"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.
Сэтгүүл зүйг хэн нэгэн гаднаас ирж аварна гэж хүлээх биш, харин сэтгүүлчид салбарынхаа ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой

МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц:
-Чөлөөт хэвлэл бол ардчиллын баталгаа. Сэтгүүлч бол эрх мэдэлтний суртал ухуулагч биш. Сэтгүүл зүй бол улс төрчдийн зодооны талбар, бизнесийн бүлэглэлийн захиалгын хэрэгсэл, хэн нэгнийг дарамтлах зэвсэг ч биш. Бид үнэнийг хэлэхээс айх ёсгүй. Өөрсдийнхөө алдааг нуух ёсгүй. Бусдын бурууг шүүмжилдэг хэрнээ өөрсдийнхөө бурууг хаацайлж болохгүй. Өнөөдөр сэтгүүл зүйг хэн нэгэн гаднаас ирж аварна гэж хүлээх биш, сэтгүүлчид бид өөрсдөө салбарынхаа нэр хүнд, эрх чөлөө, ирээдүйн төлөө хариуцлага хүлээх ёстой. Чөлөөт хэвлэлийн үндсэн үүрэг бол олон нийтийн мэдэх эрхийг хамгаалах, төрийн үйл ажиллагаанд хяналт тавих, нийгэмд болж буй үйл явдлыг баримтад тулгуурлан мэдээлэх, шударга ёсыг шаардах явдал билээ. Гэвч өнөөдөр бид энэ зарчмаасаа хэр холдсон бэ гэдгээ өөрсдөөсөө асуух цаг иржээ.
Цаашид чөлөөт хэвлэл оршин тогтнохын тулд хэрхэн санхүүжихээ салбараараа хэлэлцэх нь чухал

“Reel news” сайтын эрхлэгч М.Уранчимэг:
-Өнөөдөр манай салбарт хамгийн тулгамдаж байгаа хоёр асуудал байна. Нэгт, хууль эрх зүйн хамгаалалт буюу хэвлэлийн эрх чөлөө аюулд орсон уу гэх асуудал. Хоёрт, чөлөөт хэвлэл хаанаас санхүүжих вэ гэх асуулт гарч байна. Төртэй хийсэн гэрээ бүр хаалтын гэрээ. Төртэй гэрээ хийж байж өнөөдрийн медиа салбар оршин тогтнодог болсон нь үнэн. Технологийн эрин үед дуртай нь сэтгүүлч мэт мэдээлэл дамжуулах, байгууллага бүр хэвлэлийн ажилтантай болох, сошиал хуудаснуудаа ашиглан мэдээллээ дамжуулах зэргээр заавал хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй хамтрах шаардлагагүй болсон. Цаашид чөлөөт хэвлэл оршин тогтнохын тулд хэрхэн ажиллах, яаж санхүүжих энэ нөхцөлд яах тухай салбараараа хэлэлцэж шийдэлд хүрэх хэрэгтэй байна.
Зориудаар салбарыг “муухай харагдуулж” байгаа хүмүүст ямар хариуцлага тооцох нь чухал

Сэтгүүлч Э.Энэрэл:
-Сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан бол олон нийтийн мэдэх эрхийн төлөө цаг наргүй ажилладаг хүмүүс. Сэтгүүлчид бол сайн дурын байгууллагын хүмүүс биш. Бид үнэн зөв, шуурхай, ёс зүйтэй, олон нийтийн мэдэх эрхийг хангах хүрээнд чанартай мэдээлэл бэлтгэж салбартаа болон бусад салбарт нэр хүндээ тодорхойлж явдаг. Олон нийтийн итгэлийг алдана гэдэг бол манай салбарын хувьд маш хүнд асуудал. Төрийн байгууллагуудын гэрээний хувьд тухайн байгууллагууд өөрсдийн санаачилсан хууль сурталчлах ажлаа хийх ёстой. Тэр ажлаа олон нийтэд танилцуулж, сурталчлахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийг үнэ төлбөргүй “боолчилж” болохгүй. Тэр бүү хэл, төрийн өндөр албан тушаалтнууд татварын мөнгийг хэрхэн зарцуулж байгааг хянадаггүй хэрнээ өнөөдөр хуулийн хүрээнд гэрээ хийсэн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг нийтээрээ шүүмжлэх боллоо. Тэгвэл татвар төлөгчдийг мөнгийг захиран зарцуулж, шийдэх эрх мэдэл бүхий хүмүүс тухайн гэрээг яагаад хийв, гэрээ хийхдээ өөрсдөдөө ашигтайгаар зохицуулсан уу гэдэг талаас нь огт харахгүйгээр сэтгүүлчид рүү дайрч байна. Иймд бид салбараараа хэлэлцэх, ярилцах бол цаг хугацааны асуудал байсан. Төрийн өндөр албан тушаалтнуудын алдаатай бодлого, шийдвэрийг олон нийтийн хараа хяналтад оруулахгүйн тулд зориудаар салбарыг муухай харагдуулж байгаа тэр хүмүүст ямар хариуцлага тооцох нь чухал. Мөн манай салбарт ёс зүйн алдаа гаргаж байгаа хүмүүс байгаа ч тэдгээрээс гадна чин сэтгэлээсээ ажилладаг мянга мянган мэргэжлийн ёс зүйтэй сэтгүүлчид байдаг.
Ардчилсан нийгэм оршин байхын тулд чөлөөт хэвлэл оршин байх ёстой

Судлаач, профессор Ж.Батбаатар:
-Хэвлэлийн санхүүжилтийн загвар үнэхээр өөрчлөгдөж, реклам зар сурталчилгааны талбар маш хуваагдмал болсон нь үнэн. Сошиал ертөнц, инфлюнсерүүд рүү гээд тал тал тийшээ хуваагдчихлаа. Гэхдээ энэ чинь ганцхан манай асуудал биш дэлхий нийтээрээ ийм болсон. Олон улсад янз бүрийн арга хэрэгсэл, санхүүжилтийн шинэ загваруудыг гаргаж ирж байна.
Нэг л зүйлийг дахин онцолж хэлмээр байна. Чөлөөт хэвлэлийн санхүүжилт нь төр биш, төртэй байгуулдаг гэрээ биш байх ёстой. Төрийн угжны хурга шиг ийм хэвлэл бол чөлөөт хэвлэл биш, зөвхөн үзэл суртлын, ухуулга тархи угаалтын хэрэгсэл л болж хувирна. Энэ байдлаар цааш явбал ардчилал, улс үндэстний эв нэгдэл, нийгмийн аюулгүй байдал, хүмүүсийн сэтгэл зүй, сайн сайхан байдалд хүртэл сөрөг нөлөө үзүүлэх үндэс шалтгаан болж мэдэх эрсдэлтэй. Өнөөдөр үүсээд байгаа нөхцөл байдалд ч улс төр, улс төрийн талцал хуваагдал нөлөөлөөд байгаа биз дээ?
Тийм учраас л чөлөөт хэвлэлийн санхүүжилтийн үүсвэр, үндэс нь төр, төрийн байгууллагуудтай байгуулдаг гэрээ биш юм гээд онцлоод байгаа хэрэг. Хэрэв ийм гэрээг, санхүүжилтийн зайлшгүй сурвалж гэж авч үзэх шаардлага гарвал энэ маш нарийн утга учир, ньюанстай байх ёстой. Тэр нь юу вэ гэвэл, нээлттэй тендерийн зарчим, ил тод, шилэн байдал.Ардчилсан нийгэм оршин байхын тулд чөлөөт хэвлэл оршин байх ёстой.
Сэтгүүлч хүн энэ мэргэжлийг эзэмшихээсээ өмнө хүн болж төлөвших ёстой

МУИС-ийн Эмерит профессор, шинжлэх ухааны доктор М.Зулькафиль:
-Сэтгүүл зүйд тулгамдсан асуудлууд маш их байна. Энэ бүх талцал, хуваагдал 113 жилийн түүхтэй Монголын сэтгүүл зүйн нэр хүндийг маш богино хугацаанд унагалаа. Сүүлийн жилүүдэд мэдээллийн сайтын тоо нэмэгдээд, сэтгүүлчид төрийн байгууллага, улстөрч, бизнесменүүдтэй янз бүрийн аргаар гэрээ хийж мөнгөтэй болох хандлага газар авсан. Энэ хандлагыг өөрчилье шинэчилье гээд МСНЭ-ээс 1000 сэтгүүлчийн уулзалт хийгээд, тунхаг гаргасан. Мэдээж богино хугацаанд энэ сөрөг байдлыг арилгахад төвөгтэй. Гэхдээ би энэ асуудлыг иж бүрнээр харах хэрэгтэй гэж боддог. Нэгдүгээрт, өнөөдөр Монголын улс төр бохир байна. Өмнө нь хоёр нам хоорондоо нэг нэгнээ намнахын тулд сэтгүүлчдийг ашигладаг байсан бол одоо нам дотроо хагаралдаад, хэсэг сэтгүүлчдийг хувааж байлддаг хандлага бий боллоо. Энэ бол улс төрийн бохир заваан хандлага сэтгүүл зүйд нөлөөлж байгаагийн илрэл. Хоёрдугаарт, ХМХ-үүд энэ асуудалд ул суурьтай олон талаас хандах хэрэгтэй. Хэнийг энэ салбарт оруулж ирэх вэ, ямар шалгуураар ажилд авах вэ, мэдлэг боловсролыг дээшлүүлэх, давтан бэлтгэхэд яаж хандах, нийгмийн асуудлыг яаж шийдэх вэ гээд олон талаас нь харах хэрэгтэй. Нөгөө талаас редакцийн дотоод хяналт, сэтгүүлчийн өөрийн хяналт хүчтэй байх хэрэгтэй. Үүнээс гадна хамгийн гол нь сэтгүүлч хүн энэ мэргэжлийг эзэмшихээсээ өмнө хүн болж төлөвших ёстой. Хүн болж төлөвшөөгүй хүнээс ёс зүй шаардаад, хариуцлага нэхээд нэмэргүй. Сэтгүүлч бол энгийн мэргэжил биш, өдөр тутам хэдэн зуун мянган хүнтэй харилцдаг, олон мянган хүнийг мэдээллээр хангадаг, танин мэдүүлдэг өвөрмөц салбар. Тийм учраас Х.Цэвлээ гуайн хэлсэн шиг сайн хүн байх ёстой. Сайн хүн үзэг, микрофон барих хэрэгтэй. Сайн хүн болоогүй бол үзэг барьж, сэтгүүлч гэдэг “сэтэр” зүүгээд хэрэггүй.
Мэдээллийн боловсрол сайн байх шаардлагатай байна

Bpress.mn сайтын редактор Б.Будхүү:
Өнөөгийн цаг үед бүхий л түвшний эх сурвалжтай харилцаж, харилцан адилгүй хүлээн авагчдад мэдээлэл хүргэж буй сэтгүүлч хүнд нэн тэргүүнд мэдээллийн боловсрол сайтай байх шаардлага бий болсон. Мэргэжлийн байдал, дүн шинжилгээ, ёс зүй гээд бүгд үүнд хамааралтай шүү дээ. Сэтгүүлч, редактор, хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага мэдээллийн боловсролтой байх тусам мэргэжлийн, эрүүл, хараат бус сэтгүүл зүйг төлөвшүүлж, тэр хэмжээгээрээ нийгмийн оюун санаанд эерэг нөлөөлөл үзүүлэх боломжтойг олон улсын жишээнүүд харуулдаг. Мөн одоо ажиллаж буй сэтгүүлчдийн арга барил, ур чадвар, хандлага сэтгүүлч болохоор суралцаж буй оюутнуудад ихээхэн нөлөө үзүүлдэг. Сайн, муу аль алийг нь үлгэрлэж болдог гэдгийг сүүлийн хоёр жилийн хугацаанд оюутнуудтай ажиллах явцдаа олж харж байна. Энэ өнцгөөс харвал сэтгүүлч хөгжиж, сайжрах нь зөвхөн хувийн бус салбарын өмнөх хариуцлага болж байна гэж ойлгож болох юм.
“Сэтгүүлчийн ёс зүй” гэх хичээл дээр заадаг зүйлийг бид бодит байдал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй

“Mining.mn” сайтын эрхлэгч Б.Баяртогтох:
-Хэсэг хүний мэргэжлийн ёс зүйгээ алдсан үйлдлээс болж нийтээрээ сэтгүүлзүйн салбар ёс зүйгүй, шантааж хийдэг мэт харагдаж байна. Энэ утгаараа нийгэм сэтгүүлзүйн салбараас мэргэжлийн, ёс зүйтэй байдлыг шаардаж байна. Мөн дөнгөж сургуулиа төгссөн залуу сэтгүүлчдийг редакцууд бойжуулж ажлын талбарт гаргаж байгаа. Редакцаасаа мэргэжлийн ёс зүйг суралцах ёстой байтал тэгж чадаагүй тохиолдолд тухайн сэтгүүлч ч мөн мэдээлэлд цензуртэй хандаж чадахгүй байх гэдэг ч юм уу асуудал үүснэ. Цаашлаад технологи хөгжиж, зөвхөн монгол хэлээр биш гаднын олон хэл дээр бид мэдээллээ авах болсон. Иймээс хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө төрөлжих хэрэгцээ байна. Сэтгүүлчид өөрсдөө илүү чадавхжих, сурах, мэдлэгтэй болох хэрэгтэй байгаа. Бид мэдлэггүй, чадваргүй байгаагаас үүдэж асуудлыг нэг өнцгөөс харах, явцуу хандах тохиолдол гарч байна. Үүнээсээ болоод үзэгчдэдээ гологдох зам руу хөтөлж байна. Сэтгүүлчийн ёс зүй гэх хичээл дээр заадаг зүйлийг бид бодит байдал дээр хэрэгжүүлэх хэрэгтэй.
Мэргэжлийн бус хүмүүсийг салбартаа ажиллахыг хүлээн зөвшөөрөх нь буруу жишиг

DocX сайтын сэтгүүлч Д.Мөнхбат:
-Залуу сэтгүүлчдийн хувьд чөлөөтэй, хараат бус ажиллах орон зай хумигдаж байна. Салбартаа тогтвортой, тууштай ажиллах, үлдэх гэдэг итгэл үнэмшил бага, багаар унтарч байгаа юм шиг мэдрэмж төрөх болсон. Нийтээрээ муу, муухай гэдэг нэр зүүж, дурын хүн манай салбарыг муулж, хошуу дүрдэг боллоо.
Mэдээж хоёр талтай. Салбарт сайн нь олон гэж итгэдэг, мэднэ. Гэхдээ өнөөх муу нэрийг авчирсан хүмүүс илүү тод харагдаж, илүү чанга дуугарсаар байна. Хортой, хохиролтой санагддаг. Энэ бол мэргэжлийн бус ажилладаг мэргэжлийн хүмүүсийн тухай яриа.
Нөгөө талд шууд утгаараа мэргэжлийн бус, дуртай, сонирхолтой л бол сэтгүүлчийн ажил хийж болно. Сургаад, чиглүүлээд авчихна гэдэг хандлага. Мэргэжлийн хүмүүс өөрөө мэргэжлийн бус хүмүүсийг энэ салбарт ажиллахыг хүлээн зөвшөөрөх нь буруу жишиг байх. Энэ нь нэг талаараа манай салбар хүний нөөцийн дутагдалд орсныг харуулдаг.
Сэтгүүлчийн ёс зүй бол мэдлэг боловсрол, мэргэжлийн үнэт зүйл, биеэ авч явах соёлыг хамарсан өргөн ойлголт

"Малчин" телевизийн мэдээллийн албаны дарга, МСНЭ-ийн зөвлөх Э.Дагиймаа:
-Өнөөдөр Монголын сэтгүүл зүйн салбар доройтож, нийгэмд байр сууриа алдсан гэж би бодохгүй байна. Харин салбарт өөрчлөлт, шинэчлэлт зайлшгүй хэрэгтэй. Зах зээлийн эдийн засагт шилжсэнээс хойш бид олон янзын замыг тууллаа. Харин одоо дижитал технологи, цахим эрин үед сэтгүүл зүй шинэ сорилттой тулгарч, тодорхой хэмжээнд хөл алдаж байна. Тиймээс бид хэрхэн хөл дээрээ бат зогсох, цаашид ямар гарц, гаргалгаагаар хөгжих вэ гэдгээ ярилцах шаардлагатай.
Миний бодлоор сэтгүүлчийн ёс зүй гэдэг нь хүмүүсийн ойлгодог шиг хэдхэн зарчим, тунхгаар хязгаарлагдах ойлголт биш. Үүнд, маш олон зүйл багтана. Нэгдүгээрт, сэтгүүлчийн мэдлэг, боловсрол чухал. Хүн мэдлэг боловсролтой байж мэргэжлийн ажлаа зөв хийж, ёс зүйтэй ажиллах үндэс бүрдэнэ. Хоёрдугаарт, сэтгүүл зүйн төрөл, жанр, мэргэжлийн дүрэм, зарчмыг баримталж, салбарынхаа үнэт зүйлийг хадгалах ёстой. Гуравдугаарт, сэтгүүлч хүн салбарын сэхээтэн учраас биеэ авч явах байдал, үг хэллэг, үгийн сонголт гээд харилцааны соёл нь ч мөн ёс зүйн салшгүй хэсэг юм. Тэгэхээр сэтгүүлчийн ёс зүй бол ийм өргөн агуулгатай ойлголт.
Сошиалд хэт авталгүй, мэргэжлийн ажлаа хийж, чадвараа хөгжүүлэх хэрэгтэй
Эргэлт.мн сайтын сэтгүүлч Д.Бямбасүрэн:
Пост бичиж, сошиал орчинд үзэл бодлоо илэрхийлэх нь буруу биш. Гэхдээ үүнд хэт авталгүй, сурвалжилга, мэдээлэл бэлтгэх, ярилцлага хийх зэрэг мэргэжлийн ажлаа түлхүү хийж, ур чадвараа хөгжүүлэх хэрэгтэй. Гэтэл сошиалд чухал сэдвээр байр сууриа илэрхийлж, аль талд нь байгаа нь мэдэгдэхгүй, хэт автаж байгаа нь эмзэглэмээр санагддаг. Уг нь сэтгүүл зүйн салбарт хийх ажил, хөндөх сэдэв олон бий. Өдөр бүр шинэ зүйл сурч, шантрах үе гарах ч зочинтой ярилцах, хүмүүстэй уулзах гээд сайхан зүйл олон шүү дээ. Тиймээс залуу сэтгүүлчид үүнд илүү анхаараасай гэж боддог. Тиймээс бид өөрсдөө зөвийг баримталж, сайн бүтээл хийхийн төлөө хичээж, түүчээлэх хэрэгтэй. Тухайлбал, нэг сайхан уран бүтээлчийг онцлон хүргэж болно. Ингэснээр сэтгүүл зүйг дандаа сөрөг зүйл рүү чиглэж, аливааг харлуулдаг салбар мэтээр харах ойлголтыг өөрчилж, өөр өнгө төрхийг залуу сэтгүүлчид бид бүтээлээрээ харуулж чадна гэж боддог.
Сэтгүүл зүйн салбар мухардалд ороогүй, харин дотоод асуудлаа цэгцэлж, цэвэрлэх шаардлагатай байна

"Өмгөөлөл" сэтгүүлийн Хариуцлагатай нарийн бичгийн дарга С.Галбадрах:
-Би Монголын сэтгүүл зүйн салбарт 28 жил ажиллаж байна. Салбарыг мухардалд орсон гэж бодохгүй байна. Харин ч дотооддоо хуримтлагдсан асуудлаа ил гаргаж, алдаа дутагдлаа засаж, энэ таагүй байдлаас гарах шаардлагатай. Өнөөдөр зөвхөн сэтгүүл зүйн салбар гэлтгүй Монголын шүүх, прокурор, барилга, боловсрол гээд олон салбарт шийдвэрлэх асуудал бий. Гэхдээ нийгмийн дуу хоолой нь болж, бусад салбарын алдаа дутагдлыг илчилж ирсэн сэтгүүл зүйн салбар өөрөө асуудлаа ил гарган, дотроосоо цэвэршиж байгаад баяртай байна.
Залуу сэтгүүлчид асуудал руу орж илүү үзэл бодлоо илэрхийлээсэй

СГЗ, ахмад сэтгүүлч Я.Сумъяа:
-Сэтгүүл зүйн амин сүнс “ёс зүй” гэх зүйл хаана байна вэ гэж асуух цаг иржээ. Ахмад сэтгүүлчдийн хувьд салбараа зайнаас л харж, ажиглаж байна. Харин өнөөдөр жинхэнэ сэтгүүл зүйг нуруундаа үүрч, хөлөөрөө гүйж яваа залуу сэтгүүлчид үүсээд байгаа асуудал руу илүү орж ирээсэй. Илүү дуу хоолой, үзэл бодлоо илэрхийлээсэй гэж хэлмээр байна. Өнөөдөр ёс зүйг хөрсөн дээрээ буулгах, редакцадаа авчрах, сэтгүүлч бүр өөрийн болгох амин чухал хэрэгцээ байна. Аливаа редакцыг манлайлж, удирдаж байгаа хүн маш тулхтай, туршлагатай удирдлага хэрэгтэй байгаа юм байна. “Олгой хагаравч тогоон дотроо” гэдэг шиг хамгийн гол нь “халуун гал тогоо”-ндоо ярьж эхлэх нь асуудал зөв зам руугаа орж байна гэсэн үг.
Редакцууд нийтэд орлого, зарлагаа тайлагнадаг “шилэн” байя

