"Хоёр чуулган" ба Таван жилийн төлөвлөгөөний нууц: Хятад улсын эдийн засгийн шинэ мөчлөг Монголд Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

1 цаг 40 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Боловсролын ухааны доктор (Ph.D), “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн тэргүүн, “Монгол Хятадын сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны оргил нийгэмлэг”-ийн нарийн бичгийн дарга, хятад судлаач Т.Чулуун-Эрдэнэ

Chuluunerdene.t@gmail.com

Хаврын урь орохтой зэрэгцэн удахгүй Бээжин хотноо дэлхий нийтийн анхаарлыг татсан нэгэн томоохон үйл явдал эхлэх гэж байна. Энэ бол хөрш орны улс төр, эдийн засгийн амьдралын хамгийн чухал үйл явдал болох "Хоёр чуулган" юм. Энэ жилийн чуулган ердийн нэг улс төрийн цугларалт гэхээс илүүтэй түүхэн шилжилтийн үе байх болно. Учир нь 2026 он бол БНХАУ-ын эдийн засаг, нийгмийн хөгжлийг ирэх он жилүүдэд тодорхойлох "XV таван жилийн төлөвлөгөө" албан ёсоор хэрэгжиж эхлэх онцгой жил. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг уламжлалт үл хөдлөх хөрөнгө, дэд бүтцэд тулгуурласан хуучин загвараасаа татгалзаж, технологийн үсрэлт рүү шилжиж байгаа энэ үед нийт экспортынхоо 90 шахам хувийг урд хөршдөө нийлүүлдэг Монгол Улсын хувьд ямар нөлөө үзүүлэх вэ? Хятадын энэхүү шинэ мөчлөгт манай уламжлалт түүхий эдийн экспортын хувь заяа хэрхэх вэ? Бид энэ өөрчлөлтөөс хожих уу, эсвэл хоцрох уу?

Хэвлэл мэдээллээр байнга л "Хоёр чуулган эхэллээ" хэмээн мэдээлдэг ч, энэ нь яг ямар хоёр байгууллага хуралдаж, хоорондоо ямар ялгаатай байдгийг тэр бүр хүмүүс нарийн мэддэггүй. Энэхүү улс төрийн системийн онцлогийг ойлгох нь Хятадын шийдвэр гаргах механизмыг ойлгох гол түлхүүр болдог. Хоёр чуулганы эхнийх нь Хятадын Улс Төрөөр Зөвлөлдөх Зөвлөл юм. Энэ бол төрийн эрх барих эсвэл хууль батлах байгууллага огт биш бөгөөд Хятадын улс төрийн хамгийн дээд "зөвлөх байгууллага" юм. Тус зөвлөлийн гишүүд нь зөвхөн эрх баригч Коммунист намын гишүүд байдаггүй бөгөөд энд тус улсын шилдэг эрдэмтэн судлаачид, нийгмийн зүтгэлтнүүдээс гадна Tencent, BYD зэрэг дэлхийд тэргүүлэгч компаниудын үүсгэн байгуулагчид цугларч, Засгийн газрын бодлогыг батлагдахаас өмнө шүүн хэлэлцдэг. Харин үүний дараахан эхэлдэг хоёр дахь чуулган нь манай УИХ-тай дүйцэхүйц Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал билээ. Хятад орны өнцөг булан бүрээс сонгогдсон 3000 орчим ардын төлөөлөгч энд цугларч, зөвлөлдөх зөвлөлөөс гарсан санаачилгуудыг шүүн хэлэлцэж, улс орны эдийн засгийн хувь заяаг шийдэх "Таван жилийн төлөвлөгөө"-г эцэслэн баталж, хуулийн хувьд хүчин төгөлдөр болгодог юм.

