдсанд тооцно гэж байсан. УИХ Цэцийн дүгнэлтийг хэлэлцэхгүй, санал хураахгүйгээр татагдсанд тооцно гэж байна. Тэгэхээр Цэц дээр санал хураалт явагдах гээд байна. Үүнийг залруулах шаардлагатай гэж харж байна.

 

УИХ-ын гишүүн С.Зулпхар: Бид 2023 онд Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг батлаад ёс зүйгээ хуульчилчихсан шүү дээ

-Эрх бүхий субъектээс санаачлан оруулж ирсэн чухал хуулийн төсөл юм. Энэ хуулийн хэлэлцэх нийгмийн болоод улс төрийн шаардлага байна. Хуулийг хэлэлцүүлгийг явцад боловсронгуй болгох эрх мэдэл УИХ-д байгаа.  Мөн Засгийн болоод төрийн эрх мэдэл ард түмнээс эхтэй.  Ард түмэн энэ хуулийг батлах шаардлага байна гэж үзэж байгаа бол тэр хүрээнд нь хэлэлцээд явах учиртай. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэм бий. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль бий. 2023 онд бид ёс зүйг хуульчилчихсан шүү дээ. Эдгээр хуулиудаар зохицуулж болохгүй байгаа асуудлуудыг тусгасан гэж ойлгож байгаа.

 

Хуульч О.Батхүү: Иргэдийн төр засагтаа итгэх итгэл суларч байна

- Гишүүн болоод авах юм бол ямар ч нөхцөлд намайг эгүүлэн татах боломжгүй гэж ойлгосон гишүүд иргэд сонгогчдоос басамжлан доромжлох, ёс бус үг хэрэглэх, чуулганаа таслах зэргээр хуулийн ямар ч хариуцлага хүлээдэггүй байдалд ороод байгаа. Энэ байдал удаан үргэлжилбэл иргэдийн төр засагтаа итгэх итгэл үгүй болох эрсдэлтэй. Тиймээс ийм хууль зайлшгүй байх ёстой гэдэг байр суурьтай байгаа. Гишүүний бүрэн эрхийг цагдаа шүүхийн байгууллагаас бултах, бүрэн эрхийн цаана нуугдах арга хэрэгсэл болгож байгааг хүн бүхэн харж байгаа. Ингэж бултаж зугтаж явсаар дахин сонгогдвол дахиад дөрвөн жил хамгаалалтад ордог. Монгол Улсын иргэд хууль шүүхийн байгууллагын өмнө тэгш эрхтэй гэдэг зарчим алдагдахад хүрнэ.Сонгогчид гэхээс илүү УИХ-д өөрт нь байх нь зөв гэж бодож байгаа. Яагаад гэхээр яг тухайн гишүүнийг сонгосон сонгогч нар гишүүнээ эгүүлэн татах санаачилга гаргана гэвэл тэр хүмүүсийг мөн биш гэдгийг тогтоох боломжгүй. Тиймээс хуулиар УИХ-даа байх нь зөв. Гишүүдийг эгүүлэн татсанаар парламентын дархлаа харин ч сайжирна. Түүнээс нэгэнт сонгогдсон бол дөрвөн жил бандан тас гэвэл дархлаа улам суларна. Дээр нь 76 гишүүнтэй байхад нэг гишүүний нөлөө хэт өндөр байна гээд тоог нь 50-р нэмсэн. Тиймээс хэдэн гишүүн эгүүлэн татаад нөлөө үзүүлэхгүй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: Би нэг ч удаа хуралдаанаа тасалж үзээгүй, энэ бол хариуцлага юм

 -Би өглөө 08:00 цагт ажилдаа ирээд 08:50-д ирцэндээ ордог.  Энэ бол хариуцлага юм.  2016 оноос хойш буюу арван жилийн хугацаанд УИХ-ын гишүүн хийхдээ нэг ч удаа хурал тасалж үзээгүй. 2016 онд хоёр удаа хоцрохдоо аавдаа загнуулснаас хойш нэг ч хоцроогүй байдаг юм. Тэгэхээр хариуцлагатай байх асуудлыг энэ хуулиар ярьж байгаа юм.  Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзахдаа энэ хуулийнхаа агуулгыг ярьсан юм.  Тэгээд “Та нар дэмжиж байна уу” гэсэн зааланд байсан бүх хүн гараа өргөсөн.  Эсэргүүцэж байгаа нэг ч хүн байгаагүй. Тэгэхээр  ард иргэдийн хүлээлттэй байгаа тус хуулийн төслийг би дэмжиж байна.  Үндсэн хуульд УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай заалт бий.  Гэхдээ энэ заалт өнөөдрийг хүртэл амилаагүй. Энэ хууль батлагдвал гишүүд илүү хариуцлагатай болж, парламентын дархлаа сайжирна гэж үзэж байна. Парламентын дархлаа илүү сайжирна. Зарим хүмүүс энэ хуулийг эсэргүүцээд байгаа юм л даа. Энэ нь цаашдаа "Би хариуцлагагүй байна, хулгай хийнэ" гэдгээ хэлээд байгаа юм болов уу. Үүнийг ойлгохгүй байна. Энэ хууль эргэж үйлчлэхгүй. Өш хонзонгийн сэдэлтэй хууль оруулж ирвэл парламентаар давж батлагдахгүй шүү дээ.

 

УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Нийгмийн хэрэгцээ шаардлагаар энэ хууль орж ирлээ

- Маш сонирхолтой, анхаарууштай, бас нэлээн няхуур хандахаар хуулийн төсөл орж ирлээ. Энэ асуудал орж ирж байгаад баяртай байна. Энэ нь ард иргэдийн бидэнд тавьж байгаа шаардлага гэж хэлж болно. Үзэл баримтлалын хувьд дэмжээд явах нь  зүйтэй. Нэгдүгээрт, энэ хэлэлцүүлгийн туршид бид хоёр зүйлийг хольж солиод байна.  Ёс суртахуун болоод ёс зүй. Энэ хоёрын хувьд хоорондоо нягт холбоотой ч нэг зүйл биш. Ёс суртахуун гэдэг нь хувь хүний дотоод хэм хэмжээг хэлнэ. Өөрөөр хэлбэл, тухайн хүн хувьдаа юуг зөв, буруу гэж бодож байгаа буюу тухайн хүний итгэл үнэмшил чухал байдаг. Харин ёс зүй гэдэг нь нийгэм мэргэжлээс тань шалтгаалж танаас шаардаж байгаа зүйл гэж ойлгож болно. Хоёрдугаарт, дараагийн түвшний ёс зүй, ёс суртахуун нь хэзээ хуульчлагддаг вэ гэсэн асуудал байна. Энэ бол бүхэлд нь хуульчлах асуудал бус нийгмийн хэрэгцээ шаардлага бүрдсэн үед хуулийн зарим заалт болж орох нь бий. Ингээд үзэхэд өнөөдрийн бидний ярьж байгаа асуудлыг нийгэмд олноороо зөвшилцөөд, тодорхой хэмжээгээр хэрэгцээ шаардлага үүссэн тул хуулийн хэмжээнд яригдаж байна гэж би хувьдаа ойлгож байна. Уг хуулийн төслийн сайн тал нь төр нь төр шиг, УИХ-ын гишүүн нь УИХ-ын гишүүн шиг байх нөхцөлийг бүрдүүлэхэд ашиг тустай гэж дүгнэж байна.


