Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

54 мин
Нийтэлсэн: Админ
 8 мин унших

Т.БАТСАЙХАН

 

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

 

-Хүний эрхийн үндэсний комиссын таван гишүүнийг сонгох шалгаруулах процессыг тайлбарлахгүй юу?

-2000 онд Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль батлагдаж, 2021 онд шинэчлэгдсэн байдаг. Албан ёсоор 2000 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн манай Хүний эрхийн үндэсний комисс өнөөдрийг хүртэл 25, 26 дахь жилдээ ажиллаж байна. Энэ удаагийн гишүүдийг томилох үйл явцын тухайд нийт долоон гишүүний тавынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаж, дараагийн таван гишүүнийг сонгох ажил явагдаж байгаа. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг томилохтой холбоотой ХЗБХ-ны ажлын хэсгийн ажиллах журамд тодорхой өөрчлөлт оруулсан. Энэхүү өөрчлөлттэй холбоотойгоор өнгөрсөн долоо хоногт зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон Хүний эрхийн үндэсний комисст өмнө нь ажиллаж байсан зарим хүмүүс, мөн төрийн бус байгууллагуудаас тодорхой гомдол гаргасан байгаа. Гомдлын гол агуулга нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг шалгаруулах үйл явцад нэр дэвшигчдэд тавигдах шаардлагыг хөнгөрүүлсэн, өөрөөр хэлбэл зөөлрүүлсэн гэсэн утгатай байна. Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль 2021 онд шинэчлэгдсэн. Харин Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнийг шалгаруулахтай холбоотой Хууль зүйн байнгын хорооны ажиллах журам үүнээс нэг жилийн өмнө буюу 2020 онд батлагдсан байдаг. Үүнтэй холбоотойгоор тухайн журмыг шинэчлэгдсэн хууль тогтоомжид нийцүүлэх шаардлага нэгдүгээрт үүссэн. Хоёрдугаарт, уг журмыг 2020 онд батлахдаа тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиудад зааснаас давсан тодорхой шаардлагуудыг журамд тусгасан байсан. Тэгэхээр энэ парламентын бүрэн эрхийн хугацаанд ч хуульд зааснаас давсан аливаа журам, зохицуулалтыг хүчингүй болгох, засаж залруулах үйл явц өрнөж байгаа. Энэ хүрээнд тухайн журмыг мөн шинэчилсэн.

-Энэхүү журмын гол зохицуулалт юу байв?

-Нэгдүгээрт, өмнө нь Хууль зүйн байнгын хорооноос томилсон ажлын хэсэг нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулдаг байсан. Энэ хууль батлагдахаас өмнө ажлын хэсэг өөрөө олон нийтэд нээлттэй сонсгол явуулдаг байлаа.Харин УИХ-ын тухай хууль, УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль батлагдсантай холбоотойгоор төрийн байгууллага, институцэд нэр дэвшиж байгаа хүмүүсийн сонсголыг УИХ-ын байнгын хороогоор дамжуулан олон нийтэд нээлттэй зохион байгуулдаг болсон. Тиймээс ажлын хэсгийн сонсгол болон УИХ-ын сонсгол гэсэн хоёр давхардсан үүрэг, оролцоог хуульд нийцүүлэх зорилгоор сонсголыг Хууль зүйн байнгын хороогоор зохион байгуулахаар журамд өөрчлөлт оруулсан.Хоёр дахь асуудал нь хүний эрхийн байгууллагын тухай юм. Монгол Улсад хүний эрхийг хамгаалах чиглэлээр хамгийн идэвхтэй, манлайлагч хүмүүс Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр шалгарах ёстой.Харамсалтай нь 2020 онд баталсан журамд сахилгын шийтгэл авч ажлаас халагдсан бол Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвших эрхгүй гэсэн хязгаарлалт оруулсан байсан. Гэтэл Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд ийм шалгуур байдаггүй.Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчийг ял эдэлж байгаагүй байх гэсэн шалгуур тавьсан. Гэтэл энэ нь Үндсэн хуульд заасан иргэн төрийн албан тушаал хашихдаа өмнө нь хийсэн үйлдэл болон бусад нөхцөл байдлаас шалтгаалан ялгаварлан гадуурхагдах ёсгүй гэсэн зарчимтай зөрчилдөж байгаа юм.Мэдээж тодорхой төрлийн гэмт хэрэг үйлдэж, ял эдэлж байсан хүмүүсийг төрийн албанд томилогдохыг хуулиар хязгаарласан зохицуулалт бий. Тэгэхээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний асуудал зөвхөн тухайн журмаар болон Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулиар бус, Төрийн албаны тухай хуулиар мөн зохицуулагдана. Яагаад гэвэл эдгээр гишүүн төрийн өндөр албан тушаалтны статустай ажилладаг.

-Төрийн албаны тухай хуульд ямар хязгаарлалт байдаг вэ?

-Төрийн өндөр албан тушаалтан, төрийн улс төрийн албан тушаалд ажиллаж байгаа хүн авлига, албан тушаалын гэмт хэрэгт ял шийтгүүлсэн байх тохиолдолд төрийн алба хашихтай холбоотой хязгаарлалт үйлчилдэг. Энэ зохицуулалт тухайн журамд байгаагүй ч Төрийн албаны тухай хуулиараа үйлчилнэ.Тийм учраас ял шийтгэл эдэлж байсан бүх хүний нэр дэвших эрхийг хавтгайруулан хязгаарлах биш, харин авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд төрийн албанд ажиллахыг насан туршид нь хориглодог заалт хэвээр үйлчилнэ гэдгийг энэ дашрамд тайлбарламаар байна. 1992 онд Монгол Улс ардчилсан Үндсэн хуулиа буюу дөрөв дэх Үндсэн хуулиа баталсан. Энэ хуулиар 1990 оноос өмнө хүмүүсийг насан туршид нь ялладаг байсан. Насан туршид нь аливаа алдаа гаргасан, тодорхой хэмжээгээр шийтгэл хүлээсэн хүмүүсийг төрд ажиллах, төрийн аливаа үйл ажиллагаанд оролцох эрхээр нь насан туршид нь хязгаарладаг, үр хүүхдүүдийг нь хүртэл хэлмэгдүүлдэг тийм үе байсан. Үүнийг 1992 оны Үндсэн хуулиар засаж, хүнийг насан туршид нь ялладаг бус, тодорхой алдаа гаргасан бол тодорхой хугацааны дараа тухайн ял нь хүчингүй болдог тогтолцоонд шилжсэн. Бид ийм тогтолцоонд шилжээд 35, 36 жил болж байна. Тиймээс Үндсэн хуулийн энэ зарчмыг баримталж, журмын өөрчлөлтийг хийсэн гэдгийг та бүхэнд хэлмээр байна.Үүнээс гадна Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр ажиллана гэдэг өөрөө маш их эр зориг шаарддаг. Учир нь эрх мэдэлтнүүдтэй байнга зөрчилдөж, тэдний өмнө үзэл бодлоо илэрхийлж, гаргаж байгаа шийдвэрийг нь эсэргүүцдэг, байр сууриа тууштай хамгаалдаг манлайлагчид энэ байгууллагад ажиллах ёстой. Дэлхий дахинд ч ийм зүтгэлтнүүд олон бий. Та бүхэн мэдэж байгаа, Нелсон Мандела 27 жил шоронд хоригдож байгаад суллагдсаныхаа дараа Өмнөд Африкийн иргэдийн эрхийг хамгаалахын төлөө тэмцсэн. Тэрээр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг олон жилийн турш тэмцэж, хүний эрхийг хамгаалагч дэлхийн хэмжээний зүтгэлтэн болсон. Үүнтэй адил дэлхийд алдартай, олон нийтэд танигдсан хүний эрхийн олон зүтгэлтнийг нэрлэж болно. Дэлхийн жишгээр ч хүний эрхийг хамгаалах үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулдаг Парисын зарчим гэж бий. Энэ зарчмын хүрээнд улс төрийн үйл ажиллагаа явуулж байсан зүтгэлтнүүдийг Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн, даргаар ажиллах, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Харин нэг л хязгаарлалт бий. Тэр нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр томилогдсоноосоо хойш аль нэг улс төрийн намд давхар ажиллах, улс төрийн үйл ажиллагаа явуулахыг хориглосон зохицуулалт юм. Тиймээс энэ зарчимд нийцүүлэн журмыг боловсруулсан.

-Өмнөх журамд Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнээр нэр дэвшихийн тулд 10 жил хуульчаар ажилласан, таван жил зөвхөн Хүний эрхийн үндэсний комисс болон хүний эрхийн байгууллагад ажилласан байх, өмнө нь удирдлагатайгаа зөрчилдөж сахилгын шийтгэл хүлээж байгаагүй, ямар нэгэн торгууль, ял шийтгэл эдэлж байгаагүй байх зэрэг шаардлага тавьдаг байсан?

-Эдгээр шаардлага нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг маш явцуу хүрээллээс сонгох нөхцөл бүрдүүлж байсан. Тиймээс нэр дэвшигчдийн хүрээг аль болох өргөжүүлж, нийгмийн болон бүх салбарын төлөөллөөс сонгон шалгаруулах боломжийг бүрдүүлэхээр журамд өөрчлөлт оруулсан. Гэхдээ нэр дэвших эрхийг нээж өгч байна гэдэг нь ямар нэгэн асуудалтай хүмүүсийг шууд сонгогдох боломжтой болгож байна гэсэн үг биш юм. Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийг ахалж байгаагийн хувьд нэр дэвшигч бүрийн бичиг баримтын бүрдлийг шалгаж, ганцаарчилсан ярилцлага хийсний үндсэн дээр ажлын хэсгийн бүрэлдэхүүн үнэлгээ, дүгнэлт гаргана. Үүний дараа уг үнэлгээ, дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд нээлттэй танилцуулж, байнгын хорооны нээлттэй сонсголыг олон нийтийн төлөөллийг оролцуулан зохион байгуулна.Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчид ажлын хэсгийн түвшинд эхний шалгаруулалтад орно. Дараа нь УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны сонсголоор хэлэлцүүлж, улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд орж, гишүүдийн саналаар дахин шүүгдэнэ. Ийнхүү гурван үе шаттайгаар шалгаруулалт явагдах юм.Тиймээс нэр дэвшигчдийн хүрээ буюу нэр дэвшигчдийн тоо аль болох олон байх нь чухал. Ингэснээр хүний эрхийн төлөө тэмцэж чадах, мэдлэг чадвартай, манлайлалтай хүмүүс шалгарч гарах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа.Ийм өөрчлөлт оруулсан учраас төрийн бус байгууллагууд, ялангуяа Хүний эрхийн үндэсний комиссын өнөөгийн удирдлагууд энэ асуудлыг зөв тайлбарлах ёстой. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд журмын тодорхой өөрчлөлтийг хийсэн. Нэр дэвшигчдийн материалыг есдүгээр сарын 22-ноос эхлэн хүлээн авч байгаа. Нэр дэвшигчдэд тавих шалгуурыг хөнгөрүүлсэнтэй холбоотойгоор материал хүлээн авах хугацааг 14 хоногоор сунгасан. Энэ хугацаа тухайн долоо хоногийн тав дахь өдөр дуусахаар байгаа.Өөрөөр хэлбэл, нэр дэвшигчдийн сонголтыг нэмэгдүүлж байгаа учраас энэ тав дахь өдөр хүртэл эрх зүйн мэдлэгтэй, 35-аас дээш настай, хүний эрхийн чиглэлээр ажиллаж байсан иргэд нэрээ дэвшүүлэх боломжтой. Нэр дэвшигчид арванхоёрдугаар сарын 1-нээс эхлэн сонсголд оролцохоор бүртгүүлэх бөгөөд ойролцоогоор 15 хоногийн хугацаанд бүртгэл үргэлжилнэ. Улмаар арванхоёрдугаар сарын 16-ны өдөр сонсголыг зохион байгуулахаар төлөвлөж ажиллаж байна.  Ингээд энэ үйл ажиллагааны үр дүнд энэ ондоо багтаан, өөрөөр хэлбэл УИХ-ын намрын чуулганы хугацаанд Хүний эрхийн үндэсний комиссын зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусаж байгаа таван гишүүний оронд шинэ гишүүдийг сонгох юм. Энэ сонгон шалгаруулалт, томилгоо парламентын намрын чуулганы хуралдааны үеэр явагдах учиртай.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 209 (7951)

 

Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.

Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.

Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn

 

 

Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0
0
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

54 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

54 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

54 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

14 цаг 46 мин
Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

Д.Батлут: Х.Нямбаатар аа, үндэсний эв нэгдлийг хагалан бутаргах үйлдлээ зогсоо

15 цаг 17 мин
Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшилт ирэх дөрөвдүгээр сарын 30-нд эхэлнэ

2027 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулийг өмнөх хуулиар зохион байгуулна. Учир нь УИХ Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд өөрчлөлт оруулаагүй учраас 2021 оны хуулиар зохион байгуулах юм.

15 цаг 22 мин
Шүүх: Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг хурааж, таван жилийн хорих ял оноолоо

ЗТЯ-ны ТНБД асан Б.Насантогтохоос 2.5 тэрбумыг улсын орлого болгож, таван жилийн ял оноолоо

18 цаг 5 мин
Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

Э.Бат-Амгалан: Намын дүрмээ дагаж, Б.Пүрэвдагвыг дэмжих бодолтой байгаа

19 цаг 0 мин
Төсөв, хулгайлагдсан хариуцлага: Ерөнхий сайдаас асуусан онцлох асуултууд

УИХ-ын асуулгын цагаар “Төсөв: Хулгайлагдсан хариуцлага” сэдвээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Ерөнхий

Өчигдөр 06 цаг 00 мин
Польшид Үндсэн хуулийн шүүхийн төлөөх тэмцэл Ерөнхийлөгч, Засгийн газрын мөргөлдөөн болон хурцдав

Польшийн Үндсэн хуулийн шүүх (Constitutional Tribunal)-ийн хамгийн удаан ажилласан шүүгч Анна Корвин-

Уржигдар 16 цаг 57 мин