• Зууны мэдээ сонин онлайн захиалга

Г.Одбаяр: Дэлхийн хэмжээний зорилго тавиагүй ч жүдо миний хувьд хамгийн эрхэм

Б.ДЭМБЭРЭЛНЯМ

 

Дэлхийн дэвжээнд Монголынхоо нэрийг гаргана гэдэг тамирчин хүний хувьд эх орныхоо төлөө хийж буй хамгийн том гавьяа юм. Энэ эрхэм үүргийг нэр төртэй биелүүлсэн хүн бол гавьяат тамирчин Г.Одбаяр билээ. Тэрбээр 2017 оны ДАШТ-нээс хүрэл медаль хүртэж дэлхийд нэрээ дансалсан юм.Түүнтэй ярилцсанаа хүргэе. 

-Таны спортын замнал хэзээнээс эхлэлтэй вэ. Анхны багшийнхаа тухай яриач?

-Анх 2002 онд “Алтайн барс” клубт П.Чулуунбаатар багшийн шавь болж чөлөөт бөхөөр хичээллэж их спортод хөл тавьж байлаа. Багш дээрээ хоёр жил бэлтгэл хийгээд 2004 оноос Спортын төв ордонд “Женко” клубт жүдогоор хичээллэж эхэлсэн. Надад жүдогийн “А” үсэг заасан хүн нь  Г.Энхбаяр багш.

-Багаасаа бөхийн спортод сонирхолтой хүүхэд байв уу. Танай удамд бөх хүн бий юу?

-Би унаган хотын хүүхэд. Манай удамд бөх хүн байдаггүй. Миний хувьд багаасаа спортод дуртай, тэр дундаа барилдах хорхойтой хүүхэд байлаа. Жүдо бөхийн секцэнд орохдоо найзтайгаа очиж байсан. Тухайн үед Спортын төв ордонд боксын бэлтгэлийн заалны эсрэг талд жүдогийнхон бэлтгэл хийдэг басан юм. Найз маань нөгөө өрөөнд боксоор хичээллэж би эсрэг талд нь жүдогоор бэлтгэл хийнэ. Бидний хувьд их сайхан дурсамжууд тэнд өнгөрсөн байдаг.

-Яагаад чөлөөт бөхөө орхиж жүдог сонгох болов?

-Манай “Алтайн барс” клуб хээрийн бэлтгэлд явдаг байсан юм. Нэг удаа би явж чадаагүй үлдсэн. Үүнээс хойш нэг хэсэг бэлтгэл завсардаж, барилдахгүй удсан. Тэгээд л дахиж очоогүй. Нэгэнт л барилдахаа больж чадахгүй учир жүдогоор хичээллэхээр шийдсэн.

-Өмнө нь чөлөөт бөхөөр хичээллэж байсан нь жүдогоор амжилт гаргахад нөлөөлсөн байх даа?

-Чөлөөт бөхөөр дорвитой амжилт гаргаагүй. Насны хувьд бага байсан болохоор олон тэмцээнд ч орж чадаагүй юм. Би чөлөөт бөхөөр хичээллэснээр уналт, өнхрөлт, сойлтын дасгалуудыг хийж сурсан. Хөдөлгөөний эвсэлтэй болсон нь багшийн заасан мэхийг хурдан сурахад нөлөөлсөн байх. Чөлөөтөөр хичээллэж байсан маань жүдо бөхөөр амжилт гаргахад тодорхой хэмжээнд тус болсон гэж боддог.

-Жүдо бөхөөр хэзээнээс ямар амжилт гаргаж эхлэв?

-Хичээллэж эхэлснээс хойш хоёр жилийн дараа анхны амжилтаа гаргасан. Үүнээс өмнө олон тэмцээнд хоосон хоцорч байлаа. Анх 2006 оны өсвөрийн хотын аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртсэн. Түүнээсээ их урамшсан минь дараагийн тэмцээнүүдэд амжилт гаргах хүч болсон болов уу. Өөртөө итгэх итгэл ч тэр тэмцээнээс хойш нэмэгдсэн гэж боддог. Бэлтгэлээ ч улам чамбайруулж хичээсэн.

-Амжилт гаргаагүй жилүүдэд шантарч, спортоо орхих бодол төрж байсан уу?

-Багаасаа дурлаж хийдэг байсан зүйл минь барилдах. Тиймээс спортоо орхих бодол төрж байсангүй. Дэлхийн хэмжээний том мөрөөдөл, зорилго тавиагүй ч жүдо миний хувьд хамгийн эрхэм зүйлийн нэг байсан. Амжилт гаргасан, гаргаагүй ч дуртай зүйлээ үргэлжлүүлж хийсээр байя л гэж боддог байлаа. Харин хотын аварга болсны дараа улсын аварга болохын төлөө хичээж, улсын аварга болсны дараа олон улсад амжилт гаргахыг зорьсон. Амжилт ахихын хэрээр зорилго мөрөөдөл минь томорсон гэж хэлж болно.

-Дэлхийд амжилт гаргах боломжтой гэдгээ хэзээ  анх мэдэрсэн бэ?

-2008 онд Залуучуудын улсын аварга болсон. Түүний дараа Солонгос улсад залуучуудын ангилалд анхны олон улсын медалиа авсан. Дараа нь Зүүн азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн юм. Энэ үеэс өөрийгөө олон улсын тавцанд өрсөлдөж чадах юм байна гэсэн итгэл төрсөн.

-Тэр итгэлээрээ дэлхийн медальтан болсон байх. 2017 оны ДАШТ-д шөвгийн наймд Ан Чан Римтэй хийсэн барилдааныхаа талаар дурсахгүй юу?

-Тэр барилдаанд би Чан Римийг ялна гэсэн итгэлтэй байсан. Миний хувьд ДАШТ-ний  өмнө ААШТ-д түүнд ялагдсан. Гэхдээ Азийн аваргын өмнөх учраадаа би хожсон байсан. Хэдийгээр Азийн аваргад хожоогүй ч ДАШТ-д даагаа нэхнэ гэж өөртөө итгэлтэй барилдсан. Гэвч мэх дутуу ороод  хариу мэхэнд нь унасан. Эргээд бодоход их харамсалтай барилдаан болсон санагддаг юм.

-Олимп болон ДАШТ-үүд шахуу хуваарьтай байдаг. Богино хугацаанд өмнөх барилдаанд хожигдсон сэтгэл зүйгээсээ гарч дараагийн барилдаандаа төвлөрдөг вэ?

-Хэдийгээр харамсалтай барилдаан болсон ч би нэг их хямраагүй. Бэлтгэл сайтай байсан учраас заавал медаль авна гэсэн итгэлтэй байлаа. Дагах барилдаанд БНХАУ-ын тамирчинтай таарсан. Би ӨМӨЗО-ны Сайнжаргалыг Азийн аваргаар хожсон учраас ялна гэсэн бодолтой барилдсан. Харин хүрэл медалийн төлөө залуучуудын дэлхийн аварга, Европын аварга Азербайжаны тамирчинтай өрсөлдсөн. Түүнтэй тэгэхэд л анх удаа учраа таарсан. Нягт, идэвхтэй барилдаан үзүүлж вазари үнэлгээгээр ялж хүрэл медалийн болзолыг хангасан.

-Дэлхийгээс медаль авах тэр агшинд юу бодогдож байв?

-Барилдааны хугацаа дуусахад “би чадлаа” гэсэн бодол төрсөн. Үнэхээр их баярласан. Би сэтгэл хөдлөлөө  гадагш илэрхийлэхдээ муу. Тухайн үед Монголчууд их ирж дэмжиж байсан шүү. Эх орныхоо далбааг хараад улам огшсон. Монголчууд руугаа гараа даллаж мэндчилээд дэвжээнээс буусан.

-Олимп, дэлхийн шилдгүүдтэй медалийн тавцанд хамт зогсож, төрийн далбаагаа цэнгэлдэхэд мандуулах тэр мэдрэмжийг үгээр илэрхийлвэл?

-Хүрэл медалийн төлөөх барилдаан дуусаад дэвжээнээс бууж ирэхэд О.Балжинням багш маань “Ингээд бөмбөрцгийн бөх боллоо шүү дээ” гэж хэлсэн. Медалын тавцанд зогсож байхдаа тэнд байгаадаа, болж буй үйл явдалд жаахан итгэхгүй байсан. Хэдийгээр өөртөө итгэлтэй байсан ч яг зүүх үед итгэмээргүй мэдрэмж төрдөг юм билээ.

-Хүмүүсийн мэдэхгүй жүдогийн амьдрал, хөшигний ард юу болдог талаар ярьж болох уу?

-Хамгийн том асуудал бол бэртэл. Хүн л юм чинь тэмцээний өмнөх өдөр ч бэртэх магадлалтай шүү дээ. Эх орноо төлөөлөөд ирсэн учраас дэвжээнд гарахаас аргагүй. Бэртэлтэй тамирчин барилдаан гаргаж чадахгүй байсаар ялагддаг. Дараагийн асуудал бол сэтгэл зүй. Ялагдвал яанаа гэсэн бодолд автах, анхаарал  төвлөрөхгүй байх асуудлууд үүсдэг. Хүн л болсон хойно ар гэр, ахуй амьдралын асуудал байгаа.

Уй гашуу ч тохиолдохыг үгүйсгэхгүй. Тамирчдад тулгардаг бас нэг асуудал нь жин хасах. Их хэмжээгээр жин хасна гэдэг асар их тэнхээ шаарддаг зүйл. Жингээ хасаад сэргэж чадахгүй тэмцээнд орох нь амжилтад сөрөг нөлөөлнө. Мөн тухайн орны уур амьсгал, орчин нөхцөл гээд амжилтад маш олон зүйл нөлөөлдөг. Тамирчид ялагдахыг хүсдэггүй. Дэвжээн дээр гарсан л бол бүхнээ шавхана. Зарим тамирчид үзэгчдийн дайралтаас болж гүн хямралд ордог. Солонгост үүнээс болж тамирчин амиа хорлосон тохиолдол байдаг.

-Барилдааны өмнөх сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ. Их стресстдэг үү?

-Стрессдэггүй тамирчин байдаггүй байх. Стресс гэдэг хувь хүний бодлоос шууд шалтгаалдаг. Миний хувьд сэтгэл хөдлөл багатай учраас тэмцээний үед харьцангуй бага хямардаг. Гэхдээ огт юм бодохгүй байна гэж байхгүй. Би тэмцээний талаар барилдааны өмнөх шөнө бодохгүйг хичээдэг. Өөр зүйлд сатаарч байгаад унтдаг. Тэмцээний өмнөх шөнийн бүтэн нойр амжилтын үндэс.

-Сэтгэлзүйн тал дээр мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч байв уу?

-Монголд спортын сэтгэл зүй хөгжиж эхэлж байна. 2019 оноос хойш Жүдо бөхийн холбоонд спортын сэтгэл зүйчид ажиллаж эхэлсэн. Тэднээс ганцаарчилсан зөвлөгөө авдаг.

-Сэтгэл зүйтэй дүйцэхүйц амжилтад нөлөөлдөг зүйл нь тамирчдын хооллолт. Жин хасахдаа хоолоо хэр сойдог байв?

-Жин хасах бол тамирчдын амжилтад нөлөөлдөг чухал зүйл. Үүнийг хооллолтоор зохицуулдаг. Бусад орнуудад тамирчидтай мэргэжлийн хоол зүйчид ажилладаг. Манай улсад 2020 оны олимпоос эхэлж энэ төрлийн мэргэжилтнүүд ажилладаг болсон. Өнгөрсөн олимпод орсон тамирчдыг харахад их үр дүнтэй санагдсан шүү.

-Сэтгэл зүй болон хоол зүйн асуудалд ахиц гарч байгаа юм байна. Харин өнөөдрийн жүдо бөхөд сайжруулах өөрчлөх хэрэгтэй зүйл юу байна вэ?

-Жүдо нэг үеэ бодвол сайхан болж байна. Залуу багш нар шигшээ багт орсноор  шинэ санаа, шинэлэг зүйлүүд гарч ирсэн. Миний хүсэх зүйл бол багш нар тамирчидтайгаа нээлттэй харилцдаг байгаасай. Ямар ч тамирчинг орхихгүй бэлтгэл нь ямар байгаа, өөрт нь тохирч байгаа эсэх,  цаашдаа ямар бодолтой байгааг асуугаасай гэж хүсэж байна.

-Таны хувьд сүүлийн үед олон улсын тэмцээнд оролцох нь багассан. Энэ юутай холбоотой вэ?

-Бидний залгамж халаа болж олон сайн барилддаг дүү нар гарч байна. Тэд маань гадагшаа тэмцээнд оролцож, туршлагажих хэрэгтэй. Тиймээс өөрөөсөө илүү залууст боломж олгохыг хүсч байна.

-Тамирчны замнал тань дуусах болоогүй биз дээ?

-Энэ оны зургадугаар сард Монголд “Ulaanbaatar Grand slam” тэмцээн болно. Эх оронд маань болж байгаа анхны Гранд слам ангиллын тэмцээн. Миний хувьд энэ тэмцээнд зодоглох бодолтой байна. Энэ тэмцээн л миний цаашдаа хэрхэхийг шийднэ. Сайн барилдвал дэлхийн аваргад барилдана.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 19. МЯГМАР ГАРАГ. № 78 (6810)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Үнхээр гайхалтай ярилцлага болжээ