“Хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход  өмгөөлөгчид чухал үүрэгтэй”

2023-05-26
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Өмгөөлөх байгууллага үүсгэн байгуулагдсаны 95 жилийн ойг тохиолдуулан Монголын өмгөөлөгчдийн холбооноос “Хүний эрх ба өмгөөлөл” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр зохион байгууллаа.   Хурлын үеэр мэргэжлийн үйл ажиллагаа явуулахад өмгөөлөгчдөд тулгамдаж буй асуудал, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, сайжруулах, цаашид анхаарах асуудал, шийдэл болоод өмгөөлөгчдийн эрх, хууль ёсны эрх ашгийг хамгаалахтай холбоотой асуудлын талаар хэлэлцэж, санал солилцсон юм.

 

“Өмгөөлөх байгууллагын бие даасан байдалд өмгөөлөгчдийн үүрэг оролцоо чухал”

 

Монголын өмгөөлөх байгууллагын үүсэл хөгжил нь Улсын бага хурлын 70 дугаар  тогтоолоор 1928 оны тавдугаар сарын 25-нд батлагдсан Шүүн таслах явдлын тухай олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрмээс эхлэлтэй. Энэ дүрэм батлагдсанаар өмгөөлөгч, өмгөөллийн үйл ажиллагааны эрх зүйн үндэслэл бүрдэж, бусдад хууль эрх зүйн туслалцаа үзүүлдэг, хүний эрхийг хамгаалах тусгайлсан үүрэг бүхий хүмүүс олонд туслалцаа үзүүлж эхэлсэн. Үндсэн хуульд заасан хууль зүйн туслалцаа авах эрхийг хангах, шударга, хүмүүнлэг, эрх зүйт нийгмийг бүтээхэд Өмгөөлөх байгууллагын бие даасан байдал, өмгөөлөгчдийн үүрэг оролцоо маш чухал. Дээр дурдсан “Олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм” батлагдсанаас хойш иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, өмгөөллийн үйл ажиллагаа явуулах баталгаа, өмгөөллийн байгууллагын бие даасан хангахад чиглэсэн бие даасан хууль цөөнгүй батлагдсан, тухайн цаг үедээ үүргээ гүйцэтгэсэн гэдгийг эрдэм шинжилгээний бага хуралд оролцогчид онцолж байв. Мөн хамгийн сүүлд өмгөөллийн үйл ажиллагааг цогцоор нь зохицуулсан, өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг хангасан гол хууль болох Өмгөөллийн тухай хууль 2019 онд батлагдан мөрдөгдөж байна.  Энэ хууль нь салбарынхны хувьд чухал хууль болсон ч цаашид улам боловсронгуй болгох шаардлагатайг мөн онцоллоо.

 

“Хүний эрх ба өмгөөлөл” эрдэм шинжилгээний бага хурлын үеэр өмгөөлөгчдийн төлөөллийн байр суурийг сонслоо.

 

Монголын Хуульчдын холбооны анхны ерөнхийлөгч, өмгөөлөгч Д.Батсүх: Өмгөөллийн байгууллага түүхэндээ долоон жил төрийн оролцоотой байгууллага байсан

 

-Өнөөдөр Монгол Улсад өмгөөллийн байгуул­лагын үүслийн эхлэл тавигдсан өдөр. Яагаад гэхээр энэ өдөр энэ байгууллагын харилцааг зохицуулсан дүрмийг Улсын бага хурлаас баталж мөрдүүлсэн юм. Тэр нь олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм нэртэй баримт бичиг байсан.  Энэ бүлгэм нь өмгөөлөгчдийн өөрөө удирдах байгууллагын эхлэл байлаа.  Өнгөрсөн 95 жилийн хугацааны 88 жилд нь бүхэлдээ өмгөөлөгчдийн гишүүнчлэл, оролцоотой өөрөө удирдах ёсны байгууллага байж ирсэн.  Өөрөөр хэлбэл, 88 жил төр болон төрийн оролцооноос хараат бусаар явж ирсэн гэсэн үг.  Харин 1944-1958 оны хооронд Шүүх яамны дэргэд төрийн захиргааны статустайгаар ажиллаж байсан.  Үүнийг болохгүй байна гэж үзээд буцаагаад өөрөө удирдах ёсны статуст шилжүүлжээ.  Өөрөөр хэлбэл, өмгөөллийн ажиллагааг төрийн ажилтай холих нь болохгүй асуудал гэдэг зарчим дээр нэгдсэн.  Дэлхийн улс орнуудад ч энэ зарчмыг баримталж байна. Үүний дараа 1991 онд НҮБ-аас Хуульч, өмгөөлөгчийн үүргийн талаарх зарчим гэдэг баримт бичгийг гаргасан.  Улс орнууд энэ баримт бичигт суурилж өмгөөллийн үйл ажиллагаатай холбоотой хууль эрх зүйн орчноо сайжруулж байна.  Түүхэн замналаас харахад  манай анхны олон ардад тусламж үзүүлэх бүлгэмийн дүрэм нэртэй баримт бичигт 1991 онд НҮБ-аас батлагдсан тэр агуулга, санаанууд бүрэн туссан байдгаараа онцлогтой юм.  Тэгэхээр 1928 онд тэр баримт бичгийн боловсруулсан хүмүүсийн мэдлэг, ур чадвар, хүний эрхийн мэдрэмж ямар мундаг байсан юм бэ гэдэг нь үүнээс харагддаг.  Бид 2019 онд НҮБ-ын тэрхүү зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчинтой болж чадсан.

