Н.Үүрийнтуяа: Багш хүн жендэрийн мэдрэмжтэй нийгмийг бүтээж чадна

2022-08-29
Нийтэлсэн: Админ
 9 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа МУБИС-ийн Багшийн сургуулийн багш, докторант Н.Үүрийнтуяаг урьж, ярилцлаа.

 

ОХИДЫГ СУЛ ДОРОЙ, ХӨВГҮҮДИЙГ ЗОРИГТОЙ ГЭЖ ҮЗЭХ нь ХЭВШМЭЛ ОЙЛГОЛТ


-Монголын нийгэмд нийтлэг ажиглагддаг нэг зүйл нь жендэрийн хэвшмэл ойлголт юм. Хэвшмэл ойлголт гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүн, охид, хөвгүүдийн нийгэмд эзлэх байр суурь, гүйцэтгэх үүрэг, сэтгэл зүйн шинж чанар зэрэг тэдний ялгааны талаарх эерэг хийгээд сөрөг, нотлогдсон хийгээд нотлогдоогүй, итгэл үнэмшил, хандлага юм.Боловсролын салбар дахь жендэрийн хэвшмэл ойлголтын тухайд тодруулан авч үзье. Жишээлбэл, сургуулийн орчинд охидыг сул дорой, хүлцэнгүй, өрөвч сэтгэлтэй, хэл сурахдаа авьяастай гэж үздэг. Харин хөвгүүдийг техник технологийн тал дээр илүү чадварлаг, зоригтой, хүчтэй, түрэмгий гэсэн жендэрийн хэвшмэл ойлголт нь боловсролын салбарт байсаар байгааг судалгаанууд харуулж байна. 


Үүнээс гадна боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэгш бус байдал нь хэвшмэл ойлголтыг хадгалах нэг үндэс болдог. Тухайлбал, жендэрийн нийгэмшилтийн онолоор тухайн хүүхэд юу харж, хэнийг сонсож, ямар орчинд өсөх нь жендэрийн талаарх ойлголт төлөвшихөд хамгийн ихээр нөлөөлдөг. Жишээлбэл, зургаан настай хүүхэд сургуульд элсээд 12 жилийн турш бүх хичээлээ эмэгтэй багшаар заалгавал багш мэргэжил нь зөвхөн эмэгтэйчүүдийн сонголт гэсэн хэвшмэл ойлголт бий болгодог. Тухайлбал, улсын хэмжээнд бага ангийн багш нарын 97 хувь нь эмэгтэй, үлдсэн гурван хувь нь эрэгтэй багш нар байна. Сургуулийн орчин дахь хүйсийн тэнцвэргүй байдал нь залуучуудын мэргэжил сонголтод ихээхэн нөлөөлдөг. Нөгөө талаас эцэг, эхчүүд, нийгмийн зүгээс жендэрийн хэвшмэл ойлголтоос улбаалан мэргэжлийн чиг баримжааг хүйстэй холбон тайлбарлах нь хүүхэд, залуучуудын мэргэжил сонголтод сөргөөр нөлөөлж байна. Хүний нийгмийн талаарх ойлголт, хандлагын ихэнх нь бага насанд төлөвшдөг. Гэтэл дээрх статистикаас харахад бага насны хүүхдийн төлөвшилтөд  эрэгтэй багш нарын нөлөөлөл дутагдаж байгаа нь илэрхий байна. Тиймээс боловсролын салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах нь нэн тэргүүний зорилт юм. 


Жендэрийн хэвшмэл ойлголтын нөлөөгөөр охид гол төлөв эмч, багш зэрэг мэргэжлээр, хөвгүүд инженер, цэрэг батлан хамгаалахын чиглэлээр суралцахаар мэргэжлээ сонгож байна. Үүний нөлөөгөөр жендэрийн цалингийн зөрүү үүсдэг. БСШУС-ын салбарт жендэрийн талаар баримтлах бодлого (2017-2024)-ын хүрээнд багш, эмчийн мэргэжлээр эрэгтэй, инженер техникийн мэргэжлээр эмэгтэй элсэгчийг дэмжих түр тусгай арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр тусгажээ. Мөн төрийн зүгээс эрэгтэй багш нарын тоог нэмэгдүүлэхийн тулд “Багш, математик, байгалийн ухаан” болон “Багш, урлагийн боловсрол хөтөлбөр”-өөр 600-аас дээш оноотой, “Багш, бага ангийн болон сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр”-өөр 550-аас дээш оноотой эрэгтэй элсэгчийг эхний жилд МУБИС-ийн оюутныг дэмжих сангаас сургалтын төлбөрийн 50 хувийг тэтгэлэг олгох арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 


СУРГУУЛЬ ЗАВСАРДАЛТЫН 65 ХУВИЙГ ЭРЭГТЭЙ СУРАГЧ ЭЗЭЛДЭГ

-Бүх нийтийн боловсрол нь залуу үеийнхний эдийн засгийн баялаг, эрх мэдлийн ялгаа бүхий нийгмийн гарлын нөлөөг сулруулж, байр сууриа ахиулах боломжийг олгосноор нийтийн сайн сайхан байдлыг тогтооход чухал үүрэгтэй. ”Эх дэлхийгээ өөрчлөх нь:Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр-2030”-д “Чанартай боловсролын үйлчилгээнд хүүхэд бүрийг бүрэн, тэгш хамруулах” зорилтыг дэвшүүлсний дотор охид, хөвгүүдэд үнэ төлбөргүй, тэгш, чанартай бага болон дунд боловсрол эзэмших зохих нөхцөлийг бүрдүүлэх нь Засгийн газрын тэргүүн зэргийн үүрэг хэмээн үзсэн байдаг. Охид, хөвгүүдийн адил тэгш сурч боловсрох эрхийг Үндсэн хууль, Боловсролын тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль зэрэг бусад холбогдох хуулиар баталгаажуулаад байна. Гэтэл зарим хүүхдүүд сургуулийн гадна үлдэж, сургууль завсардаж байгаа, тэр дундаа манай нөхцөлд хөвгүүд илүү өртөмхий байдаг. Жишээлбэл, сургууль завсардсан хүүхдүүдийн 65 хувийг эрэгтэй сурагч эзэлж байна. 

 

 

СУРАХ ЭРХ НЬ ХҮЙСЭЭС ҮЛ ХАМААРАН ЭРХ ТЭГШ БАЙХ ЁСТОЙ

-Боловсролын салбар дахь хууль, эрх зүй, бодлогод  жендэрийн эрх тэгш байдлын тухай үзэл баримтлалыг тусгах зорилт нь хүний эрх, шударга ёсыг хангах үйл ажиллагааны нэгээхэн хэсэг юм.  Өөрөөр хэлбэл, боловсролын салбар дахь жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг бодлого төлөвлөлтөд тусгах нь эрхэд суурилсан боловсролын үзэл баримтлалтай зайлшгүй холбогдоно. Эрхэд суурилсан боловсролыг уялдаа холбоотой гурван талт үзэл баримтлалаар тайлбарладаг.  
Үүнд нэгдүгээрт, сурч боловсрох эрхийн хүрээнд боловсрол эзэмших боломж нь  эрэгтэй ба эмэгтэй, хотын ба хөдөөний, баян ба ядуу гэдгээс үл хамааран нээлттэй хүртээмжтэй байснаар хүн бүрийн сурч боловсрох эрх хангагддаг. Хоёрдугаарт, боловсрол эзэмшүүлэх замаар хүний эрхийг хамгаалдаг. Хүний эрхийн мэдлэг, ойлголт, үзэл санаа, чадвар, хандлагыг хувь хүн болон нийгэмд төлөвшүүлэхэд боловсрол нь чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ утгаараа боловсрол  жендэрийн тэгш эрхийг хангахад чухал үүрэгтэй. 
Гуравдугаарт, боловсрол дахь хүний эрхийн асуудлыг авч үзье. Боловсролын харилцаа нь тухайн харилцаанд оролцогчдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрхээ эдлэх баталгааг хангах ёстой. Эрэгтэй, эмэгтэй, суралцагч, багш, ажиллагсдын хэн нь ч эрх, эрх чөлөөгөө эдлэх эн тэнцүү нөхцөлд суралцах, ажиллах боломжийг салбарын бодлогоор зохицуулсан байдаг. Гэвч энэ бодлогын хэрэгжилт сул байгаа нь иргэдийн боловсрол, хууль, эрх зүйн мэдлэг, тэр тусмаа жендэр, хүний эрхийн боловсрол дутмаг байгааг харуулж байна. Тиймээс жендэр судлаач, багш нарын хувьд боловсролын салбарынхны жендэрийн мэдлэг, ойлголтыг сайжруулах шаардлагатай гэдгийг алхам тутамдаа хэлэлцэж байдаг. 

 

 

БАГШ НАРЫН ЖЕНДЭРИЙН ТАЛААРХ ОЙЛГОЛТ, МЭДЛЭГ МАШ ЧУХАЛ

-Монголд жендэрийг зөвхөн эмэгтэйчүүдийн асуудлыг  авч үздэг, эрх мэдэлд дуртай, улс төр хийх сонирхолтой хэдэн эмэгтэйчүүдэд л хамааралтай мэтээр хүлээн авдаг хандлага элбэг байсан үе саяхан. Гэвч Монгол улс нэгдүгээрт, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангах үүрэг, амлалтаа биелүүлэх. Хоёрдугаарт, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг 2011 онд батлан, хэрэгжүүлсэн нь жендэрийн боловсрол, нийгэм олон нийтийн мэдлэг, хандлага сайжрахад эерэгээр нөлөөлсөн гэж харж болохоор байгаа юм. Жендэрийн тэгш байдлын талаар ярихад энэ нь зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хүйсийн тэнцүү байдал, боловсролын салбарт ажиллаж байгаа нийт багш нарын хэдэн хувь нь эрэгтэй, эмэгтэй байна гэдэг нь анхаарал татах асуудал боловч энэ салбарт ажиллаж, сурч байгаа хүмүүсийн жендэрийн мэдлэг ойлголт, хандлага ямар байгаа нь энэ бүхнээс илүү чухал юм. Бүр нарийвчлан авч үзвэл боловсрол нь тухайн нийгэмд жендэрийн эрх тэгш байдал, тэгш эрхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс нэн тэргүүнд багш нарын хэвшмэл ойлголтыг халж, тэднийг жендэрийн мэдрэмжтэй болгох нь хамгаас чухал юм. Учир нь багш нар жендэрийн мэдрэмжтэй болсноор боловсон хүчнүүд жендэрийн хэвшмэл ойлголтоо халж, эрх тэгш нийгмийг бүтээх юм.
Өөрөөр хэлбэл, боловсролын салбарын жендэрийн тэгш байдлыг ярихын тулд өөр хоорондоо ижил төстэй боловч ялгаатай хэдэн ухагдахууныг тайлбарлах нь зүйтэй болов уу. Нэгдүгээрт, жендэрийн эрх тэгш байдал (Gender equality) гэдэг нь онолын хувьд эрэгтэй, эмэгтэй хүмүүст адил тэгш боломж бүхий нөхцлийг бий болгох юм.  Энэ нь эмэгтэй, эрэгтэй бүх хүн хувийн авьяас чадвараа хөгжүүлэх, амьдралдаа сонголт хийхдээ жендэрийн үүрэг болон эмэгтэй, эрэгтэй хүмүүст байх шинж чанарын тухай хэвшмэл ойлголтод баригдахгүй чөлөөтэй байх тухай ойлголт юм. 
Хоёрдугаарт, жендэрийн тэгш эрх (Gender equity) нь эрэгтэй, эмэгтэй хүнд хоёуланд нь ялгаварлалгүй байх үйл явцыг хэлдэг. Охид хөвгүүд сургуульд элсэн суралцах, сурч боловсрох адил тэгш эрхтэй байх ёстой. 

 

ЖЕНДЭРИЙН ТЭГШ БАЙДЛЫГ ХАНГАХ БОДЛОГО,ЭРХ ЗҮЙН ОРЧНЫ ХЭРЭГЖИЛТ СУЛ БАЙНА

-Боловсролын салбарт жендэрийн тэгш байдлыг хангах олон баримт бичиг байдаг. Манай улсын хувьд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийг УИХ-ын 2016 оны 19-р тогтоолоор баталсан. Мөн нийгмийн тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд “Жендэрийн тэгш байдлыг хангах, иргэн бүрт хүртээмжтэй, чанартай боловсрол олгох, насан туршийн боловсролын үндэсний тогтолцоог бүрдүүлэх… “-д чиглэнэ гэж заасан.   Мөн БСШУСЯ-аас “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын жендэрийн нэгдсэн бодлого (2017-2025)”-ыг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ. Эдгээр баримт бичигт боловсрол дахь жендэрийн талаарх бодлого, зохицуулалтыг тусгасан ч хангалттай үр дүнд хүрээгүй хэвээрээ байна.
Боловсрол нь тухайн нийгэмд жендэрийн эрх тэгш байдал, тэгш эрхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр дундаа боловсролын салбарын бодлого, эрх зүйн орчин сайжирч, энэ салбар дахь жендэрийн хэвшмэл ойлголтыг халснаар, боловсролын салбарын хөгжилд ихээхэн ахиц дэвшил гарах юм. Бодлого, хууль эрх зүй нь цаашид нийгмийн амьдралын нөхцөл байдал хаашаа эргэхийг тодорхойлж, өөрчлөн шинэчлэх гол арга зам болдог. 

 

ОЮУТНУУД ЖЕНДЭРИЙН ТУХАЙ ХИЧЭЭЛИЙГ СОНИРХОН СУДАЛЖ БАЙНА

-Швейцарын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн хүрээнд боловсрол дахь жендэрийн талаар олон ажил хийснийг дурдах нь зүйтэй болов уу. Жишээлбэл, МУБИС-ийн НХУС-ийн багш, дэд профессор С.Түмэндэлгэр,  Нийгмийн бодлого хөгжлийн судалгааны хүрээлэн /НБХСХ/-гийн захирал Ц.Одгэрэл нарын ахалсан судлаачдын баг “Тогтвортой хөгжлийн боловсрол” төслийн захиалгаар “Боловсрол дахь жендэр” 15 модуль бүхий гарын авлага, “Жендэр ба Тогтвортой хөгжил” хичээлийн хөтөлбөр боловсруулан  МУБИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн багш нар, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын төвийн мэргэжилтнүүдэд зориулсан үе шаттай сургалтуудыг зохион байгуулсан. Үндэсний хэмжээнд бүх мэргэжлийн багш бэлтгэдэг хамгийн том сургууль болох МУБИС-ийн багш бэлтгэх сургалтын төлөвлөгөөнд ерөнхий суурийн сонгон суралцах багцад “Жендэр ба Тогтвортой хөгжил” хичээлийг оруулсан. Энэ нь 2018 оноос хойш өнөөг хүртэл улирал бүр оюутнуудын хамгийн их сонирхон судалдаг хичээлүүдийн нэг болсон нь дээрх хөтөлбөр тодорхой хэмжээний үр дүнтэй байгааг илэрхийлж байна. Тодруулбал, улирал бүр 150-250 оюутан уг хичээлийг сонгон суралцдаг тооцоолол байна. Энэ нь  боловсролын салбар дахь хэвшмэл ойлголт, өрөөсгөл хандлагыг халж, жендэрийн эрх тэгш байдлыг бүрдүүлэх цаашлаад боловсролын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна.

 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2022 ОНЫ НАЙМДУГААР САРЫН 29. ДАВАА ГАРАГ. № 165 (6897)

“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

17 цаг 0 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

17 цаг 23 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

23 цаг 37 мин
Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

Элчин сайд нарын асуудлыг хаалттай горимоор хэлэлцэж байна

23 цаг 40 мин
МЕТА компанийн төлөөлөгчид улс төрийн намуудад сургалт, мэдээлэл хийв

Иргэдийн улс төрийн эрх, эрх чөлөөг хангаж, хамгаалах, сонгуулийн боловсрол мэдлэ

Өчигдөр 07 цаг 25 мин
Амьдрал яагаад үзэсгэлэнтэй вэ гэж үү?

Бэрхшээл сорилт бүрийн ард бэлэг бэлдсэн байдгаараа амьдрал үзэсгэлэнтэй.

Өчигдөр 07 цаг 20 мин
Төр хөдөлж эхэлтэл тэдний эрхийг Г.Жамъян сэтгүүлч “манасан”

Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийг 26 жилийн өмнө онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг тойрсон ноцтой ү

Өчигдөр 07 цаг 15 мин
IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна

Азийн цээжинд  ардчиллын баян бүрд болж олон улсад жишиг  болж байсан Монгол Улсад ардчил

Өчигдөр 07 цаг 10 мин