Чекист Дордог

2022-07-06
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Дордогийн охин Чимгээ гуай энэ жил 75 хүрч байна. Гэхдээ түүнийг өндөр настай гэж хэлэхээргүй. Бие хаа хөнгөн шингэн, яриа хөөрөө цэгцтэй, залуу цагтаа гялалзаж явсан нь андашгүй. Тэрбээр бага нь. Охидууд аавуудын хувьд “хамгийн ойрын хүн” нь байдаг. Чимгээ гуай ч аавын “хайр” байсан нь  ярианаас нь андашгүй. Тэрбээр “Би аавыг хаана л явна дагана. Аавын гар их том, бас их халуун. Гараас нь зүүгдээд явна. Улсын баяр наадам Яармагийн дэнжид болдог байсан. Тэнд би аавыгаа дагаж очно. Хүмүүс намайг хараад “Чи хэний хүүхэд вэ” гэж асууна. “Би Дордог гуайн хүүхэд” гэдэг байв. Тэгэхээр хүмүүс инээнэ. Би “Хүмүүс яагаад инээгээд байгаа юм бэ” гэхэд аав минь “Дордог гуайн хүүхэд гэхээр чинь инээгээд байхгүй юу” гэнэ. Хүмүүс аавыг их хүндэлдэг. Хүн бүр л “Дордог гуай, Дордог гуай” гэнэ. Тэгээд л “Дордог гуай” гээд сурчихгүй юу.


Аав минь хүүхэд, эмэгтэй хүн хоёрт их халамжтай хүн байсан. Ажлаас ирэхдээ гэрт хэрэгтэй бүх зүйлийг дэлгүүрээс авчирна. Идэж уухаас эхлээд ээжийн дотуур хувцсыг хүртэл яг тааруулаад авчирдаг их нямбай няхуур хүн байсан гэв. 


Энэ жил Улсыг аюулаас хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байгаа юм. Чимгээ гуайн эцэг Дордог энэ байгууллагын Гадаад тагнуулын байгууллагын газрын анхны дарга, тагнуулын байгууллагын анхны хурандаа цолтон. 
 Б.Дордог Булган аймгийн Уньтын хүн. Аав Бизъяа нь хүнд өвчнөөр эрт өнгөрчээ. Ингээд Дордог айлын хонь хариулж, тариа будаа тарьж, гэр орондоо тус болно. Харин 1927 онд ээж нь ганц морин тэргэнд жаахан эд хогшлоо ачин, хэдэн хүүхдээ дагуулаад нийслэл хүрээг зорьжээ. Хотод ирээд Дордог хамгийн түрүүнд монгол бичиг үсгийн бүлгэмд оров. Ардын хувьсгалын дараах жилүүдэд Монгол орон хөгжлийн шинэ замд орж, хот, хөдөөгүй соёлын довтолгоо өрнөж, нийтээр бичиг үсэг сурах хүсэл тэмүүлэл өрнөж байсан цаг аж. Энэ нь ч тэр үеийн залуусын хүсэл тэмүүлэл байсан бололтой. Б.Дордог угаас авхаалжтай, бас шинэ сэргэг зүйлд сэтгэл татагдаж, дээр нь өөрөө ч уйгагүй хичээсний дүнд хуучин бичгийг сайн сурчээ. Бичиг үсгийн бүлгэмээ сайн төгсөж, Намын төв хорооны “Үнэн” сонинд тал бичээчээр ажиллажээ.  


 Бидний яриа Дордог  гэдэг чекистийн тухай гэхээсээ сайн аав, сайхан эцгийн тухай яриа болж хувирна. Аав маань аюулаас хамгаалахын хүн байсан болохоор албаныхаа тухай нэг үг ч хэлдэггүй байсан юм гэсэн нь ингээд аавын ажлын тухай яриа дууслаа гэдэгтэй адил сонсогдов. Энэ нь ч аргагүй юм билээ. Улсыг аюулаас хамгаалах газарт ажиллаж, тэр тусмаа гадаад тагнуулын байгууллага удирдаж асан хүн хэн хүнд байдгаа яриад явахгүй нь ойлгомжтой. Харин Тагнуулын ерөнхий газрын Тусгай архивын орлогч дарга, түүхийн ухааны доктор Б.Эрдэнэбилэгийн судалгааны өгүүллээс би нэлээд “будаа идлээ”. Тэрбээр “Монголын тагнуулын байгууллагын алба хаагчдад цэргийн цол олгож ирсэн түүхэн замнал”-ын талаар онол практикийн бага хуралд илтгэл тавьж хэлэлцүүлсэн юм билээ. Энэ илтгэлд дурдсан баримт Монголын анхны чекистүүдийн нэг, энэ байгууллагын анхны хурандаагийн тухай олон зүйлийг хэлж өгөв. 


Б.Дордог 1930 онд 23 настай залуу цэргийн албанд татагдлаа. Тэр үед бичиг үсэггүй залуус олон. Ихэнх нь цэрэгт очоод бичиг үсэгт тайлагддаг байв. Харин тэрбээр хуучин монголоор сайн бичдэг нь олон давуу байдлыг олгожээ. Цэрэгт очоод бага дарга болов. Цэргийн албыг хоёр жил хаалаа. Цэргээс халагдаж ирээд Засан хүмүүжүүлэх газар сургалтын эрхлэгчээр ажиллаж байтал Дотоодыг хамгаалах газрын ерөнхий коминдантын туслахаар томилжээ. Тэнд хоёр жил ажиллуулаад түүнийг Москва хотын Дотоод явдлын яамны чекистийн курст явуулсан байна. Ийнхүү Б.Дордог Монголын анхны чекистүүдийн нэг болжээ. 1936 онд курсээ төгсөж ирээд Дорнод аймгийн Баянтүмэн хотод Дотоод явдлын яамны Дорнод хэлтсийн корпусын төлөөлөгчөөр томилогдов. 1938 онд Матадын гуравдугаар дивизийн тусгай төлөөлөгчөөр мөн наймдугаар дивизийн их бууны ангийг хариуцан ажиллав. 


1939 оны наймдугаар сар. Японы түрэмгийлэгчдийн эсрэг хийсэн Халхын голын дайн дөнгөж дуусаад байжээ. Гэхдээ улс орны хил хязгаар тайван бус байсан цаг. Ийм л эгзэгтэй үед Б.Дордог Дорнодын Тамсаг булгийн VI тусгай ангийн даргаар ажиллаж байжээ. 1940 оны тавдугаар сарын урин хаврын дулаахан нар ээсэн нэг өдөр Дотоод явдлын яамнаас цахилгаан ирэв. Б.Дордогийг Улаанбаатарт яаралтай дуудуулжээ. Түүнийг хотод ирэхэд Дотоод явдлын яамны Цэргийн тусгай хэлтсийн даргаар ажиллуулах тушаал гарсан байв. Нэг жил хэртээ ажиллаж байтал шинэ оны эхээр сайдын тушаал гарч, түүнийг гадаад тагнуулын асуудал эрхэлсэн тавдугаар хэлтсийн даргаар томилжээ. Удалгүй хэлтсийг нь газар болгон өргөтгөв. 1942 оны эхээр түүнийг Дотоод явдлын яамны орлогч сайд бөгөөд Гадаад тагнуулын газрын даргаар баталжээ. Ийнхүү Б.Дордог 35 насандаа улс орны аюулгүй байдлыг сахин хамгаалах чухал хариуцлагатай ажилд томилогдов.
1944 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр. Дотоод явдлын сайдын өрөөнд дууджээ. Сайдын тушаал танилцуулна хэмээн зарлав. “Алдар цол олгох тухай” сайдын 116 тоот тушаалаар ДЯЯ-ны орлогч сайд бөгөөд Улсыг аюулаас сахин хамгаалах газрын дарга Б.Дүйнхэржав, орлогч сайд, Гадаад тагнуулын газрын дарга Б.Дордог, УАСХГ-ын нэгдүгээр хэлтсийн дарга Ж.Намжил нарт хурандаа цол олгожээ. Тагнуулын байгууллагын түүхэнд анхны хурандаа цолтон ийн төржээ. БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 1944 оны дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 22 дугаар хурлын тогтоолоор цэргийн цолыг шинэчлэн баталсан аж. Энэ үеэс цэргийн алба хаагчид одоогийн хэрэглэж буй цолыг хэрэглэж эхэлжээ. Дээрх тогтоол гарснаас 11 хоногийн дараа тагнуулын байгууллагын түүхэнд Улсыг аюулаас хамгаалах байгууллагын хурандаа цолоор гурван хүнийг шагнасан нь энэ. Энэ тухай доктор Б.Эрдэнэбилэгийн илтгэлд дэлгэрэнгүй дурдсан байдаг. Тэр үеийн монгол дарга нар орос зөвлөхтэй  байв. Дордог хурандаагийн орос зөвлөх тэднийхтэй олон жил хөрш амьдарчээ.


Б.Дордог хурандааг гадаад тагнуулын газрын даргаар ажиллаж ахуй тэр үед Монголын гадаад нөхцөл байдал амаргүй байжээ. Дэлхийн II дайны жилүүд таарсан. Монгол Улс тусгаар тогтнолоо олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, бататгах, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа хамгаалах түүхэн цаг үе давхацсан байдаг. Энэ үед Дордог хурандаа хэд хэдэн чухал үйл явдалд оролцсон тухай доктор Б.Эрдэнэбилэгийн илтгэлд дурдсан байв. Дэлхийн II дайн европод дууссан ч Азид  Япон бууж өгөөгүй байлаа. Энэ үед ЗХУ, БНМАУ-ын Засгийн газраас Японы эсрэг чөлөөлөх дайн зарлах бэлтгэл ажлыг нууц байдлаар хийж байжээ. 1945 оны зургадугаар сарын 26-ны өдөр Дотоод явдлын сайдын тушаалаар хязгаарын VI отрядын харьяа байлдааны үүрэг гүйцэтгэх хөдөлгөөнт отряд буюу тусгай суманг байгуулжээ. Уг суманг хурандаа Б.Дордог удирдаж байлаа. Энэ нь сөрөг тагнуулын үйл ажиллагааг сайжруулах гол нөхцөл болжээ. УАХБ-аас чөлөөлөх дайны өмнө Хятад, Өвөрмонгол, Манжуурт бөөгнөрүүлсэн Японы цэргийн хүч, байрлал, цэргийн бэхлэлт, зам харилцааны байдлын тухай нэгдсэн мэдээ гаргаж, Монгол ардын хувьсгалт цэргийн командлалд хүргэж байжээ. Хөдөлгөөнт отрядууд хилийн зурваст голлож ажилласан бол гүйцэтгэх хэсгүүд нь Өвөрмонголын нутгийн гүнд нэвтэрч, Япон-Хятадын тагнуулчид, эх орноосоо урвагчдыг илрүүлэн баривчлах үүрэгтэй байжээ. Дээрх хэсгүүдийн нэгдүгээр группыг Б.Дордог биечлэн удирдаж байв. Түүний удирдсан групп Улаанцав чуулганы төв байсан Батхаалганы хийдийн чиглэлд ажиллажээ. Тэнд Японы тагнуулын хэлтэс, гяндан байсны дээр Дотоод Монголын нэг хороо цэрэг байрлаж байв. 


 Түүнчлэн Улаанцав, Жанчхүүгийн хоорондох зам дагуу зэвсэглэсэн дээрэмчид нутгийн  иргэд, сүм хийдийн эд хогшил, малыг булаан дээрэмдэж байгааг таслан зогсоож, уг бүлгийн 35 хүнийг баривчилжээ. Тус группт хэлмэрч замчийн үүрэг гүйцэтгэж явсан Р.Буяндэлгэр хожим бичихдээ “Дордог сайдын удирдлагаар Өвөрмонголын Батхаалга  буюу Шар мөрний хийд, Дөрвөд, Дархан бэйлийн хошууг чөлөөлөхөд оролцсон. Батхаалгыг чөлөөлөхөд гурван цаг гаруй байлдаж, 500 гаруй дээрэмчнийг хөөн гаргаж, 30 гаруй хүнийг олзолсон” хэмээн өгүүлсэн байв. Чөлөөлөх дайны ялалтын дараа Монголын бүх ард түмний санал хураалт болсныг бид мэднэ. Санал хураах төв комиссын орлогч дарга Ч.Сүрэнжав тэргүүтэй төлөөлөгчид 1946 оны хоёрдугаар сарын 8-нд Чунчинд очиж, санал хураалтын дүнг танилцуулсан байдаг. Ийнхүү 1946 оны арваннэгдүгээр сарын 5-нд Хятадын гоминдааны Засгийн газар Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрчээ. Харин тэр төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Гадаад тагнуулын газрын дарга, хурандаа Б.Дордог оролцож явжээ. 
Сэтгүүлч Д.Сандагсүрэн

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин. 2022 оны Долдугаар сарын 6. ЛХАГВА гараг. № 132 (6864)

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

10 цаг 29 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

11 цаг 42 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

20 цаг 12 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

20 цаг 12 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

20 цаг 12 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин
Б.Тулга: ХЭҮК-ын гишүүнийг сонгох ажил шинэчилсэн журмаар болон холбогдох хуулиудаар зохицуулагдана

ХЭҮК-ын таван гишүүний хугацаа дуусаж байгаатай холбоотойгоор шинэ гишүүдийг томилох ажлын хэсгийг Хууль зүйн байнгын хорооноос байгуулсан.  Тус ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Тулга мэдээлэл хийлээ. 

Уржигдар 06 цаг 00 мин
Бразил, Серби, Израил, АНУ-ын завсрын сонгууль ба тэдгээрээс авах сургамж

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр, “Сант Марал” сангийн гүйцэтгэх захирал Л.Сумати нар “ТВ9” телевизи

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол Улсын ураны төслүүдийн гацаа ба сэргэлтийн он дараалал

Монгол Улсад уран хайж эхэлсэн үеэс нь эхлүүлж, ураны орд нээсэн түүх, ашиглалт, гадаадын хөрөнгө оруулалт, 2009 оны хуулийн өөрчлөлт, төрийн шийдвэрүүд, алдагдсан боломжийн асуудлыг он дарааллаар нэгтгэн харуульяа.

Уржигдар 06 цаг 00 мин
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

Тэгш, сондгой дугаарын хязгаарлалтын үеэр яваагүй өдрийн авто зам ашигласны төлбөрийг хөнгөлөх санал дэмжигдлээ

2026-11-02