Д.Нандинбаяр: Эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлэх шийдэл нь салхины цахилгаан станц

2022-04-29
Нийтэлсэн: Админ
 7 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Монгол Улс дахь сэргээгдэх эрчим хүчний хэрэглээ болоод хөгжлийн талаар “Еврохан” компанийн Үйл ажиллагаа хариуцсан захирал Д.Нандинбаяртай ярилцлаа. “Еврохан” нь уул уурхай, сэргээгдэх эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг  компани юм.

 

-Манай улсын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн есөн хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байна. Эдгээрийн эх үүсвэр юу байна вэ?

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсад сэргээгдэх эрчим хүчний том чадлын төслүүд буюу нэгдсэн сүлжээнд нийлүүлдэг гурван салхин  станц, зургаан нарны  станц байна. Гурван салхин цахилгаан станц 155 мегаватт чадалтай, 560 орчим сая киловатт цаг эрчим хүчийг үйлдвэрлэсэн. Харин нарны зургаан станц 90 орчим мегаватт чадалтай бөгөөд  156 орчим сая киловатт цаг эрчим хүчийг үйлдвэрлэж нийлүүлсэн байна. Ингэснээр дотоодын нийт эрчим хүчний үйлдвэрлэлийн  арав орчим хувийг эзэлж байна. Манай улсын нийт эрчим хүчний хэрэглээ өнгөрсөн онд 2020 оноос зургаан хувиар өсөөд оргил ачаалал нь 138 мегаваттад хүрсэн. Манай улс сэргээгдэх эрчим хүчний бодлогодоо 2023 он гэхэд 20 хувийг, 2030 онд 30 хувийг сэргээгдэх эрчим хүчнээс хангана гэж тусгасан. Үүний дагуу энэ салбар хөгжиж байна.

-Одоогийн есөн хувийг нэг жилийн дотор 20 хувьд хүргэх боломж бий юу?

-Сэргээгдэх эрчим хүчний хуулийг 2007 онд батлаад хамгийн сүүлд 2019 онд шинэчлэн найруулсан. Хуулинд сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийг дэмжих бодлогыг тусгасан. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар есөн сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжээд байна. Манай улсын эрчим хүчний системийн онцлог байдлаас шалтгаалаад сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх техникийн нөхцөл бүрдэхгүй байна. Гэвч тодорхой хэмжээнд хөгжүүлэх шийдлүүдийг танилцуулаад явдаг. Жишээ нь эрчим хүчийг хуримтлуулах систем, усан станцуудыг түлхүү хөгжүүлж чадсанаар сэргээгдэх эрчим хүч хурдацтайгаар хөгжиж дээрх төлөвлөгөөндөө хүрэх боломж бий.

-Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд  тулгарч байгаа асуудал нь юу вэ?

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх эрх зүйн орчин сайн бүрдсэн. Баталсан хууль нь үр дүнгээ өгсөн. Хамгийн их тулгамддаг асуудал нь хэрэглээ юм. Тодруулбал, эрчим хүчийг хадгалах боломж байхгүй. Тиймээс хэрэглээ өсөхийн хэрээр эрчим хүчний нийлүүлэлтээ нэмэгдүүлж байх ёстой. Гэхдээ  сэргээгдэх эрчим хүчний онцлогоос шалтгаалан тогтвортой үйлдвэрлэж, нийлүүлж чаддаггүй. Нар, салхигүй болбол яах вэ гэсэн асуудал үүсдэг. Техникийн асуудлыг бүрэн шийдээгүй нь нэг бэрхшээл болж байна. Эрчим хүчний тарифыг бодит өртгөөс бага тогтоосон нь эрчим хүчний салбарыг алдагдалд оруулсан. Үүнээс гадна салбарыг хөгжүүлэх хөрөнгө оруулалт хийх орчин бүрдээгүй. Тиймээс салбарын системийг өөрчилж байж бусад эх үүсвэрүүд хөгжих боломжтой. Нэгдүгээрт, техник, хоёрдугаарт санхүүгийн асуудлыг шийдвэрлэх боломжтой. Гарц, гаргалгаа бий.

-“Шинэ сэргэлтийн бодлого” хэрэгжих зургаан салбарын нэг нь эрчим хүч. Энэ бодлогод сэргээгдэх эрчим хүчийг төрөөс дэмжинэ гэж тусгасан. Ингэснээр эрчимтэй хөгжиж чадах болов уу?

-Эрчим хүчний сэргэлтийн бодлогод 22 төслийг хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний ихэнх нь нүүрсний эрчим хүчний төсөл байна. Манай улс нүүрсний нөөц ихтэй учир түүнээсээ эрчим хүчээ хангах нь тогтвортой гэж үзэж байгаа. Гэвч олон улс нүүрснээс татгалзах бодлогыг баримталж, эхнээсээ зарим орон хэрэглээгээ зогсоосон. Хүлэмжийн хийг эрчимтэй бууруулах Парисын гэрээнд манай улс ч нэгдсэн. Тиймээс “Шинэ сэргэлтийн бодлого”-д сэргээгдэх эрчим хүчийг дэмжих талаар тусгаж, Засгийн газраас дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд хамгийн эхэнд эрчим хүчний нөөцлүүрийг төрийн байгууллага шийдэх хэрэгтэй. Энэ нь эрчим хүч тасалдах ирээдүйн эрсдэлээс сэргийлнэ. Мөн олон эх үүсвэрийг хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг салбарынхан бүгд мэднэ. Жижиг чадлын усан цахилгаан станцуудыг төвийн эрчим хүчний системтэй ажиллуулж болно. Бага чадлын сэргээгдэх станцуудыг  тархсан байдлаар байрлуулах богино хугацааны шийдлийг нэрлэж болно. Цогц асуудал учраас үүнийг л хийчихвэл  бүх юм шийдэгдэнэ гэж шууд хэлэхэд  хэцүү.

-Сэргээгдэх эрчим хүчний нийлүүлэлт ихэсвэл цахилгааны төлбөр нэмэгдэнэ гэсэн мэдээлэл түглээ. Энэ ямар учиртай юм бол?

-Монголчууд бид дэлхийд байхгүй хямд үнээр эрчим хүчийг хэрэглэдэг. Үүнээс үүдэн эрчим хүчний салбар хүнд байдалд орсон. Цахилгааны тарифыг нэмэгдүүлэх гэж үе үеийн сайдууд ажилласан ч Засгийн газар дэмждэггүй. Ирэх долдугаар сард үнийг 28 хувиар нэмэгдүүлж байж бид суурь алдагдлаа тэглэж, тэнцвэрээ барихаар байна гэсэн тооцооллыг салбарынхан гаргасан талаар “Эдийн засгийн” форум дээр ярьсан. Цахилгааны хэрэглээний тариф өсөхөд сэргээгдэх эрчим хүч нөлөөлж байна гэсэн ташаа ойлголтууд олон нийтийн дунд тарлаа. Энэ нь ташаа мэдээлэл. Эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд төслийн санхүүжилтээс эхлээд суурь ойлголтын талаар нийтэд мэдээлэх нь чухал. Шинээр нүүрс, усан цахилгаан станц барьсан ч хэрэглэгчийн тариф өснө. Гурван салхин цахилгаан станц 155 мегаватт чадлаар эрчим хүчний системд оролцсоноор сүүлийн жилүүдийн оргил ачааллын цагийн эрчим хүчний долоон хувийг хангасан байна. Хэрэв энэ гурван станц байгаагүй бол энэ өвөл биш өнгөрсөн жилийн өвөл эрчим хүчээ хязгаарлуулах байсан болов уу. Сэргээгдэх эрчим хүчний үр нөлөөг үүгээр дүгнэж болно. Эрчим хүчний үнийг төрөөс даахаар зарласан өдөр цахилгааны хэрэглээ огцом нэмэгдэхэд системд ямар нэгэн асуудал үүсээгүй.

-Сэргээгдэх эрчим хүчний төлбөрийг доллараар тушаадаг нь дээрх яриа гарахад нөлөөлсөн болов уу?

-Сэргээгдэх эрчим хүчнийг төлбөрийг ам.доллараар хийхээр хуулинд заасан. Өнгөц хараад үүнийг ханшийн эрсдэлд орох өндөр эрсдэлтэй гэж үздэг. Гэвч манай улс үйлдвэрлэгч орон биш учир хэрэгцээт техник төхөөрөмжөө гадаадаас валютаар худалдаж авдаг.  Мөн санхүүжилтийн болон худалдан авах гэрээг заавал тодорхой валютаар хийнэ. Гадаад валютын ханш байнга өсдөг нь манай улсын тулгамдсан асуудал болдог. Мөн эрчим хүч бол хадгалж болдоггүй бүтээгдэхүүн. Үйлдвэрлээд шууд нийлүүлэх ёстой. Нөөцөллөө гэхэд тодорхой хэмжээний алдагдал учирдаг. Тухайлбал, 100 мегаватт цагийн эрчим хүч нөөцлөөд буцаагаад гаргахад 15-20 хувийн алдагдал хүлээдэг. Энэ нь эдийн засгийн хохирлыг бий болгодог.

-Хэрэглээг хязгаарлахгүй бол эрчим хүчний хэрэгцээгээ бүрэн хангаж чадахгүйд хүрсэн гэж Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлсэн. Үүнээс өөр гарц байхгүй юу?

-Эрчим хүч гэдэг тийм хямдхан зүйл биш гэдгийг ойлгуулах, сануулга өгөх зорилгоор эрсдэлээс сэргийлсэн мэдэгдэл хийсэн гэж харж байна. Нэг хүний гар утасны үнийг нэг өрхийн эрчим хүчний хэрэглээний тарифтай харьцуулахаар эрс ялгаатай дүн гарна. Гэтэл эрчим хүч үгүй бол гар утсаа ашиглах байтугай ажлаа ч хийж чадахгүйд хүрнэ. Манай улсын эрчим хүчний салбар ирэх оноос маш хэцүү байдалд орох нь бодит үнэн. Үүнд богино хугацааны шийдэл хэрэгтэй. Нүүрсний том чадлын цахилгаан станц барих нь зөв. Гэхдээ 2022, 2023 оны өвлийг эрчим хүчний хязгаарлалтгүй давахын тулд нүүрсний цахилгаан станцаа одоо барьчихсан байх ёстой. Учир нь төслийн хөгжүүлэлт  1-2 жил үргэлжилнэ. Том станцыг барихад хэдэн жил зарцуулах уу гээд бодож үзье. Энэ өвөл эрчим хүчний хязгаарлалтад орох гэж байхад дээрх төслийг 5-10 жил хийх үү. Харин салхин цахилгаан станцын салхины нөөцийн судалгааг хоёр жил хийдэг ч  богино хугацаанд хурдан барьдаг. Тухайлбал, Сайншандын салхин станцыг 18 сарын хугацаанд барьсан туршлага бий. Судалгаа хийчихсэн бэлэн хоёр төсөл байна. Энэ төслүүдээ дэмжээд энэ жил санхүүжилтийг яаралтай олгоход 50 мегаватт хүчин чадалтай салхин станц дараа жилийн өвөл ашиглалтад орох боломжтой. Өвлийн эрчим хүчний хязгаарлалтаас сэргийлэх богино хугацааны шийдэл нь салхины цахилгаан станц юм. Мөн ямар ч нүүрсхүчлийн хий гаргахгүйгээр эрчим хүч үйлдвэрлэдэг нь хамгийн том давуу тал юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 29. БААСАН ГАРАГ. № 86 (6818)

 

Зочин
Юу ч мэдэхгүй юмнууд дур дураараа худлаа ярьдаг болжээ. Салхин станцууд чинь биткойны машин шиг эргэлдэх бүртээ мөнгө авч байгаа биз дээ??? Өвөл салхины хурд буурдаг шүү дээ сүлжээнээс нь хүчдэл байхгүй бол хэрхэн тэр салхин станцууд чинь цахилгаан үйлдвэрлэх билээ? Ард түмэн олон жил тэсээд төлөөд л яваад байх шиг байна шүү наад маш өндөр үнэтэй сэргээгдэх эрчим хүчээр гаргасан цахилгааныг чинь!!!
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

12 цаг 41 мин
Бүлэглэл буцаад сэргэлээ, сайн уу муу юу?

Монгол Улс 1992 оноос хойшх 30-аад жилд зөв замнасан уу, буруу явсан уу. Энэ асуулт тавигдаж, хэн нэгэн хариулах шаардлага үүсэв бололтой.

12 цаг 41 мин
Их гүрний удирдагч нарын энхийн төлөө гэсэн уриа хэзээ биеллээ олох вэ?

Дэлхий даяараа өнгөрсөн бямба гаригт АНУ, ОХУ-ын Ерөнхийлөгч нарын дээд хэмжээний уулзалт руу анх

12 цаг 41 мин
АНУ-ын тэргүүн хатагтай ОХУ-ын Ерөнхийлөгчөөс юу хүссэн бэ?

АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинд илгээсэн захидалдаа хүүхдүүдийг хамгаалахыг хүссэн гэж Fox News Digital өчигдөр мэдээлсэн байна.

Өчигдөр 17 цаг 12 мин
“Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ

Голомт банкнаас бизнес эрхлэгчдийн бизнесийн орчин, нөхцөлийг сайжруулахад чиглэсэн олон арга

Өчигдөр 13 цаг 50 мин
Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Путин Укрианы асуудлаар байр сууриа өөрчлөхгүй гэдгээ мэдэгджээ

Өчигдөр 11 цаг 49 мин
Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Ц.Санжаачойпэлийг үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргажээ

Өчигдөр 11 цаг 36 мин
Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

Аляскийн дээд хэмжээний уулзалтад АНУ, ОХУ өндөр түвшний төлөөлөгчид оролцоно

2025-08-15
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан төсвөө тусад нь батлах хэрэгтэй гэв

2026 оны улсын төсвийг иргэдээрээ хэлэлцүүлэх ажлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Саранчу

2025-08-15
Ерөнхийлөгчийн Тамгын газрын “гал тогоо”-г хэн хэн барьдаг вэ?

Төрийн тэргүүний тамгын газрын үйл ажиллагааг урагшлуулна гэдэг амаргүй ажил байж таарна.

2025-08-15
“Хиймэл дагуул хөгжлийн дараагийн алхам болно”

Техник, технологи хурдацтай хөгжиж  буй  энэ үед   цаг хугацааны эргэлтээр  маш хурдан хугацаанд бүх зүйлс

12 цаг 41 мин