Малчид гарааны бизнес эхлүүлэн, эрсдэлд бэлтгэж байна

2022-04-19
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Гарааны бизнес буюу “Start-up” гэсэн нэр томьёо Монголын нийгэмд өөрийн гэх том байр суурийг эзлэх болоод удлаа. Энэ хугацаанд бид хот, суурин газрын өндөр боловсролтой залуус гарааны бизнес эхлүүлдэг гэх ойлголтоор өөрсдийн оюун санааг “цоожилжээ”. Гэвч гарааны бизнес эхлүүлэх нь амьдралын чанараа сайжруулах, орлогоо нэмэгдүүлэх, ажлаа хөнгөвчлөх нэг арга болохоос боловсролын түвшин хамааралгүй гэдгийг Завхан аймгийн Улиастай хотод энэ сарын 14, 15-нд болсон “Малчин, мал аж ахуйн мэргэжилтний нэгдсэн зөвлөгөөн” баталлаа.

Энэ зөвлөгөөн мал маллагааны арга барилд сургах, малчдын залгамж халааг бэлтгэх, мал аж ахуйн үйлдвэрлэлийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор аймгийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан  арга хэмжэээг хэрэгжүүлэх зорилготой байв. Завхан аймгийн  24 сумын 350 гаруй малчин оролцсон бөгөөд нэг сумаас гурван малчин төлөөлөн оролцжээ. Баг тус бүрээс ирэх малчид ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл байхын сацуу  улсын аварга, аймгийн аварга малчид байснаараа онцлогтой.

Тапан Мишра: МАЛЧДЫН ЭРСДЭЛИЙГ ДАВАН ТУУЛАХ БОЛОМЖИЙГ НЭМЭГДҮҮЛЭХ НЬ ЧУХАЛ

 

Зөвлөгөөний үеэр НҮБ-ын төрөлжсөн бүх байгууллага хамтарч анх удаа Завхан аймагт хэрэгжүүлсэн малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эрсдэлийг даван туулахад бэлтгэх зорилготой “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн үр дүнгээ танилцууллаа.

 Төслийн хүрээнд Завхан аймгийн Тэс, Идэр, Их-Уул, Отгон, Дөрвөлжин гэсэн таван сумын малчдад гарааны бизнесээ эхлүүлэх төсвийг олгон, ажлын байрыг нэмэгдүүлэхэд анхааран ажиллажээ. Ийн энэ төсөлд хамрагдсан таван сумын малчдын төлөөлөл өөрсдийн хийсэн бүтээгдэхүүнээрээ зөвлөгөөний үеэр үзэсгэлэн гарган, малчид гарааны бизнес эрхэлж, хэрхэн амжиргаагаа дэмжиж болохыг бусдадаа үлгэрлэн харуулав.

Энэ үеэр төслийг санаачлагч НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра Монгол өв соёлын “зүрх” нь болсон малчдынхаа амжиргааг дэмжих, эдийн засгийн сорилтуудыг даван туулах боломж, гарц гаргалгааг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолж байлаа. Тэрбээр “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулах, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх бизнесийг дэмжих, амжиргааг нь баталгаатай болгоход туслах төслийг НҮБ-ын дөрвөн байгууллага хамтарч хэрэгжүүллээ. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сан хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нэмэгдүүлэх чиглэлд ажилласан. Учир нь хүүхдүүд бол бидний хамгийн үнэт зүйл. Тиймээс тэдэнд хөрөнгө оруулах нь ирээдүйдээ хөрөнгө оруулж буй хэрэг юм. Харин Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малчид ямар ч эрсдэлийг хохирол багатайгаар даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлсэн. Малчид уламжлалт аж ахуйгаа орчин үеийн шинэ технологитой уялдуулан, уламжлалт ёс заншлыг харуулсан бүтээгдэхүүнүүдээ гадаадын зах зээлд худалдаалах боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Бидний энэ санаачлагыг талархалтай хүлээн авч, хамтран ажилласан Завхан аймгийн удирдлагуудад баярлалаа. Цаашид энэ төслийг үргэлжлүүлэх, бусад орон нутагт хэрэгжүүлэхэд анхаарах нь бидний зорилго юм” гэж ярьсан юм.

 

Д.Мөнхбат:МАЛЧДЫН ОРЛОГЫГ СОЛОНГОРУУЛАХАД ОРОН НУТАГ АНХААРАХ ШААРДЛАГАТАЙ

 

Төслийн хүрээнд таван сумын 13 бүлгийг зохион байгуулалтад оруулж, хэрэгцээт тоног төхөөрөмжийг нь олгожээ. Энэ талаар Завхан аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Д.Мөнхбат “Малчдын орлогыг нэмэгдүүлж, ингэснээр тэднийг байгалийн гамшиг ба бусад цочролыг даван туулах чадварыг нэмэгдүүлэхэд төслийн зорилго оршино. Малчдыг шинэ санаа олж, түүнийгээ бодит болгоход дэмжлэг үзүүлэхийн сацуу төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангасан. Мөн маркетинг, санхүү, ур чадварын сургалтад малчдыг хамруулсан. Үр дүнг нь та бүхэн үзэсгэлэнгээс нүдээрээ харсан байх. Сур суран эдлэл хийх, гүзээлгэнэ тариалах, мал угаалганы ванн хийх, эсгий хийх гэсэн бүлгүүдэд санхүүжилтийг бэлэн мөнгөөр биш шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр дамжуулан олгосон. Энэ нь төсвийг оновчтой зарцуулах боломжийг бүрдүүлсэн. Цаашид төслийг үргэлжлүүлэхийн тулд орон нутгийн санхүүжилтээр малчдын орлогыг солонгоруулах, ажлын байрыг нэмэгдүүлэх санаачлагыг дэмжин ажиллах хэрэгтэй. Мөн бүлгийн гишүүд мэдлэг, чадвараар нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.

 

БИЗНЕСИЙГ ЗӨВХӨН ӨНДӨР БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС ЭРХЭЛДЭГГҮЙ

Гарааны бизнес буюу “Start-up” эхлүүлж байгаа хүмүүст хамгийн чухал зүйл нь санхүүжилт байдаг. Тиймээс НҮБ-аас санхүүжилтийг бэлэн мөнгөөр биш шаардлагатай тоног төхөөрөмж, техник хэрэгслээр дамжуулан олгосноороо онцлог байв. Тухайлбал, Завхан аймгийн Их-Уул сумын “Бид хамтдаа” бүлгэм “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь” төслийн хүрээнд малын хашааны хөрзөн хусах бизнесээ эхлүүлжээ. Малын хашааны хөрзөн хуримтлагдаж зузааран, янз бүрийн шимэгч хорхой үүрлэж, мал амьтан өвчлөх эх үүсвэр болдог. Тиймээс тус бүлгийнхэн малын хашааны хөрзөнг өөрсдийн техникээр ховхлохоос гадна цас цэвэрлэж зам гаргах, суваг шуудуу ухах зэргээр сум, орон нутгийнхаа малчин иргэдийн хүнд хүчир ажлыг хөнгөвчлөхөд тусалж байна. Тэд зэргэлдээх сумдаас захиалга авч ажиллахын сацууу нийгмийн хариуцлагын хүрээнд байгалийн гамшгийн онцгой байдлын үед сум орон нутагтаа машин техникийн дэмжлэг үзүүлж байна.

Үүнээс гадна малын гаралтай өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, малын түүхий эд бүтээгдэхүүний эрүүл аюулгүй байдлыг хангах зорилгоор мал угаалгын үйлчилгээг Завхан аймгийн Идэр сумын малчид нэгдэн бий болгожээ. Тэд “Малчдын нийгмийн хамгааллыг сайжруулж, цочролд бэлэн байдлыг нэмэгдүүлэх нь”  төслөөс  санхүүжилт авч, орон нутагтаа мал угаалгын ваннтай болсон байна. Малыг шимэгчээс урьдчилан сэргийлэх, эмчлэх зориулалт бүхий бог малын угаалгын суурин ванныг орох хэсэг, үүдэвч хашаа, гүйдэг тавцан бүхий угаалгын ванн гэсэн стандарт хангасан хэмжээнд хийжээ. “Гэгээн нутаг арвин сүрэг” компани нь хоёр малчин өрхөөс бүрддэг цомхон бүтэцтэй боловч орон нутгийн иргэдээс захиалга авч, Засгийн газраас баталсан үнэ ханшаар мал угаалгын үйлчилгээг үзүүлж байна. Тэд энэ үйлчилгээг үзүүлж эхлэхээс өмнө малчид шимэгчдээс хамгаалах тариа тарих, ариутгалын бодис шүрших зэргээр хувь хувьдаа арга хэмжээ авдаг байв.

Ийн НҮБ-ын хэрэгжүүлсэн төсөл малчдад  санхүүжилт олгон гарааны бизнесээ эхлүүлэн, нэмэлт орлого олох, ажлаа хөнгөвчлөх, техник технологио сайжруулан уламжлалт бараа бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргах боломжийг нээж өглөө гэдгийг малчид онцолж байв. Тиймээс энэ төслийг Завхан аймгийн бусад сум төдийгүй 21 аймгийн хэмжээнд хэрэгжүүлэх нь мал аж ахуйн салбарын хөгжлийг сайжруулж, малчдын залгамж халааг үргэлжлүүлж, ямар нэгэн байгалийн гамшиг тохиолдоход амжиргаагаа алддаг байдал багасах нь хамгийн чухал ач холбогдол юм. Хөгжил гэдэг зөвхөн төв суурин газар байдаггүйг, бизнесийг зөвхөн өндөр боловсролтой хүмүүс эрхэлдэггүй гэдгийг дээрх төсөл бид бүхэнд харууллаа. Мөн “Малчин бол үйлдвэрлэл эрхлэгч, ажил олгогч, бизнес эрхлэгч, манлайлагч” гэдгийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал тодотгож байсан юм. Бид дараагийн нийтлэлээрээ төслийн хүрээнд хийж хэрэгжүүлсэн гарааны бизнесүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)

 

13 bag bish 14 bag shuu
Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

3 цаг 51 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

3 цаг 51 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

3 цаг 51 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

22 цаг 23 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин