Туул гол уу, Туулын хурдны зам уу?

1 цаг 46 мин
Нийтэлсэн: Админ
 25 мин унших

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын бүтээн байгуулалтын асуудлыг хөндөж байна.  Энэхүү бүтээн байгуулалтын гүүрэн байгууламжийн  ихэнх тулгуур нь Туул голын татамд байрлах учраас газрын доорх ус, голын урсац, үерийн эрсдэл, усны чанарт үзүүлэх нөлөөллийг нарийвчилсан загварчлалаар бүрэн тооцох шаардлагатай гэж Усны нөөцийн зөвлөлөөс үзсэн байдаг.  Түүнчлэн иргэд, олон нийтийн зүгээс Туул голын экосистемд үзүүлэх нөлөө, эдийн засгийн үр ашиг, түгжрэлийг бууруулах тооцоо, санхүүжилтийн ил тод байдал зэрэг асуудлаар хотын удирдлагуудад шаардлага тавьж, байр сууриа илэрхийлсээр байна. 

 

Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл

МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн профессор О.Алтансүх:

-Туул голтой холбоотой мэдээлэл янз бүр байна. Зарим нь “болохоо больсон” гэдэг, зарим нь “хэвийн” гэж үздэг. Энэ нь судалгааны чиглэл болон судалгааны талбайгаас ихээхэн хамаардаг. Гидрогеологичид буюу газар доорх ус судалдаг хүмүүс харьцангуй нөлөөлөл багатай гэж үздэг бол экологичид, амьтан, ургамал судлаачид сөрөг нөлөө ихтэй гэж үздэг. Аль аль нь өөрсдийн судалгааны хүрээнд зөв байх. Гэхдээ Улаанбаатар хотын суурьшлийн бүстэй холбон салбар дундын, системийн түвшинд авч үзвэл сөрөг нөлөөлөл өндөр байна. Гол дагасан хурдны зам барих нь өндөр хөгжилтэй орнуудад байдаг тухай нийгэмд ярьж байна. Ихэвчлэн Америк, Англи, Япон, Солонгос улсуудын жишээ ярьдаг. Гэхдээ тэдгээр нь 1970–1980 оны, хотжилт эрчимжиж эхэлж байсан үеийн шийдлүүд байдаг. Тэр үед экосистемийн нөлөөллийг өнөөгийнх шиг нарийвчлан үнэлдэггүй байсан.

Харин одоо бол байгальд түшиглэсэн шийдэл давамгайлж байна. Голын голдирол дагуу, голын урсгалтай ойр, дэнж дээр авто зам барих нь хуучирсан шийдэлд тооцогдож байгаа. Жишээлбэл, Солонгос улсад өмнө нь байсан байгууламжийг буулгаж, голын орчныг сэргээж, явган болон дугуйн зам, ногоон бүс бүхий орчин үеийн шийдэлд шилжсэн. Би өөрөө тэнд амьдарч байсан учраас сайн мэднэ. Монголд ч ийм шийдэл боломжтой. Сэлбэ, Улиастайн гол дээр далан дагасан авто замууд байгаа. Туул голын хувьд ч хоёр даланг ашиглан шийдэх боломж бий. Мөн авто замын баганын суурь нь гаднаас харагдахаас илүү том талбай эзэлдэг. Энэ нь гадаргын болон газар доорх усны гидравлик буюу усан холбоог алдагдуулна.

Мөн сүүдэрлэлт үүсч, нарны гэрэлд ургадаг ургамлуудын өсөлт буурна. Ингэснээр сүүдэрсэг орчны хөл газрын ургамал ургах нөхцөл бүрдэх ба тухайн орчинд амьдарч байгаа хүмүүсийн харшлын асуудал нэмэгдэх зэрэг сөрөг нөлөөлөл харагдаж байна. Авто замын хөдөлгөөнөөс үүдэн дугуйн болон хатуу хучилттай замын элэгдлээр хар тугалга, хүнцэл зэрэг хүнд металлууд ялгарч, салхиар тархана. Эдгээр хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг шүү дээ. Өвлийн улиралд замын халтиргааг багасгахын тулд цацсан давс хөрсөнд шингэж, хөрсийг давсжуулж, ургамал ургах нөхцөлийг алдагдуулна. Ямар нэгэн байгалийн ургамал ургах нөхцөлгүйгээр нүцгэн халцарна гэсэн үг.

Мөн дуу чимээний бохирдол маш чухал асуудал. Хурдны замын тасралтгүй дуу чимээ нь тухайн орчны оршин суугчдад стресс үүсгэнэ. Дэлхийн хотуудын үүсэл, хөгжил нь гол дагасан байдаг. Харин одоо чиг хандлага өөрчлөгдсөн. Голын голдирлыг байгалийнхаар нь хадгалж, эрэг орчмыг амралт, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж байна. Ийм цогц бодлогогүй нөхцөлд зөвхөн нэг хурдны зам барих нь түгжрэлийг бүрэн шийдэхгүй, харин шинэ сөрөг асуудлуудыг дагуулж болзошгүй. Өөрөөр хэлбэл, Голын голдирол дагуу авто зам барих нь хуучирсан шийдэл.

 

Туул гол дагуу хурдны зам огт хэрэггүй 

Хот төлөвлөлтийн мэргэжилтэн Л.Ану-Үжин:

-Нийслэлээс Туулын хурдны зам төслийг анх танилцуулахдаа түгжрэл 30 хувь буурна гэсэн тоо хэмжээ ярьж байсан. Гэвч хотын түгжрэл Туул голтой огт хамааралгүй. Уг асуудалтай холбоотой суурь судалгаанууд дээр би 2020, 2021 онд ажиллаж байсан. Нэгдүгээрт, төвийн дүүргүүдэд буюу төв талбай тойрсон их тойруу, бага тойруу, баруун, зүүн дөрвөн замын түгжрэлүүд, туслах зам буюу торлог сүлжээ муутайгаас болж үүсэж байгаа. Хоёрдугаарт, авто замын ачаалал хэтэрсэн буюу автомашины тоо 3.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байдаг. Энэ суурь судалгааны үр дүнг харахад бид хаагуур түгжирч байна вэ гэхээр өдөр тутамдаа буюу ажилдаа явах, хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх үед төвийн зам дээр түгжрэл үүсдэг. Өглөө хотын захаас төв рүү түгжирдэг, оройн цагаар төвөөс зах руу зэрэг нэг чиглэлийн хөдөлгөөн давхацсанаас болж түгжрэл үүсдэг. Эдгээрийг шийдэх шийдэл маш тодорхой. Үүнийг нийслэлд хэд хэдэн удаа гаргаж өгч, засгийн газарт уламжилж байсан.Тодруулбал, шийдэл нь хөнгөн галт тэрэг, нийтийн тээврийг олшруулах, торлог сүлжээний тоог нэмэх зэрэг арга хэмжээнүүдийг авах ёстой.

Дэлхийн бусад бүх орнууд хүлээн зөвшөөрсөн нэг зүйл байдаг. Тэр нь хурдны зам барьснаар түгжрэл хэзээ ч буурдаггүй. Эхний гурван жилд түгжрэл буурсан мэт санагдах боловч 4-5 жилийн дараа хурдны зам өөрөө түгжрэлийг нэмэх шалтгаан болдог. Улаанбаатар хотын баруун талд байгаа хятадын мал мах нийлүүлэх бойны газар болсон эмээлт, урагшаа нүүрс нийлүүлэх зориулалттай налайх гэх хоёр дүүрэг нь 14 дагуул хот гэдэг бүтцийн шинэчлэл ярьсны дараагаар дагуул хот болж хувирсан. Гэвч энэ хоёр дагуул хотод хийх бүтээн байгуулалтын ажлыг бүхэлд нь хятадын компанид хариуцуулсан. Ингээд том зурагаар нь харахаар Туулын хурдны замыг энэ хоёр хотыг холбох зориулалтаар барьж байгаа юм шиг санагдаж байна. Туул гол бол хотын утаатай бохирдолтой орчинд амьдарч байгаа бидний цорын ганц хүчилтөрөгч эко систем юм. Энэ бүтээн байгуулалтад зориулагдах мөнгө дан ганц Улаанбаатарт амьдарч байгаа хүмүүсийн эрх ашиг биш, Монгол Улсад амьдарч байгаа 3.2 сая хүний өр болж үлдэнэ гэдгийг хэлмээр байна.

 

Х.Нямбаатар болон түүний баг энэ төслийг хэрэгжүүлэх чадваргүй гэж үзэж байна

Сэтгүүлч О.Ариунбилэг:

-“Туулын хурдны замын төсөл дээр эргэлзээтэй олон асуудал байна. Тус төсөлд хятадын дөрвөн компани хүсэлтээ өгсөн байгаа юм. Гэтэл огт хүсэлт өгөөгүй тавдахь компанийг сонгосон байна. Энэ компанийн талаар интернэтээс хайгаад үзэхэд юу ч олдсонгүй. Ижил төстэй хоёр компани олсон. Нэг нь том машин механизмын экспорт хийдэг нөгөөх нь худалдаа хийдэг байв. 2.3 их наяд төгрөг бол бага мөнгө биш. Гэтэл олон улсын энэ том төсөлд шалгарсан компани нь хүртэл хуурамч байна. Мөн хэдэн жилийн өмнө энэ төслийг танилцуулах үед Улаанбаатар хотын түгжрэлийг 30 хувиар бууруулна гэж байсан бол өнөөдөр 13 хувь болж буурчээ. Хамгийн аюултай нь энэ төслийн үр дүнд 1.5 сая хүн амын ундны ус аюулд орж байна. Мөн Монгол Улсад зөвлөлдөх санал асуулгын хууль гэж бий. Хуульд зааснаар ямар нэг төсөл хэрэгжүүлэх гэж байгаа бол тухайн орон нутгийн иргэдээс санал авах ёстой байдаг.