Энэхүү чуулганаар эцэслэн батлагдах "Таван жилийн төлөвлөгөө" яагаад Хятадын эдийн засагт тийм чухал байдаг вэ?. Нэгэн цагт барууны судлаачид үүнийг хуучин социалист системийн үлдэгдэл хэмээн шүүмжилдэг байсан бол, өнөөдөр үүнийг Хятадын эдийн засгийн гайхамшгийн хамгийн гол нууц буюу институцийн давуу тал гэдгийг хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрчээ. Хятад улс анхны Таван жилийн төлөвлөгөөгөө тэртээ 1953 онд ЗХУ-ын дэмжлэгтэйгээр хүнд үйлдвэрүүдээ хөгжүүлэхээр баталж байв. Гэхдээ энэхүү төлөвлөлтийн систем цаг үеэ даган хувьсан өөрчлөгдсөн бөгөөд 2006 он (XI таван жилийн төлөвлөгөөний жил)-д төрийн хатуу заавар бүхий төлөвлөгөө гэх ойлголтоос, зах зээлийн эдийн засгийн зүй тогтолд нийцүүлсэн чиглүүлэх шинжтэй удирдамж болон өөрчлөгдсөн түүхтэй.

 

“XV таван жил"-ийн төлөвлөгөөний шинэ агуулга ба макро эдийн засгийн дохио

 

Энэ удаагийн Хоёр чуулганаар батлагдах "XV таван жилийн төлөвлөгөө" (2026-2030) бол Хятад улс орчин үеийн социалист улс болох үйл явцын суурийг бэхжүүлж, бүх талын үсрэлт хийх шийдвэрлэх үе шат юм. Судлаачдын дүн шинжилгээнээс харахад энэ удаагийн төлөвлөгөө өмнөхүүдтэй харьцуулахад хэд хэдэн шинэ агуулгаар баяжиж байна. Гол агуулгын хувьд "Зургаан тулгуур зарчим"-д суурилсан, хөгжлийн долоон том зорилт, эдийн засаг, засаглал, соёл, аюулгүй байдлыг бүхэлд нь хамарсан 12 томоохон арга хэмжээ бүхий стратегийн цогц системийг санал болгож буй.  Хамгийн анхаарал татах өөрчлөлтүүдийн нэг нь "Шинжлэх ухаан, технологи инноваци"-ийн ач холбогдол өмнөх төлөвлөгөөний 5-р байраас огцом урагшилж 2-р байрт бичигдэв. Энэ нь Хятад улс АНУ болон Өрнөдийн технологийн хоригт хариу барихын тулд "бие даасан технологи" хөгжүүлэхийг нэгдүгээрт тавьж байгааг харуулж байна. Өөрөөр хэлбэл энэ удаагийн Хоёр чуулганаар Хятад улс "Шинэ чанарын үйлдвэрлэх хүчин" буюу хиймэл оюун ухаан, ногоон эрчим хүч, өндөр технологид суурилсан хөгжлийг XV таван жилийн албан ёсны стратеги болгон баталгаажуулах нь тодорхой болоод байна. Үүнийг дагаад Хятадын Засгийн газар макро эдийн засгийн хэд хэдэн чухал дохиог зах зээлд өгч байна. Юуны өмнө, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хадгалах бодлого үргэлжилнэ. 2025 онд Хятадын ДНБ хэмжээ анх удаа 140 их ная (ойролцоогоор 20.1 их наяд ам доллар)-д юаны босгыг давж, өнгөрсөн оныхоо мөн үеэс 5 хувиар өсч, дэлхийн эдийн засгийн өсөлтөд ойролцоогоор 30% хувь нэмэр оруулжээ. Харин 2026 онд ДНБ-ий өсөлт "5 орчим хувь" эсвэл "4.5-5.0 хувь" орчимд уян хатан байдлаар тогтоогдох хүлээлттэй байна. Энэ нь Монголын экспортлогчдын хувьд сайн мэдээ. Дотоодын хэрэглээгээ дэмжих, технологийн салбараа тэтгэхийн тулд Хятад улс төсвийн алдагдлын харьцааг өсгөх магадлалтай бөгөөд энэ нь уул уурхай, түүхий эдийн эрэлт огцом унахгүй байх суурь баталгаа болно.

Эх сурвалж: https://news.cgtn.com/

 Хоёрдугаарт, өдгөө Хятадын эдийн засагт хамгийн хүчтэй яригдаж буй асуудал бол "Дотоодын хэт өрсөлдөөнийг сөрөх" (fan neijuan, anti-involution) буюу нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэл. Энэ нь компаниуд чанаргүй, хямд бүтээгдэхүүнээр хоорондоо үнэ унаган өрсөлдөж, үйлдвэрлэлийн илүүдэл үүсгэхийг төрийн зүгээс хатуу зогсооно гэсэн үг бөгөөд энэхүү шинэчлэл гүнзгийрэх тусам Хятадын үйлдвэрүүд илүү сайн чанарын ган, өндөр технологийн түүхий эд шаардах нь гарцаагүй.

"Өмнөд Хятадын Гуанши-Жуан өөртөө засах орны Люжоу хотод автомашины үйлдвэрт ажилчид шинэ эрчим хүчний автомашинуудыг (NEV) үйлдвэрлэж байна.
Эх сурвалж: https: https://news.cgtn.com/news/2026-02-23/Why-China-s-economy-remains-stable-resilient-amid-global-uncertainty-1KZGun7oqDm/p.html

Гуравдугаарт, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал анхаарлын төвд хэвээр байна. Хятад улс нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах урт хугацааны зорилт тавьсан ч геополитикийн ээдрээтэй нөхцөл байдлаас шалтгаалан эрчим хүчний аюулгүй байдлаа нэн тэргүүнд тавьж, нүүрснээс шууд татгалзахгүйгээр цэвэр нүүрсний технологийг нэвтрүүлэх бодлого баримталж буй нь Монголын коксжих нүүрсний экспортод ирэх таван жилдээ айх аюулгүй зах зээл байхыг илтгэж байна.

 

Монгол Улсад нээгдэх стратегийн боломжууд

 

Хятадын XV таван жилийн төлөвлөгөөний энэхүү шинэ мөчлөг Монгол Улсад сорилт гэхээсээ илүү стратегийн цоо шинэ боломжуудыг нээж өгч байна. Уул уурхайн салбарын хувьд Хятадын үл хөдлөх хөрөнгийн зах зээл уналттай байгаа хэдий ч цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтэц зэрэг салбарууд асар хурдтай тэлж байна. Эдгээр салбар нь тусгай ган, зэс, газрын ховор элементийн асар их хэрэглэгчид тул манай нүүрс болон зэсийн баяжмалын эрэлт буурахгүй, харин ч чанарын шаардлага нь илүү өндөрсөх болно. Тиймээс бид нүүрсээ угааж, баяжуулж гаргах нь Хятадын нийлүүлэлтийн шинэчлэлтэй яв цав нийцэх бөгөөд үнээ өсгөх гол хөшүүрэг болох юм.

Нөгөөтэйгүүр, технологи болон дэд бүтцийн хувьд ч бид зөвхөн түүхий эд нийлүүлэгч байхаас татгалзаж, технологи нутагшуулагч болох үүд хаалга нээгдэж байна. Хятадын "Гадагшаа өндөр түвшинд нээлттэй байх" бодлогын хүрээнд Монголын уурхайнууд 5G сүлжээнд суурилсан ухаалаг уурхай, жолоочгүй тээвэр зэрэг дэвшилтэт технологиудыг оруулж ирэх боломжтой. Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар болон УИХ-аас дэвшүүлээд буй ногоон эрчим хүчний "3х100" хөтөлбөр зэрэг нь Хятадын нар, салхины стандарт, ногоон хөрөнгө оруулалтыг татах хамгийн таатай хөрс болно. Мэдээж хил дамнасан дэд бүтэц, тэр дундаа Гашуунсухайт-Ганцмод зэрэг боомтуудын төмөр замын холболтыг яаралтай дуусгах нь биднийг Хятадын ложистикийн ухаалаг сүлжээтэй нягт холбогдох гол гарц байх болно.

Дүгнэж хэлэхэд, 2026 оны Хятадын "Хоёр чуулган" болон XV таван жилийн төлөвлөгөө нь урд хөрш маань тооноос чанарт, хурдаас үр ашигт шилжиж буйг дэлхий нийтэд албан ёсоор тунхаглах болно. Хятад судлаачийн хувьд харвал, Монгол Улс энэхүү эдийн засгийн шинэ мөчлөгт дасан зохицохын тулд бодлогын стратегийн уялдаа хийх нэн шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Засгийн газрын 2026-2030 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг Хятадын XV таван жилтэй уялдуулж, уул уурхайн бүтээгдэхүүнээ түүхийгээр нь ухаж зардаг уламжлалт хэв маягаас, Хятадын аж үйлдвэрийн нийлүүлэлтийн гинжин хэлхээнд хагас боловсруулсан бүтээгдэхүүн нийлүүлэгч, ногоон технологийн бүс нутгийн зангилаа болон өөрчлөгдөх түүхэн шаардлага бидний өмнө ирлээ. Хятадын эдийн засгийн шинэ эрин үе бидэнд эрсдэл биш, харин хөгжлийн загвараа шинэчлэх алтан боломж мөн бөгөөд гагцхүү бид хөршийнхөө эдийн засгийн төлөв байдлыг зөв уншиж, зорилгоо оновчтой тогтоох нь л чухал байна.

Ашигласан эх сурвалж:

1. ХКН-ын Төв Хорооны эдийн засгийн ажлын хуралдааны тайлан (http://politics.people.com.cn/n1/2025/1211/c1024-40622544.html).

2. Хятад улсын хоёр их хурлаар яригдах арван онцлох төлөв, 全国两会十大热点前瞻, https://zijing.com.cn/web/article/

3. Орон нутгийн болон мужуудын "Хоёр чуулган"-аас дэвшүүлсэн XV таван жилийн төлөвлөгөөний урьдчилсан чиглэлүүд (2026年地方两会政府工作报告宏观政策前瞻)

4. Хятадын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Хороо болон "Caixin Global" зэрэг судалгааны байгууллагуудын Хоёр чуулганы өмнөх макро эдийн засгийн хүлээлт, дүн шинжилгээ (2026年全国两会宏观经济与政策前瞻)

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ХОЁРДУГААР САРЫН 27. БААСАН ГАРАГ. № 37 (7779)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
"Хоёр чуулган" ба Таван жилийн төлөвлөгөөний нууц: Хятад улсын эдийн засгийн шинэ мөчлөг Монголд Улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Хаврын урь орохтой зэрэгцэн удахгүй Бээжин хотноо дэлхий нийтийн анхаарлыг т

1 цаг 40 мин
Хэнтийн Ж.Оюунбаатар Германд Монголыг төлөөлнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж

1 цаг 40 мин
О.Цогтгэрэл: Ерөнхий сайдад хариуцлага тооцох асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэнэ

АН-ын дарга О.Цогтгэрэл цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

1 цаг 40 мин
Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр Ж.Сандагсүрэнг томилжээ

Ерөнхий сайд Г.Занданшатарын ахлах зөвлөхөөр Ж.Сандагсүрэнг томилжээ

19 цаг 40 мин
Гуравдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь

Гуравдугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарь

19 цаг 46 мин
О.Цогтгэрэл: Ардчилсан үзэл санаанд нэгдэж ажиллахыг уриалж байна

О.Цогтгэрэл: Ардчиллыг дэмжигчид бүгд үзэл санааны хувьд нэгдэж ажиллахыг урьж байна

19 цаг 51 мин
Элчин сайдаар эргэн ирсэн Н.Оюундарь

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 21 улсад суух Элчин сайдын нэрийг УИХ-д өргөн барьж, намрын чуулганы

Өчигдөр 06 цаг 00 мин
Засгийн газарт жижиг намууд “жижигдэж” байна

Хамтарсан Засгийн газар байгуулагдахад олон нийт олон давуу талыг хүлээж байв. Гэвч жижиг намуудаас о

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэд хариуцлага тооцож, бид хариу хүлээсэн Эпштэйний файлын эргэн тойронд

АНУ-ын Хууль зүйн яамнаас хүний наймаа, хүчирхийллийн гэмт хэрэгт буруутгагдан хоригд

Өчигдөр 06 цаг 00 мин
Лу.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

Су.Гантөмөр: АН-ын шаардлагыг биелүүлэхгүй бол Засгийн газар цаашаа алхах боломжгүй

Уржигдар 15 цаг 04 мин