Англи эхээс хөрвүүлсэн Тоймч В.Ариунчимэг
Geopolitical Monitor цахим сэтгүүлийн анализ тойм
Ормузын хоолой бол жирийн нэг нарийхан усан зам биш ээ. Энэ бол дэлхийн дэг журмын артерын судас бөгөөд энх цагт энэ хоолойгоор дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн ойролцоогоор тавны нэгийг тээвэрлэдэг юм. Энэ судас агшихад дэлхий ертөнц зүгээр таагүй мэдрэмжийг мэдэрдэггүй-амьсгал нь боогдож эхэлдэг.
АНУ-Израилын Иранд өгсөн агаарын цохилтоос үүдэлтэй өнөөгийн хямрал нь Техераны өргөн хүрээтэй хариу цохилтын улмаас улам хурцдаж, дэлхийн шийдвэр гаргах тогтолцоо ямар сулыг, геополитикийн хагарлын шугам хаана байгааг, олон улсын дэг журамд шингэсэн ёс суртахууны зөрчилдөөн ямар түвшинд байгааг ил болгож байна.
Хуучин дэг журам нуран унаж байна
Үүссэн нөхцөл байдал бол Ойрх Дорнодын зүгээр нэг мөргөлдөөн биш юм. Энэ бол тооцоо бодож буй мөч. Анхны агаарын цохилтоос хойш хэдэн долоо хоногийн дотор Ормузын боомтоор дамжин өнгөрөх далайн тээвэр өдөрт 130 орчим болж буурсан. Газрын тосны үнэ хямралын түвшинд хүрч, зарим боловсруулах үйлдвэрүүд нэг баррель тутамд нь 150 орчим ам.доллар төлж байна. Үүний үр дагавар нь Персийн булангийн хил хязгаараас хол давж, Европт инфляцын огцом өсөлт, Азид түлш шатахууны хомсдол үүсэх эрсдэл, Африкийн зарим хэсэгт хүнсний аюулгүй байдлын хямралыг улам гүнзгийрүүлж байна. Аль хэдийн хүндэрсэн дэлхийн эдийн засаг одоо системийн хямралын ирмэг дээр эргэлдэж байна.
Энэ нөхцөлд Бахрейны далайн тээврийн эрх чөлөөг сэргээх тухай НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн тогтоолыг хэрэгжүүлэх гэсэн оролдлого нь өнгөц харвал дэлхийн нийтийн өмчийг хамгаалж буй мэт харагдаж байв. Гэтэл Хятад, Орос хоёр уг тогтоолд вето тавьснаар олон улсын шийдвэр гаргах тогтолцоо ямар хэмжээнд ирснийг дахин нотолж өгөв. Орос, Хятад хоёр Ираны эсрэг хүч хэрэглэхийг үл тоомсорлосон аливаа тогтоол нь түрэмгийллийг хууль ёсны болгох эрсдэлтэй гэсэн аргумент нь нэг талаараа зөв.
НҮБ-ын дүрмийн хүч хэрэглэхийг хориглох заалт нэлээн бүрхэг. Хэрэв Иранд хийсэн анхны агаарын цохилтуудыг өгөхдөө Аюулгүйн Зөвлөлөөс зөвшөөрөл аваагүй бол олон улсын зарчимд нийцэхгүй, бүр хууль бусад тооцогдоно. Харин Иран агаарын цохилтын хариуд авсан арга хэмжээнүүд түүний дотор Ормузын хоолойг хаасан нь мөн л ноцтой асуудал юм. Ираны хориглолт нь олон улсын усан замын чөлөөт хөдөлгөөнийг зөрчиж, дайнтай огт хамааралгүй улс орнуудад эдийн засгийг шийтгэж буй мэт үр дагавар үүсгэж байна. Гэсэн хэдий ч Техеран эдгээр арга хэмжээг НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйлд заасны дагуу өөрийгөө хамгаалах эрхээ хэрэгжүүлж байгаа хэрэг гэж тайлбарлаж буй юм.
Үр дүн нь хууль эрх зүй, ёс суртахууны парадокс үүсэв. Нэг тал нь дүрэм журмаа зөрчих зуураа дэг журмыг шаардаж, нөгөө тал нь хэм хэмжээг зөрчиж буй атлаа хамгаалж байна гэж мэдэгдэж байна. Энэ зөрчилд Хятад, Орос улсууд орж ирж, өөрсдийгөө улс орнуудын бүрэн эрхт байдлыг хамгаалагч мэтээр харуулж буй. Гэвч тэдний өөрсдийн үйлдлүүд, түүх нь энэ байр суурийг ихэд эргэлзээтэй болгож байна. Ираны үзэл суртлын дэмжлэгтэйгээр тавьсан вето буюу хоригоо зарчмын гэж тайлбарлаж байгаа ч энэ нэр томьёо нь хэн нь хэний талд байгаагаас хамаарч өөр өөр сонсогдож байгаа юм.
Бүрэлдэн тогтох гэж буй шинэ дэг журам
Ормузын хоолой, Өмнөд Хятадын тэнгис, Баб-эль-Мандебээс эхлээд дэлхий даяар болж буй хямралууд бол тусдаа салангид зүйл биш. Энэ бол дэлхийн дэг журам шинээр бий болж буй үйл явц юм. Том гүрнүүд өөрсдийн нөлөөний бүсийг хүч хэрэглэх, вето тавих замаар дахин зурж байна. Үүний үр дүнд улс орнуудын бүрэн эрхт байдал болон хүний эрх, эрх чөлөө гэх үндсэн зарчмууд хууль ёсноос гэхээс илүүтэй “чи бидэнтэй эвсэж байна уу, үгүй юу” гэдгээс хамааралтай болж байна. Нэмж хэлэхэд Өмнөд Хятадын тэнгисийн маргаантай бүсээс эхлээд дэлхийн дижитал дэд бүтцийн үл үзэгдэх гол судаснууд хүртэл шинэ, сэтгэл түгшээсэн дэлхийн дэг журам бүрэлдэж бйана. Энэ шинэ дэг журамд том гүрнүүд хүчээ зөвхөн цэрэг, усан онгоц, нисэх онгоцоор биш мэдээлэл, худалдааны замууд, технологийг хянах замаар баталгаажуулж буй юм. Ингэснээр олон улсын хууль бүх хүнд ижил тэгш үйлчилдэг, бүх нийтийн зарчим гэдэг нь аажмаар суларч, хүмүүсийн аюулгүй байдал, амьдралын баталгаа нь өрсөлдөж буй том гүрнүүдийн тооцоо, ашиг сонирхлоос хамааралтай болж байна. Ази, Африк, Латин Америкийн ард түмэнд энэ үйл явдал олон улсын хууль ихэнх тохиолдолд нэг талдаа илүү таалагдсан байдлаар хэрэглэгддэг гэж ойлгогдож байна. Ялангуяа Газын Зурвастай холбоотойгоор Израилыг буруутгахаас хамгаалж ирсэн олон удаагийн вето одоо ч санаанд тод байна. Ийм нөхцөлд Ормузын хоолойг хаасантай холбоотой вето нь ямар нэг хачин зүйл биш харин толины тусгал шиг харагдаж байгаа. Өмнө нь Барууны улсууд Израилыг хамгаалах гэж вето тавьж байсан бол одоо Орос, Хятад хоёр Ираныг хамгаалах гэж вето ашиглаж байна. Эцэст нь зарчим бус хүч чадал л шийдвэрлэдэг тогтолцоо гэж ойлгогдож буй юм. Гэхдээ хүч чадлаар асуудлыг шийдэж буйгаа ялалт гэж үзэж болохгүй. Амин чухал ач холбогдолтой усан зам хаагдаж, энгийн хөлөг онгоцууд аюултай нөхцөл байдалд орж, олон улс оронд энгийн иргэдийн амь амьжиргаанд нөлөөлж буй энэ хямралд ямар ч цэвэр ялалт байхгүй. Одоогоор наанадаж энгийн 5 хөлөг онгоц цохилтод өртжээ. Газын Зурвас болон Африкийн зарим нутагт хүрэх ёстой хүмүүнлэгийн тусламж саатсан байна. Энэ бүхний үнийг Вашингтон, Тель-Авив, Москав, Бээжингийн стратегичид төлөхгүй. Харин бараа бүтээгдэхүүний тасалдал, үнийн өсөлтийн үр дагаврыг туулж буй энгийн ард иргэд л үүрч байна.
Ийм нөхцөл байдалд “ялалт” гэдэг нь юу гэсэн үг вэ?
Хэрэв ялалтыг удаан хугацаанд тэсвэрлэх чадвараар хэмжвэл Иран өрсөлдөгчдөө их хэмжээний хохирол учруулах чадвараа батлан харууллаа. Газарзүйн байрлал болон жижиг, ухаалаг зэвсгүүдээ ашиглан Иран улс Ормузын хоолойг дэлхийн хэмжээнд дарамт үзүүлэх чухал цэг болгож чадсан байна. Хэрэв ялалтыг үзэл суртал талаас нь хэмжвэл олон улсын харилцаанд үзэл суртлын тэнцвэр аажмаар өөрчлөгдөж, Барууны байр суурь өмнөх шигээ маргаангүй давамгайлж чадахгүй болжээ. Гэхдээ ялалтыг хүмүүсийн амьдрал, тогтвортой байдал, аюулгүй байдлын үүднээс харвал энэ ялалт аль ч талд нь байхгүй байна. Үндсэн асуудал нь системийн бүтэцдээ байна. Дэлхийн хамтын аюулгүй байдлын гол түлхүүр байх ёстой Аюулгүйн Зөвлөл вето тавьдаг тогтолцооноосоо болоод бүрэн утгаараа ажиллахгүй байна.Тус зөвлөлийн байнгын 5 гишүүн дор бүрнээ “би дэг журмыг хамгаалж байна” гэж ярьдаг боловч үнэндээ зөвхөн өөрийн түнш, холбоотнуудаа хамгаалахын тулд л вето тавих эрхээ эдэлж байна. Үр дүнд нь дүрэм журмыг хүлээн зөвшөөрдөг боловч тэдгээрийг шударгаар хэрэгжүүлэх эв нэгдэл, хүч чадалгүй тогтолцоо үүсчээ. Нэгэн шинжээчийн ажигласнаар энэ хямрал нь олон талаараа “бидний өөрсдийн бүтээсэн” хямрал юм. Богино хугацааны ашиг сонирхлыг урт хугацааны тогтвортой байдлаас дээгүүр тавьсан олон шийдвэрийн үр дагавар юм байна.
Дэлхийн улс төрчдийн хувьд үр дагавар нь маш тодорхой байна. Олон улсын байгууллагуудад итгэх итгэл хурдтай буурч, Аюулгүйн Зөвлөл дэлхийн хэмжээнд ийм том нөлөөтэй хямралын эсрэг шийдвэртэй ажиллаж чадахгүй байгаагаас түүний нэр хүндэд муугаар нөлөөлж байна. Үүнээс гадна эдийн засгийн чухал боомтуудыг зэвсэг болгон ашиглах явдал ойр ойрхон гарах төлөвтэй боллоо. Өнөөдрийн Ормуз зөвхөн эхлэл байж магадгүй. Ирээдүйд Өмнөд Хятадын тэнгист ийм нөхцөл байдал үүсэж ч болзошгүй юм. Үүнээс гадна томоохон гүрнүүдийн холбоо, эвсэл өөрчлөгдөж эхэллээ. Хятад, Орос улсууд Барууны санаачилгуудыг зөвхөн үг хэлээр бус олон улсын байгууллагуудын түвшинд илүү идэвхтэй эсэргүүцэх болжээ. Хурдтай өөрчлөгдөн буй олон улсын орчинд хариуцлага аль нэг улс эсвэл барууныхан, зүүнийхэний аль нэг бүлэглэл дээр бус харин бүх дэлхийн хамтын нийгэмлэгийн ухамсар дээр ирж байна. Одоо дэлхий нийтээрээ ёс суртахууны хатуу шалгууртай тулж байна. “Дүрэмд суурилсан дэлхийн дэг журам” гэдэг үг одоо утга төгөлдөр байж чадах уу? Ялангуяа Иран болон бусад бүс нутгийн энгийн иргэд хүч түрэмгийлсэн цэргийн ажиллагааны үр дагаварыг амсаж байгаа ийм үед. Энд яригдаж буй зарчим бол зөвхөн онол, хийсвэр зүйл биш. Энэ зарчим бөмбөгдөлтөд өртсөн хотууд, эвдэрч сүйдсэн эмнэлэгүүд, эвдэрсэн замууд, ажиллагаагүй болсон цахилгаан, интернетийн шугам дунд амьдарч буй хүмүүсийн өдөр тутмын амьдралд шууд тусаж байна. Тэнд хүний эрхийн талаар маргаж хэлэлцдэггүй, харин бодит байдал дээр шууд зөрчиж, үгүйсгэдэг. Олон улсын хуулийг “бүгдэд адилхан үйлчилнэ” гэж ярих үгс, түүнийг бодит амьдрал дээр зарим талд нь хэрэглэж байгаагын хооронд маш тод зөрчил байна. Ялангуяа АНУ, Израилын үйлдэлтэй холбоотой дайны гэмт хэргийн тухай яриа гарсаар байхад олон улсын байгууллагууд нэгдмэл, шийдвэртэй, яаралтай хариу арга хэмжээ авахгүй байгаа нь дээрх зөрчлийг улам тодруулж буй юм.
Одоо улс орнууд итгэл төрүүлэх эсэх нь “бид хууль сахина” гэж зарлахдаа бус аливаа улсын бүрэн эрхт байдлыг зөрчихгүй байх, бөмбөгдөлтөөр ч бай, эдийн засгийн бүслэлтээр ч бай ямар ч хэлбэрийн хамтын шийтгэлийг хэвийн үзэгдэл болгохгүй байх, хүмүүнлэгийн тусламжийг тохиролцооны хэрэгсэл биш, маргашгүй эрх гэж үзэх зэргээс шалтгаална. Өөрөөр хэлбэл зөвхөн хүч хэрэглэхээ больё гэх уриалга бус илүү гүнзгий ёс суртахууны тэгш байдлыг чухалчилах шаардлагатай байна. Чухамдаа Техеранд байгаа хүний амьдрал, нэр төр нь дэлхийн аль ч хотод байгаатай яг адилхан жинтэй гэдгийг дахин батлах явдал юм. Гал зогсоох, хариуцлага тооцох асуудал ямар ч хүчтэй талын дарамтад бөхийдөггүй, хүний амьдралыг яаралтай аврахад чиглэсэн жинхэнэ дипломат ажиллагаанд тулгуурлах ёстой юм. Эцэст нь Ормузын хоолойн хямрал бол том анхааруулга дохио юм. Энэ хямрал дэлхийн дэг журмын тулгуур улс орнуудын хэл ам, хэрүүл тэмцэл, хяналтгүйгээр хүч нэмэгдүүлэх зэргээс болж ямар хурдан нурж болохыг харуулж байна. Аль ч талын хязгааргүй хүч чадал тогтвортой байдал авчирдаггүй, харин мөнхийн аюултай байдал, байнгын тогтворгүй орчныг л авч ирдэг бодит үнэнийг илчилж байна.
Эх сурвалж: https://www.geopoliticalmonitor.com/crisis-in-hormuz-exposes-fragility-of-the-rules-based-order/
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. МЯГМАР ГАРАГ. № 70 (7812)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn