Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизийн тойм нэвтрүүлэгт оролцож, дэлхийн дахинд өрнөж буй улс төрийн сонгуулиуд, тэр дундаа энэ долоо хоногт эхэлж байгаа АНУ-ын завсрын сонгуулийн үйл явц олон улсын нөхцөл байдалд хэрхэн нөлөөлж байгаа тухай дэлгэрэнгүй ярьжээ. Тэдний байр суурийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“Бризилийн сонгуульд Д.Трамп ялагдлаа”
-Эхний асуултаа Н.Энхбаяр даргаас асууя. Өмнөд Америкийн Бразил Улсад Ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалт болж, одоогийн Ерөнхийлөгч Лула да Силва ялалт байгууллаа. Бразил Улс Монгол Улсын хоёр хөрштэй маш сайн харилцаатайгаас гадна олон улсын хамтын ажиллагааны механизмын хүрээнд томоохон тоглогчдын нэг. Энэ удаагийн сонгуулийн үр дүнг та хэрхэн харж байна вэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Ардчилсан аливаа оронд сонгууль хамгийн чухал үүрэг гүйцэтгэдэг. Ардчилсан сонгууль болж байж ард түмний тааллаар засагладаг төр засаг бүрдэж, төрийн эрх мэдэл ард түмний мэдэлд байнга байдаг. Өөрөөр хэлбэл, төрийн эрх мэдлийн цорын ганц хууль ёсны эх сурвалж нь ард түмэн мөн гэдгийг баталгаажуулдаг ийм чухал үйл явц юм.Бразил Улс 1985 оноос хойш ардчиллын замд нэлээд бат бөх зогсож яваа гэж дүгнэдэг.
Энэ удаагийн сонгууль ч үүний бас нэгэн баталгаа боллоо гэж үзэж байна.Бразилын сонгуулийн системийн онцлог нь Монголд байдаггүй хоёр том зохицуулалттай. Нэгдүгээрт, сонгуулийг төр засаг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлдэг. Өөрөөр хэлбэл, хувийн хэвшлийн мөнгө сонгуульд төдийлөн оролцдоггүй гэсэн үг. Хувь хүн хандив өгөхийг хүсвэл өмнөх жилийнхээ орлогын 10 хувиас илүүгүй хэмжээний хандив өгч болно.
Харин компаниудаас, тэр дундаа гадаадын компаниудаас хандив авахыг хориглосон хатуу зохицуулалттай.Яагаад ийм зохицуулалт хийсэн бэ гэвэл Бразил Улс Латин Америк тивд оршдог. Латин Америкийн түүхийг үзэхэд дарангуйллын олон үеийг дамжин туулсан. Түүнчлэн хээл хахууль, сонгуулийг худалдаж авах, сонгуулийг янз бүрийн аргаар будлиантуулах зэрэг асуудалтай ихээхэн нүүр тулж ирсэн улс орон учраас иймэрхүү зохицуулалт хийсэн байдаг. Хоёрдугаарт, сонгуульд иргэн бүр заавал оролцох ёстой. Хоёрдугаарт, компаниудаас болон ер нь хувийн хэвшлээс сонгуулийн санхүүжилт авдаг энэ буруу уламжлалыг болиулах хэрэгтэй. Нэгэнт ард түмэн өөрсдийнхөө төлөөний төр засгийг эмхлэн байгуулж байгаа бол өөрийнхөө мөнгөөр тэр төр засгийн төлөөллийг маш хариуцлагатай сонгох ёстой. Үүний тулд төрийн төсвийн хөрөнгөөс Бразилтай адил санхүүжилт олгодог тогтолцоог нэвтрүүлэх юм бол сонгууль шударга болно гэдэгт эргэлзэх зүйлгүй. Нэгдүгээрт, хоёрдугаарт гэдэг дарааллаар яривал энэ удаагийн сонгууль бас маш сонирхолтой боллоо. Өмнөх сонгуульд одоогийн Ерөнхийлөгч Лула да Силва буюу Лула ялалт байгуулсан. Лула гэдэг нь түүний хоч юм уу, эсвэл хүмүүсийн хайрлаж өгсөн нэр гэж ойлгож болно. Би 2003 онд тухайн үед МАХН-ын дарга байхдаа Бразилын Сан-Паулу хотод очиж, МАХН-ыг Социнтерний бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх ажлыг удирдан явуулж байсан юм. Тэр үед Лула Бразилын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан.
Харин би Монгол Улсын Ерөнхий сайд байсан учраас түүнтэй уулзаж, ярилцаж байлаа. Тухайн уулзалтад одоогийн НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш, Кабо-Вердегийн Ерөнхий сайд нар ч оролцож, бид дөрвүүлээ хамтран ажиллах асуудлаар ярилцаж байсан юм.Тэр үеийг дурсан санахад таатай байна. Түүнээс хойш нэлээд олон жил өнгөрчээ. 2003 оноос хойш тооцоход 23 жил өнгөрсөн байна. Миний хувьд ч, Лула да Силвагийн хувьд ч янз бүрийн зам туулж, амьдралын олон үе шатыг дамжин ирсэн гэж боддог. Монголчуудын хэлдгээр “Эр хүн тугал ч хариулж үзнэ, туг ч барина” гэдэг шиг амьдралын олон өнгийг үзэж туулсан хүмүүс юм. Тиймээс энэ удаагийн сонгууль надад их сонирхолтой санагдлаа. Лула да Силва Бразилын Ерөнхийлөгчөөр хоёр удаа дараалан сонгогдсон. Бразилын хуулиар Ерөнхийлөгчийг хоёр удаа дараалан сонгож болох бөгөөд үүний дараа дараагийн сонгуульд дахин нэр дэвших боломжгүй, харин нэг удаа завсарласны дараа дахин хоёр удаа сонгогдож болно гэсэн зохицуулалттай. Энэ утгаараа Лула эхний хоёр удаагийн сонгуульд дараалан ялалт байгуулж, дараа нь завсарласан юм. Тэр хугацаанд хээл хахууль, авлигын хэрэгт холбогдож, шоронд орж, гарсан. Түүнтэй хамт ажиллаж байсан, өөрийнх нь дэмжлэгээр Ерөнхийлөгч болсон Бразилын эмэгтэй Ерөнхийлөгч ч мөн шоронд орсон.
Харин одоо тэр хүн нөхцөл байдал нь дээрдэж, БРИКС-ийн орнуудын банкны захирлаар ажиллаж байна.Лула бол ажилчин ангийн гаралтай, зүүний буюу зүүн төвийн үзэл баримтлалтай Ерөнхийлөгч. Харин түүний өрсөлдөгч Флавио Болсонаро барууны үзэл баримтлалтай. Өмнөх сонгуулиар Лула да Силва түүний эцгийг ялсан юм. Эцэг нь Бразилын Ерөнхийлөгчөөр нэг удаа сонгогдон ажиллаж байгаад дахин нэр дэвшиж, сонгуульд өрсөлдсөн боловч Лула да Силвад ялагдсан. Гэхдээ маш ойрхон саналын зөрүүгээр ялагдсан учраас сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөөгүй.Улмаар төрийн эргэлт хийх, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээр бослого гаргахыг оролдсон. Үүнийхээ улмаас 27 жилийн хорих ял авсан бөгөөд одоо гэрийн хорионд байгаа. Тиймээс өөрөө нэр дэвших эрхгүй болсон учраас хүү нь нэр дэвшсэн юм. Ийнхүү 80 настай Лула да Силва, 45 настай Флавио Болсонаро гэсэн хоёр хүн энэ удаагийн сонгуульд өрсөлджээ.1985 оноос хойш зохион байгуулагдсан Бразилын сонгуулиудад нэр дэвшигчдийн хэн нь ч 50-иас дээш хувийн санал аваагүй тохиолдолд хоёр дахь шатны сонгууль явуулдаг зохицуулалттай.
Энэ удаагийн сонгуулийн эхний шатанд Лула да Силва өрсөлдөгчөөсөө 2.2 сая орчим саналаар дутсан. Нөгөө нэр дэвшигч 47 орчим хувийн санал авсан бол Лула 45 орчим хувийн санал авчээ.Харин хоёр дахь шатны сонгуулиар Лулагийн талынхан маш идэвхтэй ажиллаж, эхний шатанд хүлээсэн ялагдлаа ялалт болгон хувиргаж чадсан юм. Ингээд Лула да Силва өрсөлдөгчөөсөө 4.4 сая орчим сонгогчийн саналаар илүүрхэж ялсан байна. Тэрээр 51.79 хувийн санал авсан бол Флавио Болсонаро 48.21 хувийн санал авчээ.Энэ удаагийн сонгуулийн бас нэг сонирхолтой зүйл нь Флавио Болсонаро сонгуульд өрсөлдөхөөсөө өмнө парламентын гишүүн, сенаторын хувьд мөнгө угаасан байж болзошгүй, хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж магадгүй гэх асуудлаар шалгагдаж байсан явдал юм.Түүний сенаторын бүрэн эрхийн хугацаа дуусмагц парламентын гишүүний хувьд эдлэх халдашгүй байдал нь дуусах учраас үүнээс болгоомжилж, сонгуулийн маргааш, нөгөөдөр нь Бразилаас зугтсан. Улмаар АНУ-ын Флорида мужийн Майами хотод очоод байгаа юм.Ийм л сонирхолтой сонгууль боллоо.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-За, та бүхэнд оройн мэнд хүргэе. Яриагаа эхлэхээс өмнө нэг ажигласан зүйлээ хуваалцмаар байна. Миний ард байгаа энэ дөрвөн зургийн цаана нэг гол баатар нь байхгүй юм шиг санагдлаа. Яагаад гэвэл эдгээр дөрвөн сонгууль бүгд нэг хүнтэй холбоотой. Тэр бол Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп. Энэ нь гадаад болон дотоод бодлогын дампуурлын илрэл мөн гэж харж байна. Энэ нь юун дээр илэрч байна вэ гэвэл эдгээр сонгуульд оролцож буй хүмүүс бүгд Трамптай ойр дотно холбоотой, мөн түүний дэмжлэгийг авч байсан хүмүүс. Гэтэл нэг ажиглагдаж байгаа зүйл нь эдгээр хүмүүст Трампын дэмжлэг гэхээсээ илүүтэйгээр гай болж байгаа тал ажиглагдаж байна. Тухайлбал, Болсонарагийн хувьд Трампын дэмжлэг тус болж чадаагүй.Гэхдээ Бразилын сонгуулийн талаар Н.Энхбаяр дарга үндсэн асуудлуудыг нь дэлгэрэнгүй ярьсан учраас би өөр зүйлд анхаарлаа хандуулмаар байна.Сонгуулийн дараа юу болох вэ гэдгийг авч үзвэл дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа бас нэгэн онцгой нөхцөл байдал бий. Тэр нь Польшид үүсээд байна. Польшид Бразилтай адил Ерөнхийлөгч болон парламентын хооронд зөрчилдөөн үүсэж, бараг л байлдааны байдалд хүрээд байгаа юм. Монголчууд ч үүнийг тодорхой хэмжээнд анзаарч, мэдрэх ёстой. Яагаад гэвэл өнгөрсөн оны зургадугаар сард томилогдсон Польшийн Элчин сайд өнөөдрийг хүртэл Улаанбаатарт ирж чадахгүй байгаа. Энэ нь хоёр институцийн хооронд иргэний дайн, тулаан өрнөж байгаа мэт нөхцөл байдал үүссэнтэй холбоотой.Бразилын хувьд институцийн тогтолцоо харьцангуй гайгүй, энэ тал дээр ямар нэгэн доголдол гараагүй. Гэхдээ парламент нь Болсонарогийн талынхны мэдэлд байгаа учраас Ерөнхийлөгч болон парламентын хооронд зөрчилдөөн үүсэх нь гарцаагүй. Тэгээд яг Польш шиг нөхцөл байдал үүсэх үү, үгүй юү гэдэг нь их сонирхолтой байна. Польшийн нөхцөл байдал ерөнхийдөө улам хурцдаж байгаа. Тэнд сонгогдсон Навроцкий бол яах аргагүй Трампын дэмжлэгтэйгээр сонгуульд ялсан хүн. Тэрээр Трампаас нэлээд их дэмжлэг авсан. Мөн Польшийн ард иргэдийн нэлээд хэсэг нь Америктай ойр харилцаатай байхыг дэмждэг учраас энэ нь сонгуульд нь нөлөөлсөн. Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүн болон цаашдын нөхцөл байдлыг дээрх өнцгөөс нь анхаарч харах хэрэгтэй болов уу. Яг одоо Польшид үүсээд байгаа энэ нөхцөл байдал хэрхэн дуусах вэ гэдэг нь анхаарал татаж байна. Энэ нь Трампын гадаад бодлогын бас нэгэн ялагдлаар дуусах уу, эсвэл Навроцкий ямар нэгэн аргаар тохиролцоонд хүрч чадах уу гэдэг нь нэлээд чухал асуудал юм. Яагаад гэвэл энэ бол Европ, Америкийн хоорондын зөрчилдөөний томоохон илрэлүүдийн нэг. Энэ нөхцөл байдал хэрхэн шийдэгдэх нь Монгол Улсад ч шууд нөлөөлөх байх.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Энэ талаар нэмж хэлэхэд, хоёр хоногийн өмнө Польшид шөнөжин үймээн шуугиан болсон шүү дээ. Үүнийг манайхан мэдэж байгаа байх гэж бодож байна. Ялангуяа олон улсын харилцаа, төрийн институц хоорондын харилцааг сонирхдог хүмүүс мэдсэн байх.Ер нь 2015 оноос эхлээд Польшийн Үндсэн хуулийн цэцтэй адил чиг үүрэгтэй байгууллага нь хямралд орж эхэлсэн. Үндсэн хуулийн цэцийн гишүүдийг хэн томилох вэ, томилогдсон хүмүүс нь хэний төлөө ажиллах вэ гэдэг асуудлаар маргалдаж, энэ зөрчлийг зохицуулж чадахгүй явсаар өнөөг хүрсэн юм.Хамгийн сүүлд Үндсэн хуулийн цэцийн зургаан гишүүн томилогдсон. Тэдний хоёрыг нь одоогийн Ерөнхийлөгч Навроцкий дэмжсэн бол дөрвийг нь дэмжээгүй. Тиймээс тус байгууллагын бүрэлдэхүүнийг бүрэн бүрдүүлж чадахгүй байгаа юм.Мөн Польшийн Үндсэн хуулийн цэцийн одоогийн дарга болон түүний орлогч нь Ерөнхий сайд Дональд Тускийн нам, Засгийн газрын эсрэг ажилладаг гэж хэлж болохоор хүмүүс. Тиймээс эрх баригч тал энэ нөхцөл байдлыг засах гэж оролдож байгаа. Үүний хүрээнд Польшийн Үндсэн хуулийн цэцэд хамгийн олон жил ажиллаж байгаа эмэгтэй шүүгч өөрөө энэ хямралыг даван туулахын тулд ийм алхам хийж байна гэж тайлбарлаж байгаа юм. Ингээд Үндсэн хуулийн цэцийн дарга болон түүний орлогч хоёрыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх юм уу, эсвэл албан үүргээ гүйцэтгэхийг нь хориглосон шийдвэр гаргасан байна.
Ерөнхийлөгч Навроцкий бол Ерөнхий сайд Тускийн төлөөлж буй зүүн төвийн намын эсрэг байр суурьтай, баруун төвийн намын төлөөлөгч. Тэрээр Сенегал Улсад айлчлал хийхээр явж байгаад замаасаа буцсан. Харин манай Сумотын судлаачийн ярьснаар одоо очих газраа хүрсэн байгаа. Ийнхүү Польшид маш том маргаан, зөрчилдөөн өрнөж байна. Сумати судлаач Навроцкийг Трамптай их ойр, түүний дэмжлэгийг авдаг хүн гэж ярьсан. Тэр бол Трампыг шүүмжилдэг хүн биш, эсвэл Европын Холбоонд өмнө нь өндөр албан тушаал хашиж байсан хүн ч биш. Харин Европын Холбоо, бидний мэдэж байгаачлан, Трамптай харилцаа нь нэлээд хүйтэн, зөөлнөөр хэлэхэд тодорхой зөрчилтэй байгаа шүү дээ. Тэгэхээр Бразилын сонгуулийн үеэр ч мөн адил ийм нөхцөл байдал ажиглагдсан. Флавио Болсонаро болон түүний аав Трампын найзууд, их дотно хүмүүс гэж хэлж болно. Түүгээр ч зогсохгүй Флавио Болсонаро Бразилаас зугтаж байхад нь Трамп “Америкт ирэх юм бол виз өгнө” гэж амласан. Тэгээд ч амласандаа хүрч, түүнд Америкийн виз олгосон байна. Тэр хүн Флоридад хувийн буюу өөрийнх нь эсвэл бусдын онгоцоор Аргентинаас зугтаж, Эквадороор дамжин Америкт ирсэн байх жишээтэй. Энэ бүхнийг харгалзан үзвэл Сумати судлаач бид хоёрын үзэж байгаагаар Трамп ялагдал хүлээж байна. Бразилын хувьд энэ нь голлох хүчин зүйл биш байж болох юм.
Гэхдээ сонгуулийн саналын зөрүү хоёр, гурван хувь зэрэг маш бага байх үед өчүүхэн зүйл ч асар их нөлөө үзүүлдэг. Лула Трампын нэрийг шууд дурдаагүй ч “Гадаадын орныг дагаж далдганах уу, үгүй юү гэдгийг Бразилын сонгогчид шийдлээ” гэсэн утгатай сонирхолтой үг хэлсэн.Үүнийг тайлбарлаж байгаа хүмүүсийн хувьд энэ нь Трамп Бразилын сонгуульд нөлөөлж чадаагүйг харуулсан хэрэг гэж үзэж байна. Яагаад гэвэл Трамп өмнө нь Латин Америкийн хэд хэдэн улсын сонгуулийн үеэр өөрийн дэмжиж буй хүмүүсийг ил тод дэмжиж байсан. Үүний үр дүнд Латин Америкийн орнуудад барууны үзэл баримтлалтай намууд нэлээд олон удаа ялалт байгуулсан.Гэтэл Латин Америкийн хамгийн том улс болох Бразилд зүүний үзэл баримтлалтай нам нь яллаа шүү дээ. Нас нь 80 хүрсэн ч зүүний үзэлтэй Лула ялалт байгуулсан. Энэ утгаараа Бразилын ард түмэн “Таньдаг чөтгөр таньдаггүй бурхнаас дээр” гэдэг зарчмаар хандсан байж магадгүй. Өөрөөр хэлбэл, таньдаггүй бурхан Трампаас илүүтэй таньдаг чөтгөр буюу Лула да Силваг сонгосон байх магадлалтай гэсэн тайлбар бий.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-Нэмж хэлэхэд, Америк ерөнхийдөө Монрогийн номлол буюу концепц руугаа буцаж орсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, Латин Америк болон Хойд Америк бол манай мэдлийн газар, харин дэлхийн бусад хэсэг бидэнд ерөнхийдөө хамаагүй гэсэн байр суурьтай байна. Тэгэхээр өөрсдийнх нь нөлөөний хүрээ гэж үздэг Латин Америкт ийм ялагдал хүлээнэ гэдэг нь АНУ-ын гадаад бодлогын томоохон ялагдал юм.
“Сербийн сонгууль сэхээтнүүдийн сонгууль болчихлоо”
-Тэгэхээр Сербийн улс төрийн нөхцөл байдалд шинээр бий болсон энэ хүчин улс орныг бидний хүсэж байгаа шиг цаашид удирдан чиглүүлж, авч явах боломжтой юу. Юу гэж харж байна вэ?
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-Сербийн сонгуулийн тухай ярихад үнэхээр сонирхолтой сонгууль болсон. Би үүнийг Монголтой холбон яримаар байна. Яагаад гэвэл Сербийн сонгууль надад харьцангуй залуу байсан үеийг минь санагдуулсан. Тэр нь Монголын 1996 оны сонгууль юм. Яагаад ийм төсөөтэй ойлголт төрж байна вэ гэвэл тухайн үед ч мөн адил залуучуудын хөдөлгөөн бий болсон. Сербийн сонгуулийг ерөнхийдөө тогтолцооны гадуурх сонгууль гэж үзэж байгаа юм. Яагаад гэвэл оюутнууд албан ёсны намууд, телевиз, радио зэрэг мэдээллийн сувгуудад хүрч чадахгүй, өөрөөр хэлбэл, Засгийн газрын мэдэлд байсан тэдгээр сувгаас гадуур ажиллаж байсан.Ийм нөхцөл байдал үүссэн шалтгаан нь Серби улс Монголтой олон талаар төстэй бөгөөд тогтолцооны хямралд орсонтой холбоотой. Төрийн институцүүд нь авлигад өртөж, ерөнхийдөө хариуцсан мэргэжлийн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлдэг болсон. Энэ хөдөлгөөн хэзээ үүссэн бэ гэвэл, нэгээс хоёр жилийн өмнө шинээр баригдсан төмөр замын буудал нурсан үйл явдлаас эхлэлтэй. Яг тэр үеэс оюутнууд эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Тэдний зохион байгуулалт нь их сонирхолтой. Үүнийг нэг талаар туйлширсан ардчиллын зохион байгуулалт гэж хэлж болох юм.Ямар ч байсан тэдний дунд шаталсан, тодорхой удирдлагын бүтэц байхгүй. Ерөнхийдөө хавтгай зохион байгуулалттай гэж үзэж болно. Асуудлаа шууд санал хураалтаар шийддэг.Нөгөө талаас, энэ хөдөлгөөний оролцогчид өөрсдөө сонгуульд оролцоогүй. Зөвхөн Монголын жишээтэй адилхан “Хүмүүсээ харъя” гэсэн зарчмаар хандсан. Өөрөөр хэлбэл, тодорхой хүмүүсийг сонгож, “Эдгээр хүмүүс ажил хийж чадах юм байна, авлига зэрэг асуудалд холбогдоогүй юм байна” гэж үзээд сонгуульд нэр дэвшүүлсэн. Мөн Серби бол яг дунд замын улс шүү дээ. Геополитикийн хэд хэдэн ашиг сонирхол огтлолцдог уулзвар дээр оршдог.
Оросын нөлөө нэлээд хүчтэй. Европын нөлөө ч бий. Үүн дээр өмнөд талаас нь нөлөө орж ирж байсан бол одоо Америкийн нөлөө гэсэн бас нэг давхар хүчин зүйл нэмэгдэж байна. Тэгээд оюутнууд аль нэг талд нь ерөнхийдөө оролцохгүй, зөвхөн “Дотоодын асуудлаа бид өөрсдөө шийднэ” гэсэн уриан дор сонгуульд оролцсон юм.Монголтой адилхан ямар нөхцөл байдал үүсэж байна вэ гэвэл, 1996 онд манайд ч мөн адил сэтгэл хөдлөлөөр жигүүрлэсэн залуучууд сонгуульд оролцож байсан. Гэхдээ Сербийн жишээтэй адилтган үзвэл цаашид тэдэнд ямар асуудал тулгарч болох вэ гэдэг нь анхаарал татаж байна. Тэдэнд улс төрийн туршлага байхгүй, мөн улс төрийн албанд ажиллуулах мэргэжлийн боловсон хүчин дутмаг. Засгийн газраа хэрхэн бүрдүүлэх вэ гэх мэт томоохон асуудлуудтай тулгарах үед анх баримталж байсан зарчмаасаа ухрах шаардлага ч гарч болзошгүй. Тиймээс манай 1996 оны залуучуудын хөдөлгөөнтэй адилхан болж, 2000 онд юу болсонтой ижил үр дүнд хүрчихгүй байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ Сербийн нөхцөл байдал арай өөрөөр өрнөж магадгүй гэж найдаж байгаа. Нөгөө талаас, Монголын хувьд суралцах зүйл ч их байна. Тэдний цаашдын замнал, хэрхэн ажиллаж, ямар арга замаар урагшлахыг анхааралтай ажиглах хэрэгтэй. Яагаад гэвэл одоогийн сөрөг хүчин болох АН-ын жишээг харах хэрэгтэй. Яг үүнийг монгол хэлээр ярихад “хөдөлгөөн” гэж орчуулсан бололтой.
Гэхдээ хөдөлгөөн хэлбэрээр эхэлсэн бол цаашдаа хөдөлгөөнөөсөө гарч, улс төрийн зохион байгуулалттай хүчин болох шаардлагатай. Гэтэл манай АН хөдөлгөөн хэлбэрээр эхэлсэн атлаа өнөөдрийг хүртэл хөдөлгөөн хэвээрээ байгаа юм шиг харагдаж байна.Энэ талаар манай судалгаанаас нэг жишээ дурдахад, Н.Алтанхуяг Ерөнхий сайд байх үед бид намуудын дунд дотоод ардчиллын нөхцөл байдал ямар байгааг судалж байсан юм. Судалгаагаар парламентын гурван намаас АН хамгийн муу үзүүлэлттэй гарсан.Энд би дотоод ардчилал гэдэг том ойлголтыг яриагүй. Ердөө л намын гишүүд болон удирдлагын хоорондын харилцаа ямар байна, хариуцлага тооцож чадаж байна уу, хурлаа тогтмол хийж байна уу гэх мэт энгийн үзүүлэлтүүдийг судалсан юм. Ер нь Монголын улс төрийн намууд улс төрийн хүчин гэхээсээ илүү хөдөлгөөн шиг шинжтэй болоод байна. АН-ын өнөөгийн байдлыг харахад ч ийм дүр зураг ажиглагддаг. Ардын нам ч мөн адил хөдөлгөөн тийшээ шилжиж эхэлж байна. Тиймээс тогтолцооны хямралд орсон ийм нөхцөлд энэ асуудалд нэлээд дорвитой арга хэмжээ авахгүй бол сайн үр дүнд хүрэхгүй. Яагаад гэвэл тогтолцооны хямралын үед стратегийн бодлого байтугай тактикийн бодлогоо ч шийдэхэд хэцүү болдог. Ерөнхийдөө манай намуудыг харахад томоохон стратегийн асуудал дэвшүүлж чадахаа больсон. Түүнийгээ барьж хүн амыг татах чадвар ч мөн алдагдсан байна.
Харин Сербийн сонгуулийн энэ үйл явдал тогтолцоо хямарсан тохиолдолд асуудлыг тогтолцооноос гадуур шийдвэрлэх боломжтой гэдгийг дэлхий нийтэд харуулж чадсан гэж бодож байна.Монголын хувьд үүнийг давтах ямар ч боломжгүй гэж би хэд хэдэн шалтгаанаар үзэж байна. Гэхдээ энэ үйл явдал бас л миний гол баатрын ялагдал болж байна. Яагаад гэвэл Вучич мөн Трамптай нэлээд дотно харилцаатай хүн. Тэрээр саяхан нэр хүндээ ихээхэн алдсан. Учир нь Белград хотод Трампын гэр бүлтэй холбоотой томоохон авлигын асуудал үүсэхэд Вучич тэднийг хамгаалж, асуудлыг нь хаасан хүн шүү дээ.Тэгэхээр энэ нь цаашдаа Америкийн гадаад бодлогын дампуурлыг харуулах бас нэг жишээ болж байна. Трампын гадаад бодлогын нэг онцлогийг нэмж хэлэхэд, ер нь улс орнууд, тэр дундаа Америк улс төрийн институцүүд хоорондын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн анхаарч ирсэн.
Үүнийг Монголын жишээн дээр авч үзье. Тухайлбал, Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн төлөөлөгчийн газар Монголд ажиллаж байсан. Энэ нь Бүгд найрамдах намын зүгээс Монголд хэрэгжүүлж буй улс төрийн сонирхол, үйл ажиллагааны нэг хэлбэр юм. Трамп энэ бүхнийг ерөнхийдөө үгүй хийхийг оролдсон. Бүрэн устгаж чадаагүй ч нэлээд хүнд байдалд оруулсан. Учир нь Трампын хувьд хувь хүмүүсийн харилцаа илүү чухал. Тэрээр улс төрийн аливаа асуудлыг тухайн улсын улс төрийн удирдагчтай нь шууд хувийн харилцаа тогтоох замаар шийдвэрлэхийг илүүд үздэг. Үүнийг институц хоорондын харилцаанаас хувь хүний харилцааг илүүд үзсэн хандлага гэж хэлж болох юм.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Энэ талаар нэмж хэлэхэд, Сербийн сонгуульд Сумати судлаачийн дурдсан олон шинж чанар ажиглагдаж байна. Тухайлбал, сэхээтнүүд, оюутнуудын нэгдэл болох “Students List” буюу “Оюутнуудын жагсаалт” нэртэй хүч сонгуульд оролцсон шүү дээ. Нэрийг нь үгчлэн орчуулбал “Оюутнуудын жагсаалт” гэсэн утгатай. Тэд сонгуульд өрсөлдөж, 52-53 орчим хувийн санал авсан. Харин Вучич өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүн бөгөөд өөрийн намаа удирдан сонгуульд оролцож, 39 орчим хувийн санал авснаар ялагдал хүлээлээ. Хамгийн анхаарал татсан зүйл нь Вучич маргааш нь буюу тун удалгүй ялагдлаа хүлээн зөвшөөрсөн явдал юм. Бусад ажиглагчид түүнийг ялагдлаа хүлээн зөвшөөрөхгүй, нэлээд хүнд, хэцүү үе шатыг туулж магадгүй гэж болгоомжилж байсан. Гэтэл Вучич ялагдлаа хүлээн зөвшөөрчихлөө. Өөрөөр хэлбэл, “Оюутнуудын жагсаалт” гэсэн нэртэй боловч жагсаалтад багтсан хүмүүсийг нь харахад голдуу багш нар, судлаачид, жүжигчид зэрэг харьцангуй нас тогтсон хүмүүс байгаа юм. Яг одоо суралцаж байгаа оюутан гэхээр хүн бараг байхгүй. Гэсэн хэдий ч “Оюутнуудын жагсаалт” гэсэн нэрийг сонгосон нь залуучуудыг татах зорилготой холбоотой болов уу.
Сумати судлаачийн хэлдгээр үргэлжлүүлэн ярья. Ингээд өмнө нь Засгийн эрхэнд огт ажиллаж үзээгүй хүмүүс төрийн эрхэнд гараад ирлээ. Тэгэхээр тэд улс орныг удирдаж чадах уу, үгүй юү гэдэг асуудал гарч ирж байна. Хэрэв чадахгүй, Засгийн газар нь унавал сонгууль дахин хугацаанаасаа өмнө болж магадгүй. Хоёрдугаарт, Вучич өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Тэрээр Ерөнхийлөгчийн албан тушаалаа сайн дураараа өгч, сонгуулийг хугацаанаас нь өмнө зохион байгуулсан. Манайхан хугацаанаас өмнө сонгууль явуулах тухай ойлголт байдаггүй юм шиг санагддаг. Уг нь Үндсэн хуульд тухайн институцийн бүрэн эрхийн хугацааг дөрөв, зургаа, эсвэл таван жил гэх мэтээр зааж өгдөг шүү дээ. Гэхдээ тэр хугацааг хамгийн багадаа ажиллах ёстой хугацаа гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл энэ бол ардчилсан орны Үндсэн хууль. Ардчилсан тогтолцооны үндсэн зарчим нь ард түмний хүсэл зориг буюу англиар “the consent of the people” гэдэг ойлголтод тулгуурладаг. Төр засгийн бүрэн эрхийн эх сурвалж нь ард түмэн бөгөөд ард түмэн энэ эрхээ өөртөө байнга хадгалж байдаг. Тэр утгаараа дөрөв, таван жил байна уу, эсвэл өөр хугацаатай байна уу гэдгээс үл хамааран Үндсэн хуульд заасан хугацааг түүнээс илүү сунгаж болохгүй гэсэн утгаар ойлгох ёстой. Гэтэл манайхан үүнийг түүнээс доош байж болохгүй гэсэн мэтээр ойлгож, албан тушаалтайгаа зууралдаад суудаг.Үнэн хэрэгтээ улс төрийн нэр хүндээ алдсан бол хугацаанаасаа өмнө сонгууль явуулдаг байх ёстой. Энэ утгаараа Сербийн жишээ арай илүү ардчилсан тогтолцооны илэрхийлэл болж харагдаж байна. Учир нь тэнд сонгууль хугацаанаасаа өмнө болж байгаа юм. Япон, Англи зэрэг улсад хугацаанаасаа өмнө сонгууль явуулах нь ердийн үзэгдэл. Яагаад гэвэл улс төрийн нэр хүндээ алдсан бол ард түмнээсээ дахин асуух хэрэгтэй. Хэрэв ард түмэн чамайг, танай багийг, танай намыг дэмжиж байгаа бол тэдний дэмжлэгийг дахин баталгаажуулж болно.
Заавал дөрвөн жил, эсвэл Үндсэн хуульд заасан хугацааг дуустал хүлээх шаардлагагүй.Бид ард түмнийхээ өмнөөс төр барьж байгаа учраас ардчилсан улсын хувьд удирдлага солигдох, Ерөнхий сайд өөрчлөгдөх, эсвэл ямар нэгэн томоохон асуудал үүсэх үед хугацаанаас өмнө сонгууль явуулж, тухайн асуудлыг ард түмнээрээ шийдүүлэх боломжтой байх ёстой. Тэгэхгүй бол ард түмэн байнга бухимдаж, уурлаж эсвэл дэмжихийг хүссэн ч түүнийгээ илэрхийлэх боломжгүй байдалд хүрнэ. Аль нь зөв, аль нь буруу, ард түмэн дэмжиж байгаа эсэх нь тодорхойгүй хэвээр үлддэг. Дэмжээд байгаа ч юм шиг, дэмжихгүй байгаа ч юм шиг ийм байдал үргэлжилдэг. Ийм будилаантай, ойлгомжгүй, бухимдалтай нөхцөлд төр засгийн ажил явахад маш хэцүү. Зөв зүйл хийсэн ч буруугаар сурталчлагдаж, буруу зүйл хийсэн бол зөв мэт харагдах тохиолдол гарна.Тийм учраас ард түмний засаглал гэдэг нь Үндсэн хуульд заасан хугацаанаас илүү эрх мэдлээ сунгаж болохгүй гэсэн зарчмыг ойлгох ёстой. Гэтэл манайд харамсалтай нь тэр хугацаанаас доош байж болохгүй гэж ойлгоод, албан тушаалтайгаа зууралдан суудаг. Үүнийг Сербийн сонгуультай холбон зориуд яримаар санагдсан юм.Нөгөө талаас, Вучич өөрөө Оросын талын нэлээд хүчтэй дэмжлэгтэй хүн. Тэр утгаараа сонгуулийн өмнөхөн Оростой ойр гэдгээ харуулах алхам хийсэн.
Орост Ксения Собчак гэдэг, ярилцлагаараа ихэд алдаршсан эмэгтэй бий. Түүний YouTube сувгаар хийсэн ярилцлагуудыг олон мянга, бүр сая сая хүн үздэг. Сербүүд угаасаа славян үндэстэн учраас Оростой их ойр, үнэхээр ойр харилцаатай. Тэд Оросыг ах дүү нар гэж үздэг. Тиймээс Серби улс хүнд хэцүү үедээ Оросоос тусламж авч байсан тохиолдол ч бий. Сербүүд Орост хүнд хэцүү үед нь тусалж байсан тохиолдол ч бий. Олон зуун жилийн түүхтэй ийм харилцаатай учраас Оросын сувгаар ярилцлага өгч гарвал сонгогчдод нь “Энэ Вучич чинь Оростоо их сайн юм байна” гэсэн ойлголт төрүүлэх боломжтой.Гэхдээ энэ нь Оросын албан ёсны суваг биш. Ксения Собчак гэдэг хүн Путин Ерөнхийлөгчтэй их ойр дотно харилцаатай. Яагаад гэвэл түүний аав Собчак нь Путин Ерөнхийлөгчийн багш нь байсан. Путин Ерөнхийлөгч КГБ-д ажиллаж, Германы Дрезден хотод КГБ-ийн төлөөлөгчөөр ажиллаж байгаад буцаж ирэхэд нь Собчак “Манай Санкт-Петербургийн их сургуулийн хуулийн ангийн оюутан байсан, би энэ хүнд хичээл зааж байсан” гэж ярьдаг. Улмаар Собчак Путинийг дэргэдээ авч, гадаад харилцаа хариуцсан орлогч даргаар ажиллуулж байсан.
Тийм учраас Путин Ерөнхийлөгч Собчакийн гэр бүлд их талархалтай ханддаг. Охин нь ч энэ утгаараа Путин Ерөнхийлөгчийг цаагуураа дэмждэг гэж ойлгож болно. Түүний ярилцлагуудыг харахад дэмжиж байгаа гэдэг утгаараа арай хурц зүйл ярьж байгаа юм шиг. Гэхдээ тэр нь шууд ил тод дэмжсэн хурц байр суурь ч биш, бас мохоо биш. Нэг тийм өвөрмөц өнгө аястай дүр Орост бий.Вучич Ерөнхийлөгч өөрийгөө сурталчлах зорилгоор түүгээр ярилцлага өгсөн гэж ойлгож болно. Харамсалтай нь, Вучич Ерөнхийлөгчийн талаас нь авч үзвэл энэ нь эсрэгээрээ нөлөөлсөн. Би өөрийнхөө байр сууринаас биш, Вучич Ерөнхийлөгчийн талаас нь ярьж байна. Яагаад гэвэл сүүлийн хоёр жилийн турш “оюутнууд” гэж нэрлэгдэж байгаа тэр хүмүүс, залуучууд, багш нар, сэхээтнүүд. Тэр утгаараа би бас нэг зүйлийг хэлмээр байна. Энэ “Оюутнуудын жагсаалт” гэдэг нэрсийн жагсаалт бол ерөөсөө сэхээтнүүдийн жагсаалт шүү дээ. Дандаа сэхээтнүүд, судлаачид, багш нар, эрдэмтэд, жүжигчид гээд нэртэй, нийгэмд танигдсан хүмүүс багтсан. Сумати судлаачийн хэлдгээр, энэ бол тогтолцооны гадуур өрнөж байгаа үйл явц юм.Тэр утгаараа сэхээтнүүдийн хувьсгал болж байгаа юм болов уу гэж харагдаж байна.
Гэхдээ сэхээтнүүд харамсалтай нь эв түнжин муутай байх нь элбэг. Өөр өөрийн гэсэн том ертөнцтэй хүмүүс шүү дээ. Сэхээтэн хүн гэдэг уншиж мэдсэн, амьдарч туулсан бүхнээрээ өөрийн гэсэн үзэл бодолтой болсон байдаг. Тиймээс бусдыг дагаж далдганаж гүйх нь бага, харин өөрийн үзэл бодлоо хамгаалахыг хичээдэг.Тэгэхээр Сербийн сонгуулийн үр дүнг хараад хүмүүс “Ер нь энэ залуучуудын гэхээсээ илүү сэхээтнүүдийн хувьсгал юм байна. Сэхээтнүүд маань хэр зэрэг ам хэлээ ололцож чадах бол” гэж бодож байгаа байх. Гуравдугаарт, Сербийн болон бусад сонгуулийг харахад тогтолцооны ойлгомжгүй байдал анхаарал татаж байна. Яагаад ийм ойлгомжгүй байдал бий болоод байна вэ гэхээр, бид Польшийн жишээг ярьсан. Польшид ард түмэн Ерөнхийлөгчөө шууд сонгодог бол Засгийн газар нь парламентад олонх суудал авсан нам, эвслээс бүрддэг. Ингэснээр Ерөнхийлөгч нь нэг намаас, Засгийн газар нь өөр намаас байх боломжтой. Манайхтай адилхан гэсэн үг. Тэгээд л хоорондоо зөрчилдөж, хэрэлдэж, бие биеийнхээ гаргасан шийдвэрт хориг тавьдаг, Засгийн газраа байгуулахад нь хүртэл саад учруулдаг.
Саяхан Дээд шүүхийн шүүгчтэй холбоотой биш, Үндсэн хуулийн цэцийн шүүгчтэй холбоотой асуудлаар хоёр талд гарч, хоорондоо огт ойлголцохгүй, бие биеэ шууд үгүйсгэсэн. Энэ зөрчил өнөөдрийг хүртэл манайд хүртэл сөргөөр нөлөөлж байна шүү дээ. Тухайлбал, Польшийн Элчин сайдыг томилох асуудал байна. Одоогийн Засгийн эрх барьж байгаа намаас Элчин сайдад нэр дэвшүүлэх хүн нь тодорхой болсон байдаг. Гэтэл Ерөнхийлөгч Наурыз түүнийг батламжилж, Монголд илгээхгүй байна. Ийм байдлаар гадаад бодлогын асуудал дээр хүртэл зөрчил үүсэж байгаа юм.Тэгэхээр Сербийн сонгууль Ерөнхийлөгч ажлаа өгснөөс хойш 90 хоногийн дотор болох ёстой. Өмнөх Ерөнхийлөгч ажлаа өгөөд, сая парламентын сонгуульд өөрийн нам, эвслийг удирдан оролцсон ч ялагдсан. Одоо 90 хоногийн хугацааны нэлээд хэдэн хоног нь өнгөрчихсөн. Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байна. Тэгэхээр одоо хэн сонгогдох вэ. Нөгөө сэхээтнүүдийн дундаас, “Оюутнуудын жагсаалт”-аас хүн нэр дэвших үү. Тэгвэл хэн байх вэ. Тэр хүн сонгогдож чадах уу, үгүй юү. Эсвэл Вучичийн талаас нэр дэвшигч гарч ирэх үү? Ард түмэн “Энэ чинь чадахгүй хүмүүс гарч ирлээ, цаана нь тэнцвэржүүлэх зорилгоор өөр нэг хүнийг гаргаж ирэх үү? “Хяналт, тэнцвэрийг бий болгоё” гээд өөр сонголт санал болгох нь үү?
Ийм байдлаар тогтолцооны ойлгомжгүй байдал эргээд ард түмэнд нөлөөлж байна. Ард түмэнд тодорхой хэмжээний сонголт хийх эрх чөлөө байгаа ч тогтолцоо нь өөрөө ийм учраас намууд, төлөөлөгчид нь өөр өөр байр суурьтай болж, төрийн ажлыг явуулахад хүндрэл үүсдэг. Тиймээс бид Польшийн энэ хүнд жишээ болон Монголын өөрийнх нь нөхцөл байдлыг хараад нэг асуудлыг шийдэх хэрэгтэй. Эсвэл Америктай адил Ерөнхийлөгчийн засаглалтай, эсвэл Англи, Японтой адил парламентын засаглалтай болж, тогтолцоогоо ойлгомжтой болгохгүй бол болохгүй. Бүх бурууг ард түмэн рүү чихээд хэрэггүй. Ард түмэн хөөрхий, сонгууль болж байгаа учраас л саналаа өгнө. Тухайн үед өөрт нь сонгомоор санагдсан хүнийг сонгоно. Өөр намын Ерөнхийлөгчтэй, өөр намын Засгийн газартай боллоо гэж ард түмнийг буруутгаж болохгүй.Тогтолцоо нь өөрөө ийм сонголт хийх нөхцөлийг бүрдүүлж, улмаар төрийн байгууллагууд нэг нэгнийхээ ажлыг явуулахгүй, чөдөр тушаа болдог. Ийм тогтолцоо байна. Тийм учраас Серби, Польшийн өнөөгийн хямрал, зөрчлөөс бид юу ойлгох ёстой вэ гэхээр тогтолцоогоо яаралтай засах хэрэгтэй юм байна гэсэн сургамж авч болохоор байна.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-Энэ талаар нэмж хэлэхэд, манай судалгаанд сүүлийн хэдэн жил “Та аль намд саналаа өгөх вэ?” гэсэн асуултад нам гэхээсээ илүүтэй “Хүнээ харна” гэж хариулах нь түгээмэл гардаг. Энэ бол Сербийн жишээтэй ойролцоо үзэгдэл. Сербүүд үүнийг анхааралдаа авч, хүмүүсийн “Хүнээ харж саналаа өгнө” гэсэн хандлагад тулгуурлан, нэр дэвшигчдэд саналаа өгөх сонголт дээр тоглосон шүү дээ.Харин Монголд иймэрхүү зүйл зохион байгуулахад нэлээд хүндрэлтэй байх. Яагаад гэвэл Сербийнхтэй адил зохион байгуулалтад орох нь тийм ч амар биш л дээ.
“Израил улсад дахин сонгууль болох нь Нетаньяхуд ашигтай байж мэднэ”
-Израил улсад парламентын сонгууль боллоо. Израилын сонгуульд үе үеийн сонгуулиар аль нэг нам, улс төрийн хүчин олонх болдоггүй, ийм тогтолцоотой гэж харж болохоор байдаг. Тэгэхээр энэ удаагийн сонгуулийн үр дүн хэрхэн гарсан бэ?
