• Зууны мэдээ сонин онлайн захиалга

С.Эрдэнэ: АН 2024 оны сонгуульд шинэ лидер, шинэ багтай орно

С.УЯНГА

 

“Зууны мэдээ” сонин цаг үеийн хамгийн эрэлттэй, сонирхол татсан эрхмүүдийг “Трэнд зочин” буландаа онцолдог билээ. Ээлжит зочноор Ардчилсан намын дарга С.Эрдэнийг урьж ярилцлаа.

 

ОДОО АН-Д ЯМАР Ч ТАМГАНЫ МАРГААН БАЙХГҮЙ

 

-Хоёулаа шууд цаг үеийн асуудлаар ярилцлагаа эхэлье. АН-ын хууль ёсны дарга таныг гэж ойлгож байгаа. Гэтэл дахиад нэг тамга гараад ирлээ. Хөндлөнгөөс харж суухдаа юу гэж бодож байв?

-Ойлгох биш угаасаа АН-ын дарга нэг л хүн байгаа нь С.Эрдэнэ. 2017 оны Улсын дээд шүүхийн тогтоолтой, тэр дагуу УБЕГ бүртгэсэн. Хууль ёсны тамга, тэмдэг нь албан ёсны нам дээр байгаа. Татвар, нийгмийн даатгал, аудит, сонгуулийн хорооноос эхлээд бүх төрийн байгууллагатай АН гэдэг хууль ёсны этгээдийн хувьд харьцаад явж байгаа нь та, бид хоёрын ярилцаж байгаа энэ газар байрлаж буй АН. Гэтэл өөрсдийгөө АН гэж нэрлэсэн хэсэг бүлэг хүмүүс сунгаа зарлаж, хурал хийгээд огт байхгүй нам ярьж эхэллээ. Тэдэнд Дээд шүүхийн тогтоол шийдвэр, улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг байхгүй. Нэг нөхөр гарч ирснээ аль 2000 онд хүчингүй болсон тамгыг ориг гэж хэлээд нэмэргүй л дээ.

Содномзундуйн Эрдэнэ дээр байгаа тамга бол хүчин төгөлдөр. Ц.Туваан, О.Цогтгэрэл нар дээр байгаа тамга хүчин төгөлдөр бус гэсэн Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн эцсийн шийдвэр гарсан. Дахиад давж заалдах эрхгүй гэсэн үг. УБЕГ захиргааны эрхзүйн актыг хүчингүй болгох хүсэлт гаргасныг шүүх хэрэгсэхгүй болгосон. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж. Одоо АН-д ямар ч тамганы маргаан байхгүй. Үгүй гэвэл намайг хууль ёсны биш гэдгийг нотолчих. Бүх юм надад байна.

З.Энхболд гэдэг хүн 2000 онд атаман байхдаа хийлгэсэн тамга хамаагүй. 2021 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд АН-ыг төлөөлж С.Эрдэнийг нэр дэвшүүлснийг СЕХ, Дээд шүүх, аудитын байгууллага бүртгэж, лавлагаа гаргаж өгсөн. Ингэж хууль журмынхаа дагуу бүртгүүлж нэр дэвшсэн. Тэр үед ямар тамга, тэмдэг эрхзүйн актаар АН-ыг бүртгэж, хүчин төгөлдөр гэж үзэж сонгуульд оруулсан юм. Намар УИХ-ын хоёр тойрогт нөхөн сонгууль болсон. Мөн л манай намаас Э.Бат-Үүл, Б.Гарамгайбаатар хоёр нэр дэвшиж өрсөлдсөн.Тэр сонгуулийн дүнг УИХ хүлээн авч баталсан. З.Энхболдын тамга жинхэнэ юм бол үүнийг юу гэж үзэх юм. Х.Баттулгыг даргаар батламжилж байгаа хэсэг бүлэг хүн өөрсдөөсөө нэр дэвшүүлж, төлөөллөө хангаад явахгүй яасан юм. Нийтэд ил тод болсон үйл баримт буюу хүчин төгөлдөр шүүхийн тогтоолыг дахин нотлохгүй гэсэн хуультай. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа шүүхийн тогтоол, шийдвэрийг хэн ч үгүйсгэж чадахгүй. Гэтэл намын даргаар батламжиллаа гээд байгаа Х.Баттулгыг ямар үндэслэлээр Дээд шүүхэд өргөн барих гэж байгаа нь сонин байна. Тэднийг төлөөлөх эрх бүхий этгээд нь хэн юм.

- Заал дүүрэн хүн цуглаж байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг шинэ даргаар өргөмжилчихлөө. Тэнд цугласан хүмүүс АН-ын гишүүд юм бол танд тамга байхаас дэмжлэг нь байгаа юу гэдэг асуудал гарч ирнэ?

-Заал дүүргэх амархан. Хүний олноор ч асуудлыг шийддэг юм биш. Үйл ажиллагаа нь хууль ёсных байж хүлээн зөвшөөрөгдөнө. О.Цогтгэрэл компанийнхаа ажилчдыг авчрахад л хангалттай биз дээ. Цалин өгч байгаа хүн “Хуралд очоод суу” гэхэд “үгүй” гэх хүн гарахгүй нь тодорхой. Эсвэл мөнгө өгье хуралд суу гэхэд хэн ч үгүй гэж хэлэхгүй.

Тэр хуралд ямар бүртгэл судалгаа явсан. АН-ын гишүүн очсон уу гэдгийг мэдэхгүй. АН дүрэмтэй. Үндсэн дүрмээр намын Их хурлын төлөөлөгчдийг сонгодог. Дотоод сонгуулийн хороо энэ үйл ажиллагааг хариуцаж бүх аймаг, сум, дүүргээс Их хурлын төлөөлөгчдийг сонгодог. Сумын үүр хурлаа хийгээд Дулмаа, Дорж хоёрын хэнийг явуулах вэ гэдгээ санал хураалтаар шийдвэрлэж протокол, анкет, материалыг аймгийнхаа намын хороонд өгнө. Аймгаас 20-30 хүн явуулахаар бол материалаа төв намын хэрэг эрхлэх газарт ирүүлснийг Дотоод сонгуулийн хороо бүртгэж Их хуралд суух мандат олгодог. Түүнээс гудамжинд яваа хэн нэгнийг авчраад хурал хийх боломжгүй. Хэрэв АН-ын гишүүд бол анхан, дунд шатнаас хэдэн хүн сонгогдож ирсэн. Хурлууд нь хаана, хэзээ болсон юм бэ. Ямар ч зарлал яваагүй. Их хурал гээд байгаа нь бараг өмнөх өдөр нь зарлагдсан байх шүү.

 

УЛС ТӨРД НАСНЫ ХЯЗГААР ГЭЖ БАЙДАГГҮЙ ЮМ

 

-Дээд шүүх намын дүрмийн өөрчлөлтийг 1.6 жилийн дараа хүлээж авлаа. Шинэ дүрмээр намын даргатай холбоотой ямар нэг өөрчлөлт орсон уу. М.Тулгатыг намын даргаар гурван удаа буцаасны цаана ямар нэг улс төр, эрх ашиг байсан уу?

- М.Тулгатыг намын даргаар гурван удаа Дээд шүүхэд өргөн барьсан. Намын дотоод маргаантай холбоотойгоор хүлээж аваагүй. Уг нь ийм эрх шүүхэд байхгүй. Улс төрийн намын тухай хуульд зааснаар тухайн улс төрийн намын дүрэм журмаар зохицуулагддаг аливаа үйл ажиллагаа, зохион байгуулалттай холбоотой маргааныг шүүх хянан хэлэлцэхгүй. Намынх нь эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ. Тэр нь манайхаар Үндсэн дүрмийн хороо юм. Уг нь шүүхийг намын дотоод хэрэгт  хөндлөнгөөс оролцуулахгүй гэж Улс төрийн намын хуулийг баталсан юм. Дээд шүүх зөвхөн бүртгэлийн чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой. Түүнээс шүүх байгууллага намын маргаан хянах юм бол бүх л нам маргаантай байгаа биз дээ.

Дээд шүүх М.Тулгатыг бүртгэсэн бол хууль ёсны намын дарга болоод явах байсныг хууль бус үндэслэлээр гурван удаа буцаасан. Үнэндээ  М.Тулгатыг бүртгэж авахгүй гурван удаа буцаахад Х.Баттулга Ерөнхийлөгч байсан. Хэн буцаалгасан нь тодорхой байгаа биз дээ. Хууль бусаар нэр дэвшээд гарч ирсэн хүнийг бүртгэхгүй шүү гэж Дээд шүүхийг шахаанд оруулсан хүн шүү дээ. Гэтэл өнөөдөр өөрийг нь бүртгэхгүй бол Дээд шүүхэд итгэхгүй гэдэг нь юу гэсэн үг юм. Х.Баттулгын нэг онцлог бол аливааг хүчээр шийдэх гэж оролддог. Хоёрдугаарт, их гүрний нөлөөг улс төрдөө их ашигладаг л даа. Хорвоо ертөнц өөрчлөгдөж байхад шүүх, прокурорыг айлгадаг тулгадаг, түрэмгий зангаа болих хэрэгтэй.

Манай намын Үндсэн дүрэмд тухайн сонгуульд олонх болж чадаагүй бол бүрэлдэхүүнээрээ хариуцлага хүлээх заалт бий. Энэ асуудлаар 2020 оны долдугаар сард Үндсэн дүрмийн хороо тайлбар гаргасан. Одоогийн аль нэг дэд даргаар дамжуулж дараагийн сонгогдсон даргад тамга тэмдэг өгөх нь дүрмийн зөрчилтэй байна гэж үзсэн. Тэгэхээр одоо үүрэг гүйцэтгэж байгаа намын дарга дараагийн сонгогдсон даргад тамгыг шилжүүлж өгнө гэж үзсэн. Гэвч дараагийн дарга тодорсонгүй.

Бид дүрмийн өөрчлөлтийг хоёр удаа өргөн барьсан. Дээд шүүхийн бүртгэсэн шинэ Үндсэн дүрмээр зохион байгуулалтаа хийнэ. АН ротациа ч хийж чадаагүй хоёр жил боллоо. Үндэсний бодлогын хороо, Дотоод сонгууль, аймаг, дүүргийн хороо гээд бүгдийнх нь бүрэн эрхийн хугацаа дууссан. Эндээс шинэ бүрэлдэхүүн гарч ирж шинэ бодлого тодорхойлно. Дүрмийн өөрчлөлтөөр сонгуулийн хариуцлага хүлээх заалт орсон. Төлөөллийн төв байгууллагын санал хураалтаар орж итгэл үзүүлэх эсэх нь шийдэгдэхээр байгаа. Гэхдээ энэ анхан болон дунд шатны хүмүүст үйлчилнэ. Миний хувьд хэчнээн дүрмээр шинэ өөрчлөлт орсон ч гэсэн хуучин дүрмийн дагуу хариуцлагаа хүлээнэ. Дараагийн лидер, багийг тодруулаад тамгаа хүлээлгэж өгнө. Мэдээж намын гишүүн хэвээрээ байж үйл ажиллагаандаа идэвхтэй оролцоно. 2024 онд АН шинэ лидертэй, шинэ багтай сонгуульд орно.

-Одоо тэгвэл цаашид АН-ын зөрчил, хагарал яаж үргэлжлэх бол. 2024 онд АН-д хэр их итгэл, найдлага байна вэ?

- АН-д ямар ч хагарал байхгүй. Хагалах зорилготой хэсэг бүлэг хүмүүсийн үйлдэл яваад байгаа болохоос манай нам байдгаараа л байгаа. Үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. АН яагаад өнөөдөр нийгмийн анхаарлын төвд эрх баригчдаас илүү ороод, хүн болгон санаа тавиад байгаа юм. Өчнөөн олон сөрөг хүчин байна. Дээд шүүхэд 36 нам бүртгэлтэй байдаг биз дээ. АН-д нийгмийн хүлээлт үүсчихээд байгаа учраас булааж авах гэж байгаа хэрэг. Улс орныг аваад явах чадвартай боловсон хүчин, бодлоготой, бэлтгэгдсэн улс төрийн нам бол АН гэдгийг ард түмэн харж, хүлээж байна. Хэл ам хэрүүл тэмцлээ цэгцлээд дараагийн сонгуулийн бэлтгэлдээ орооч гэдэг нийгмийн захиалга, хүлээлт бий болчихсон. Тийм учраас хүн болгон АН-ын хувь заяанд санаа зовж байна. 2024 он бол АН-ын хувьд хамгийн шаанстай он байх болно. Түүнээс биш АН яах нь хэнд ч хамаагүй биз дээ уг нь.

-МАН-ыг харахад 1980-аад оныхон давамгайлж байна. Гэтэл АН 1990 оны партизануудтайгаа л байх шиг. Халаагаа өгөх, хүний нөөц боловсон хүчний бодлого ямар байгаа вэ? 

-АН-д залуучууд хангалттай бий. Намын дэргэд Ардчилсан залуучуудын холбоо гээд төлөөллийн төв байгууллагатай. Мөн эмэгтэйчүүд, ахмадын байгууллагатай. Тэр битгий хэл 2018 онд намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэхдээ төлөөллийн төв байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гурван гишүүн тутмын нэг нь 35-аас доош насны залуучууд байна гэсэн заалт оруулсан. Энэ дүрмийн дагуу явж байна. Өнөөдөр манай төлөөллийн төв байгууллагад 380 орчим гишүүн байгаагийн 200-аад нь 35 хүртэлх насны залуучууд байдаг. Мөн ахмадын төлөөлөл гуравны нэг орчим бий. Нийгмийн бүлгүүд буюу хүмүүсийнхээ төлөөллийг тэгш хангах үүднээс Үндсэн дүрмийн өөрчлөлтийг ингэж хийсэн.

 Хоёрдугаарт, улс төрд насны хязгаар гэж байдаггүй юм. Дэлхийн хөгжсөн улс орнууд буюу АНУ, ОХУ, Хятад, Европ, Латин Америк, Азийн орнуудын лидерүүдийн дундаж нас хэд байна. Хэдэн жил улс төрд явж, ямар туршлага хуримтлуулсан нь чухал болохоос  нас чухал юм уу. Яагаад тэгвэл гадны орнууд тэднийгээ ад үзэхгүй, лидер хэвээрээ байгаа юм. Гэтэл манай улсад 45-аас дээш наслахаар л чи удахгүй үхэх учраас зайгаа тавь гэх юм. Хүн амьдралынхаа туршид суралцдаг. Улс орны хувь заяаг туршлагатай хүн авч явах ёстой юм уу. Эсвэл гоё ярьдаг, сайхан харагддаг залуу хүн авч явах нь дээр үү. Аливаад хариуцлага, манлайлах чадвар гэж бий. 30, 60, 80 настай байж болно. Мэдлэг боловсрол, манлайлах чадвар, хурааж хуримтлуулсан туршлага юу юм бэ гэж харах болохоос насаар хязгаарладаг байдлаа болих хэрэгтэй.Тийм л юм бол залуучууд өөрсдөө манлайлаад түрээд гараад ир л дээ. Лидер хүч түрч гарч ирдэг болохоос биш хэн нэгний зайг бөглөдөггүй юм.

Төрийн албаны хуульд хүртэл 65 нас хүрээд тухайн алба хаагч хүсэх юм бол үргэлжлүүлээд ажиллаж болдог. Энэ бол хүний эрхийн асуудал. Нас сүүдэр, нийгмийн гарал, арьс өнгө, шашин шүтлэг гээд ямар нэг хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно гэж Үндсэн хуульд заасан байж яахаараа Үндсэн хуулиар олгосон, хамгаалагдсан эрхээ эдэлж болдоггүй юм.

 

Х.БАТТУЛГА, З.ЭНХБОЛД ХОЁРЫН ХУВЬ ЗАЯА НЭГ

 

-Та 2017 онд АН-ын дарга байхдаа Х.Баттулгыг Ерөнхийлөгчид нэр дэвшүүлж, дэмжсэн. Ялалт ч байгуулсан. Р.Амаржаргалаас эхлээд нэр дэвшүүлэх сонголт байсан. Гэтэл Х.Баттулгыг нэр дэвшүүлсэн. Тэр үед та хоёрын дунд ямар нэг тохироо байсан уу?

-Тухайн үед АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхийн төлөө таван хүн өрсөлдсөн. Тэр дунд Х.Баттулга байсан. Р.Амаржаргалаас 100 гаруй оноогоор илүү дэмжлэг авсан санагдаж байна. Намын даргын хувьд Х.Баттулгад дургүй байх ч гэдэг юм уу, ямар нэг өөр санаа зорилго агуулсан бол шалтаг, өө хайж байгаад нэр дэвшүүлэхгүй байх боломж байсан. Гэхдээ асуудалд шударга, зарчимтай байх байр суурь баримталж байсан учраас янз бүрийн хэрүүл маргааныг тоогоогүй. Дотоод сонгуулийн хорооноос гаргаж ирсэн дүнг үндэслэж түүнийг нэр дэвшүүлэхээр болсон.

Тэгээд л Х.Баттулгыг хөтлөөд 21 аймаг, есөн дүүргээр тойрсон доо. Ний нуугүй хэлэхэд, Х.Баттулгын ярьж байсан гоё сайхан амлалт тэр цаг мөчөөс эхлээд худал гэдэг нь илэрч л байсан. За яахав, юманд цаг хугацаа гэж бий. Энэ их хүндлэл, итгэл найдварыг даагаад гарах болов уу. Яллаа гэхэд олон түмэн, энэ том намын итгэлийг даах байх гэж найдсан учраас дэмжээд явсан. Хамгийн наад захын жишээ бол, сонгуулийн зардлыг өөрөө бүрэн хариуцна гэж сонгуульд орчихоод 30-40 хувийг хэл ам хэрүүл тэмцэлтэй гаргасан. Сонгуульд ажилласан ухуулагч, ажиглагчдын урамшуулал цалин мөнгөний тал хувийг өгөөгүй. Одоо болтол өгөөгүй. Мөнгийг нь намайг замаас нь аваад идчихсэн юм шиг хүмүүс ойлгодог. Үнэндээ Х.Баттулга мөнгөө өгөөгүй юм шүү дээ.

Сонгуулийн кампанит ажлынх нь зардлыг босгох гэж намын даргын хувьд ёстой л шар махтайгаа хатсан даа. Их ч олон хүнээс зээл авсан. Тэр битгий хэл тухайн үед Х.Баттулга өөрөө гэрээ хийж Кёкүшүзан Д.Батбаяраас өндөр хүүтэй дөрвөн тэрбум төгрөг зээлсэн. Хоёр тэрбумыг нь хэл амтай төлсөн. Үлдсэн хоёр тэрбумыг нь одоо болтол төлөөгүй. Үлдсэн хоёр тэрбумын өрнөөс болж  Д.Батбаярыг эхнэртэй нь хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгүүлээд өнөөдөр хүртэл шүүх цагдаагаар явж байна. Х.Баттулга ийм л хүн байсан юм билээ. Хожим мэдсэн л дээ. Хүнд янз бүрийн алдаа байдаг. Монгол Улсын төрийн тэргүүн байсан хүн арай илүү ухаалаг, ноён нуруутай байх болов уу гэж итгэсэн. 2020 он хүртэл тэр их итгэлээ алдаагүй л дээ.

-Гэхдээ та хоёрын зөрчил Ерөнхийлөгч ажлаа авсны дараагаас эхэлсэн. Магадгүй улс төрийн тохироо буцсан уу гэх хардлага ч байдаг?

-Х.Баттулга 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшихдээ “Найзыг чинь хэлмэгдүүлэх гээд байна. Хуурамч баримт материал бүрдүүлээд шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон 250-260 хуудас хавтаст хэрэг байна” гэж хэлж байсан. Миний хувьд шүүхээр тогтоогдоогүй нөхцөлд хэнийг ч гэм буруутайд тооцож болохгүй гэсэн зарчмыг хатуу баримталдаг. Тиймээс нэгэнт шүүх гэм буруутайг тогтоогоогүй учраас хууль шүүхийн хүрээнд яригдаж байсан түмэн асуудлыг нь тоогоогүй.

2017 онд маш хүнд хэцүү нөхцөлд хүчтэй өрсөлдөгчидтэй байхад  ялалт байгуулж Ерөнхийлөгч болсон. Тэр намраа Ж.Эрдэнэбатын Засгийн газартай АН хариуцлага тооцож огцруулах асуудлыг УИХ-д оруулсан. Дараагийн Засгийн газрыг бүрдүүлэх ажил эхлэхэд Х.Баттулга намайг дуудаад МАН-ын даргаас У.Хүрэлсүх арай гайгүй харагдаад байна. Ерөнхий сайд болгох асуудалд АН дэмжээч гэсэн. Миний хувьд саналыг зөвшөөрч дэмжсэн. Жил орчмын дараа У.Хүрэлсүхийн Засгийн газар алдаа гаргаж, ЖДҮ, авлига хээл хахуулийн асуудлууд гарч ирсэн. Тиймээс АН-ын Улс төрийн зөвлөл хуралдаад У.Хүрэлсүхийн Засгийн газартай хариуцлага тооцож огцруулах нь зөв гэсэн улс төрийн шийдвэр гаргаж чуулган дээр танилцуулсан юм. Санал хураалт болохын өмнөх өдөр надад “Танай Ерөнхийлөгч АН-ын бүлгийн нэр бүхий хүмүүсийг намынхаа гаргасан шийдвэрийн эсрэг санал өгүүлэхээр “барьчихлаа”. Засгийн газарт хариуцлага тооцох санал явахгүй нь” гэсэн мэдээлэл ирсэн. Тэгэхээр нь шууд Ерөнхийлөгч  дээр ороод надад ийм мэдээлэл ирлээ. Хэрэв тийм зүйл байгаа бол боль. Танд ёс зүй байх ёстой. Хоёрдугаарт, зайлшгүй хариуцлага тооцох ёстой асуудал гэдгээ хэлсэн. Тэр үед Х.Баттулга “Би оролцоогүй” гэж хэлсэн. Маргааш нь санал хураалт явахад АН-аас Л.Болд, Ж.Батзандан, Д.Мурат гурав эсрэг санал өгсөн. Өмнөх өдөр нь Ерөнхийлөгчид “барьцаалагдсан” гээд энэ гурван нэр над дээр ирсэн байсан. Ингэж У.Хүрэлсүхийн Засгийн газар хоёр саналаар үлдсэн дээ. Үндсэндээ тэр цаг мөчөөс эхлээд над руу довтлох сөрөг пи ар эхэлж бүтэн гурван жил намайг харлууллаа. Бүх дайн над руу чиглэсэн.

Дараа нь УИХ-ын чуулган дээр хууль шүүхийн байгууллагын удирдлагуудыг томилох, чөлөөлөхтэй холбоотой Их хурлын онцгой эрхийг ҮАБЗ-д шилжүүлэхэд эсэргүүцсэн. Парламентад Үндсэн хуулиар олгогдсон хэнтэй ч үл хуваалцах эрхийг ҮАБЗ нэртэй зөвлөлдөх байгууллагад өгч болохгүй гэдгийг мөн ч их  хэлсэн. ҮАБЗ төрийн хууль ёсны институци бишээс гадна хоёр нь парламентын гишүүн байгаагүй. Энэ хуулийг батлах юм бол та нар өөрсдөө маргааш нь "бүлдэгдүүлнэ" шүү гэж хэлээд хэл аманд орж байсныг санаж байгаа байх. Өнөөдрийн энэ их авлига, хахууль, шударга бус үйлдэл, хэл амны гол эх үүсвэр тэндээс л гарч хууль шүүхийн байгууллага бодит утгаараа хонгилын шүүх болж хувирсан. Одоогийн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар тухайн үед чуулган дээр “Ордны гурван давхрын буланд шүүгч нар очиж хэнд хэдэн жилийн ял өгөх вэ гэдэг чиглэлээ авдаг” гэж хэлж байсан. Өнөөдөр хуулийн салбарыг удирдаж байгаа хүн худал яриагүй л гэж боддог. Энэ мэт олон зүйлээс эхлээд АН-аас Ерөнхийлөгч сонгогдсон хэрнээ эрх баригчидтай нийлж намайг, сөрөг хүчнийг үгүй хийсэн. Судалгааны байгууллагууд хуйвалдаж С.Эрдэнийг Монголын хамгийн муу улстөрч,  муу хүнээр сүүлийн хэдэн жил тодруулж байна. Хамаг л муу муухай бүхнийг над руу чихэх гэж оролдсон.

Би парламентад гурван удаа сонгогдож Монгол төрийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж байна. АН-аас бүх шатны сонгуульд 11 удаа нэр дэвшиж долоон удаа ялалт байгуулсан. Намдаа үнэ цэнтэй бүхнээ зориулж, өөрийнхөө хэмжээнд гавьяа байгуулж л өдий хүрлээ. 32 жилийн хугацаанд АН-ын даргаар хоёр удаа сонгогдсон. Ардчиллын төлөө дандаа удирдлагын түвшинд 32 жил зүтгэж ирсэн байна. Энэ хугацаанд төрөөс идэж уусан зүйл байгаагүй. Намайг гэм буруутай болгох гэж олон удаа оролдсон. Худал юм хойно бүтээгүй л дээ.

-Х.Баттулга Ерөнхийлөгч Тамгын газрын даргаараа З.Энхболдыг ажиллуулсан. Энэ хоёр хүн АН-ын төлөө нэгдэж байна уу. Эсвэл өөр эрх ашиг байгаа юу. АН-ын даргын төлөө ингэж их улайрч байгаагийн цаадахыг хэрхэн харж байна вэ?

-Х.Баттулга амиа хамгаалах сүүлчийн оролдлогоо л хийж байна. Энэ хүний нийгэмд үйлдсэн нүгэл хязгааргүй. Хэдэн их наядаар нь мөнгө төгрөг идэж шамшигдууллаа. Хэдэн ч төмөр замыг байхгүй болгов. Бүдүүн, нарийн цариг гэж баахан  үр ашиггүй зүйл хийлээ. Танк ачиж орж ирээд Монголыг эзэлчихнэ гэж үлгэр ярьсан. Эцэст нь Монгол Улс хохирч, ОХУ хожсон. Гэтэл өнөөдөр Хятад руу Монголын биш Оросын нүүрс цутгаж байна. Монгол Улсын стратегийн олон боломжийг үгүй хийсэн. Манай улс зөвхөн төмөр замаас 10-20 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн гэдгийг эдийн засагчид олон жил ярилаа. Ингэсэн хүний амиа хамгаалах цорын ганц нуувч нь хамгийн хүчтэй сөрөг хүчин АН болж байна. АН-аас өөр эрх баригчдын өмнөөс сөрж зогсох улс төрийн хүчин байхгүй. Тиймээс өөрийгөө улс төрийн хамгаалалтад авч нөлөөлөхийн төлөө улайрч, хууль ёсны зүйлийг хууль бус болгох гэж зүтгэж байна. Хуулийн этгээдийн нэр, тамга, логог хуурамчаар үйлдэж, өөртэйгөө өрсөлдөнө гэдэг санаанд багтамгүй.

З.Энхболд бол Х.Баттулгаасаа нэг их дээрдэхгүй. Яривал “но”- ихтэй. Хуулийн байгууллагад шалгагдах л ёстой хүний  нэг. Өмч хувьчлал, Тавантолгойн нүүрсний ашиглалт. Их хурлын дарга байхдаа гаргасан хууль бус тогтоол шийдвэрүүд ч бий. Х.Баттулга, З.Энхболд хоёрын хувь заяа нэг л дээ. Нэгнийгээ дэмжиж байгаагийн цаана АН-ын тамга, эрх мэдэл. Ямар ч хамаагүй аргаар булаагаад дараа нь өөрсдийнхөө улс төрийн хамгаалалт болгож хэрэглэх гэсэн л зорилго бий. Үүнээс өөр зүйл байхгүй.

-Монгол Улсын баатар цолоор шагнуулаад байгаа холбоог та нэг үе удирдаж байсан. Гэтэл МоАХ-г бас л хагарал, талцлаар дүүрэн?

-МоАХ Монголд ардчилал, шударга ёс, хүний эрхийн салхийг хагалж гарч ирсэн түүчээ байгууллага. Ардчиллын анхдагч, туг сүлд нь болж гарч ирсэн. 2006 оны намар би МоАХ-ны тамгыг Х.Баттулгад гардуулж өгсөн.Түүнээс хойш 15 жил амьгүй юм шиг байлаа. Эрх баригчдыг айлгадаг, хариуцлага тооцдог байгууллага нам унтлаа. Сүүлдээ газар, байрыг нь хүртэл барьцаалаад Хөгжлийн банкнаас хэчнээн тэрбумын зээл авчихсан.

2015 онд ТББ-ын шинэчилсэн бүртгэлээр МоАХ-г шинээр байгуулагдсан гэж бүртгүүлсэн байна лээ. Ингэхдээ Х.Баттулга гэсэн нэг гишүүн, нэг л хувьцаа эзэмшигчтэй болж. Гэтэл тэр Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө МоАХ-д Монгол Улсын баатар цол олгосон. Тухайн үед МоАХ-ны мянга мянган гишүүдийн нийгэмд оруулсан өөрчлөлт, хувьсгалын үр дүнг үнэллээ гэж олон нийт харж хүлээж авсан. Гэтэл Улсын бүртгэлийн гэрчилгээн дээр 2015 онд шинээр байгуулсан МоАХ Х.Баттулга гэдэг нэг л хүнийх болсон. Тэгэхээр Х.Баттулга өөртөө баатар цол өгсөн юм билээ. Уг нь 1990 оны хавар МоАХ 40 мянган гишүүнтэй гэж бүртгэсэн байдаг. Түүнээс хойш оргил үедээ 100-аад мянган гишүүнтэй болсон үндэсний хэмжээний том холбоо байлаа.  Тэр битгий хэл улс төр, олон нийтийн байгууллага гэсэн тодотголтой байсан юм шүү. Энэ том байгууллагыг нэг хүнийх болгож ТББ-ын хуулийг ноцтой зөрчсөн. Харин сүүлд Д.Монголхүү гэдэг залуу ардчилсан холбооны залуучуудтай нийлээд нийгэмд үйлчилдэг нээлттэй байгууллагын хурал зөвлөгөөн хийхэд бүгдийг нь цагдаад өгөөд эрүүгийн хэрэг үүсгүүлсэн. Үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө анх гарч ирж тэмцсэн байгууллага нь МоАХ юм шүү. Туг, сүлд болсон байгууллагаа дарангуйлагчаас салгахын төлөө тэмцэх ёстой биз дээ. Д.Монголхүүг буруу зүйл хийсэн гэж харахгүй байгаа. Энэ бол хагарал биш. Зүй ёсны л өөрчлөлт, шинэчлэлтийн төлөө явж байгаа залуучуудын тэмцэл. Ийм л байна. Би  бүгдийг нотлох баримт дээр тулгуурлаж ярьснаас биш хэн нэгний нэр хүндэд халдаагүй. Бодит үнэн л энэ. 

 

СӨРӨГ ХҮЧИН ШИНЭ ТҮВШИНД АЖИЛЛАЖ ЭХЭЛНЭ

 

-АН УИХ-д суудалтай төр барилцаж байгаа нам. Төр барилцах үйл хэрэгт оролцохдоо сөрөг хүчин байх үүргээ хангалттай биелүүлж, хяналт тавьж чадаагүй учраас үнийн өсөлтөөс эхлээд олон асуудал бий боллоо. Намын даргын хувьд ямар үнэлэлт, дүгнэлт өгч байна вэ?

-Хуучин коммунизмын дарлал гэж ярьдаг байсан бол сүүлийн 2-3 жилд ковидизмын дарлал гэсэн шинэ нэр томьёо гарч ирсэн. Яг энэ нөхцөл байдалд хүчтэй сөрөг хүчин байх боломж хязгаарлагдмал болчихлоо. Цар тахлаар далимдуулж хүний эрхийг боомилдог байдал бий болсон. Үг хэлж үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийх эрхгүй. Тэр битгий хэл ажлын байр бий болгож бизнес эрхэлж, гэрээсээ гарах боломжгүй нөхцөлд орсон. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэх манатай л байлаа шүү дээ. Сөрөг хүчний бүх лидер, гишүүд нь гэртээ хоригдчихсон байхад яаж хүчтэй байх юм. УИХ-ын гишүүд хүртэл дэлгэцний цаанаас ажил хийлээ. Дургүйгээ хүрвэл тасалчихдаг. Ийм л хоёр жил өнгөрлөө. Одоо ч гэсэн нэг их дээрдсэн юм алга л байна. Дөнгөж л цуглаж хуралддаг болж байна. Зэрэглэл бууруулсан болохоос гамшгийн хуулиа ч цуцлаагүй байгаа биз дээ. 

Ковидизм коммунизмын дарлалаас илүү аймшгийн дарангуйлал бий болгож эрх баригчид өөрсдөдөө ашигтай байдлаар ажиллалаа. Өнөөгийн эдийн засгийн хямрал, үнийн өсөлт бүх зүйл цар тахлаар айлгасан хугацаанд бий болсон. Одоо сөрөг хүчин  ажиллана. Дээр нь АН-ын дарга болно гэж зүүдлээд явж байгаа хүн Ерөнхийлөгч байхдаа намын бүх боломжийг хаасан. Их хурлын бүх гишүүдийг өрөөндөө дуудаж дарамталж, айлгаж ичээж байсан. Ийм л нөхцөл дунд бид явж ирсэн. Сөрөг хүчин маш хүнд замыг туулсан. Одоо л  амьсгаа авч сөрөг хүчний үүргээ биелүүлэх зам руугаа орж нэгдэж эхэллээ. Нам дотор бүх бүтэц зохион байгуулалтаа хийсний дараа цоо шинэ түвшинд ажиллана.

Эрх баригчид, Засгийн газрын бодлого шийдвэрт АН дүгнэлт хийчихсэн. Үнэ, инфляцийн замбараагүй өсөлтөд зохицуулалт хийх чадваргүй байгаа учраас байнга шүүмжлэлтэй хандаж ирсэн. Долоо хоног тутам 4/11 мэдээллийн цагаараа дамжуулж тоо баримттай мэдээлдэг. УИХ дахь АН-ын бүлэг тухай бүрт нь мэдэгдэл гаргаад явдаг. Эхний ээлжинд АН дотроо цэгцрээд дараа нь нийгэм рүү хандсан улс төрийн идэвхтэй алхмуудаа хийж эхэлнэ. Идэвхтэй, хүчтэй сөрөг хүчний байр сууринд шилжихийн тулд дотоод асуудлаа нэн яаралтай цэгцлэх шаардлага тулгараад байна.

-Танай намынхан ардчиллыг хамгаалахын төлөө дуу хоолойгоо хүргэж ирсэн. Гэтэл залуу үеийн төлөөлөл ардчилал, хүний эрхийг хамгаалах гэж төв талбай дээр олуулаа гарч ирж үзэл бодлоо илэрхийллээ. Гэвч АН-ынхан хаана байсан юм бэ. Үнэндээ АН-ын гишүүдээс жиргээний цэцэн үгнээс өөр дэмжлэг байсангүй? 

-Үгүй л дээ. Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсах цуглах эрх  хэн нэгэн ардчиллын лидерээс хамаардаггүй. Залуучууд үгээ хэлж жагслаа. Маргааш нь Ерөнхий сайд гарч ирж уулзлаа. Залуучууд үгээ хэлж тэмцэж болдог юм байна. Үр дүнд хүрэх юм байна гэдгийг мэдэж авлаа. Нийгэмд ч тод харууллаа. Заавал хэн нэгэн лидер үг хэлж дэмжсэнээр явахгүй байж болдог юм байна гэдгийг харсан нь том ололт шүү.

1990 онд бид  20 гаруйхан настай байлаа. Ямар ч танил тал байгаагүй. Хязгааргүй эрх мэдлийн өмнөөс нүцгэн гараараа тэмцэж Улс төрийн товчоог огцруулж байсан. Хэн ч бидэнд туслаагүй. Ямар ч улстөрч, лидер туслаагүй. Гэтэл яагаад өнөөдөр болохоор бид талбай дээр гарч үг хэлж, өмгөөлөх ёстой юм. Үнэхээр шаардлага гарвал өмгөөлнө. Хүний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг хааж боосон зүйл гарвал хатуу тэмцэнэ. Харин жагсаал цуглааныг ашиглаж нийгэмд эмх замбараагүй байдал бий болгох,  Үндсэн хуулиар баталгаажсан төрийн тогтолцоог эвдэх үйлдэлдээ ашиглах гэсэн үйлдлийг АН дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн. Ийм зүйл болох магадлал ч сүүлийн үед гарч байна. Үндсэн хуулийн бус аргаар төр, нийгмийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн аливаа үйлдлийн эсрэг тууштай зогсоно. Нөгөө талд хууль ёсны эрхийн төлөө бас бат зогсоно. Бүх зүйл хуулийн хүрээнд байх ёстой. Хууль бус аливаа үйлдэл хэзээ ч сайн зүйл авчирдаггүй.

-Тагнуулын байгууллагаас хэсэг хүмүүс бусдын амь насанд халдаж магадгүй  гэсэн мэдээлэл хийсэн. Үүний дараа танай намын ЕНБД Ч.Өнөрбаяр ноцтой мэдэгдэл хийсэн. Сөрөг хүчний генсек шүү дээ?

-Ноцтой байдлыг аль болох зөөлрүүлэх гэж, ямар нэг ноцтой үр дагаварт хүрэхээс нь урьдчилан сэргийлж анхааруулсан мэдэгдэл хийсэн. Ардчиллын олон лидер гадны нөлөөтэй, цаг бусаар амиа алдсан. С.Зориг, Г.Батхүү агснаас эхлээд зарим нь одоо болтол илрээгүй байна. АН зовлон үзсэн учраас нийгэмд болзошгүй ноцтой үр дагавар үүсэхээс сэргийлж хэв журам, аюулгүй байдлыг хангадаг байгууллагууд анхаарч ажиллаач гэдгийг сануулсан хэрэг. АН-ын нэр дурдагдаад байгаа хүмүүсийг анзаарч хамгаалалтад аваач гэж хэлсэн төдий. Үүнд ноцтой, буруу зүйл ердөө байхгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 14. ПҮРЭВ ГАРАГ. № 75 (6807)

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.