МИК-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтэн Х.Батхишиг:
-Манай салбар бол нээлттэй, ил тод салбар. Мөн төрийн болон бусад байгууллагуудыг ч нээлттэй, ил тод байхыг шаарддаг. Иймд бусдаас ил тод, шударга байдлыг шаардаж байгаа бол сэтгүүлчид өөрсдөө ч мөн ёс зүйтэй байх, редакцууд шилэн байх ёстой. Нийтэд орлого, зарлагаа тайлагнадаг, төлбөртэй мэдээндээ тусгай тэмдэглэгээ хийдэг байя. Ардчиллын суурь нь бэхэжсэн, хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ өндөр байдаг улс орны загвар жишээг бид өөрсдийн үйл ажиллагаандаа нэвтрүүлэх болсон байна. Илүү мэргэжлийн ёс зүйтэй ажиллаасай.
Сэтгүүл зүйн салбарт байгаа хаалтын гэрээ гэх ойлголтоос салах шаардлагатай

МСНЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн, "Шинэ Монгол" радиогийн захирал Ө.Батзориг:
-Монголын сэтгүүл зүйн салбарт сүүлийн үед онцгой анхаарал татахуйц зарим асуудал гарч ирж байна. Гэхдээ эдгээр нь сэтгүүл зүйн мөн чанар, үндсэн асуудал биш юм. Тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг нийгэмд хэт томруулан харуулж, улмаар сэтгүүл зүйн салбарын нийтлэг асуудал мэтээр ойлгуулах хандлага ажиглагдаж байна.Тухайлбал, улс төрчдийн тодорхой бүлэглэл, тэдний халаасанд орсон хэсэг бүлэг хүмүүсийн үйл ажиллагаа нийт сэтгүүлчдийн нэр хүнд, салбарын үнэлэмжид сөргөөр нөлөөлөх ёсгүй. Өнөөдөр Монголд сэтгүүл зүйн бүтээлээ туурвиж, мэргэжлийн зарчим, ёс зүйгээ баримтлан шударгаар ажиллаж байгаа олон мянган сэтгүүлч бий. Тэдний хөдөлмөр, бүтээлийг цөөн хүний үйл ажиллагаатай адилтгаж, бүхэл бүтэн салбарт хар толбо болгон үлдээхийг бид хүлээн зөвшөөрч болохгүй. Цаашид сэтгүүл зүйн салбарт байгаа хаалтын гэрээ гэх ойлголтоос салах шаардлагатай. Хаалтын гэрээ бол сэтгүүл зүйд байх ёсгүй зүйл. Үүнийг байхгүй болговол салбар санхүүжилтгүй болж, цаашид оршин тогтнож, хөгжих боломжгүй гэж үзэж байгаа хүмүүс бий. Гэвч энэ бол түр зуурын үзэгдэлд автаж, асуудлыг өрөөсгөлөөр харж буй хэрэг юм.
Дундын зөвшилцөл байхгүй байгаа нь хамгийн том асуудал

NTV Телевизийн Медиа хөгжлийн газрын захирал Ж.Өнөмөнх:
-Манай салбарт хамгийн хэрэгтэй байгаа зүйл бол зөвшилцөх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сэтгүүлчид бусдыг ил тод байх ёстой гэж бичдэг, энэ асуудлыг шаарддаг ч өөрсдөө хамгийн ил тод бус байгаа. Тэгэхээр сэтгүүл зүйн салбар маш ил тод байх хэрэгтэй. Юун дээр зөвшилцөх ёстой вэ гэвэл санхүүгийн эрх ашиг дээр. Нэг улстөрчөөс мөнгө авч байгаагаараа биш үнэт зүйлээрээ нэгдмээр байна. Одоо байгаа нөхцөл байдал бол нэг талд өндөр хандалттай ёс зүйн хувьд асуудалтай хэсэг, эсвэл зарчмаа дагадаг, гэхдээ дампуурчих гээд байгаа сэтгүүлчид байна. Нөгөө талаар зарчимгүй хэрнээ мөнгөтэй ажиллах нөхцлийг манай салбарынхан өөрсдөө маш их тэжээдэг юм шиг санагддаг. Тиймээс ч дотроо асуудлаа ярьдаггүй, “тогоо руугаа нулимахгүй” гэдэг. Харин ч сая МСНЭ-ийн чуулган болж асуудлаа хэлэлцлээ. Би үүнийг зөв гэж бодож байгаа, олон нийт угаасаа шүүмжлэх ёстой шүү дээ.
Гэтэл гудамжныхан хэвлэлийн салбарыг шүүх болоогүй гэх мэтээр өөрсдийнхөө нийгмийн статусыг хэт өндрөөр бодоод байгаа. гэтэл харин ч тийм биш байгааг толгой дарааллан дампуурч байгаа хэвлэлүүд харуулж байгааг юу гэх вэ.
Зөвшилцөл байхгүй байгаа учраас тархи угааж пиар хийх хэсэг нь байдаг, нөгөө талд зарчим яриад санаа зовохоос цхэтэрдэггүй. Энэндээ уншигч үзэгчдэдээ сургачихаад байгаа алдаа байна. Энэ бүхэн ганц хуулийн төсөл хэлэлцээд, гурав дөрвөн жилийн дотор цэгцрэх ажил биш. 1998 онд Хэвлэл мэдээллийн тухай хуль гарснаас хойшхи асуудлыг цэгцлэхэд 10-20 жилийн хүчин чармайлт хэрэгтэй. Яаж ийж байгаад дундуураа зааглагдсан энэ урсгал холилдож, тэр дунд байгаа хаалт байхгүй болж байж бид асуудлаа бодитоор харж шийдэх хэрэгтэй болно. Тэгэхээр дундын зөвшилцөл байхгүй байгаа нь манай салбарын хамгийн том асуудал.
Сэтгүүл зүй цэгцэрч, ёс зүйн зарчмаа дагавал нийгэмд л сайнаар нөлөөлнө

