Ч.Бямбаа
Хотын дарга асан Х.Нямбаатар “Монгол цэргийн нэгдсэн холбоо” болон “Монгол цэргийн холбоо”-ны үйл ажиллагаатай холбоотойгоор Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хувийн арми байгуулах гэж байна хэмээн лайвдаа дурдсан. Түүний энэхүү мэдэгдлийг Батлан хамгаалахын сайд Д.Батлут үгүйсгэж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.
Тодруулбал, Х.Нямбаатар цахим хуудсаараа дамжуулан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Энхтайваны гүүрний зүүн талд баригдаж буй 23 давхар барилгыг Монгол цэргийн нэгдсэн холбооны албан контор гэж тухайн үед хотын даргаар ажиллаж байхдаа баталж өгсөн. Монгол цэргийн нэгдсэн холбоог Ерөнхийлөгч У.Хүрэлсүх удирддаг бол Монгол цэргийн холбоог Батлан хамгаалахын сайд Д.Батлут удирддаг. Эдгээр байгууллага чөлөөндөө гарсан офицер, бага дарга нарыг эгнээндээ нэгтгэж, 21 аймаг, 330 суманд төлөөлөлтэй болсон. Хувийн арми байгуулж, үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийн эсрэг хөдөлгөх гэж байна уу гэсэн агуулгатай байр суурь илэрхийлсэн юм.
Харин Батлан хамгаалахын сайд Д.Батлут түүний мэдэгдлийг няцааж, “Хотын дарга асан Х.Нямбаатар үндэсний эв нэгдлийг хагалан бутаргаж, иргэдэд нотлогдоогүй, буруу мэдээлэл өгч, талцуулах гэсэн үйлдлээ болих хэрэгтэй. Хэрэв тийм зүйл байдаг юм бол баримтаа дэлгээд Монгол Улсдаа ирж, учир зүйгээ олох хэрэгтэй. Хилийн дээс алхчихаад эх оронгүй хүн шиг аашилж болохгүй. Хувиараа байтугай улсынхаа армийг бүрэн, дүүрэн тэжээж чадахгүй байна. Зүүд мөрөөдөл ярьдаг юм уу, тэр хүн одоо. Би ойлгохгүй байна.
Монгол Улс хувийн арми байгуулах тухай яриа үндэслэлгүй. Монгол цэргийн холбоо, Монгол цэргийн нэгдсэн холбоо гэсэн төрийн бус байгууллагуудын талаар би мэдэхгүй. Миний хувьд үндэсний сайн сайхан байдлын төлөө нийгэмд үйлчилдэг Төрийн бус байгууллагын удирдах зөвлөлд ажилладаг нь үнэн” гэлээ.
Эх сурвалж: www.polit.mn
0