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
- Ерөнхийдөө Израилын сонгууль миний хувьд нэг их сонирхолтой сонгууль биш байна. Яах вэ, израилчуудын хувьд түүхэн талаасаа их өвөрмөц сонгууль болсон. Яагаад гэвэл Израилын хүн амын 20 хувийг эзэлдэг арабуудын нам анх удаа 19 суудал авснаар сонгуулийн үр дүнг шийдэх гол хүчин зүйл нь болчихсон.Учир нь эрх баригч нам, Нетаньяхуг дэмжсэн блок болон сөрөг хүчний блокийн аль аль нь дангаараа Засгийн газар байгуулах боломжгүй, бараг ижил нөхцөл байдалд орчихсон. Гэхдээ үүнтэй холбоотой нэг томоохон асуудал үүсэж байгаа юм. Нетаньяху энэ нөхцөлд улс төрийн хувьд тоглож чадах л юм шиг байгаа юм. Яагаад гэвэл тэрээр шинэ Засгийн газар бүрдүүлж чадахгүй тохиолдолд Ерөнхий сайдын албан тушаалаа хэвээр хадгалж чадна. Монголын түүхэнд ч гэсэн үүнтэй төстэй зүйл болж байсан. Элбэгдоржийн Ерөнхий сайдаар удаан ажилласан түүх бий.Израилд шинэ Засгийн газар, шинэ Ерөнхий сайд томилж чадахгүй бол Нетаньяху ямар оролдлого хийх вэ гэхээр арабуудтай ямар нэгэн эвсэл, коалиц байгуулах сонирхол түүнд байхгүй, тэгээд ч чадахгүй байх. Тиймээс сөрөг хүчний зарим хүнийг өөртөө татахыг оролдоно. Тэднийг татаж чадахгүй бол ерөнхийдөө энэ удаад ч албан тушаалаа хадгалж үлдэхийг хичээнэ.Өөр нэг гарц нь их эвсэл байгуулах. Гэхдээ их эвсэл байгуулах сонирхолгүй хүмүүс ч нэлээд байх шиг байна.Миний хувьд улс төрийн таамаглал дэвшүүлж хэлэхэд, Нетаньяху аль болох удаан хугацаанд ямар нэгэн зөвшилцөлд хүрэхгүйгээр Ерөнхий сайдын албан тушаалаа хэвээр хадгалж үлдэх оролдлого хийнэ гэж харж байна. Тэр оролдлого нь ерөнхийдөө бүтэлгүйтвэл Израилд дахин сонгууль явуулна гэж би бодож байна. Яагаад гэвэл сөрөг хүчний блок дотор арабуудтай эвсэл байгуулах сонирхолтой намууд байж болох ч тэдэнтэй хэзээ ч нэгдэхгүй гэдгээ зарласан улс төрийн хүчин ч бий. Тиймээс цаашид ийм нөхцөлд Засгийн газар байгуулах боломж одоогоор харагдахгүй байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
- Энэ талаар нэмж хэлэхэд, Израилын сонгуулийн хоёр, гурван онцлог бий.Нэгдүгээрт, Израил улс өөрөө Дэлхийн II дайны дараа НҮБ-ын шийдвэрээр байгуулагдсан орон. Тухайн үед НҮБ-аас гаргасан шийдвэрээр Палестин, Израил гэсэн хоёр улс байгуулахаар болсон. Гэвч Израил улс байгуулагдах тухай НҮБ-ын шийдвэр гарсны маргаашаас эхлэн түүнийг тойрсон Арабын орнууд нэгдэж, Израил руу довтолсон. Тэд НҮБ-ын энэ шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй, Израил хэмээх бие даасан улс байх ёсгүй гэсэн байр суурь илэрхийлж байв.Тэрхүү дайн байлдаанд Израил ялсан ч маш хүнд нөхцөлтэй тулгарсан. Үүнээс хойш ч Арабын орнууд хэд хэдэн удаа Израил руу довтолсон. Харамсалтай нь, Израил улс өнөөг хүртэл дайны нөхцөл байдал дунд оршсоор байна. Энэ бол тус улсын нэгдүгээр онцлог юм. Тиймээс Израилд эмэгтэй, эрэгтэй ялгаагүй бүгд цэргийн алба хаах ёстой. Эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай заавал цэргийн алба хаадаг. Хоёрдугаарт, Израилын улс төрийн тогтолцооны нэг онцлог нь хамтарсан буюу эвслийн Засгийн газар байгуулж ирсэн явдал юм. Учир нь сонгуулийн тогтолцоо нь өөрөө ийм нөхцөлийг бүрдүүлдэг.
Тиймээс тогтолцоо ямар чухал болохыг дахин онцлон хэлэх хэрэгтэй. Сонгуулийн тогтолцоо, төрийн тогтолцоо ямар байх нь яагаад чухал вэ гэвэл Израилд хувь тэнцүүлсэн буюу пропорциональ сонгуулийн тогтолцоо үйлчилдэг. Саналын хуудсыг хувь тэнцүүлсэн аргаар тоолдог. Тиймээс Израилд аль нэг нам сонгогчдын 50-иас дээш хувийн санал авч чаддаггүй. Харин хамгийн олон суудал авсан нам нь бусад намтайгаа Засгийн газар байгуулах хэлэлцээр хийж эхэлдэг. Ийм учраас Израилын Засгийн газар үргэлж эвслийн хэлбэртэй байдаг. Үзэл баримтлалын хувьд ойролцоо баруун чиглэлийн намууд нэг эвсэл болж, зүүний үзэл баримтлалтай намууд мөн өөр хоорондоо нэгдэн эвсэл байгуулдаг. Би Израилын нэрт улстөрч, Ерөнхийлөгч асан Шимон Перестэй харилцаа сайтай байсан. Надаас хамаагүй ахмад хүн л дээ. Гэхдээ Монголыг их сонирхдог, Монголыг ихэд тоодог, манай улсын талаар олон газар, хурал цуглаан дээр ярьдаг хүн байсан. Тиймээс би Шимон Перес Ерөнхийлөгчтэй олон удаа уулзаж байлаа.
Нэг удаа түүнээс энэ талаар асуухад “Манай улс төрийн тогтолцоо ийм юм аа, Ерөнхийлөгч өө. Тогтолцоо нь ийм учраас бид заавал эвслийн Засгийн газар байгуулах шаардлагатай болдог” гэж тайлбарлаж байсан.Тэр утгаараа саяын сонгууль ч мөн пропорциональ тогтолцоогоор явагдсан. Харин манайхан пропорциональ тогтолцооноос гадна мажоритар буюу хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг шууд УИХ-ын гишүүнээр сонгодог тогтолцоог намын жагсаалтын сонголттой хольчихсон. Өөрөөр хэлбэл, энэ хоёр тогтолцоог хослуулсан. Гэхдээ уг нь ингэж хольж болохгүй юм. Тэгэхээр парламент нь хоёр танхимтай байж, нэг танхимын гишүүдийг зөвхөн намын жагсаалтаар, нөгөө танхимын гишүүдийг жижиг тойргоос нэр дэвшүүлэн сонгодог байж болно. Ийм хоёр өөр тогтолцоогоор хоёр танхимаа бүрдүүлээд, нэг нь нөгөөгөө хянадаг, алдаа гаргасан тохиолдолд нь засаж залруулдаг эрүүл тогтолцоо руу орох ёстой юм.
Гэтэл манайх энэ хоёр тогтолцоог хольж орхисон учраас жагсаалтаар сонгогдсон гишүүдээ ад үзэх байдал гарч байна. Уг нь тэд ч мөн адил УИХ-ын гишүүн шүү дээ. Гэтэл “Чи жагсаалтаар сонгогдсон, би тойргоос сонгогдсон” гэж ялгаж болохгүй. Хэрэв парламент хоёр танхимтай байсан бол ийм байдлаар бие биеэ ялгах шаардлага ч гарахгүй. Харин манайх хоёр тогтолцоог хольсон учраас гишүүд нь нэг нэгнээ ад үзэж, янз бүрээр нэрлэж, хочлох болсон. Гэтэл Үндсэн хууль болон бусад хуульд УИХ-ын гишүүн бол УИХ-ын гишүүн гэсэн зарчим үйлчилдэг. Тэд ард түмнийхээ болон улс орныхоо төлөө тангараг өргөж, ажиллаж байгаа хүмүүс. Үүнийг бас хэлэх ёстой. Тиймээс энэ бол сонгуулийн тогтолцооны нэг онцлог юм. Хэрэв манай улс цаашид эвслийн Засгийн газар байгуулж ажиллах гэж байгаа бол парламентаа хоёр танхимтай болгож, нэг танхимаа Израилтай адил пропорциональ буюу хувь тэнцүүлсэн тогтолцоогоор сонгодог байх хувилбарыг авч үзэх хэрэгтэй.
Санал хураалтыг хувь тэнцүүлсэн тогтолцоогоор явуулдаг танхимаас Засгийн газар нь бүрддэг байж болно. Харин нөгөө танхим нь хяналтын үүрэгтэй байна. Тодруулбал, хувь тэнцүүлсэн саналаар сонгогдсон парламентын танхимаас Засгийн газар байгуулагдаж, мажоритар буюу нэг тойргоос сонгогдсон гишүүдээс бүрдэх нөгөө танхим нь түүний үйл ажиллагаанд хяналт тавина гэсэн үг.Ингэснээр нэг танхимаас баталсан хуулийг нөгөө танхим нь буцаах, засаж залруулах боломжтой болно. Эсвэл буцаасан хуулийг эхний танхим нь гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар дахин баталдаг ч юм уу. Ийм эрүүл, саруул, ажил хэрэгч харилцаа, хяналтын тогтолцоо бий болох ёстой юм.Гэтэл манайд жагсаалтын болон мажоритар тогтолцоог хольж хэрэглэснээс болж гишүүд хоорондоо зөрчилдөх байдал парламентын хэмжээнд ихээхэн ажиглагдаж байна.
Энэ нь тогтолцооноосоо шалтгаалж байгаа асуудал. “Чи яагаад ингэж үг хэлээд байгаа юм?”, “Чи өөрөө тэгсэн шүү дээ” гэх мэтээр нэг нэгнээ буруутгаж, маргалдах нь нэмэгдэж байна. “Энэ 126 гишүүнтэй парламент үнэхээр болохгүй байна” гэж ард түмэн ярьж байгаа шүү дээ. Энэ байдалд ч мөн сонгуулийн тогтолцоо нөлөөлж байна.Израилын хувьд ийм тогтолцоотой учраас Нетаньяхугийн тэргүүлсэн блок 53 суудал авсан бол нөгөө Эйзенкотын тэргүүлсэн блок 48 суудал авсан. Эйзенкотын тэргүүлсэн блокийн дотор арабуудтай хамтран ажиллах эсэх талаар янз бүрийн байр суурьтай хүмүүс бий. Сумати судлаачийн сая ярьснаар, арабууд энэ удаагийн сонгуульд маш идэвхтэй оролцож, өмнө нь авч байгаагүй олон буюу 19 суудал авсан байна. Эйзенкотын блокийн авсан 48 суудал дээр арабуудын 19 суудлыг нэмбэл нийт 67 болно. Израилд Засгийн газар байгуулахын тулд 61 буюу түүнээс дээш суудал бүрдүүлэх шаардлагатай.
Тиймээс арабуудтай эвсэж чадвал Эйзенкотын блок Засгийн газар байгуулах боломжтой гэсэн үг. Сонгуулийн дүн арваннэгдүгээр сарын 4-нд эцэслэн гарсны дараа Израилын Ерөнхийлөгч Херцог Засгийн газар байгуулах эрхийг аль намын даргад өгөхөө шийднэ. Хамгийн олон суудал авсан намын даргын хувьд Нетаньяху эхлээд бусад намуудтай хэлэлцээр хийж, 61 буюу түүнээс дээш гишүүний дэмжлэгийг өөрийн эвсэлд нэгтгэхийг оролдоно. Хэрэв энэ нь бүтэлгүйтвэл Ерөнхийлөгч дараагийн ээлжид Эйзенкотод Засгийн газар байгуулах эрх олгож, мөн ийм тооны суудалтай эвсэл бүрдүүлэхийг даалгах байх. Түүний оролдлого ч амжилтгүй болбол цаашид өөр нэг хувилбар бий. Тэгэхээр 100 хоногийн хугацаа байх аа? Миний ойлгож байгаагаар, 100 хоногийн дотор шинэ Засгийн газар байгуулж чадахгүй бол дахин сонгууль явуулах юм байна. Энэ тохиолдолд Нетаньяхугийн хувьд дахин сонгууль явуулах нь ашигтай байж мэднэ. Учир нь саяын сонгуулиар Нетаньяху бараг ялагдах байсан бол Айзенкот ялах магадлалтай. Ингэснээр дахин шинэ Ерөнхий сайд болох боломжтой байлаа. Тэгэхээр Нетаньяхуг ард түмэн залхчихсан гэсэн ойлголт бий.
Гэхдээ Нетаньяхугийн тал харин ч 53 суудал авчихлаа. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Засгийн газар харьцангуй тогтвортой ажилласан. Түүхэндээ бараг анх удаа Ерөнхий сайд нь дөрвөн жилийн бүрэн хугацаагаа дуусгасан байх.Энэ хугацаанд юу болов гэхээр дайн байлдаан өрнөлөө. 2022 оны аравдугаар сарын 7-нд Хамасын зүгээс аймшигтай, бүдүүлэг халдлага, алан хядах ажиллагаа явуулсан. Үүний эсрэг Израиль байлдлаа. Мөн Хамасыг дэмждэг, Иранаас санхүүжилт авдаг, хэт туйлширсан үзэлтэй, цэрэгжсэн бүлэглэл болох Хезболлатай байлдлаа. Түүнчлэн Ираны цөмийн зэвсэг үйлдвэрлэх хүчин чадлыг бууруулахын тулд Иран руу довтоллоо. Ингээд гурван чиглэлд зэрэг байлдаан хийсэн гэсэн үг.Эдгээр дайн шаардлагатай байсан уу, үгүй юу гэдэг дээр янз бүрийн байр суурь бий.
Гэхдээ улс төрийн хувьд Нетаньяху өөрөө их туршлагатай хүн. Улс төрийн хувьд дайн байлдаан болж байгаа нөхцөлд ард түмэн дургүй байсан ч удирдагч, Ерөнхий сайд, Засгийн газраа дэмждэг гэсэн ойлголт байдаг. Тийм учраас дайн байлдаан хийж байгаа нь Нетаньяхугийн талд ашигтай байна гэж хүмүүс шүүмжилж байсан.Нөгөө талаас, Израилийг ерөнхийдөө Нетаньяху л хамгаалах юм байна. Энэ хүн байж байж л Израильд алан хядагчид нэвтэрч чадахгүй юм байна гэсэн эерэг ойлголт ч олон нийтэд төрүүлсэн байх. Гэхдээ нөгөө талаас Нетаньяху өөрөө авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон байж болзошгүй. Мөн эхнэр нь хээл хахуулийн асуудлаар шалгагдаж байгаа. Энэ нь Израилийн иргэдэд эргэлзээ төрүүлдэг. Авлигын хэрэгт холбогдсон байж болзошгүй хүн биднийг удирдаж байгаа нь зөв үү, буруу юу гэсэн асуулт гарч ирж байна.Хоёрдугаарт, хэтэрхий удаан төр барилаа гэсэн шүүмжлэл бий. Сүүлийн бараг арван жилийн хугацаанд Нетаньяхугийн тал тасралтгүй Ерөнхий сайдын албыг хашиж байна. Тиймээс хэтэрхий удаан төр барилаа гэсэн ойлголт ч олон нийтийн дунд байна. Энэ мэт шалтгааны улмаас энэ удаагийн сонгуулиар Айзенкот ялчихлаа гэж би их баярласан юм. Сонгуулийн дүн гарахад бараг ялчихсан мэтээр инээмсэглэж, хэвлэлийн бага хурал хийж, олон нийтийн өмнө үг хэлсэн.Гэхдээ арабуудтай хамтран ажиллах эсэх асуудал дээр эргэлзээ үүссэн. Тэрээр арабуудтай хамтран ажиллахгүй гэдгээ ил тод зарласан.
Уг нь 53 дээр 19-ийг нэмэхэд 72 болж байгаа ч 61 суудлын босгыг давахын тулд арабуудтай хамтрах шаардлагатай байсан ч бид хамтрахгүй, арабуудтай ажиллахгүй гэж мэдэгдэж байгаа юм. Яагаад гэвэл үүний цаана Израилийн хувьд хоёр улсын концепц гэсэн асуудал бий. Палестин, Израилийн асуудлаар Нетаньяху болон түүний дэмжигчид нэг л улс буюу Израиль гэсэн зарчмыг баримталж байгаа. Учир нь Израилийг анх байгуулахдаа НҮБ-аас хоёр улс байгуулах шийдвэр гаргасан байхад арабууд өөрсдөө үүнийг эсэргүүцэж, Израилийг устгана хэмээн дайрсан. Одоо Хамасын халдлагаас хойш олон жилийн турш үргэлжилсэн дайн, байлдааны нөхцөл байдлыг харахад хоёр улсын шийдэл нь асуудлыг шийдвэрлэх гарц биш, харин ч дайн дажны үндэс болох юм байна гэж үзэж байгаа. Тиймээс АНУ-ын Ерөнхийлөгч Трампын дэмжлэгтэйгээр Нетаньяху энэ бодлогоо хэрэгжүүлж, нэг улс гэсэн зарчмыг ярьж байна.
Гэтэл Европын орнууд, Европын холбооны улсууд Палестин, Израиль гэсэн хоёр тусдаа улс байх ёстой гэж үздэг. Өөрөөр хэлбэл, Арабын Палестин улс, Израиль улс гэсэн хоёр улс байх ёстой гэсэн байр суурьтай. Тиймээс энэ асуудлаар маргаан гарах нь тодорхой байна.Нетаньяху араб улс байгуулахыг эсэргүүцэж байгаа нь цаад утгаараа арабуудтай хамтран ажиллах сонирхолгүй байгаагийн илрэл байж магадгүй. Тэр үүнийгээ ч ил тод хэлчихлээ. Харин Айзенкотын хувьд яг ийм байр суурь илэрхийлээгүй.Нөгөө талаас Оросоос дүрвэж ирсэн, орос хэлтэй олон еврей хүн Израильд амьдардаг. Тэд Израилийн улс төрд ч нэлээд нөлөөтэй. Тухайлбал, Либерман гэж хүн бий. Тэрээр орос сонгогчдод чиглэсэн, тэдний ашиг сонирхлыг хамгаалдаг намыг толгойлдог. Либерман бол ямар ч тохиолдолд арабуудтай хамтран ажиллахгүй гэдгээ зарлачихсан.Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүмүүс энэ талаар ярьж байна лээ.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр сонгуулийн дараа Либерман Айзенкотын утсыг авахгүй, түүнээс зугтааж байгаа тухай мэдээлж байна. Айзенкот өнөөдрийг хүртэл Либермантайгаа холбогдож чадахгүй, эвслийн хамтрагчаа олж чадахгүй байгаа юм. Либермантай асуудлаа ярилцах гэсэн боловч одоогоор бүтэхгүй байна. Тэгэхээр сая Сумати судлаачийн хэлсэнчлэн Нетаньяху, Айзенкот хоёр нэгдэж, эвсэл байгуулах боломж ч байж магадгүй. Хэрэв тэгвэл 53 дээр 48-ыг нэмэхэд 91 суудал болно. Ингэснээр 120 суудалтай парламентад үнэмлэхүй олонх бүрдэх юм. Гэхдээ үүний цаана бодлогын олон асуудал бий. Нэгдүгээрт, хоёр улсын шийдэл байх уу? Өөрөөр хэлбэл, Арабын Палестин улс, Израиль улс гэсэн хоёр улс байгуулах уу? Хоёрдугаарт, дайн байлдааны асуудлаа хэрхэх вэ? Иран руу довтлох уу, үгүй юу? Гуравдугаарт, нийслэлийн асуудал байна. Тель-Авив уу, Иерусалим уу гэх мэтээр шийдвэрлэх шаардлагатай асуудлууд бий.Эдгээрийн зарим нь хоорондоо огт нийлэхгүй, маш гүнзгий зөрчилтэй асуудлууд.
Тэгэхээр энэ бүх асуудлаар хэрхэн нэгдэж, тохиролцох вэ гэдэг нь сонирхол татаж байна. Хэрэв хоёр тал эвсэл байгуулах гэж байгаа бол эсвэл өөр эвсэл бүрдэх гэж байгаа бол аль аль тал нь тодорхой бодлогыг дэмжих эсэх талаар цаасан дээр буулгаж, хоорондоо яриа хэлэлцээр хийж байгаа байх гэж бодож байна. Энэ үед Ерөнхийлөгч Херцог нэлээд идэвхтэй ажиллах байх. Бусад үед Израилийн Ерөнхийлөгчийн үүрэг, оролцоо тийм ч идэвхтэй байдаггүй шүү дээ. Тиймээс одоо өрнөх улс төрийн үйл явц их сонирхолтой байна. Тэгэхээр 100 хоногийн дараа дахин сонгууль явуулах нөхцөл байдал үүсэж магадгүй. Энэ нь Нетаньяхугийн хувьд ашигтай байж болох юм.Трампын хувьд Нетаньяхуг бүрэн дэмжиж байгаа. Түүнийг Цагаан ордонд урьж, уулзалтынхаа үеэр өөрийг нь дэмжиж байгаагаа ил тод зарласан. Гэхдээ энэ дэмжлэг Нетаньяхуд тус болсон уу, үгүй юу гэдгийг хэлэхэд хэцүү байна. Ямар ч байсан Трамп дэмжсэн ч Нетаньяху дангаараа болон эвслийн хүрээнд 61 суудал авч чадсангүй. Тиймээс одоогийн нөхцөл байдал их сонирхолтой болж байна.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-Энд нэг зүйлийг хэлж болно. Өмнө нь араб, израильчуудын хооронд хамтарсан Засгийн газар байгуулагдаж байсан. Гэхдээ энэ нь удаан үргэлжлээгүй, нэг жил орчим болоод татан буугдсан юм. Тухайн үед арабын намууд нэг их томоохон шаардлага тавиагүй ч маш их хэмжээний мөнгө шаардсан юм билээ.Хэрэв энэ удаа ч мөн адил арабын намууд томоохон шаардлага тавихгүй, хоёр улсын шийдэл зэрэг улс төрийн маргаантай асуудлыг хөндөхгүй, харин санхүүжилт, мөнгөний асуудлаар тохиролцохыг зорьвол Айзенкотын талтай эвсэл байгуулах боломж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ийм хувилбар бас үгүйсгэх аргагүй. Гэхдээ энэ нь бас тийм ч амар биш байх. Н.Энхбаяр даргын хэлснээр, цаана нь энэ асуудалд эрс дургүйцэж байгаа хүмүүс байгаа тохиолдолд нөхцөл байдал яаж ч эргэж магадгүй. Тиймээс ямар үйл явц өрнөхийг харах л үлдэж байна.
“Барак Обама болон одоогийн Ерөнхийлөгч Д.Трамп нарын улс төрийн өрсөлдөөн болж байна”
-Энэ сарын 3-ны өдөр АНУ-д завсрын сонгууль болно. Энэ сонгуулиар Конгрессын Төлөөлөгчдийн танхимын 435 суудал болон Сенатын 100 гишүүний 35 суудлын төлөө иргэд саналаа өгнө. Үндсэндээ энэ нь Ерөнхийлөгч Дональд Трампын хоёр жилийн хугацаанд хийсэн ажилд дүн тавих чухал сонгууль болох гэж байна. Энэ удаагийн сонгуулийн үйл явцыг та хэрхэн харж байна вэ?
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Дэлхий дахин хамгийн их сонирхож байгаа сонгууль бол энэ. Трамп Ерөнхийлөгчийн хоёр жилийн хугацаанд хийсэн ажил сайн байсан уу, үр дүн нь ямар байв гэдгийг Америкийн сонгогчид шийдэх гэж байна.Одоогийн байдлаар Трамп Ерөнхийлөгч тухайн үед харьцангуй өндөр санал авч сонгогдсон. Үүнийг дагаад АНУ-ын Конгрессын хоёр танхим буюу Төлөөлөгчдийн танхим болон Сенатад Бүгд найрамдах нам олонх болсон. Ингэснээр Трамп Ерөнхийлөгч ажлаа явуулахад харьцангуй таатай нөхцөл бүрдсэн. Учир нь Конгрессын Төлөөлөгчдийн танхимд ч, Сенатад ч Бүгд найрамдах нам олонх байгаа юм.
Гэхдээ АНУ-ын улс төрийн тогтолцооны нэг онцлог нь түрүүн миний хэлсэнчлэн Сенатын гишүүдийн гуравны нэгийг хоёр жил тутамд сонгодог. Ингэснээр Сенатыг байнга хариуцлагатай, хяналттай байлгах тогтолцоотой юм. Ингэснээр ард түмний байнгын хяналтад байлгаж байгаа юм. Тэгэхгүйгээр нэг удаа сонгочихоод дараа нь өөрчлөх боломжгүй, албан тушаалдаа хадагдчихсан мэт, юу ч хийсэн хэвээрээ байдаг тогтолцоо АНУ-д байхгүй. Тиймээс Сенатын гишүүдийн гуравны нэгийг хоёр жил тутамд шинэчилж, бүрэлдэхүүнд нь байнга өөрчлөлт оруулж байдаг. Сенат нь энэ утгаараа ард түмний хараа хяналтад байдаг байгууллага юм.Харин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын сонгуулийг гуравны нэгээр нь биш, бүрэн бүрэлдэхүүнээр нь явуулдаг. Энэ сонгуулийн хугацааг ч их зөв сонгосон байгаа юм. Тодруулбал, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааны яг дунд үед завсрын сонгууль болдог.Ингэснээр тухайн Ерөнхийлөгч сайн ажиллаж байгаа бол сонгогчид түүний намыг дахин дэмжиж, парламентын олонхоо хадгалах боломж олгоно.
Улмаар Ерөнхийлөгч цаашид бодлогоо хэрэгжүүлж, ажлаа үргэлжлүүлэх нөхцөл бүрдэнэ.Харин муу ажиллаж байгаа бол парламентын олонхыг өөр намд шилжүүлэх замаар Ерөнхийлөгчийн үйл ажиллагаанд хяналт тавих боломжийг бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл, тухайн Ерөнхийлөгчийн хэт даварсан эсвэл алдаатай бодлогыг засах, буруу бодлого хэрэгжүүлэхээс нь сэргийлэх, шаардлагатай тохиолдолд саад учруулах боломжийг сөрөг хүчинд олгодог тогтолцоо юм. Тэр утгаараа Америкийн Нэгдсэн Улсын төрийн тогтолцоо, сонгуулийн системийг анхнаасаа маш сайн бодож боловсруулсан гэж хэлж болно. Тийм учраас АНУ хямралаас улам хүчирхэг болж гарч ирж чаддаг. Эдийн засаг нь ч шинэ шинэ техник, технологийг байнга хөгжүүлж, дэлхийд тэргүүлж байна.Тухайлбал, Өмнөд Африкт төрсөн Элон Маск тэндээ үлдсэн бол өнөөдрийнх шиг дэлхийд алдартай шинийг санаачлагч, дэлхийн хамгийн баян хүн болж чадахгүй байсан байх. Мэдээж үүнд тухайн улсын тогтолцоо, соёл нөлөөлнө. Өмнөд Африкийн тогтолцоо, соёл нь тухайн хүнд ийм боломж олгохгүй, хүнийг хязгаарлаж, эрхийг нь боомилдог гэж үзэж байна.Харин Элон Маск АНУ-д очсоноор өнөөдөр дэлхийн хамгийн баян хүн болж, нэг их наяд ам.долларын хөрөнгөтэй болох зорилго тавьж байна.
Мөн Ангараг гараг дээр очиж хот байгуулна гэсэн асар том зорилго дэвшүүлсэн. Түүний үүсгэн байгуулсан SpaceX компани сансарт хүнд даацын ачаа тээвэрлэх хүчин чадалтай пуужин бүтээж байна. Үүнээс гадна Starlink хиймэл дагуулын холбооны сүлжээг хөгжүүлж байна.Энэ бүхнээс харахад АНУ-ын тогтолцоо нь шинэ санаачилга, техник технологийн хөгжлийг дэмждэг учраас улс орны хөгжилд нөлөөлж байна гэж хэлж болно.Мөн АНУ-ын төрийн тогтолцоотой холбоотой нэг ийм зарчим баримталдаг юм байна лээ. Хуулиа боловсруулахдаа аль нэг байгууллага сайн ажиллана, эсвэл тухайн хүн сайн зүйл хийнэ гэж урьдчилан тооцож, тэр байгууллага, хүнд зориулж хууль гаргадаггүй. Харин ч тухайн хүн алдаа гаргаж магадгүй, муу хүн сонгогдвол яах вэ, ард түмэн шударгаар сонгохыг зорьж байгаа ч сонголтдоо алдаа гаргавал яах вэ, тухайн байгууллага өөрөө алдаа гаргавал яах вэ гэдгийг урьдчилан тооцдог.Өөрөөр хэлбэл, тухайн хүн алдаа гаргахаас сэргийлэхийн зэрэгцээ алдаа гаргасан ч тэр нь хор хохирол учруулахгүй байхаар хуулиа боловсруулдаг. Хуулинд хандаж байгаа хандлага нь ийм өөр юм.Тийм учраас сонгуулийн тогтолцоо нь ч тухайн хүнийг зүгээр л сонгож, эрх мэдэл олгохын төлөө бус, харин алдаа гаргасан тохиолдолд түүнийг нь засаж залруулах боломжийг бүрдүүлэх зорилготой байдаг.
Харин манай монголчууд ерөөл, үлгэрт их дуртай, ерөөл шиг сэтгэж, хуулиа ч тэр сэтгэлгээгээрээ боловсруулах гээд байдаг. Тухайлбал, тэр байгууллагад ажиллах боломж олгоё, тэр хүнд ажлаа хийх бололцоо олгоё гэж ханддаг. Гэтэл тухайн хүн өөрөө яаж ч даварсан, байгууллага нь юу дуртайгаа хийсэн хянаж чадахааргүй нөхцөл байдал үүсдэг. Дараа нь идэж уулаа, буруу зүйл хийлээ, тэгээд явчихлаа гээд сүүлд нь тэр бүхнийг хязгаарлах гэж оролддог ч чаддаггүй.Харин Америкийн тогтолцоо ийм биш. Хэрэв хулгайч, муу хүн төрийн эрх мэдэлд гарч ирвэл, эсвэл хувийн компанийн төлөөлөл сонгогдвол түүний эрх мэдлийг хязгаарлана гэсэн зарчмаар хуулиа боловсруулдаг юм байна. Гэхдээ энэ бүхнээс харахад манай улс хуульдаа хандах хандлагаа их өөрчлөх хэрэгтэй юм байна гэж бодогдож байна.Энэ удаагийн сонгуулийн талаар АНУ-ын сонгуулийн асуудлаар судалгаа хийдэг манай судлаач дэлгэрэнгүй ярих байх. Социологийн судалгаа явуулж, сонгуулийн урьдчилсан таамаг гаргадаг байгууллагуудын ихэнх нь ерөнхийдөө Ардчилсан нам ялна гэж үзэж байна.Тухайлбал, Сенатын сонгуульд Ардчилсан нам ялалт байгуулах магадлал 71 хувь гэж тооцоолжээ. Мөн Сенатын нийт 100 суудлын 52-ыг Ардчилсан нам, үлдсэн 48-ыг Бүгд найрамдах нам авах төлөвтэй гэсэн судалгаа гарсан байна. Өөрөөр хэлбэл, Сенат дахь олонх Ардчилсан намын талд шилжих төлөвтэй байгаа юм.Харин Конгрессын Төлөөлөгчдийн танхимын хувьд нийт 435 суудалтай. Үүнээс 219 суудал авсан нам олонх болох юм. Учир нь 218 суудал дээр нэг суудал нэмэгдэж байж олонхын босгыг давах боломжтой. Одоогийн судалгаагаар Төлөөлөгчдийн танхимын 237 суудлыг Ардчилсан нам, 198 суудлыг Бүгд найрамдах нам авах төлөвтэй байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, Сенат буюу дээд танхим, Конгрессын доод танхимын аль алинд нь Ардчилсан нам олонх болох магадлалтай гэсэн таамаглал гарчээ. Тиймээс Ерөнхийлөгч Трамп энэ удаагийн сонгуулиар тааруу дүн үзүүлж магадгүй гэсэн төсөөлөл байна.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
- Америкийн сонгуулийн үр дүнг урьдчилан таамаглахад нэлээд төвөгтэй. Тухайлбал, манай нэг түнш байгууллага болох “Глоб дэлхийн судалгаа” буюу “One World Poll” нь дэлхийн 150 оронд судалгаа явуулдаг. Тус байгууллага Барак Обама, Митт Ромни нарын өрсөлдсөн сонгуулийн үеэр буруу таамаглал гаргаж, нэлээд шүүмжлэлд өртсөн юм. Түүнээс хойш улс төрийн прогноз гаргахаа больсон. Би ч гэсэн энэ ярилцлагад бэлдэхдээ Америкийн сонгуулийн талаар ямар прогноз, таамаглал гарч байгааг харахыг хүссэн. Америкийн хамгийн нэр хүндтэй судалгааны байгууллагуудын нэг болох “Pew Research”-ийн мэдээллийг үзтэл сонгуулийн талаар олон янзын, хоорондоо зөрүүтэй судалгааны дүн гарсан байна. Зарим байгууллага бүр хиймэл оюун ухаан ашиглан судалгаа хийжээ. Тухайлбал, хиймэл оюун ухаанаар сонгогчдыг төлөөлүүлж, санал өгүүлсэн мэтээр загварчилсан судалгаа ч гарсан байна.
Судалгааны дүнгүүдийг харахад нэг нь худлаа, нөгөө нь ч худлаа гэх мэтээр хоорондоо зөрүүтэй байгаа ч судалгааны байгууллагууд өөрсдөө ч тодорхой байр суурь илэрхийлэхгүй байна. Сонгууль чухам яаж дуусахыг хэлэхэд бэрх. Гэхдээ эдгээр судалгааны тоон үзүүлэлтийг харахад Ардчилсан намын дэмжигчид илүү идэвхтэй байгаа нь ажиглагдаж байна. Харин Бүгд найрамдах намын дэмжигчдийн идэвх бага зэрэг суларсан дүр зураг судалгаануудад харагдаж байгаа юм.Энэ байдал сонгуулийн эцсийн дүнд хэрхэн нөлөөлөхийг хэлэхэд хэцүү. Энэ нь Н.Энхбаяр даргын хэлсэнтэй ч ижил байх. Ямар ч байсан Төлөөлөгчдийн танхимын сонгуульд Ардчилсан намынхан ялалт байгуулах магадлал маш өндөр. Ерөнхийдөө доод танхимыг авна гэж хэлж болохоор байна. Харин Сенатын хувьд тодорхойгүй, асуудалтай хэвээр байгаа юм шиг санагдсан.Нөгөө талаар Дональд Трампыг авч үзэх хэрэгтэй. Өмнө нь улстөрч байсан хүний хувьд тэрээр улс төрийн мэдрэмж сайтай. Мөн энд тэндгүй явж, сонгуулийн сурталчилгаанд идэвхтэй оролцдог. Сонгуулийн сурталчилгааны үеэр Трампын улс төрийн мэдрэмжээр бол тэрээр зарим газраас ухарч эхэлж байгаа нь анзаарагдаж байна. Өөрөөр хэлбэл, зарим асуудлыг орхиж, өөртөө илүү чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа хэрэг. Тиймээс тэрээр Төлөөлөгчдийн танхимын сонгуульд ялагдсан ч яах вэ, гол нь Сенат дахь олонхоо хадгалж үлдвэл цаашид өөрийн бодлогоо үргэлжлүүлэн хэрэгжүүлэх боломжтой гэж тооцож байгаа бололтой. Иймээс Сенатын сонгуульд онцгой анхаарал хандуулж байна.Түүний анхаарал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ ямар нэгэн үр дүнд хүрэх үү, үгүй юу гэдгийг бид хэдхэн хоногийн дараа харах байх. Одоогийн байдлаар Сенатын сонгуульд ч Бүгд найрамдах намын талд ашигтайгаар эргэж магадгүй гэсэн дүр зураг ажиглагдаж байна.
Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:
-Энд нэмж хэлэхэд, Сенатын сонгуулийн үр дүнд нөлөөлөх гол зургаан муж, зургаан суудал бий. Тэдгээр суудлыг Ардчилсан нам авч чадвал Сенат дахь суудлын харьцаа 52:48, 53:47, эсвэл 51:49 гэх мэтээр өөрчлөгдөх боломжтой.Тэдгээр мужийн дунд олны анхаарал татаж буй Техас муж бий. Уламжлал ёсоор Техасын сенаторууд Бүгд найрамдах намаас сонгогддог бөгөөд тус мужийг улс төрийн газрын зурагт улаан өнгөөр тэмдэглэдэг. Гэтэл энэ удаад хөх өнгөтэй болж, Ардчилсан намын нэр дэвшигч ялж магадгүй гэсэн таамаглал гарч байна.Мөн Аризона, Канзас, Аляска зэрэг хэд хэдэн мужийг онцолж болно. Аляска ч мөн уламжлал ёсоор Бүгд найрамдах намын сенаторуудтай, улаан мужид тооцогддог.
Гэвч энэ удаад Ардчилсан намын сенатчийн нэр дэвшигч сонгогдож, мужийн улс төрийн өнгө өөрчлөгдөх магадлал яригдаж байна.Түүнчлэн араб гаралтай, мусульман шашинтай нэр дэвшигч хүртэл тэнд өрсөлдөж байна. Эдгээр нэр дэвшигчдийн ашиглаж буй тактикийг харахад тэд өрсөлдөгчтэйгөө шууд мэтгэлцэж, байр сууриа илэрхийлж байгаа юм. Мэдээж хэрэг, Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн хүн эсвэл одоо сенатороор ажиллаж байгаа өрсөлдөгчийнхөө талаар ч ярьж байна. Гэхдээ Трамп өөрөө Ерөнхийлөгчийн хувьд өрсөлдөгчдөдөө боломж олгоод байна. Тухайлбал, Аль-Саидын нэрийг зориуд буруу, хазгай хэлж, Мухаммед гэх мэт нэрийг нь янз бүрээр дуудаж, түүнийг бага зэрэг доромжлох, доош нь хийх гэж оролдсон.
Гэтэл Трамп шиг том Ерөнхийлөгч өөрөө нэг мужийн Сенатын сонгуульд өрсөлдөж байгаа нэр дэвшигчтэй ингэж харьцахаар нөгөө хүн нь олны анхааралд татагдаж байгаа юм. Трамп буруу тактик хэрэглэж байна гэсэн үг. Харин нөгөө нэр дэвшигч нь энэ байдлыг шууд өлгөж аваад, “Ерөнхийлөгч Трамп аа, та бид хоёр шууд халз тулж, нэг зүйлээр өрсөлдье” гэж уриалж байна. Тэр нь худал, үнэн ярьж байгааг тогтоодог төхөөрөмжөөр шалгуулах тухай юм. Тэрээр Трампад хандан, “Та өөрийнхөө хийсэн ажилтай холбоотой асуултуудад хариул. Хэрэв худал ярьж байвал тэр төхөөрөмж тогтооно. Харин би таны надад тавих асуултад хариулъя. Хэрэв би худал ярьж байвал төхөөрөмж мөн л тогтооно. Ингээд хэн нь үнэн ярьж, хэн нь худал ярьж байгааг шалгуулъя. Шалгуулахад би үнэн ярьсан нь батлагдаж, харин та худал ярьсан нь тогтоогдоно” гэж шууд уриалж байгаа юм.
Сенатын сонгуульд өрсөлдөж байгаа хүн Ерөнхийлөгч Трамптай ингэж нүүр тулан маргаж, мэтгэлцэхийг уриалж байгаа нь өөрөө Трампын анхаарлыг татаж, улмаар олны анхааралд өртөж байна гэсэн үг. Тиймээс сонгуулийн тактикийн хувьд Ерөнхийлөгч Трамп харамсалтай нь хэтэрхий улайрч, алдаа гаргаж байх шиг байна. Өмнө нь судлаачийн хэлсэнчлэн тэрээр Сенат дахь олонхоо хадгалж үлдэхийн төлөө нэлээд улайрч, олон мужид очиж ажиллаж байна.Нөгөө талд Ардчилсан намын хувьд сүүлийн үеийн Ерөнхийлөгч нараасаа харьцангуй нэр хүнд сайтай байгаа Барак Обама идэвхтэй ажиллаж байна. Тэрээр хэд хэдэн мужид Трамптай бараг зэрэг шахам очиж, уулзалт, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулж байгаа жишээтэй. Мөн сонгуулийн үеэр Трампын алдаа дутагдлыг ил гаргах, эсвэл түүнийг шоглох агуулгатай үг хэлж, Ардчилсан намаас нэр дэвшигчдэдээ ихээхэн тусалж байна.Ингээд харахаар энэ удаагийн сонгууль хоёр намын нэр дэвшигчдийн өрсөлдөөнөөс гадна хоёр Ерөнхийлөгчийн сурталчилгааны кампанит ажил болж хувирч байна. Өөрөөр хэлбэл, өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Барак Обама болон одоогийн Ерөнхийлөгч Дональд Трамп нарын улс төрийн өрсөлдөөн болж байгаа юм.
Гэхдээ судлаачийн хэлсэн нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Америкийн судалгааны байгууллагууд Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн дэмжлэгийг бодит байдлаас арай доогуур тооцох хандлагатай байдаг юм байна. Тухайлбал, тэдний судалгааны дүн Бүгд найрамдах намын нэр дэвшигчдийн саналыг дөрвөөс таван хувиар доогуур гаргадаг гэж үздэг. Гэтэл одоо Ардчилсан намын сенатчид ялалт байгуулж магадгүй гэж тооцогдож байгаа тойргуудад тэдний давуу байдал ердөө гурван хувьтай байна. Дөрөв, гурав, хоёр хувийн зөрүү гэдэг хоорондоо ойролцоо үзүүлэлт шүү дээ. Тиймээс сонгуулийн үр дүн аль ч тал руу эргэж магадгүй гэсэн боломж байгааг судлаач мөн хэлж байсан. Гэхдээ одоо нөгөө талаас Бүгд найрамдах намынхан ажлаа үргэлжлүүлэхээр дахин сонгуульд өрсөлдөж байгаа одоогийн Сенатын гишүүдийн рейтинг хасах хоёр оронтой тооноос ч доогуур, тухайлбал, -13-аас -19 хүртэл байгаа юм байна. Тэгэхээр тэд Айсед, Таларика зэрэг бусад мужид нэр дэвшиж байгаа хүмүүсээсээ сөрөг рейтингээрээ нэлээд хол хоцорч байна гэсэн үг. Харин Ерөнхийлөгч Трампын сөрөг рейтинг 24 байгаа аж. Харамсалтай нь энэ нь Бүгд найрамдах намын хувьд сонгуулийн нөхцөл байдлыг нэлээд хүндрүүлж магадгүй. Учир нь -24 гэсэн сөрөг рейтингтэй Ерөнхийлөгчтэй үед завсрын сонгууль болж байсан тохиолдол урьд өмнө байгаагүй гэсэн судалгаа ч гарсан байна.Тиймээс энэ удаагийн сонгууль их сонирхолтой болно. Энэ удаагийн сонгуулийг Европ тэр чигээрээ, Хятад, Орос, Латин Америкийн орнууд ч анхааралтай ажиглаж байна. Монгол Улс ч мөн адил анхаарах хэрэгтэй. Яагаад гэвэл Трамп гэдэг Ерөнхийлөгч бол зүгээр нэг улсын төрийн тэргүүн биш. Тэрээр дэлхийн эдийн засгийн бараг 25-27 хувийг дангаараа бүрдүүлдэг улсын Ерөнхийлөгч.
Тиймээс АНУ-д сонгуулийн ямар үр дүн гарах, цаашид ямар бодлого хэрэгжүүлэх, ямар байр суурь баримтлах вэ гэдэг нь дэлхий нийтэд шууд нөлөөлнө.Тэнд эвшээхэд энд салхи орж ирнэ, тэнд найтаахад энд ханиад хүрнэ гэдэг шиг АНУ-д болж байгаа үйл явдал дэлхийн бусад оронд нөлөөлдөг. Өмнө нь бид Кремльд найтаахад Монголд сүрьеэ тусдаг гэж ярьдаг байсантай адилхан. Өнөөдөр АНУ-ын Ерөнхийлөгч, парламент, эсвэл Конгресс, Сенатад гарч байгаа аливаа өөрчлөлт дэлхий дахиныг ямар нэгэн байдлаар цочроож, доргиож, нөлөөлдөг болсон. Тийм учраас энэ удаагийн сонгууль яах аргагүй дэлхий нийтийн анхаарал татсан, сонирхолтой сонгууль юм.Одоогийн байдлаар манай судлаач маш болгоомжтой байр суурьтай байгаа учраас би тодорхой таамаг хэлэхгүй байна. Харин миний хувьд 52:48 гэсэн харьцаагаар Ардчилсан нам Сенатад олонх болох байх гэсэн таамаглалтай байгаа. Мөн Төлөөлөгчдийн танхимын 237 суудлыг Ардчилсан нам, 198 суудлыг Бүгд найрамдах нам авах төлөвтэй гэсэн тооцоогоор Конгресст ч Ардчилсан нам давамгайлж магадгүй гэсэн таамаг байна. Арваннэгдүгээр сарын 4-нөөс эхлэн сонгуулийн дүн гарч эхлэх байх. Санал хураалтыг хурдан тоолох болов уу гэж бодож байна.
“Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати:
-Гэхдээ би яагаад ийм болгоомжтой хандаж байгаагаа тайлбарлая. Америкийн хувьд одоо батлагдсан, найдвартай гэж хэлж болох сонгуулийн прогнозын аргачлал байхгүй болчихоод байгаа юм. Учир нь өнөөгийн Америкийн нийгмийн бүтэц, сонгогчдын төлөв байдал болон бусад хүчин зүйлийг өмнөх аргачлалаар бүрэн тооцож чадахгүй байна. Магадгүй энэ байдал 5-6 жилийн дараа өөрчлөгдөх юм уу, яахыг мэдэхгүй. Ямар ч байсан одоогоор сонгуулийн үр дүнг баталгаатай урьдчилан таамаглах аргачлал байхгүй байна.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 3. МЯГМАР ГАРАГ. № 209 (7951)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn