Монгол, Оросын хамтарсан ХНН “УБТЗ”-ын дарга Х.Хэрлэн: Монгол Улсын экспорт, импортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна

2022-04-05
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.МӨРӨН

Монгол Улсын ачаа тээврийн 70 гаруй хувийг дангаараа  тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хамт олон төмөр замын тээврийн тасралтгүй, найдвартай байдлыг ханган ажиллаж байгаа талаар “Улаанбаатар Төмөр Зам”-ын дарга Х.Хэрлэнгээс тодрууллаа.

 

-Та Монгол Улсын эдийн засгийн хөдөлгөгч хүчний нэгэн хэсэг УБТЗ-ын даргаар томилог­доод дөрвөн сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд хийсэн аж­лаа­саа товч танилцуулахгүй юу?

-Тийм ээ. “Улаанбаатар төмөр зам” ХНН бол яах аргагүй Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн өсөлт, тогтвортой байдлыг хангахад тэргүүлэх үүрэг гүйцэтгэдэг байгууллага юм. Намайг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын эхээр ажлаа хүлээж авахад БНХАУ цар тахлын халдварыг хумих зорилгоор Монгол, Хятад улсын хилийн Замын-Үүд-Эрээн  боомтоор хагас болон битүү вагонтой ачааг  хүлээж авахаа зогсоож, зөвхөн чингэлэгт ачаа авахаар шийдвэрлэснээс галт тэрэг солилцоо багассан. Экспортын ачааны хэмжээ үлэмж хэмжээгээр буурсан хүнд үе таарсан.

Байдал хэвийн үед Хятадын талтай хоногт 14 хос галт тэрэг хүлээлцдэг байсан бол тухайн үед хоногт дөнгөж найман хос галт тэрэг хүлээлгэн өгдөг болтлоо багасаад байсан. Үүнээс шалтгаалан УБТЗ-ын тээврийн орлого тасарч, санхүүгийн эрсдэлд орсон хүнд үе байлаа. Өнгөрсөн хугацаанд УБТЗ-ын санхүүгийн эрсдэлийг бууруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах, экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхийн төлөө бодлогын шинжтэй дараах дөрвөн асуудалд анхаарлаа хандуулан ажиллаж тодорхой бодит үр дүнд хүрлээ. Үүнд:

Нэгдүгээрт, ажлаа аваад хамгийн түрүүнд миний анхаарлыг татсан асуудал бол Замын-Үүд-Эрээн өртөөний галт тэрэг солилцооны байдал байсан. Өнөөдрийн байдлаар Замын-Үүд өртөө нь хоногт 20 хос галт тэрэг нэвтрүүлэх хүчин чадалтай байхад Хятадын төмөр замын Эрээн өртөөний нэвтрүүлэх хүчин чадал ердөө л 14 хос галт тэрэг байна. Бидний зүгээс Монгол Улсын экспортын тээврийн хэмжээг нэмэгдүүлэхэд олон жил саад, шалтгаан болж байгаа тус асуудал буюу Эрээн өртөөг өргөтгөх, Эрээн-Жинин хоорондын замыг өргөтгөн шинэчлэх ажлыг шийдэж өгөхийг “Хөх хотын төмөр замын групп” компанийн ТУЗ-ын дарга Дай Хунд тавьсан. Улмаар Хятадын төмөр замын зүгээс бидний хүсэлтийг хүлээн авч Эрээн өртөөний өргөн, нарийн царигийн парк тус бүрт хүлээн авч-явуулах таван замыг уртасгах, хүлээн авч-явуулах тус бүр нэг зам шинээр барих, цаашлаад Эрээн-Жинин өртөө хоорондын замд таван шинэ зөрлөг барих, нэг зөрлөгийг өргөтгөхөөр шийдвэрлэж Хятад нөхдүүд маань бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлээд явж байна. Энэхүү томоохон ажлыг энэ оны есдүгээр сард дуусгах төлөвлөгөөтэй байгааг Хятадын тал бидэнд албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү бидний олон жил хүсэн хүлээсэн Эрээн өртөөний галт тэрэг солилцоо, тээх, нэвтрүүлэх, боловсруулах хүчин чадал нэмэгдсэнээр  Замын-Үүд-Эрээн өртөөгөөр хоногт өргөн царигаар 20 хос галт тэрэг солилцох асуудал техникийн хувьд шийдэгдэж Замын-Үүд боомтоор нэвтрэх Монгол Улсын экспортын ачааны хэмжээ 50 орчим хувиар нэмэгдэх боломж бүрдэх юм.

Хоёрдугаарт, Монгол улсын хойд хил болох Сүхбаатар-Наушки хилийн боомтод дээрхтэй төстэй асуудал бий. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 14 хос галт тэрэг байхад Оросын төмөр замын Наушки өртөөний нэвтрүүлэх хүчин чадал 10 хос галт тэрэг байгаа. Энэ оны хоёрдугаар сард ОХУ-д ажиллах үеэрээ “Оросын төмөр замууд” НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёров болон тус нийгэмлэгийн удирдах нөхдүүдтэй уулзаж ярилцан, хүсэлт тавьж  харилцан ойлголцсоны үр дүнд  олон жил шийдвэрлэж чадаагүй Наушки хилийн өртөө болон Наушки-Улаан-Үүд хоорондын замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг энэ онд эхлүүлэхээр шийдүүлж чадлаа. Энэ ажил хийгдсэнээр Сүхбаатар-Наушки өртөөгөөр хүлээлгэн өгөх хос галт тэрэгний тоо 10-аас 14 болж нэмэгдсэнээр Монголоор дамжин өнгөрөх тээврийн хэмжээ огцом өсөх боломжтой болно.

Гуравдугаарт, өнгөрсөн дөрвөн сарын хугацаанд шийдсэн өөр нэг чухал асуудал бол УБТЗ-ыг санхүүгийн хүндрэлд хүргэж байгаа тээврийн тарифын алдагдлыг багасгах, улмаар ашигтай болгох чиглэлээр холбогдох байгууллагуудтай нягт хамтран ажилласны үр дүнд 11 төрлийн ачааны тээврийн тарифыг индексжүүлэхээр боллоо. Ингэснээр УБТЗ-ын санхүүгийн алдагдал жилд дунджаар 50 орчим тэрбум төгрөгөөр буурах боломж бүрдэж байна.

Дөрөвдүгээрт, түүнчлэн УБТЗ-ын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, манай төмөр замчид төдийгүй Монголын ард түмний 30 гаруй жил мөрөөдөж ирсэн гол замынхаа хажуугаар хоёрдогч зам барьж хос замтай болох ажлыг эхлүүлж байна. Энэ жил хос замын бүтээн байгуулалтын ажлын эхлэл болгож  Замын-Үүд 2-Шаргын овоо хоорондын 14.2 км замыг хос болгох ажлыг эхлүүлсэн. Одоо зураг, төсөв бэлэн болоод байна. Энэ ажлыг бид өөрсдийн 100 хувийн хүч хөрөнгөөр хийнэ. Цаашдаа хос зам барих ажил эрчимтэй үргэлжлэх болно.

Дээрх дөрвөн томоохон ажлыг зохион байгуулж, шийдвэрлэснээс гадна манай төмөр замчид энэ оны нэгдүгээр сарын 11-нээс хойш Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж байгаа Замын-Үүд боомтын хилийн “0” цэгээс  чингэлэг татан авч, бүс нутгийн ложистикийн төвд төвлөрүүлэн ачаа хүлээн авагч нарт олгох, тээвэрлэх нийгмийн өмнө тулгамдсан, хариуцлагатай ажилд идэвхтэй оролцож байна. 

-Та ажлаа хүлээж аваад дөрвөн сарын дотор бодлогын шинжтэй, өргөн цар хүрээтэй маш чухал ажлуудыг хийж эхлүүлжээ. Цаашдаа УБТЗ-д хийх техникийн шинэчлэлт, хийхээр төлөвлөж байгаа бусад ажлаасаа танилцуулахгүй юу?

-Төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээ эрчимтэй өсөж байгаа өнөө үед УБТЗ-ын хөдлөх бүрэлдэхүүн, техникийн шинэчлэлийг эрчимжүүлэх нь нэн тэргүүний тулгамдсан асуудал юм. Япон улсаас 1990-2000 онд Монгол Улсад олгосон Мон-П1, Мон-П2 зээл, зээлийн хүү, алдангийн асуудлыг шийдэхийн тулд УБТЗ ХНН-ийн дүрмийн санг ижил тэнцүү өсгөх замаар хоёр талаас хөрөнгө оруулах саналыг манай Засгийн газраас ОХУ-ын Засгийн газарт тавьсан. Тус санал ОХУ-ын талаас дэмжигдэж Оросын талаас УБТЗ-д хөдлөх бүрэлдэхүүний паркийг шинэчлэх зорилгоор гол замын зүтгүүр, ачааны хагас болон тавцант вагон нийлүүлэхээр болсон.

Мэдээж үүний зэрэгцээ одоо байгаа замынхаа шинэчлэл, засварын ажлыг  тогтмол эрчимтэй явуулах болно.

Нэмж хэлэхэд ОХУ-ын нутгаар Монголын ачааны вагонуудыг аялуулах асуудлыг “Оросын төмөр замууд” НХН-ийн удирдлагуудтай ярилцаж байна. Энэ асуудлыг шийдсэнээр манай үндэсний компаниуд экспорт, импортын ачаагаа тус улсын Алс Дорнод дахь боомтуудаар дамжуулан тээвэрлэх боломж нээгдэнэ гэж харж байна.

Мөн Ковид-19 цар тахлын үед 2 жил гаруй хугацаанд аялаагүй байсан Улаанбаатар-Эрхүү-Улаанбаатар чиглэлийн зорчигчийн галт тэргийг аялуулж эхлүүлэх тухай Оросын талтай зөвшилцсөн. Удахгүй энэ асуудал шийдэгдэх байх гэж бодож байна. УБТЗ-ын тухайд зорчигчийн галт тэрэг аялалд гарах бэлтгэлээ бүрэн хангасан байгаа.

-Цаг зав гаргаж ярилцсан танд баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 5. МЯГМАР ГАРАГ. № 68 (6800)

Хүүхэд өөрийн өмчид учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болов

2026 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд гэр бүлийн харилцааны эрх зүйн орчныг орчин үеийн хэрэгцээ, ша

6 цаг 31 мин
Статистикийн дундаж үнэ лангуун дээрх үнэтэй хэр нийцэж байна вэ?

Монголын Үндэсний Статистикийн Хороо долоо хоног бүр өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой худалдааны цэгү

6 цаг 31 мин
Багшийн хүүхдийн тэтгэлэг: Хуулиар олгосон эрхийг Сайдын баталсан журам зөрчиж байна

Монгол Улсад хууль хэрэгжүүлэх нэрийн дор батлагдсан журам нь баталсан хуулийнхаа агуулгыг хязгаарлаж, иргэдийн

6 цаг 31 мин
Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Түр оршин суугчийн хаягтай бол цэцэрлэгийн бүртгэлдээ хэрхэн хамрагдах вэ?

Өчигдөр 11 цаг 27 мин
Т.Ганболд ХҮН намаас “залгах”-ыг хүлээж байгаа юу?

“Ерөнхийлөгчийн 2027 оны ээлжит сонгуульд аль намаас хэн нэр дэвших вэ” гэдэг өнөөдрийн улс төрийн хамгийн анхаар

Өчигдөр 06 цаг 00 мин
С.Зоригийн хөшөөг нүүлгэх зөвшөөрлийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга өгөөгүй болж таарчээ

С.Зориг агсны хөшөөг 2026 оны долдугаар сарын 30-31-нд шилжих шөнө дунд МОАХ-ны байр руу нууцаар нүүлгээ

Өчигдөр 06 цаг 00 мин
АПУ-гийн хувийг эзэмшдэг УИХ-ын гишүүн П.Батчимэг архичдад “агсам” тавив

Одоогийн УИХ-ын 126, тэр дундаа эмэгтэй гишүүд дундаа цэгцтэй, тулхтай, зөв гишүүдийн нэгээр УИХ-ын гишүүн П.Батчимэг нэрлэгддэг.

Өчигдөр 06 цаг 00 мин
Араб иргэдийн отогт мэргэжлийн байгууллагууд хуулийн хүрээнд хяналт тавьж байна

Жил бүрийн өдийд Монголд арабын иргэд ирж, тогтоосон квотын хүрээнд идлэг шонхор барих үйл ажиллагаа явуулдаг.

Уржигдар 21 цаг 18 мин
Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Дэлхийн адууны өдрийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачид

Уржигдар 14 цаг 17 мин
Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Уржигдар 14 цаг 10 мин