Судлаач Р.Болд: Гишүүн болох нь амьдралынх нь зорилго мэт  гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангална

 - Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төслийн зорилго нь бодлогын өргөн утгаараа парламентын ардчиллыг бэхжүүлж, хариуцлагыг сайжруулах, явцуу утгаараа УИХ-ын нэр хүндийг өргөх ингэснээр сайн засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн дийлэнх сонгогчдын санаа, бодлыг тусгасан зөв алхам гэж хэлэх байна. Харин ч оройтож  өргөн барилаа гэж бодож байна. Тэгээд ч парламентын засаглалыг эрсдэлд оруулах биш сонгогчдын ашиг сонирхолд нийцэж байгаа тул тогтвортой байдлыг улам хангахад үйлчилнэ. Учир нь энэ бол сонгогчдын дийлэнхийн санаа бодлыг илэрхийлсэн ардчиллын зарчмыг хэрэгжүүлэх л нэг алхам. Сонгогдсон албан тушаалтныг хугацаа нь дуусахаас өмнө хариуцлага тооцож, эргүүлэн татах  нь хэдийгээр нийтлэг биш байж болох ч шинэ зүйл биш. Ийм хуультай улс орнууд бий. Тухайлбал, англи-саксоны томоохон улсууд, авлига ихтэй латин америкийн зарим орнууд гэх мэт. Гэхдээ энэ хууль батлагдвал УИХ-ын гишүүн болох нь “амьдралын зорилго” мэт  нийгэмд хавтгайрсан гэнэн үзэгдлийг хязгаарлаж, шалгуурыг чангалахад эергээр нөлөөлнө. Энэ төслийн цаана илтэд суларч байгаа төрийн ой санамж, залгамж чанарыг бэхжүүлэх зорилго байгаасай гэж хүсч байна.  Төрийн ой санамж суларвал үндэсний ой санамж нимгэрнэ гэсэн үг. Энэ хоёр ой санамж суларвал төр ганхана.


УИХ-ын гишүүн Ж.Золжаргал: УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэх татах хууль хэрэгтэй юу гэвэл хүн бүр л тийм  гэж хэлэх байх

-Хуулийн төслийн зорилго нь дэмжихүйц гоё агуулгатай зарласан ч эсрэг үр дүнд хүргэж болзошгүй гэж харж байна. УИХ-ын гишүүдийг хариуцлагажуулах, эгүүлэн татах нөхцөл хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Хүн болгон л тэгж хэлнэ. Үндсэн хуульд ч тэр нөхцөл нь байдаг. Гэтэл хэрэглэсэн тохиолдол огт байхгүй."Үндсэн хууль зөрчсөн болон шүүхээр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон" бол эгүүлэн татах үүрэгтэй. Тэрийгээ тэгээд хэрэгжүүлье л даа. Хэрэгжүүлэх гэхээр процесс нь байхгүй байгаа юм шиг байгаа юм. Тэр тохиолдолд ажлын арван хоногт нээлттэй, хаалттай хуралдаж шийдвэрлэнэ гэдэг ч юм уу процессыг нь оруулан, хариуцлагажуулж болдоггүй юм уу. Уриалга нь олон нийт хүлээн авахуйц хариуцлагатай болгоё гэчхээд үр дүнд нь ард түмний төлөөлөл гэгддэг УИХ-ыг ард иргэдээс нь холдуулаад байна. Өөрөөр хэлбэл, УИХ намын багц, даргын командаар хуруу дардаг машин болох эрсдэлтэй гэж харж байна. Үүнд ард иргэд анхаарлаа хандуулах шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл цаг үеэ олсон боловч "жонхуучид"энэ хуулийг дэмжүүлэхгүйн тулд бүх аргаа хэрэглэж байна

-Харбины гэрээг хянан шалгах асуудлаар түр хороо байгуулах асуудлыг УИХ дэмжсэнгүй. Төрийн ордноор гишүүд их хэмжээний бэлэн мөнгө барьж гүйдэг, хууль тогтоох байгууллага авлига, хулгайд бүрэн идэгдсэн нь энэхүү үйлдлээр батлагдаж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөл цаг үеэ олсон, зөв шийдвэр байсан боловч "жонхуучид"энэ хуулийг дэмжүүлэхгүй байхын тулд бүх аргаараа ажиллаж байна. Хэрэв энэ хууль дэмжигдэхгүй унавал УИХ-ын нэр хүнд ард түмний дунд эцэстээ хүртэл унана. Парламент асуудлыг шийдэж чадахгүй бол Монголын ард түмэн Төв талбай дээрээ гарч, өөрсдийн эрх ашгийн төлөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрч байна.

 

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа: Бид ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдсөн цагт бид биш ард түмэн парламентын дархлааг бий болгох байх гэж харж байна

-Хуулийн төслийг мэтгэлцээний зарчмаар олон талаас нь харж байгаа нь зөв.  Хуулийн төсөл дээр засаж сайжруулах зүйл заалтууд байна гэж харж байна.  Хэлэлцүүлгийн явцад үүнийг шийдэх бүрэн эрх нь парламентад байгаа.  УИХ-ын гишүүдийн хариуцлагын асуудал буюу ард түмнийг төлөөлөх  эрхээ хэрэгжүүлдэг байх зарчим, хэлж байгаа үг үйлдэлдээ ёс зүйтэй байх зарчим шаардлагатай гэвэл шаардлагатай.  Энэ зарчмыг дэмжиж байна.  Өнөөдөр бид парламентын дархлааны асуудлыг ярьж байна.  УИХ, УИХ-ын гишүүдийн дархлаа гэхээс илүү парламент нь, гишүүд нь өнөөдөр ард түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, бид биш ард түмэн өнөөдөр парламентын дархлааг бий болгох байх гэж харж байна.  Тийм учраас ёс зүй, хариуцлагын асуудлыг гишүүд маань өөрсдөөсөө эхлээсэй.  Ёс зүй, хариуцлагын асуудлыг бусдаас бол нэхэж чадаад байдаг харин өөрсөд дээрээ хүлээж авах дургүй байгаад байна уу.  Тийм учраас ёс зүй, хариуцлагын тогтолцоо байх ёстой гэдэг дээр олон гишүүд маань санал нэгдээсэй.

 

УИХ-ын гишүүн Д.Батлут: Нэг талаас гишүүдэд хариуцлага сануулсан, нөгөө талаас гишүүдийг хамгаалсан хууль болно

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан энэ хуулийн төслийг дэмжиж байгаа. Монголчууд угаасаа төр минь түвшин, түмэн олон амгалан байг гэж залбирдаг ард түмэн. Тиймээс төрд сайн хүмүүс ажиллаж, төрийн үйл ажиллагаа зөв шударга байх ёстой гэж иргэд хүсдэг. Төрд ажиллаж байгаа хүмүүс буруу харилцаа, хандлага гаргахгүй байх, хулгай зэлгий, авлигын хэрэгт холбогдохгүй байх ёстой. Энэ хуулийн төсөл батлагдсанаар ийм төрлийн зөрчил, асуудлаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж харж байна. Нэг талаас гишүүдэд хариуцлага сануулсан, нөгөө талаас гишүүдийг өөрсдийг нь хамгаалсан хууль болно гэж бодож байгаа. Зарим хүн энэ хуулийг парламентын дархлааг сулруулах гэж байна гэж тайлбарлаж байгаа. Миний хувьд тэгж харахгүй байна. Харин ч парламентыг илүү дархлаатай, илүү хариуцлагатай болгох боломжийг бүрдүүлж өгч байна гэж ойлгож байна.

 

Хууль зүйн ухааны доктор (Ph.D), профессор Л.Мөнхсайхан: УИХ-ын бүрэн эрхэд халдлаа, парламентат ёс алдагдлаа гэж мушгиж тайлбарлаж болохгүй

- Ерөнхийлөгч хуулиар олгосон “хууль санаачлах” бүрэн эрхийн хүрээнд энэ хуулийн төслийг өргөн барьсан. Энд зарим улстөрчийн яриад байгаа шиг хууль тогтоогчийн бүрэн эрхэнд халдсан зүйл огт алга. “Хууль санаачлах эрх бүхий субъект хуулийн төсөл өргөн барьсан нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжид нийцсэн байна” гэж үзвэл хуулийн төслийг хэлэлцэх, батлах, хэрэгжилтэд нь хяналт тавих бүрэн эрх УИХ-д байгаа. Зарим улс төрч үүнийг “...УИХ-ын бүрэн эрхэд халдлаа, парламентат ёс алдагдлаа...” гэж мушгин тайлбарлаж, иргэдийг төөрөгдүүлэх, турхирах нь буруу. Хэн нэгэн этгээд нөлөө бүхий байдлаа далимдуулан улс төрийн болон хувийн зорилгоор иргэдийг төрийн эсрэг турхирах нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл болно. -Ерөнхийлөгчөөс өргөн барьсан хуулийн төсөлд УИХ-ын бүрэн эрхэд халдсан, эсвэл хэн нэгэн, цөөнхийн дарангуйлал тогтоох гэсэн үзэл санаа агуулсан, цоо шинэ зохицуулалт, заалт байхгүй байна лээ. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд энэ үзэл санаа, зохицуулалт нь байгаа. Энийг л тодорхой бөгөөд хэрэгжих боломжтой болгосон. УИХ-ын тухай хуульд байгаа холбогдох заалтууд нь Монгол Улсын Үндсэн хуулийн заалтуудтай зөрчилдөж байгааг зассан байна гэж харсан.


Ерөнхийлөгчийн зөвлөх, ЕТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг: “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт нь үндэслэлгүй

-Парламентын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийн талаар ташаа ойлголтууд байна.  “Ерөнхийлөгч эрх мэдлээ нэмэх гэж байна” гэх ойлголт нь үндэслэлгүй. Үндсэн хуулийн цэц гишүүн өөрөө санаачилж “эгүүлэн татах” эрхгүй. Цэц нь зөвхөн Үндсэн хуульд зааснаар гишүүн Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянаж, дүгнэлт гаргах бүрэн эрхтэй. Цэцэд улс төрийн шийдвэр гаргах, гишүүнийг эгүүлэн татах санал гаргах эрх байхгүй. Харин энэ асуудлыг Улсын Их Хурал 126 гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд олонхын саналаар шийдвэрлэнэ. Намын дарга дангаараа гишүүн “эгүүлэн татах” эрхгүй. Жагсаалтаар сонгогдсон гишүүний бүрэн эрх нь тухайн гишүүний мандаттай холбоотой бөгөөд намын даргын болон намын эрх барих дээд байгууллага үзэмжээрээ буюу намын ёс зүйн дүрмээр эгүүлэн татах зохицуулалт хуулийн төсөлд байхгүй. Үндсэн хуулиар ч ийм эрх олгогдоогүй. Харин намын дээд байгууллага санал оруулж, УИХ-д нээлттэй хэлэлцүүлэхэд УИХ-ын ёс зүйн дүрмээр авч хэлэлцэхээр тусгагдсан. Эдгээр агуулгыг хэлэлцэж, засаж сайжруулах эсэх нь Улсын Их Хурлын 126 гишүүний онцгой бүрэн эрхийн асуудал юм.

 

УИХ-ын гишүүн Ж.Баярмаа: УИХ-ын гишүүд иргэдийг доромжилж, ёс зүйгүй  байгаа нь үнэн

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөл дээр АН гурван одтой шийдвэр гаргаагүй.  Тэгэхээр бүх гишүүд өөр өөрсдийнхөө байр сууринаас хандана. Би энэ хуулийн төсөл дээр нэг үгийг хэлмээр санагдаад байна.  Овоо босгоогүй бол шаазгай юун дээр суух вэ гэж. Өнөөдөр бид яагаад гишүүдийн ёс зүйн асуудлыг ярихаар болчхов. Юунаас хэнээс эхлэлтэй юм бэ.  Зарим нэгэн гишүүд маань иргэдийг үнэхээр доромжилж байгаа юм уу.  Эсвэл үгүй юм уу.  Ямар нэг хууль бус үйлдэл хийж байгаа юм уу, үгүй юм уу. Авлига албан тушаалын хэрэгт орооцолдсон юм уу, үгүй юм уу.  Бүх хүмүүст тавигдах шаардлага адилхан тавигдах ёстой л гэж би боддог. Ер нь одоо ямар нэгэн хуулийн асуудалтай гишүүдийг түдгэлзүүлэх асуудал их хүнд болсон билээ. УИХ-ын гишүүний дархан эрхийн хүрээнд давуу эрх олгогддог байж болохгүй.  УИХ-ын гишүүд маань өөрсдөө ёс зүйгүй байгаа, үнэн.  Өөрсдөө авлига албан тушаалын хэрэгт холбогдож байгаа, үнэн.  Өөрсдөө иргэдийг доромжилж байгаа, үнэн.  Тэгэхээр энэ асуудлыг иргэд өөрсдөө хүсээд байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэхийг дэмжинэ.  Хуулийн төсөлд засаж сайжруулах зүйл бий.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа: Гишүүнийг эгүүлэн татах хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа

-Үндэсний эвслийн гишүүд маань Ерөнхийлөгчийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гишүүд хуралдаандаа идэвхтэй оролцох, байр сууриа тодорхой илэрхийлэх, ажилдаа хариуцлагатай хандах, ёс зүйтэй байх эдгээр зарчмуудыг дэмжиж буй. Харин хэрэгжүүлэх арга замтай нь санал нийлэхгүй байгаа. иУИХ-ын гишүүд төдийгүй, төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэрэгжүүлэхтэй холбоотой хариуцлага, хязгаарлалт, хяналт, хамгаалалт зэрэг асуудлууд дээр бид хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Үүнийг том зургаар нь харж, хамтран ажиллахыг улс төрийн намууд болон Ерөнхийлөгчид уриалж байна.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 15. ЛХАГВА ГАРАГ. № 71 (7813)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхийлөгчийн хууль: Парламентын дархлааг бэхжүүлэх үү?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хууль санаачлах бүрэн эрхийнхээ хүрээнд өнгөрсөн гуравдугаар сарын 9-нд УИ

1 цаг 17 мин
Орос, тува, казахаар нэрлэсэн 319 газар усны нэрийг өөрчилнө

Байгаль, орчин хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын хавсра

1 цаг 17 мин
“Эрдэнэс критикал минералс” захирлаа “зайлуулдаг” матаасчинтай болсон уу?

УИХ-ын гишүүн асан Д.Тогтохсүрэн УИХ-ын 2024 оны сонгуулийн дараа “Эрдэнэс критикал минералс” ТӨ

1 цаг 17 мин
АН-ынхан нэг сарын time out-ынхаа дараа генсекээ томилох уу, даргаа “ярих” уу?!

Уг нь, АН-д “алтан цаг” ирсэн. Эрх баригч МАН-ын засагласан хугацаа тулсан. Бас, тэ

1 цаг 17 мин
С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч болох ёсгүй

18 цаг 26 мин
Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

Шүүхээс Д.Амарбаясгаланд авсан хилийн хоригийг үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ

22 цаг 27 мин
Ормузын хямрал хууль дүрэмд суурилсан дэлхийн дэг журмын хэврэг талыг харууллаа

Ормузын хоолой бол жирийн нэг нарийхан усан зам биш ээ. Энэ бол дэлхийн дэг журмын артерын судас бөгөөд энх цагт энэ хо

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн хууль: Намын бүлгүүд санал хураалтад гишүүдийнхээ саналыг хайрцаглахгүй орно

Даваа гараг бүр УИХ дахь намын бүлгүүд хуралддаг. Тэгвэл өчигдөр хоёр намын бүлэг хуралдаж, хэлэлцсэн асуудлын талаар бүлгийн дарга нар

Өчигдөр 06 цаг 00 мин
“Эрдэнэт”-ийн 49 хувийг төрд авах УИХ-ын 23 дугаар тогтоолыг “гацаасан” шүүхийн гурван шийдвэр

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны 2026 оны дөрөвдүгээр сарын 7-ны хуралдаан дээр ойрд таг чиг байсан нэг “сэдэв” сөхөгдлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

ОХУ-аас дизель түлшийг хөнгөлөлттэй үнээр эсвэл хөнгөлөлттэй нөхцөлөөр худалдан авах хүсэлтээ илэрхийллээ

Уржигдар 16 цаг 30 мин