 

Нийслэлийн Өмгөөлөгчдийн зөвлөлийн дарга, өмгөөлөгч Т.Ихтамир: 2115 өмгөөлөгч идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна

 

-Би 2003 оноос өмгөөлөг­чөөр ажиллаж байна.  Өмгөөлөгч бол нийгэмд хараат бусаар ажилладаг хүний эрхийн хамгаалагч юм.  Тэр ч утгаараа одоогийн энэ цаг үед бидний үүрэг оролцоо их чухал.  2013 онд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль батлагдсанаар Өмгөөллийн хууль маань хүчингүй болж бидний хувьд салбарын тухайлсан том хуульгүй долоон жил явж ирсэн.  Харин 2019 онд  Өмгөөллийн тухай хууль маань дахин батлагдсан.  Энэ хууль батлагдсанаар бид мэргэжлийн үйл ажиллагаагаа хэвийн явуулах, хэрэг хянан шийдвэрлэх явцад үйлчлүүлэгчийнхээ эрхийг хамгаалахтай холбоотой эрх зүйн орчин бүрдсэн.  Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад өмгөөлөгчийн үйл ажиллагааны эрх зүйн байдлыг сайжруулах шаардлагатай байна. Иргэдийн хууль зүйн туслалцаа авах эрхийн хэрэгжилт нь өмгөөлөгчийн мэргэжлийн үйл ажиллагаагаар илрэн гардаг.  Өнөөдрийн байдлаар өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлд 3445 өмгөөлөгч бүртгэлтэй байгаагийн 2115 нь идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Үүний 85 хувь нь нийслэлд үйл ажиллагаа явуулж байна.

 

Өмгөөлөгч Л.Данзанноров: Яллах өмгөөлөх талын эрх хуульд харилцан тэнцвэргүй байна

 

-Би ОХУ-д сургуулиа төгсөж ирээд Дундговь аймгийн Өмгөөлөгч­дийн зөвлөлд 2004 онд өмгөөлөгчөөр ажиллаж эхэлснээс хойш өнөөг хүртэл тасралтгүй хүний эрх, шударга ёсны төлөөх үйлсэд зүтгэж байна.   2019 онд баталсан Өмгөөллийн тухай хууль нь өмнөх хуультай харьцуулахад ололттой олон заалт, зохицуулалтууд тусгагдсан.  Өмгөөллийн үйл ажиллагааны баталгааг илүүтэй хангасан, олон улсын жишигт илүү ойртсон хууль болсон. Наад зах нь л гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг ямар арга замаар хэрхэн хамгаалах талаар илүү тодорхой зохицуулалтууд тусгагдсан. Гэхдээ л эрх зүй өндөр хөгжсөн, хүний эрхийг жинхэнэ утгаар нь хангасан хууль эрх зүйн орчинтой зарим улсын жишигт хүрэх болоогүй.  Хууль тогтоомжийн өөрчлөлт шаардлагатай байгаа. Үүнд, Өмгөөлөх байгууллага, Хуульчдын өөрөө удирдах байгууллагын зүгээс хийж хэрэгжүүлэх, бодлогын нөлөөлөл хийх шаардлага байгааг үгүйсгэхгүй. Өмгөөлөгч бол хүний эрхийг хангах, шударга ёсыг тогтооход хамгийн гол үүрэгтэй хүн. Шүүх шударга ёсны баталгаа гэдэг. Харин шүүхээс шударга шийдвэр гаргахад хууль хэрэглэн мэтгэлцэх замаар хамгийн гол туслалцаа үзүүлдэг мэргэжилтэн бол өмгөөлөгч. Зөв шударга шийдвэр гаргахад нөлөөлөх гол хүчин зүйл нь  мэтгэлцээний тэгш байдал, процессын шударга ёс. Гэтэл өнөөг хүртэл яллах өмгөөлөх талын эрх хуулиар харилцан тэнцвэргүй байгаа нь мэтгэлцээний тэгш байдал, шударга процесс хэрэгжихгүй байгаагийн том нотолгоо. Наад зах нь л эрх тэгш мэтгэлцэх ёстой өмгөөлөгчид яллах талдаа хүсэлт гаргаж, тэдний шийдвэрээс хамааралтайгаар чиг үүргээ хэрэгжүүлж байгаа нь шударга бус. Мөн прокурор хэрэг нээхээс эхлээд шүүхэд хэргийг шилжүүлэх хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удирддаг.  Баримт нотолгоонуудтай танилцдаг, мөрдөгчид даалгавар бичиж гүйцэтгүүлдэг бол мэтгэлцэгч тал болох өмгөөлөгч нарт мөрдөн шалгах ажиллагаа дуустал хэргийн баримтууд хаалттай, танилцах боломжгүй байгаа нь хуульд өөрчлөлт оруулах замаар хамгийн түрүүнд засч залруулах зүйл. Хүний эрхийг дээдэлсэн улс орнуудад өмгөөлөгч нь цагаатгах, прокурорууд нь яллах баримтыг тус тусдаа бүрдүүлж, уг баримт нотолгоо баримтуудаа ашиглаж шүүх танхимд мэтгэлцэж, шүүх хөндлөнгийн байр сууринаас шийдвэр гаргадаг.  Мөн өмгөөлөгчийн эрх, үүргийг Өмгөөллийн тухай хуульд ерөнхий байдлаар тусгаад орхихгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад өмгөөлөгчийн эрхтэй холбоотой заалтуудыг одоогийнхоос илүү нарийвчилж, дэлгэрүүлж тусгах шаардлагатай. Энэ нь хүний эрхийг хангахад, мөн хянан шийдвэрлэх ажиллагаа шударга явагдахад, зөв шийдвэр гаргахад чухал нөлөөтэй. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2023 ОНЫ ТАВДУГААР САРЫН 26. БААСАН ГАРАГ. № 105 (7090)

 

АН, МАН-ын Ерөнхийлөгчийн сонгуульд “горилогчид”

2027 онд Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль болно.  Сонгуулийн

Өчигдөр 12 цаг 20 мин
Трамп АНУ-ыг олон улсын байгууллагуудаас гаргана гэв

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп АНУ-ын үндэсний ашиг сонирхолд нийцэхгүй байна гэсэн шалтгаанаар олон

Өчигдөр 06 цаг 00 мин
Джеффри Сакс: Европ АНУ-тай хамт чимээгүй байгаа ч бусад улсууд Венесуэлийг хамгаална гэж найдаж байна

АНУ 2026 оны нэгдүгээр сарын 3-нд Венесуэлийн эсрэг "Үнэмлэхүй шийдэмгий ажиллагаа" (Operation Absolute R

Өчигдөр 06 цаг 00 мин
П.Дэлгэрнаран “гал”-аас зугтдаг бол ГЕГ руу зүглэхгүй байв

Гааль… Энэ нэр бараг л авлига гэдэг “үг”-тэй зоосны хоёр тал болтлоо хоршсон. Авлига хамгийн ихээр

Өчигдөр 06 цаг 00 мин
Хаврын чуулганы халуун сэдвүүд юу байх вэ?

2026 оны хаврын ээлжит чуулган ирэх гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийнэ.  Хаврын чуулга

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Ерөнхий сайд Г.Занданшатар Оюу толгой төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ

Уржигдар 11 цаг 57 мин
Бортээг ордын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулна

УИХ-ын 2025 оны арвандүгээр сарын 14-ний 103 дугаар тогтоолоор “Үндэсний баялгийн сангийн туха

Уржигдар 06 цаг 00 мин
Ардчилсан Үндсэн хуулийн үзэл баримтлалын тухай 30 өөр байр суурь

Монголын ард түмний оюун санааны хамтын бүтээл, язгуур эрх ашиг, туйлын хүслэнгийн илэрхийлэл

Уржигдар 06 цаг 00 мин
Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

Б.Цэнгэл: Хаврын чуулганаар өмч хувьчлалын үндсэн шаардлага, чиглэлийг батална

2026-01-07
ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

ГЕГ-ын даргаар П.Дэлгэрнаранг томилжээ

2026-01-07