ХМЗ-ийн Ёс зүйн хорооны гишүүн О.Амарзаяа:
-Ойрын өдрүүдэд сэтгүүлчдийн “олгой хагарч” тогооноосоо хальсан нь олон нийтийг талцуулсан. Салбарт бугшсан асуудал тэсэрсэн нь том хүрээг хамарсан. Улстөрчид, төр, нам, эзэд гээд зангилагдсан утас чангарсан. Энэ үйл явдал, нөхцөл байдлаас улбаатай салбарын асуудлаа хэлэлцэх форум болж, тогоондоо ярилцлаа. Асуудлыг дэгдээсэн “гол дүрүүд” чи би, танай, манайдаа хүрч, халуун, хурцаар нүүр тулан мэтгэлцлээ. Зарим нь уучлал гуйв. Асуудал хэм хэмжээ, хүн ёсноос хэтэрчээ. Ер нь сэтгүүл зүй цэгцэрч, сэтгүүлчид ёс суртахуунтай байж, ёс зүйн зарчмаа дагавал нийгэмд л сайнаар нөлөөлнө.
"Олон сувагт санхүүжилт"-ийн загварыг нэвтрүүлж байж бид чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгээ авч үлдэнэ

МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн доктор, МСНЭ ийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Чинзориг:
Сүүлийн 100 гаруй жил хэвлэл мэдээллийн салбарыг нуруун дээрээ үүрч ирсэн санхүүгийн уламжлалт бүтэц дижитал технологийн эрчимтэй давалгаанд цохигдон, маш богино хугацаанд нуран уналаа. Үүнд дараах гурван том шалтгаан нөлөөлжээ. Зарын зах зээл бүхэлдээц сошиал медиа руу шилжив. Google, Meta зэрэг Big Tech компаниуд хэрэглэгчийн өгөгдөлд суурилсан онилсон сурталчилгаагаар зах зээлийг монополчилов. Мэдээллийн веб сайтууд контентоо анхнаас нь үнэгүй байршуулснаас үүдээд мэдээлэл үнэгүй байдаг гэх ойлголт нийгэмд бий болов. Цаашид хэвлэл мэдээллийн салбар амьд үлдэж, чөлөөт байдлаа хадгалахын тулд зөвхөн нэг суваг харалгүй "Олон сувагт санхүүжилт"-ийн шинэ загварт шилжих шаардлагатай. Төрөөс хамааралтай, бэлэн төрийн гэрээний халаасанд орон хараат оршин тогтнохоос татгалзаж, "олон сувагт санхүүжилт"-ийн загварыг зоригтой нэвтрүүлж байж л бид чөлөөт, хараат бус сэтгүүл зүйгээ авч үлдэж чадна.
Сэтгүүлчид мэргэжлийн ёс суртахуунаа эрхэмлэж, салбарынхаа нэр хүндийг өөрсдөө хамгаалах ёстой

Ахмад сэтгүүлч Б.Батмөнх:
-Би Хэнтий аймгийн ахмад сэтгүүлч. Бидний ажиллаж байсан үеийн сэтгүүл зүй, өнөөгийн сэтгүүл зүй хоёрын хооронд ихээхэн ялгаа бий. Тухайн үед бид мэргэжлийн ариун цагаан хөдөлмөр, зарчмыг эрхэмлэн ажилладаг байсан бол өнөөдөр цаг үе, нөхцөл байдал өөрчлөгджээ. Миний бодлоор цаашид хамгийн түрүүнд анхаарах зүйл бол сэтгүүлчдийн ёс суртахуун, мэргэжлийн хариуцлага юм. Үүнийг бид онцгойлон эрхэмлэх хэрэгтэй. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тунхаг, уриалга гаргах бол түүнийгээ зөвхөн батлаад орхих бус, бодит ажил хэрэг болгож, хэрэгжүүлэх нь чухал. Гаргасан шийдвэр, уриалгаа ажил хэрэг болгож чадвал салбарын хөгжилд бодит ахиц гарна. Өнөөдөр манай салбарт олон залуу сэтгүүлч ажиллаж байна. Сайн сургуулиуд төгссөн, шинэ үеийн мэдлэг боловсролтой залуус бий. Тэдний дунд ажлын гараагаа дөнгөж эхэлж байгаа, мэргэжлийн олон сорилттой нүүр тулж буй хүмүүс ч байгаа нь мэдээж. Гэхдээ аливаа бэрхшээлийг даван туулж байж бид илүү их амжилтад хүрнэ. Сүүлийн үед “сэтгүүлчдийн нэр хүнд унасан, салбарын үнэлэмж муудсан” гэх яриа их гарах боллоо. Гэхдээ энэ бүхнийг бид өөрсдөө засах ёстой. Сэтгүүлчийн мэргэжлийн нэр төр, үнэ цэнийг хэн нэгэн гаднаас хамгаалж өгөхгүй. Харин бид өөрсдөө ёс суртахуун, хариуцлага, мэргэжлийн зарчмаа чанд баримталж, салбарынхаа нэр хүндийг улам өргөж явах шаардлагатай гэж бодож байна.
Татварын нэг хувийг медиа салбар руу хууль ёсоор авдаг болъё
Сэтгүүлч Э.Энхцэцэг:
-Аль ч улс оронд хэвлэл мэдээллийн салбарыг засаглалын түвшинд авч үздэг. Бид төрийн санхүүжилтийн асуудлыг ярих цаг болсон. Олон нийтийн сүлжээнд сэтгүүлчид маргаан үүсгэж байгаа нь салбараараа ярилцах цаг болсны дохио юм. Сэтгүүл зүйн салбар хэзээ ч устахгүй. Сошиал медиа хэчнээн хөгжсөн ч сэтгүүлчийг орлож чадахгүй. Дэлхий нийт тогтмол хэвлэлээс сошиал сэтгүүл зүйн платформ руу шилжиж байна. Энэ үед сошиал зүйгээс сэтгүүл зүйг хэрхэн ялгах вэ гэдэг асуулт гарч ирж байна. Манай салбарт хамгийн чухал асуудал бол санхүүжилт байна. Санхүүжилтийн асуудал дээр төрд буруу байгаа. Сэтгүүлчдэд буруу байхгүй. Хувийн хэвшлүүд, томоохон компаниуд бол сэтгүүл зүйн салбар руу “мөнгө хийхгүй” байгаа. Өөрсдөө маркетинг, олон нийттэй харилцах албаараа дамжуулан сошиал хуудсаараа олон нийтэд мэдээллээ хүргэдэг болсон. Иймд миний олж харснаар “Тэрбум мод” хөтөлбөрийг дэмжиж байгаа газрууд татварын нэг хувийн хөнгөлөлт эдэлдэг. Үүний нэгэн адил нийгмийн хариуцлагын хүрээнд нийгэмд сайн сайхан зүйл түгээж буй ТББ-ууд руу татварынхаа нэг хувиа өгдөг хуультай болчихвол бидэнд боломж олдоно гэж харж байгаа. Ингэснээр сэтгүүлчид шударгаар лобби хийж, “Нийгэмд нөлөөлөх контент хийе, та нэг хувийн татвараа манай 10 сайтын нэгдсэн ТББ руу хийгээч” гэх мэтээр шударгаар контентоо нийлүүлж болно. Үүнийг хуульчлуулбал бид засаглалынхаа үүргийг гүйцэтгэх байх. Татварын нэг хувийг медиа салбар руугаа хууль ёсоор авдаг болъё.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 4. ЛХАГВА ГАРАГ. № 210 (7952)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn
