Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулгүй байдлыг бэхжүүлэх чиглэлд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл тодорхой санал санаачилга дэвшүүллээ.
БНХАУ-ын Фүжянь мужийн Фүжөү хотноо 2026 оны арваннэгдүгээр сарын 3-нд “Бүс ба Зам” мэдээллийн сүлжээ (Belt and Road News Network – BRNN)-ний IV Зөвлөлийн хурал боллоо.
Энэ удаагийнхуралд 27 орны хэвлэл мэдээллийн 42 байгууллагын төлөөлөл оролцож, олон улсын мэдээллийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын зорилт, хэвлэл мэдээллийн салбарын хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэв.
Хуралд Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Лувсандашийн Нинжжамц оролцож, зөвлөлийн хуралдаанд үг хэллээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ “Бүс ба Зам” мэдээллийн сүлжээ нь зөвхөн хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааны талбар байгаад зогсохгүй, улс орнуудын ард түмнийг мэдээллээр холбох, харилцан ойлголцол, итгэлцлийг бэхжүүлэх чухал олон улсын платформ болох ёстойг онцолсон юм.
Мөн BRNN-ийн үйл ажиллагааг тунхаглал, хамтарсан мэдэгдэл гаргах түвшнээс ахиулж, бодит төсөл, хөтөлбөр, хэмжигдэхүйц үр дүнд чиглүүлэх шаардлагатайг тэмдэглээд, дараах саналуудыг дэвшүүлэв.
Нэгдүгээрт, бүс нутгийн сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх. Ялангуяа хил орчмын болон алслагдсан бүс нутгийн сэтгүүлчдийг харилцан туршлага солилцуулах, мэргэжлийн сургалт, танилцах аялал, хамтарсан сурвалжилга хийх боломжийг нэмэгдүүлэх.
Хоёрдугаарт, сэтгүүлчдийн аюулгүй байдлыг бэхжүүлэх. Байгалийн гамшиг, онцгой нөхцөл байдал, осол аваарын үед ажиллах сэтгүүлчдийн эрсдэлийн үнэлгээ, аюулгүй ажиллагаа, хямралын үеийн харилцаа холбоо, сэтгэл зүйн бэлтгэлийг хангах чиглэлээр олон улсын хамтарсан сургалт зохион байгуулах.
Гуравдугаарт, байгаль орчны асуудлаарх сэтгүүл зүйн хамтын ажиллагааг идэвхжүүлэх. Цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт, байгаль орчны доройтлын асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит баримтад тулгуурлан мэдээлэх, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, шийдэлд чиглэсэн сэтгүүл зүйг хөгжүүлэх.
Дөрөвдүгээрт, технологийн шинэчлэлд сэтгүүлчдийг бэлтгэх. Хиймэл оюун ухаан болон шинэ технологийг хариуцлагатай ашиглах, баримт шалгах тогтолцоог сайжруулах, залуу сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, олон улсын хамтарсан сурвалжилгыг өргөжүүлэх нь чухал болохыг онцоллоо.
Түүнчлэн эдгээр санал, санаачилгыг BRNN-ийн 2027 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгаж, хэрэгжүүлэх эзэн, хугацаа, хэмжигдэхүйц үр дүнтэйгээр ажил хэрэг болгохыг уриалсан юм.
Хурлаар “Бүс ба Зам” мэдээллийн сүлжээний IV Зөвлөлийн хамтарсан мэдэгдлийг хэлэлцэн баталлаа.
Хамтарсан мэдэгдэлд олон улсын мэдээллийн хамтын ажиллагааг нээлттэй, хүртээмжтэй, харилцан холбогдсон, хамтын инновацид тулгуурласан байдлаар хөгжүүлэх; хүртээмжтэй хөгжил, энх тайван, соёл иргэншил хоорондын харилцан ойлголцлыг дэмжих; мэдээллийн үнэн зөв, бодитой, хараат бус байдлыг эрхэмлэх; хиймэл оюун ухаан, ухаалаг технологийг хариуцлагатай ашиглах; гишүүн байгууллагуудын хамтын ажиллагааг бодит ажил, сургалт, мэдээлэл солилцоо, хамтарсан сурвалжилгаар өргөжүүлэх зэрэг зургаан үндсэн чиглэлийг тодорхойлжээ.
Энэхүү хурал, хамтарсан мэдэгдэл нь олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, сэтгүүлчдийн мэргэжлийн ур чадвар, хариуцлага, аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орнуудын ард түмний харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам боллоо.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл цаашид BRNN-ийн хүрээнд олон улсын сэтгүүлчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын сэтгүүлчдийн оролцоо, дуу хоолойг нэмэгдүүлэх, харилцан туршлага солилцох, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллах юм.