Туул гол бол нийт таван аймгийн нутаг дэвсгэр, Улаанбаатар хотын долоон дүүргээр урсан өнгөрдөг. Гэтэл нэг ч иргэнээс санал аваагүй байна. Өөрөөр хэлбэл, Ийм олон хүний амьдралын эх булаг болсон голын асуудал байхад нэг ч хүнээс санал аваагүй нь хууль зөрчсөн үйлдэл юм. Иргэд бид хөгжих ёстой гэж байна. Өнөөдөр хөгжил гэдэг цементэн зам байхаа больж байгаль руугаа тэмүүлж байна шүү дээ. Энэ төсөл нь олон улсын нөхцөл байдал, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн энэ үед цагаа олоогүй, үр ашиг багатай. Түгжрэл бууруулна, зардлаа нөхнө гэх судалгаанууд нь үндэслэл муутай. Гүйцэтгэгч компани болон бусад шаардлагатай судалгаа, баримт бичгүүд нээлттэй биш байгаа нь учир дутагдалтай. Мөн хүний гарын үсэг дуурайлган зурсан зэргээс харвал зарим зүйлс нь гэмт хэргийн шинж чанартай. Х.Нямбаатар болон түүний баг энэ төслийг хэрэгжүүлэх чадваргүй гэж үзэж байна.

 

Голын эрх гэдэг зүйл олон улсад бий

Уул уурхай, хүний эрхийн доктор Д.Баяр:

-Туул гол дээгүүр хурдны зам барихыг дэмжихгүй байна. Учир нь Туул гол бол Монголын түүх болон хүмүүсийн сэтгэлд хоногшсон, шүтээн болсон газар. Монголчууд байгалийг амьдчилж хайрлаж, хамгаалдаг. Яг түүн шиг бусад улс орнууд ч мөн адил байгаль өөрөө эрхтэй гэж хүлээн зөвшөөрч эхэлж байна шүү дээ. АНУ, Колумба, Герман, Шинэзеланд зэрэг улсууд гол мөрөн өөрийн гэсэн эрхтэй гэж үзэж, хууль хүртэл баталж байна. Энэ үзэл санаа нь гол мөрөн, байгаль эх, хүн шиг өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог амьд гэсэн утгатай. Монголчууд бид Хөвсгөл далайг төрийн тахилгатай болгож өргөмжилсөн. Яг энэ өөрсдийнхөө үзэл санаа, төрт ёс дээрээ тулгуурлаж Туул голоо хайрлан хамгаалж, өөрийн эрхтэй гэж үзэх ёстой. Одоогоор бид захиргааны шинжтэй буюу Голын ай сав газрын захиргаа, Богдхан уулын дархан цаазат газар, Усны газарт хамааруулж хамгаалж байна. Гэвч энэ нь өнөөдрийнх шиг нөхцөл байдалд ямар ч хариу арга хэмжээ авч чадахгүй байна шүү дээ. Тэгвэл түүний оронд бүлэг хүмүүст тулгуурлаж, Туул голын зөвлөл байгуулж, хөндлөнгийн хүмүүсээр буюу олон нийтээр хамгаалуулдаг болох нь зүйтэй. Бусад улсад тус газрын зөвлөл нь төр, нутгийн иргэдийн эрх ашгийг хангаж ажилладаг. Туул голоо амьтай гэж үзэж, амьдрах буюу урсах эрхийг нь хангах нь зүйтэй.

 

Нууц хуйвалдааны шинжтэй энэ төслөө зогсоохыг шаардаж байна

Оксфордын их сургуулийн докторант Э.Мөнх-Эрдэнэ:

-Нууц хуйвалдааны шинжтэй Туулын хурдны замын төслөө зогсоохыг хотын дарга Х.Нямбаатараас олон өдрийн турш найрсгаар шаардсан. Гэвч шөнө дөлөөр Туулын бургасыг нууцаар хядсаар байгааг харлаа, үзлээ, ханалаа. Тиймээс “Туул голоо хамгаалъя” иргэдийн хөдөлгөөн дараагийн алхамдаа шилжиж, Х.Нямбаатарын хүсээд байгаа улс төрийн акцыг эхлүүлсэн. Ингэхдээ өнгөрсөн баасан гарагт Засгийн газарт дараах таван шаардлагыг хүргүүлсэн юм. Үүнд, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатарт хариуцлага тооцож, огцруулах. Туулын хурдны зам төслийн ТЭЗҮ, байгаль орчны төлөв байдлын, нийгэм соёлын нөлөөллийн үнэлгээ болон бусад холбогдох бичиг баримтыг олон нийтэд нээлттэй болгох. Туулын хурдны зам төсөлд байгаль орчны болон санхүүгийн аудит оруулах. Төслийн нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг ЗГ-ын хуралдаанаар авч хэлэлцэж, холбогдох тогтоолын төслийг УИХ-д танилцуулахыг хүсэж байна.

 

Энэ асуудалд хуулийн хүрээнд шинжлэх ухаанчаар хандах ёстой

БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар:

-БОУАӨ-ийн сайдын хувьд Туулын хурдны замтай холбоотой асуудал дээр хоёр зүйлийг голлон анхаарч байгаа. Нэгдүгээрт, хуулиас давсан ямар нэг үйлдэл, тушаал шийдвэр гарсан байх ёсгүй. Хоёрдугаарт, шинжлэх ухаанчаар хандах ёстой. Мэргэжлийн боловсон хүчин, эрдэмтэд, судалгааны байгууллагууд болон албан хаагчдын гаргаж байгаа дүгнэлтээр асуудалд хандах ёстой. Энэ хүрээндээ Усны газар болон харьяа газрууд, эрдэмтэн судлаачдыг хамруулан хууль эрх зүйн хүрээнд нь дүгнэлт гаргаж Туулын хурдны замтай холбоотой асуудлуудад эцсийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэх нөхцөлтэйгөөр ажиллаж байна. Түүнээс биш улс төрийн сэдлээр асуудалд хандаж, үг дуугарах нь буруу.  

 

Улаанбаатарын ундны усны нөөцөд өөрчлөлт орсноор  үнэ нь тэнгэрт хадна

ИОНН-ын дарга, Хан-Уул дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Оюунгэрэл:

-Туулын хурдын замыг эсэргүүцэж буй шалтгаан гэвэл  Улаанбаатар хотын ундны усны цорын ганц эх үүсвэр болсон Туул голын гүний усыг бүрдүүлж буй дээд давхарга хадгалж буй доод давхаргын аль алинд нь хурдны зам асар хортой нөлөөлнө. Усгүй болбол замаар яах вэ! Ус нь ууж болдоггүй үер халиа болох, тогтоон барьж болдоггүй цоорхой ёроолтой болсноор олон газраар гүн ангал руу алдагдвал яах вэ. Замыг гүний усны нөөцөөс холуур барих шийдэл байсаар атал заавал усны нөөцөд аюул учруулах замаар хийх гэж зүтгээд байгаа нь асар том хорлон сүйтгэх ажиллагаа мэт санагдаж байна.Экологийн гол хохирол нь  Туулын бургас, зүлэг ногоо, шувуу амьтад их хохирно. Нар үзэж чадахгүйгээс үүдэн сүүдэрт бохир орчинд цэцэглэдэг нян үржиж усны чанар муудна. Гүний ус руу машин, цас хайлуулагч давснаас  химийн бохирдол орно.

Мөн Туул гол Улаанбаатарыг тэжээгээгүй, гүний худгууд л тэжээдэг гэсэн ойлголт яваад байна. Тэгвэл тэр гүний худгуудыг Туулын ус сэвсийсэн сайхан хайргаараа шүүрүүлж, дамжуулж тэжээдэг зохицолдоотой. Эко системээрээ байгаль өөрөө бий болгосон юм шүү. Түүнчлэн эдийн засгийн шууд болон шууд бус дам нөлөөгөөрөө асар их хохирол ирнэ. Туул голыг дагаж байршсан бүх объектод зундаа үерийн аюул, өвөлдөө халиа, дошны дарамт тогтмол нүүрлэнэ. ХУД-т байрлах стратегийн чухал объектууд болох цахилгаан станцууд, цэвэрлэх байгууламж худгууд үерт нэрвэгдвэл эдийн засгийн хохирол нь бүх дүүрэгт нөлөөлнө. Усны нөөцөд өөрчлөлт орсноор усны үнэ тэнгэрт хадна. Түүнийг дагаад бүх юмны үнэ нэмэгдэнэ. Өр төлбөр, найдваргүй зээл асар ихээр нэмэгдэнэ. ХУД-ийн иргэдэд үер, дуу чимээ, орчны шинэ бохирдлоос шалтгаалсан санхүүгийн дарамт нэмэгдэнэ.

 

Хатан Туул минь хохироод үлдэх вий

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн захирал Д.Золбоо:

Туулын хурдны зам зөв буруу гэж ид яригдаж байгаа энэ үед би Улаанбаатар хотын унаган хүүхэд, оршин суугчийн хувиар өөрийн үзэл бодлоо илэрхийлье. “Хурдны зам” гэдэг бүтээн байгуулалт талаас хүн бүхэн л дэмжиж байгаа биз. Гэхдээ “зорилго нь аргаа зөвтгөнө” гэдэг хуучны технологиор зүтгүүлээд байгаа нь буруу шүү дээ. Би улстөрчдийн будилж төөрсөн, өөрсдийгөө өмөөрсөн мэдэгдлүүдээс илүүтэй судлаач, усны инженерүүдийн дүгнэлтийг илүү бодитой, үнэнд ойрхон болов уу гэж бодож байна. Өөрийн хувийн туршлагаар бол Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын байгууллагуудын томоохон төсөл хэрэгжүүлэхэд тавигддаг стандарт, нормын талаар бага сага гадарлах юм. Дэд бүтцийн аливаа төсөл хэрэгжүүлэхдээ юуны түрүүнд Байгаль орчин, нийгэм, нутгийн иргэдэд үзүүлэх нөлөөллийн үнэлгээ гэж цуврал том судалгааг хийдэг. Тэр бүхний үндсэн дээр хэрэгжүүлэх эсэх талаарх шийдвэрээ гаргадаг юм билээ. Ямар ч аргаар, үнээр байсан хамаагүй “төмөр зам” тавих л ёстой гэж зүтгэдэг байсан өнгөрсөн зууны дунд үеээс XXI зууны шийдвэр гаргагчид илүү л баймаар даа. Мөнгө л байвал бүхнийг чадна гэж боддог улс төрчдөөс хэзээ ч эерэг үр дүн гарахгүй дээ.  Яг үнэндээ Дунд голыг маань бидний нүдэн дээр хэрхэн сүйтгэсэн нь өнөөдөр ч нүдэнд ил байхад яаж тэдэнд итгэнэ гэж боддог юм бол доо. Нэг л юм тодорхой, одоогийн дарга нар нь ажлаа өгөөд явсны дараа хариуцлагыг хэн ч хүлээхгүй, Хатан Туул маань л хохироод үлдэх байх даа.

 

Усны, байгаль орчныхоо эсрэг терроризм хийчихсэн сууж байна

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан: 

-Энэ жил НҮБ-ын Цөлжилтийн эсрэг талуудын 17 дугаар бага хурлыг эх орондоо зохион байгуулах гэж байна. Өмнөх Цөлжилтийн эсрэг талуудын бага хурал дээр усны асуудал огт ороогүй учраас энэ жил бид нэмж оруулж байгаа. Монгол Улсын Засгийн газар 2025 оны долоодугаар сарын 9-ний өдөр Усны, байгаль орчныхоо эсрэг терроризм хийчихсэн сууж байна. Өнөөдөр төлөв байдлын үнэлгээ хийсэн компанийнхан ч мэдээлэл өгсөнгүй. Долоодугаар сарын 9-ний өдөр УИХ дээр хулгайн замаар Усны тухай хуулийн дагалдах хуульд өөрчлөлт оруулсан. Энэ хуулийг өргөн барьсан сайдууд хариуцлага хүлээх ёстой. Холбоотой хүмүүсийг огцруулж, АТГ-т шалгуулах ёстой.

 

Туулын бургасыг хусаж халзалж устгах гэдэг нь хоржоонтой хорлонтой

Соёлын гавьяат зүтгэлтэн, шог зураач С.Цогтбаяр:

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын (UNCCD) талуудын 17 дугаар бага хурал (COP-17) Улаанбаатар хотноо болох гэж байхад Нийслэлийн засаг захиргаанаас ийм "Зандалчин Террорист" бэлэг хадагтай угтаж ч байх гэж дээ. Яаж амьтны нүүр харна даа хэдүүлээ.

"Туулын хурдны зам" хэмээх хулхи "Мега" нэртэй төслийг хохирол бага дээр нь таслан зогсоон Улаанбаатар хотыг экологийн сүйрлээс аварч, зангиа зүүж, залилангийн төсөл сугавчилсан "Террорист"-уудаас Хатан Туул голоо өмгөөлж чадсан улс төрчдийг Нийслэлийн иргэд ирэх сонгуульд дуу нэгтэйгээр ногоон гэрлээр сонгохоор  байна даа.

Сандал суудал албан тушаалын төлөө сайн нөхдөө ч элдвээр гүтгэж харагдах энэ МАН-ын нөхөд сүүлдээ бүр Туулын бургасыг хүртэл гүтгэж гутаагаад эхэллээ шүү. Толгойныхоо халзангаас ичиж үс суулгаж арчилж ариглах мөртлөө Туулын бургасыг хусаж халзалж устгах гэдэг нь хоржоонтой хорлонтой. Гэхдээ эцсийн эцэст идүүлсэн бут цэцэглэж идсэн эрүү нь хувхайрдаг хорвоо юм шүү дээ.

 

Туулын бургасд халдана гэдэг нь байгалийн эргэх холбоог алдагдуулж байна гэсэн үг

Яруу найрагч А.Түмэнбаяр:

-Энэ бүтээн байгуулалт бидэнд хэрэгтэй. Гэхдээ байгаль орчны талаас нь харвал маш эрсдэлтэй. Бидний үр хүүхдүүд ундны усгүй болбол яах вэ. Дэлхийд ундны усгүйгээс болж мөхсөн маш олон хот бий. Эрдэс баялаг байгаад усгүй бол ямар ч амьд бодгаль амьдрах боломжгүй. Тиймээс энэ төслийг Улаанбаатар хотын 1.5 сая иргэний амьдрах эрхэнд халдаж байна гэж үзэж байна. Амьд амьтан бүгд усаар тэжээгддэг. Туулын бургасд халдана гэдэг нь байгалийн эргэх холбоог алдагдуулж байна гэсэн үг. Түүхэн эх сурвалжид Дондогдулам хатан “Сэлбэ”-ийн усаар ундаалж байсан гэж гардаг. Бид “Дунд гол, Сэлбэ”-ийн голоо сүйрүүлсэн. Одоо “Туул” голоо сүйрүүлж болохгүй. 2.5 их наядын төсөвтэй төсөл гэж байна. Мега төсөл гэдэг нь маш их хэмжээний мөнгө шаардана. Энэ мөнгө цаашдаа нэмэгдэнэ. Жишээлбэл,  бензиний үнэ нэмэгдэж байна. Тиймээс төслийг сонгуулийн мөнгө угаалт гэж харж байгаа.

 

Туул голоо сүйтгэчихвэл нөхөж баршгүй хохирол учирна

УИХ-ын гишүүн Д.Ганбат:

-Улаанбаатар хотын хүн ам өссөөр байгаа энэ үед нийслэл хот маань усны эх үүсвэргүй болчихвол яах вэ.  Туул голоо сүйтгэчихвэл нөхөж баршгүй хохирол учирна. Мянган сайхан зам байгаад ямар ч нэмэргүй шүү дээ. Төмөр замын дээгүүр бетон гүүр тавиад явчихсан сайн хувилбар байна. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар “Орос ах нар зөвшөөрдөггүй” гэж хэлсэн байна лээ. Үүнийг ойлгохгүй байна. Ямар зам барих нь өөрсдөө шийдэх асуудал, тусгаар Монгол Улс биз дээ. Ямар учиртай ийм зүйл ярьсныг ойлгохгүй байгаа.

 

Уулын замаа өргөсгөж, тэгшлээд хурдны зам барьж болдоггүй юм уу

ХУД-ийн иргэн Д.Нарантунгалаг:

-Би ХУД-ийн  “Мишээл Резидэнс” байранд амьдардаг.Тэнд хүмүүс очиж агаарладаг цэцэрлэг байдаг.  Гэтэл яг тэр цэцэрлэгийн дээгүүр зам барихаар төлөвлөж байна. Туул голын усан дотор машин зогсоогоод нүх ухаж байгаа харагдсан. Миний зүрх сэтгэлийг өвтгөж байгаа зүйл нь   хурдны зам барилаа гэхэд машины утааны хорт бодис гол руу орно. Өвөл халтиргаа гулгаа үүсэхээр  зам дээр бодис цацдаг.  Тэр бүгд  ус  руу орно шүү дээ. Автобус  хүлээгээд  хэдэн минут болоход  бид утаанд нь яаж хорддог билээ. Гэтэл тэр машины утаа, хорт бодис Туул голыг бохирдуулна гэж яагаад бодохгүй байгаад эмзэглэж байна.  Уулын замаа өргөсгөж, тэгшлээд яагаад хурдны замаа барьж болдоггүй юм бол. Өөр шийдэл олон байна шүү дээ. Туул гол минь гэж бодохоос гол харлаж байна.

 

36 секундийн дотор батлагддаг мега төсөл гэж байхгүй

Иргэн П.Ганцоож: 

-Энэ төслийн бичиг баримт гүйцэт гараагүй, усны газар дүн шинжилгээгээ өгөөгүй байна. Гэтэл өнгөрсөн оны долоодугаар сарын 9-нд УИХ-ын гишүүд 36 секундийн дотор ярилцаад шийдвэр гаргасан байна.

Ийм богино хугацаанд хэлэлцэж баталдаг мега төсөл гэж бодит амьдралд байхгүй. Гэтэл ноднин хавраас эхлээд Туул гол орчмоор зураг авч, хэмжилт хийж эхэлсэн байна. УИХ-аар албан ёсоор батлуулаагүй байхад ажил нь эхэлнэ гэж юу байх вэ. Ийм байдлаар төсөл хэрэгжиж эхэлж байгаа нь буруу. Тиймээс би Туулын хурдны замын төслийг эрс эсэргүүцэж байна.

 

Төсөл хэрэгжүүлэгчээс зураг, техник тооцоолол ирүүлээгүй

Усны газрын дарга З.Батбаяр:

-Туул гол нь 882.8 км урсдаг, таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамардаг. Голын тухай ярихдаа эхнээс нь адаг хүртэл бодож ярих ёстой. Түүнээс биш зөвхөн нүдэнд харагдаж, үйл ажиллагаанд өртөж байгаа хэсгийг салгаж ярих ёсгүй. Аливаа голд үзүүлсэн нөлөөлөл нь голын эхэн, дунд, адагт заавал нөлөөлөл үзүүлж байдаг. Туул голын сав газрын эхэн хэсэгт Хэнтийн уулархаг бүс нутгийн цэвдгийн тархалт байх ба үргэлжилсэн, тасалданги, алаг цоог бүслүүрүүдийг хамарч байна. Хэдийгээр Туул гол руу олон гол цутгаж байгаа ч үндсэн тэжээлийн хувьд хүнд байдалд орж байгаа гэж ойлгож болно. Усны тухай хуульд “Усны нөөцийн тухай” заасан байдаг.

Усан хангамжийг сайжруулах, газрын доорх усны тэжээл, гадаргын усны хэрэглээг нэмэгдүүлэх зорилгоор 1950-аад оноос эхлэн “Туул усан цогцолбор”-ын  тухай асуудлуудыг ярьж эхэлсэн байдаг. Энэ нь Туулын хурдны замын асуудалтай яагаад холбогдож байгаа вэ гэхээр Туул голын дунд урсгалын орчимд дунд хэсэгт ашиглалтыг нэмэгдүүлэхийн тулд “Туул усан цогцолбор”-ын асуудлыг нэгдүгээрт барьж, үүн дээрээ үндэслэж дараа дараагийн үйл ажиллагаа явах ёстой гэж төлөвлөсөн байдаг. Усны газрын хувьд Усны тухай хуульд зааснаар аливаа усны барилга байгууламжид мэргэжлийн дүгнэлт өгөх ёстой байдаг. Энэ дүгнэлтээ Туулын хурдны замтай холбоотойгоор гаргаагүй байгаа. Яагаад гэвэл хэд хэдэн удаагийн уулзалтаар төсөл хэрэгжүүлэгчээс хүсэлт тавьсан боловч одоогоор зураг ирүүлээгүй байна. Бид зургийг нь харж байж техник тооцооллыг харж шийдвэр гаргах ёстой. Тиймээс Усны газар хуульд заасны дагуу мэргэжлийн дүгнэлт гаргах боломжгүй байна.

 

Ундны үсгүй болвол энэ хот сүйрсэн хот болно

Иргэн Ц.Чинбат:

-Бүтээн байгуулалт, хурдны замыг эсэргүүцээгүй. Энэ хотод байх ёстой зүйл. Гэхдээ бүх зүйл хууль, журмын дагуу явах ёстой. Гэтэл энэ хэлэлцүүлгийн үеэр ярилцаж байгаа бүх зүйл нь хууль бус байна. Ямар нэгэн албан ёсны зөвшөөрөл гараагүй, зарим баримт бичгүүд алдаатай, мөн судалгаа бүрэн хийгдээгүй. Энэ төсөлд ундны усны эх сурвалж, Туул голын экосистемд үзүүлэх нөлөөллийг судалсан бүрэн үнэлгээ хийгдээгүй байна. Үүнээс үүдэн байгаль экологийн зөрчлүүд ажиглагдлаа. Бүх ажил хууль журмын дагуу явж, ямар нэгэн алдаа дутагдалгүйгээр, судалгаа, зөвшөөрөл бүрэн гарсны дараа төслийг хэрэгжүүлээсэй гэж бодож байна. Энэ асуудал нь зөвхөн Улаанбаатар хотын иргэдийн асуудал биш, нийт Монгол Улсын иргэдийн амьдрах орчны асуудал. Туул гол байхгүй, ундны усгүй болбол энэ хот сүйрнэ. Тиймээс бид байгаль орчныг хамгаалах, иргэдийн амьдрах орчныг баталгаажуулахын тулд хууль журмын дагуу шийдвэр гаргахыг шаардаж байна.

 

Нийслэлд хотын иргэдийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед цаг хугацаа оройтоогүй

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн:

-Таван  цагийн хэлэлцүүлгийн хугацаанд Туулын хурдны зам яагаад явах ёстой вэ гэдгээ нотолж чадсангүй. Тэр их медиад зарцуулах мөнгөө судалгаагаа оновчтой зөв гэдгээ нотлох дээр зарцуулсан бол хэрэгтэй байлаа. БНХАУ-аас коксжих нүүрс авна гэдгийг ярихад яагаад ч юм хэвлэлээр би л хамгийн муу хүн нь болж байсан. Өнөөдөр ахиад л давтагдаж байна. Бидэнд зам хэрэггүй гээд байгаа асуудал биш. Нийслэлд амьдарч байгаа хүн бүрийн эрх ашиг хөндөгдөж байгаа энэ үед цаг хугацаа оройтоогүй гэж бодож байна.

 

Туулын хурдны зам ашиглалтад орлоо ч түгжрэлд нөлөөлөхгүй

Зам тээвэр судлаач Э.Тэмүүжин:

-Бүтээн байгуулалт бол хөрөнгө мөнгөөр биш үр дүнгээр л хэмжигддэг зүйл. Туулын хурдны зам бол Улаанбаатар хотын автозамын түгжрэлийг бууруулахгүй. Учир нь хурдны зам гэдэг бол Улаанбаатар хотын нэг захаас нөгөө зах руу дамжин өнгөрөх л зам. Хотын төвийн түгжрэлийг сааруулахгүй бөгөөд ашиглалтад орлоо ч түгжрэлд нөлөөлөхгүй. Улаанбаатар хотод өдөртөө 450-500 мянган автомашин зорчиж байна гэх судалгаа бий. Албаны хүмүүстэй мэтгэлцээнд ороход өдөрт 180 мянган тээврийн хэрэгсэл Туулын хурдны замаар зорчих тооцоололтой байна гэж байгаа юм. Тэгвэл Энхтайвны өргөн чөлөө 180 мянгаас их бага эсэхийг “хэлж мэдэхгүй” байна гэж ам алдсан тохиолдол байгаа. Ихэнх хүмүүс мэдэхгүй байгаа учраас их мөнгөөр л юм хийх гээд байна гэж ойлгож байгаа байх. Гэхдээ үүний цаана худал хуурмаг, хулгай луйвар байх вий л гэж хардаж байгаа.

 

Сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн

УИХ-ын гишүүн Б.Түвшин:

-Сүүлийн үед Туулын хурдны замын асуудлаар нийгмийн сүлжээнд ид хэлэлцүүлэг өрнөж байна. Тус төслийн 32 км замыг 668 сая ам.долларын гадаад зээлээр санхүүжүүлнэ гэдгийг олон талаас нь маш сайн хэлэлцэж ус, тосыг нь ялгасны дараа гаргах шийдвэр. Төсөвт өртөг 668 сая ам.доллар гэдэг нь ойролцоогоор Монгол улсын ДНБ-ний гурван хувьтай  тэнцэх дүн бөгөөд ийм хэмжээний гадаад зээлийн улмаас эрсдэлд орсон гадаад улсын бэлэн жишээ ч байна. Тухайлбал, Шри Ланка улс Хамбантота боомтыг ч бас анх хөгжлийн том төсөл гэж л эхлүүлсэн бөгөөд нийт төсөвт өртөг 1.3 тэрбум ам.доллар буюу тухайн үеийн Шри Ланка улсын ДНБ-ний хоёр хувьтай тэнцэх хэмжээний дүн байсан. Уг төсөл хэрэгжиж боомт ашиглалтад орсон хэдий ч төсөөлсөн эдийн засгийн үр ашгийг гаргаж чадаагүйн улмаас улс орон нь гадаад зээлийн дарамтад орж улмаар боомтоо 99 жилийн түрээст шилжүүлсэн буюу үндсэндээ гадаад улсад алдсан байдаг. Бэлэн ийм жишээ байсаар байхад эрх баригч намын зүгээс тус төслийг санхүүжүүлэх Засгийн газрын гадаад зээлийн өрийн баталгаа гаргах асуудлыг 2025 оны улсын наадмын өмнөхөн УИХ-д оруулж ирж сөрөг хүчний саналыг үл харгалзан хүч түрэн шийдвэрлэсэн байдаг.

 

Ерөнхийлөгч нь “Тэр бум мод” үндэсний хөтөлбөрийг санаачлаад харин Нийслэлийн Засаг дарга нь мод устгаад байгааг ойлгохгүй байна

Иргэн н.Баярмаа:

Энэ талаар анх гуравдугаар сарын 12-нд Хан-уул дүүргийн иргэн цахим хаягтаа Туулын бургасыг тайрч байгаа талаар нийтэлсэн байсныг хараад мэдсэн. 1111 рүү залгаж мэдэгдэхэд Байгаль орчны яам нь мэдээгүй байсан гэх хариу өгсөн. Тийм учраас энэ хурдны замыг хууль бус гэж үзэж байна. Экологийн цагдаа нар юу хийж байна вэ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” гэх төсөл санаачилж их хэмжээний зардал гаргаж байхад, нөгөө талд нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар нэг хэсгийг нь устгаж байна. Бүтээн байгуулалт хийнэ гэж байсан. Сэлбэ голын одоогийн байдал нь өмхийрсөн шавар шалбааг л болсон. Сэлбэ гол, Дундголд бүтээн байгуулалт хийж иргэдэд амарч салхилах тухтай орчин бүрдүүлэх байх гэж итгэж байсан. Алтан зам байгаад ус байхгүй бол бид яах вэ. Монгол улс уудам газар нутагтай, хурдны зам барьж болох олон боломжууд байгаа. Гэтэл яагаад зөвхөн Туул голын дагуу вэ барина гэж зүтгээд байгааг гайхаж байна. Иргэд бид эцсээ хүртэл эсэргүүцлийн жагсаалаа үргэлжлүүлнэ.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ГУРАВДУГААР САРЫН 31. МЯГМАР ГАРАГ. № 60 (7802)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Ерөнхий сайдад нэр дэвшигч Н.Учралаас асуусан онцлох асуудлууд

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон нэгдсэн чуулган өчигдөр хуралдаж, УИХ-ын дарга

1 цаг 46 мин
“Бодь”-ийн оффтейкийн “хандив”-аар Арцатын аманд Mall босгосон уу?!

Эхлээд нэг болсон явдал дуулгая. Батлаан хамгаалах яамнаас 2024 онд “Нэр бүхий алба хаагчдад виз хүсэх тухай”

1 цаг 46 мин
Б.Мөнхболор: Ялсан нь “…Шударга сонгууль”, ялагдсан нь “…Мөнгөний сонгууль” гэж нам руугаа дайрахаа больцгооё

УИХ-ын 2026 оны хаврын чуулганы эхний өдөр АН-ын дарга О.Цогтгэрэл “...АН-ын бүлгийн 41 гиш

1 цаг 46 мин
Туул гол уу, Туулын хурдны зам уу?

“Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Үзэл бодлын чөлөөт талбар” буландаа “Туулын хурдны зам”-ын б

1 цаг 46 мин
Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

Н.Учралыг Ерөнхий сайдаар томилохыг дэмжлээ

15 цаг 52 мин
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

Эдийн засгийн гол хүч болсон уул уурхайн салбарын хөгжлийг дэмжих зорилготой “Алтны форум” арга хэмжээг Гол

17 цаг 6 мин
Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

Тунхаг бичигт хиймэл оюун ухааныг редакцад ёс зүйтэйгээр ашиглахыг тусгав

17 цаг 11 мин
О.Батнайрамдал: 80 тэрбум төгрөгийн зээлийг тэглэсэн асуудлыг шийд гэх чиглэлийг АТГ-аас өгсөн ч хэрэгжихгүй байна

ЭЗБХ болон ТББХ-ны хамтарсан хуралдаан болж байна. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2025 оны гүйцэтгэлийн тайлан, Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг хэлэлцэж буй юм.

17 цаг 39 мин
Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

Хотын дарга Х.Нямбаатар айлчлалын үеэр намын даргаа эвгүй байдалд оруулсан уу?

19 цаг 29 мин
Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

Ерөнхий сайдад нэр дэвшсэн Н.Учралыг УИХ-ын даргаас чөлөөллөө

20 цаг 39 мин