Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна. Аймгийн Засаг даргаар ажиллаж байсан О.Пүрэвдорж албан үүргээ хүлээлгэн өгч, түүний орлогч М.Батзориг түр орлон ажиллаж байна. Дараагийн Засаг даргаар хэнийг томилох вэ гэдэг асуудал улс төрийн хүрээнд яригдаж, Эрчим хүчний дэд сайд асан С.Далхаасүрэнгийн нэр дуулдаж эхэллээ. Түүний томилгоо баталгаажаагүй ч С.Далхаасүрэнгийн хувьд Өвөрхангайтайгаа холбоотой, төрийн захиргааны байгууллагуудад ажилласан туршлагатай, МАН-ын улс төрийн бүтцэд тодорхой байр суурь эзэлж ирсэн хүн гэдгээрээ анхаарал татаж байна. Тэрээр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат. “Их Монгол” дээд сургуулийг сэтгүүлч мэргэжлээр төгсөж, Удирдлагын академид төрийн захиргааны магистр, МУИС-д эрх зүйч, хуульч мэргэжил эзэмшжээ. Ажлын гараагаа улс төрийн байгууллагаас эхлүүлж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын хэлтсийн дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх, Засгийн газрын Худалдан авах ажиллагааны газрын Төлөвлөлт судалгааны хэлтсийн дарга, Улаанбаатар хотын Гаалийн газрын орлогч даргаар ажилласан байна. Улмаар 2020 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж, 2024 оны УИХ-ын сонгуулиар намын жагсаалтын 27 дугаарт бичигдсэн. Харин 2025 оны арванхоёрдугаар сард Эрчим хүчний дэд сайдаар томилогдон ажилласан байдаг. Мөн Өвөрхангай аймгийн Нутгийн зөвлөлийн даргын сонгуульт ажлыг хашдаг нь түүний нэрийг орон нутгийн удирдлагын томилгоотой холбон ярихад нөлөөлж буй. Гэхдээ аймгийн Засаг даргын томилгоо нь зөвхөн намын дотоод шийдвэрээр эцэслэгдэх асуудал биш. Хуульд заасны дагуу аймгийн ИТХ-аас нэр дэвшүүлж, Ерөнхий сайд томилох зохицуулалттай. Иймээс С.Далхаасүрэнгийн томилгоонд ИТХ-ын төлөөлөгчдийн дэмжлэгийг авах нь чухал юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2026 ОНЫ АРАВНЭГДҮГЭЭР САРЫН 5. ПҮРЭВ ГАРАГ. № 211 (7953)
Хуурамч мэдээлэл хаа сайгүй тархах болсон энэ үед баримттай, эх сурвалжтай, үнэн бодитой мэдээллийг “Зууны мэдээ” сониноос аваарай.
Үнэн мэдээллийг хамтдаа хамгаалцгаая.
Бие даасан сэтгүүл зүйг дэмжин "Зууны мэдээ" захиалаарай. www.zuuniimedee.mn